Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2020/03677

 

                        

 

 

 

            

 

 

  2020         10          23                                          101/ШШ2020/03677

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, хаягт байрлах, РД:, ҮХО ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, тоот хаягт оршин суух, РД:, Б овогт Э-н Ш-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4.811.731,69 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, Г.Б, хариуцагч Э.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ш нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

   ТОДОРХОЙЛОХ нь:

ҮХО ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Э.Ш нь 2018-01-08-ны өдөр БЗС-КЗ-18/01 тоот зээлийн гэрээ байгуулж 3.000.000 төгрөгийг сарын 2.5 хуувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай бизнесийн зориулалтаар авсан.

Манай банкны зүгээс Монголбанкны ерөнхийлөгчийн 2020-03-19-ний өдрийн А-81 тоот тушаалын дагуу ҮХОны гүйцэтгэх захирлын 2020-04-10-ны өдрийн №А/29 тоот тушаалаар хариуцагч Э.Ш-ийн 227,508.81 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүгийн дүнг зогсоож 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд бодогдох нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс бүрэн чөлөөлсөн.

Дээрх тушаалын хэрэгжилт 2020-07-31-ний өдөр дуусгавар болсон бөгөөд хариуцагч Э.Ш огт төлөлт хийгээгүй хэвээр байсан тул уг өдрөөс эхлэн 227,508.81 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг үргэлжлүүлэн бодсон.

Үүнээс гадна хариуцагч нь 2020-09-01-ний өдрийн байдлаар зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт огт төлөлт хийгээгүй байх тул хариуцагч Э.Ш-ээс зээл 2.989.226,69 төгрөг, хүү 1,574,872.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 243,232.96 төгрөг, нотариатын зардал 4,400 төгрөг, нийт 4.811.732,5 мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Сүлжээнд ороод өрөнд орсон. 7 сард машинаа зараад банкны зээлээ төлнө гэж байтал найздаа өртэй байсан учир нөхөр нь нас барсан болохоор найздаа мөнгө өгөөд банкны өрийг төлж чадаагүй. Би 0-17 насны 4 хүүхэдтэй, бага нь 1 сартай. Сар бүр 4 хүүхдийн 400.000 төгрөг орж ирдэг өөр орлогогүй байгаа. Түүнээсээ төлж байгаад үлдэгдэл төлбөрийг бөөнд нь 2021 оны 04 сар сард төлж дуусгах боломжтой. Надад үнэхээр боломж байхгүй, ажил хийх ч боломж байхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ҮХО ХХК нь хариуцагч Э.Ш-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 2.989.226,69 төгрөг, хүү 1.574.872,04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 243.232,96 төгрөг, нотариатын зардал 4400 төгрөг, нийт 4.811.732,5 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Э.Ш нь нэхэмжлэлийн шаардлага 4.807.331,69 төгрөгийг хүлээн зөвшөөрч, сар бүр 400.000 төгрөг төлөх, үлдэгдэл төлбөрийг 2021 оны 04 сард төлж дуусгахаар эвлэрийг саналыг гаргасан хэдий нэхэмжлэгч тал эвлэрэх саналыг хүлээн авах боломжгүй гэсэн тайлбарыг гаргасан.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.

Зээлдүүлэгч ҮХО ХХК болон зээлдэгч Э.Ш нарын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр БЗС-КЗ-18/01 тоот картын зээлийн эрхийн гэрээ байгуулан, 3.000.000 төгрөгийг, сарын 2.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, бизнесийн хэрэгцээний зориулалттай зээлдүүлсэн болох нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээ, зээлийн хүүгийн тооцоолол хүснэгт, депозит дансны харилцагчийн хуулга зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 6-12 тал/

Үүнээс үзэхэд ҮХО ХХК, Э.Ш нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан, тэдний хооронд гэрээний харилцаа үүссэн байна гэж үзлээ.

Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 12 сар, тодруулбал 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл хугацаатай, ашигласан зээлийг 30  хоногийн хугацаатай эргэн төлж байхаар тохиролцсон байх бөгөөд талууд ийнхүү хугацаа, төлөлтийг тохиролцсон нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-т зааснаар гэрээний гол нөхцөл болно.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т "Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно…”, 453 дугаар зүйлийн 453.1-д "Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан бөгөөд дээрх зээлийн гэрээний 1.5-д нэмэгдүүлсэн хүүгийн талаар талууд харилцан тохиролцжээ.

Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу зээлийг буцаан төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй, тодорхой шалтгааны улмаас зөрчсөн боловч гэрээний үндсэн хугацаа дууссанаас хойш нэхэмжлэгч нь 1 жил гаруй хугацааны дараа зээлийн гэрээний үүргийг шүүхээр шаардаж байгаа нь тухайн хугацаагаар зээлдэгчийн хариуцлагын хэмжээг нэмэгдүүлсэн гэж үзэхээр байна. 

Нэхэмжлэгч нь гэрээ болон хуульд заасан зохих арга хэмжээг аваагүй байх тул үндсэн зээлийн үлдэгдэл болон гэрээний хугацаа дууссан 2019 оны 12 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны үндсэн зээл 2.989.226,69 төгрөг, зээлийн хүү 975.388,76, нэмэгдүүлсэн хүү 180.336,36 төгрөг, нийт нотариатын зардал 4400 төгрөг, нийт 4.144.951,81 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 666.779,88 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Э.Ш-ээс зээлийн гэрээний үүрэгт нийт 4.144.951,81 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ҮХО ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 666.779,88  төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 91937,71 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Э.Ш-ээс 81.269 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ҮХО ХХК-д олгосугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Т.БОЛОРМАА