Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 00110

 

 

 

 

 

 

 

 

“ҮХОБ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/03677 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “ҮХОБ” ХХК-ийн хариуцагч Э.Ш-т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 4 811 731.69 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Э.Ш- нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр БЗС-КЗ-18/01 тоот зээлийн гэрээ байгуулж 3 000 000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай бизнесийн зориулалтаар авсан. Манай банкны зүгээс Монгол банкны ерөнхийлөгчийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн А-81 тоот тушаалын дагуу ҮХОБ-ны гүйцэтгэх захирлын 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн №А/29 тоот тушаалаар хариуцагч Э.Ш-ийн 227 508.81 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүгийн дүнг зогсоож 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд бодогдох нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс бүрэн чөлөөлсөн. Дээрх тушаалын хэрэгжилт 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон бөгөөд хариуцагч Э.Ш- огт төлөлт хийгээгүй хэвээр байсан тул уг өдрөөс эхлэн 227 508.81 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг үргэлжлүүлэн бодсон. Хариуцагч нь 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт огт төлөлт хийгээгүй байх тул хариуцагч Э.Ш-ээс зээл 2 989 226.69 төгрөг, хүү 1 574 872.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 243 232.96 төгрөг, нотариатын зардал 4 400 төгрөг, нийт 4 811 732.5 мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.Ш- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Сүлжээнд ороод өрөнд орсон. 7 сард машинаа зараад банкны зээлээ төлнө гэж байтал найздаа өртэй байсан учир нөхөр нь нас барсан болохоор найздаа мөнгө өгөөд банкны өрийг төлж чадаагүй. Би 0-17 насны 4 хүүхэдтэй, бага нь 1 сартай. Сар бүр 4 хүүхдийн 400 000 төгрөг орж ирдэг өөр орлогогүй байгаа. Түүнээсээ төлж байгаад үлдэгдэл төлбөрийг бөөнд нь 2021 оны 4 дүгээр сар сард төлж дуусгах боломжтой. Надад үнэхээр боломж байхгүй, ажил хийх ч боломж байхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Ш-ээс зээлийн гэрээний үүрэгт нийт 4 144 951.81 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ҮХОБ” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 666 779.88 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 91 937.71 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Э.Ш-ээс 81 269 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ҮХОБ” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Ц давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүх хариуцагчийг зээлийн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй боловч гэрээний үндсэн хугацаа дууссанаас хойш нэхэмжлэгч нь 1 жил гаруй хугацааны дараа зээлийн гэрээний үүргийг шүүхээр шаардаж байгаа нь тухайн хугацаагаар зээлдэгчийн хариуцлагын хэмжээг нэмэгдүүлсэн, нэхэмжлэгчийг гэрээ болон хуульд заасан зохих арга хэмжээг аваагүй тул үндсэн зээлийн үлдэгдэл болон гэрээний хугацаа дууссан 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулахаар шийдвэрлэхдээ ямар нэг хуулийн зүйл заалтыг үндэслээгүй бөгөөд зээлдэгч нь гэрээ болон хуульд заасан зохих арга хэмжээг аваагүй гэсэн үндэслэлээр тус хугацааны үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Мөн хэргийг хянан хэлэлцэх явцад хариуцагч хариу тайлбартаа “...банк нь хариуцагч Э.Ш-ийг зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардаж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд шүүхэд хандах болохыг удаа дараа мэдэгдэж байсан...” гэж банкийг зохих арга хэмжээ авч байсныг нотолж байхад нэхэмжлэгчийг гэрээ болон хуульд заасан зохих арга хэмжээг аваагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/03677 дугаартай шийдвэрээс “...нэхэмжлэгчээс 4 144 951.81 төгрөгийг гаргуулж Үндэсний хөрөнгө оруулалтын банканд олгох” гэснийг хэвээр үлдээж, “...үлдэх 666 779.88 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг өөрчилж, 666 779.88 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч “ҮХОБ” ХХК нь хариуцагч Э.Ш-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 2 989 226.69 төгрөг, хүү 1 574 872.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 243 232.96 төгрөг, нотариатын зардал 4 400 төгрөг, нийт 4 811 731.69 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч 4 807 331.69 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, сар бүр 400 000 төгрөгөөр 2021 оны 4 дүгээр сарыг хүртэл төлж, төлбөрийг дуусгахаар эвлэрэх саналыг гаргасан боловч нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр БЗС-КЗ-18/01 тоот “Картын зээлийн эрхийн гэрээ”-гээр зээлдүүлэгч “ҮХОБ” ХХК-аас 3 000 000 төгрөгийг, сарын 2.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, бизнесийн хэрэгцээний зориулалттайгаар зээлдүүлснийг зээлдэгч Э.Ш- хүлээн авч ашигласан нь зээлийн дансны хуулгаар тогтоогдож байх бөгөөд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан харилцаа үүсчээ. /хх 6-12/

 

            Хариуцагч буюу зээлдэгч Э.Ш- нь зээлийг хүүгийн хамт гэрээнд заасан хуваарийн дагуу эргүүлэн төлөх үүргээ зөрчсөн тул зээлдүүлэгч Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

            Харин нэхэмжлэгч нь “Картын зээлийн эрхийн гэрээ”-ний хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр дууссан байхад зээлийн үүргийг шаардаагүй, гэрээний 3.1.2, 4.3-т заасан зохих арга хэмжээг авалгүй 1 жил гаруй хугацааны дараа буюу 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн гэрээний үүргийг нэхэмжилжээ.

 

Шүүх хэргийн дээрх нөхцөл байдлыг үнэлэн 2019 оны 12 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны үндсэн зээл 2 989 226.69 төгрөг, зээлийн хүү 975 388.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 180 336.36 төгрөг, нийт 4 144 951.81 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 666 779.88 төгрөгийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/03677 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20 553 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ИЧИНХОРЛОО

 

                                           ШҮҮГЧИД                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

А.ОТГОНЦЭЦЭГ