Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 0046

 

 

 

 

 

 

 

 

Э.С нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                          Ж.Б

Шүүгдэгч                                           Э.С, М.Т

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Б.Б, Б.Т /цахим/

Нарийн бичгийн дарга                 Э.Булгантамир нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 147 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч М.Тын давж заалдах гомдлоор Э.С, М.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

И овогт Э-н С,

 

А овогт М-н Т,

 

Э.С, М.Т нар нь 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр бүлэглэн        аймгийн       сумын          багийн         тоот хашаанд байрлах Д.Д-ын гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч 32 инчийн BSB маркийн телевизор, монетон ээмэг, бөгж, үхрийн цул мах, сарлагийн сүү зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.653.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас: Э.С, М.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

Шүүгдэгч И овгийн Э-н С, А овгийн М-н Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Э.Сыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч М.Тыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ст оногдуулсан 1 жилийн хорих ял, шүүгдэгч М.Тд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.С, М.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч М.Т давж заалдах гомдолдоо:

“... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дах хэсгийн 8.3-т “яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг” дангаараа гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасныг анхан шатны шүүх зөрчиж, шийтгэх тогтоолын 6 дахь тал 2 дахь догол мөрт “мөн шүүгдэгч Э.С яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө Тын үйлдэл холбогдлын талаар тодорхой мэдүүлсэн байна” гэж үндэслэлгүй дүгнэсэн.

Тодруулбал Э.Сын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн 2 дахь мэдүүлгийг анхан шатны шүүх яагаад голчлон нотлох баримтаар тооцож, бусад мэдүүлгийг хэрхэн няцааж байгаа нь тодорхойгүй байдлаар дүгнэсэн. Түүнчлэн яллагдагчаар өгсөн М.Тын мэдүүлгийг хэрхэн дүгнэж байгааг шийтгэх тогтоол дээр огт дурдаагүй, М.Т нь гэмт хэргийн талаар анхнаасаа үнэн зөв мэдүүлгээ өгсөөр ирсэн бөгөөд шүүх хурал дээр ч мөн үнэн зөв мэдүүлгээ хөдөлбөргүй өгч ирснийг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй.

М.Т миний бие Э.Сыг “ахынхаа гэрээс юм авна” гэхээр нь дагаж очсон, би гэрт нь хамт ороогүй, таксинд сууж байхад Э.С гар утсаар дуудаад “ороод ир” гэхээр нь би орж зурагтыг нь дамжлан гарсан, тухайн үед Э.С надад “ах ломбарданд тавьчих гэсэн, би авлагатай юм” гэхээр нь итгээд хамт явсан, маргааш нь Б-ны гэрээс хулгайлсан гэдгийг Б-с сонсоод бид хоёр Э.Сыг цагдаад аваачиж өгөхөөр хамт хүчээр авч явахад Э.С бид нарт “би өөр хулгайн хэрэгт эрэн сурвалжлагдаж байгаа, би баригдана ш дээ, та хоёр надад итгээч би маргааш зурагтыг нь аваад өгнө” гэж гуйгаад байсан. Би хэрэв хулгайн гэмт хэрэг хамт хийсэн бол яалаа гэж Э.Сыг цагдаа руу чирч явах вэ, би яалаа гэж Б-ны гэрт дахин гэрт нь очиж хонож хоол хийж идэх вэ, би хэзээ ч хулгай хийхгүй, миний амьдрал, аав ээжийн минь надад олгосон хүмүүжил ч надад хулгай хийх санаа бодлыг огт төрүүлэхгүй байсан.

Би хилсээр гүтгэгдэн Э.Сын өгсөн яллагдагчийн 2 дахь мэдүүлгээр л зөвхөн гэм буруутайд тооцогдож байна. Гэтэл миний өгсөн мэдүүлгийг анхан шатны шүүх яагаад харгалзан үзэхгүй байгаа юм бэ, бид хоёр шүүх хурал дээр болсон явдлыг үнэнээр нь хэлж Э.С намайг “энэ хэрэгт оролцоогүй, намайг хулгай хийж байгааг мэдээгүй” гэсээр байхад шүүхийн хэлэлцүүлгийн үед өгсөн шүүгдэгчийн мэдүүлгийг ач холбогдлыг хайхрахгүй байгаа юм бэ гэсэн асуудал тавигдана.

