Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 0045

 

 

 

 

 

 

 

 

Ё.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Д.Азжаргал, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                      Т.Д

Шүүгдэгч                                                       Ё.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            О.С

Нарийн бичгийн дарга                             Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 171 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Ё.Агийн давж заалдах гомдлоор шүүдэгч Ё.Ад холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ш овогт Ё-н А,

 

Ё.А нь 2023 оны 03 дугаар сарын 08-ны шөнө 23 цагийн орчим         аймгийн       сумын     багийн      дугаар гудамжны        тоот хашаан дотор Г.Мтэй маргалдаж,  нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас: Ё.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш овгийн Ё-н Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Аг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.А нь шүүхээс оногдуулсан 450. 000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ё.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Агаас 2.124.910 төгрөг гаргуулан хохирогч Г.Мд олгож, Хэргийн хамт ирүүлсэн 1 ширхэг хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ё.А давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Мгийн биед гэмтэл учирсан үйл явдалд өөрийгөө буруутай гэж үзэж шүүх хуралд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон. Прокурорын яллах дүгнэлт гардуулах үед Г.Мд хохирол 800.000 төгрөг төлсөн. Харин хамрын таславчийн муруйг засах зардалд нотлох баримт хангалтгүй байхад 2.124.910 төгрөг гаргуулахаар шийдсэнд эргэлзээтэй санагдлаа. Нэхэмжилж буй баримт нь нэхэмжлэх гэсэн баримт бөгөөд тухайн эмнэлгийн үнэ ханшийг нотолсон болон хагалгаа хийх талаарх баримт байхгүй байгаа билээ. Иймд тогтоолын 5 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү ... гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч О.С тайлбартаа: ... Шийтгэх тогтоолд заасан хохирлын талаарх баримтыг шалгаагүй үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Д дүгнэлтдээ: ... Баримтад нягтлан бодогч гарын үсэг зурсан. Зардлыг гаргуулах үндэслэлтэй ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ё.Агийн давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

            Шүүгдэгч Ё.А нь 2023 оны 03 дугаар сарын 08-ны шөнө 23 цагийн орчим          аймгийн      сумын       багийн        дугаар гудамжны        тоот хашаан дотор Г.Мтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

            Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хамаарах бөгөөд анхан шатны шүүх түүнийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.

 

Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээ зэрэгт зүй зохистой харьцаагаар тохирсон байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн байхыг ойлгоно.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Ё.Агийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Харин анхан шатны шүүх хохирогчийн бүрдүүлсэн хохирлын талаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан гэж дүгнэж, шүүгдэгчээс 2.124.910 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Монгол улсын Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т “Хохирогчид эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж,

 

мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд ... эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан боловч дээр дурьдсан “зайлшгүй зардал”-ын талаарх нотлох баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан байхыг шаардана.

 

            Гэтэл хавтаст хэргийн 95 дугаар талд авагдсан нотлох баримт буюу “Эрхэст-Оргил” эмнэлгийн Үйлчлүүлэгчийг эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх бичигт 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр эмнэлэгт хэвтүүлэх бичилт хийгдсэн боловч Г.М нь тухайн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн эсэх нь тодорхойгүй,

 

            хавтаст хэргийн 96 дугаар талд авагдсан нэхэмжлэх дээр Мэс заслын төлбөр 2.564.000 төгрөг гэсэн байх бөгөөд юуны мэс засал нь тодорхой бичигдээгүй, төлбөр нэхэмжилсэн огноо, төлбөр хийх хугацаа зэргийг дурдаагүйгээс гадна тус эмнэлгийн захирлын гарын үсэг нэхэмжлэх дээр зэрэг зурагдаагүй зэрэг нөхцөл байдлууд нь дээрх нотлох баримтуудыг хуульд заасан шаардлагад нийцээгүй гэж үзэх үндэслэл болно.

 

            Түүнээс гадна мөрдөгч дээрх төлбөрийг хохирогч Г.Мгийн эмчилгээнд зарцуулсан гэх баримтын тооцоонд хамааруулан нийт 2.924.910 төгрөг гэж /хх 103/ тооцсон байх бөгөөд шүүгдэгч Ё.А нь түүнд 800.000 төгрөгийг төлсөн байна.

 

Иймд шүүгдэгч Ё.Агийн давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг хүчингүй болгож, хохирогч Г.Мгийн гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 171 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч Ё.Агийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

3. Хохирогч Г.М нь эмчилгээ хийлгэсэн талаарх нотлох баримтаа хуульд заасан журмын дагуу бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     З.ХОСБАЯР

                        ШҮҮГЧИД                                                                             Д.АЗЖАРГАЛ

 

                                                                                                С.УРАНЧИМЭГ