Эрүүгийн хуулийн 3.2 дугаар зүйлийн 1-т “энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө ... гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ” гэж заасан. Анхан шатны шүүх энэ хуулийг хэрэглээд намайг гэм буруугүйд тооцох үндэслэл, нотлох баримт бүрдээд байхад хуулийг хэрэглэхгүйгээр яллагдагчийн мэдүүлгийг дангаар нь үнэлээд намайг гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй.

Хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг, өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байхыг шаарддаг. Гэтэл миний хувьд Б-ны гэрээс эд зүйл хулгайлах сэдэлт, санаа зорилго огт байгаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ч мэдээгүй явж байгаад ял шийтгэгдсэндээ гомдолтой байна. Э.С бид хоёр гэмт хэрэг үйлдэх талаар санаатай нэгдсэн үгсэн тохиролцсон зүйл огт байхгүй байхад бид хоёрыг бүлэглэсэн гэж үзэж байгаа нь Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэж байна гэж үзэж байна.

Э.С бид хоёрыг гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж нотлоход таксины жолоочийн мэдүүлэг ач холбогдолтой нотлох баримт болох байсан. Гэтэл мөрдөгч, прокурор, анхан шатны шүүх миний гэмт хэрэг үйлдсэн эсэхийг нотлох ач холбогдолтой дээрх баримт байхгүй, хэрэгт авагдаагүй талаар өмгөөлөгч хангалттай тайлбарлаад энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэх заалтыг анхан шатны шүүх хэрэглээгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-т зааснаар онцгой ач холбогдол бүхий нотлох баримт буюу яллагдагч шүүгдэгч нарын мэдүүлэг харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, мөн тус зүйлийн 1.4-т зааснаар дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц зөрүүтэй байхад тус дүгнэлт гаргасан гэж үзэж байгаа тул хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна.

Мөн дээр дурдсан үндэслэлүүдээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.5-т заасныг зөрчсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/147 дугаартай шийтгэх тогтоолын надад холбогдох хэсгийг хүчингүй болгож, надад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч М.Т тайлбартаа: ... Би анхнаасаа үнэнээ хэлсэн. Хэрэг хийгээгүй болохоор харамсаж байна ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Э.С тайлбартаа: ... Маш их гэмшиж байна. Найзыгаа хэрэгт хийсэндээ харамсаж байна ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б тайлбартаа: ... Гомдлыг дэмжиж оролцож байна ... Анхан шатны шүүх зөвхөн шүүгдэгчийн мэдүүлгийг үндэслэн гэм буруутайд тооцсон. Шүүх хуралдаанд шүүгдэгч С нь үнэнээ хэлье гээд мэдүүлэг өгсөн байхад анхан шатны шүүх тухайн мэдүүлгийг үнэлээгүй, энэ тухай дүгнэлтээ хийгээгүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Т тайлбартаа: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд тусгагдсан тул тайлбар байхгүй ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ж.Б дүгнэлтдээ: ... Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх дүгнэлт гаргаж байна ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Э.С, М.Т нарт холбогдох хэргийг шүүгдэгч М.Тын давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээр хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Э.С, М.Т нар нь бүлэглэн 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр        аймгийн       сумын        багийн            тоот хашаанд байрлах иргэн Д.Д-ны гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 2.653.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч Д.Д, гэрч Д.Б, Т.Э-н мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж М.Т, Э.С нарыг бүлэглэн, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч М.Т нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч “ ... би анхнаасаа үнэнээ хэлсэн боловч шүүх үнэлээгүй .... надад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэсэн агуулгатай гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргасан байх боловч

 

тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад “... бид хоёр зам дээрээс такси бариад       багийн тийшээ яваад С зам заагаад нэгэн айлын гадаа зогсоод “энэ айл манай нөгөө хуурай ахынх байдаг юм. Би ийшээ орчихоод ирье” гэж хэлсэн. Би С-г хүлээгээд таксинд сууж байтал удалгүй С гарч ирээд “Ах байхгүй байна” гээд гэрээс нь зурагтыг нь аваад гараад ирсэн. Тэгээд би “юун зурагт аваад гараад ирэв” гэж хэлтэл С “би ахтай ярьсан, надад өртэй юм, өрөө өгөхгүй бол гэрээс чинь үнэ хүрэх юм байвал авна шүү гэж хэлтэл тэр ах тэг тэг гэж хэлсэн учраас би энэ айлаас зурагтыг нь аваад гарч ирж байна” гэж надад хэлсэн ... зурагтыг 150.000 төгрөгөөр ломбарданд тавьсан ... С-д мөнгийг нь бүгдгийг нь өгсөн ...” гэж / 1 хх 47/,

 

дахин сэжигтнээр мэдүүлэхдээ “... С тухайн айл руу ганцаараа ороод удалгүй намайг ороод ир гэж дуудсан. Би тухайн айл руу ороод орон дээр нь суухад С тэр айлын зурагтны залгууруудыг салгаад зурагт тавьсан байсан тавилганы дотор байсан бүх зүйлийг гаргаж ирээд үзээд байсан. Тэр тавилга дотор байсан цүнхийг хүртэл онгойлгож үзсэн, мөн гоо сайхны жижиг цүнхийг хүртэл онгойлгож үзсэн. Цаашаа харчихаад ямар нэгэн зүйл хайгаад байсан...” гэж /1 хх 102/,

 

яллагдагчаар мэдүүлэхдээ “...ингээд би дотогш ортол тус монгол гэрийн хамаг эд хогшлыг гаргачихсан, С нь юм хайгаад бужигнуулаад байсан. Би энэ үед зүгээр сууж байтал “наад хавиар чинь авах юм байна уу хайгаач” гэж хэлсэн. Тэгснээ С нь ах зурагтыг маань ломбардад тавьчих дараа нь би өөрөө авчихья гэж хэлсэн шүү дээ гээд зурагтыг нь орны бүтээлгэнд боогоод авч гарсан...” гэж / 1 хх 159/,

 

анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...зурагтыг нь даахгүй хүнд байна, хоёулаа дамжлая гэхээр нь би гэр лүү нь ороогүй үүд дээр нь байсан...” гэж /2 хх 18/,

 

давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “ ... би гэр лүү нь ороогүй ... ” гэж тус тус зөрүүтэй мэдүүлсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” боловч шүүгдэгч М.Т нь тухайн хэргийн үйл баримтын талаар тогтворгүй, зөрүүтэй мэдүүлдэг бөгөөд мөн тэрээр “... ломбарданд тавьсан мөнгөнөөс аваагүй ...” гэх боловч энэхүү мэдүүлэг нь мөн хэрэгт авагдсан “... ломбарданд тавьсан байсан ээмэг, бөгжөө сунгуулсан ... ” гэх шүүгдэгч Э.Сын мэдүүлгээр няцаан үгүйсгэгддэг.

 

Мөн шүүгдэгч Э.С, М.Т нар нь хохирогчийн гэрээс хулгайлсан 32 инчийн BSB маркийн телевизорыг барьцаалан зээлдэх газарт барьцаанд тавьж авсан мөнгөөр хоол хүнс авч, өөрсдийн хэрэгцээндээ хамтран зарцуулсан, мах, сүү зэргийг авсан нөхцөл байдал тогтоогдсон байна.

 

Түүнээс гадна Э.С, М.Т, Х.С нарыг тухайн өдрийн шөнө 00 цагийн орчим хохирогч Д.Д-ны гэрт ороход “гэр нь эмх цэгцгүй, зурагтгүй, цайвар өнгийн эмэгтэй хүний цүнх газар зуухны ар талд газар байж байсан, цүнхний хажууд эмэгтэй хүний хэрэглэл, сам зэрэг байсан” талаар гэрч Х.С-н мэдүүлэгт /11 хх 45/ дурдагдсан байх ба түүний энэ мэдүүлэг нь шүүгдэгч М.Тын сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн “...С юм хайгаад цүнхийг хүртэл онгойлгож үзсэн, мөн гоо сайхны жижиг цүнхийг хүртэл онгойлгож үзсэн ...” гэсэн мэдүүлэг /1 хх 102, 159/-үүдтэй агуулгын хувьд тохирч байна.

 

“Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд энэ хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар үйлддэг онцлогтой.

 

Гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй” гэж хуульчилсан боловч шүүгдэгч М.Тын дээр дурьдсан зөрүүтэй мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалж үзэхэд түүнийг дээрх гэмт хэрэгт гэм буруугүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Иймд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Тын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 147 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Тын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       З.ХОСБАЯР

ШҮҮГЧИД                                                                                Л.АРИУНЦЭЦЭГ

 

                                                                                                            С.УРАНЧИМЭГ