Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 00165

 

 

 

 

 

 

 

 

Р.Б-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2020/02878 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Р.Б-ын хариуцагч Г.Т-д холбогдуулан гаргасан 730 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдааны гаргасан тайлбартаа: Миний бие 2020 оны 7 дугаар сарын 04-ний өдөр зарын дагуу Макголли мини маркетыг түрээслэхээр сонирхож, Г.Т-тай утсаар холбогдон дэлгүүрийг нь үзсэн. Манай эхнэр хөдөө байсан болохоор хөдөөнөөс ирэхээр нь больё гэж хэлэхэд Г.Т- намайг эхлээд мөнгөө хийчих, тэгээд дараа ирээд уулзахад болно гэсэн. Тэгээд 3 сарын хугацааны түрээсийн мөнгийг эхлээд хийчих гэж хэлснийх нь дагуу 3 000 000 төгрөгийг манай эхнэрийн данснаас Г.Т-гийн 5003796499 дугаартай Хаан банкны данс руу тэр өдөртөө буюу 2020 оны 7 дугаар сарын 04-ний өдөр шилжүүлсэн. 2020 оны 7 дугаар сарын 06-ны шөнө манай эхнэр хөдөөнөөс ирж, маргааш өдөр уулзахаар ярихад Г.Т- хүнээс асууя, та хоёр бараагаа цуглуулаад ир гэснийх нь дагуу бид хоёр гадуур яваад бараагаа цуглуулаад орой нь ирсэн. Гэтэл Г.Т- дэлгүүртээ байхгүй, залгахаар утсаа авахгүй байсан. Бид хоёр гадаа нь 2 цаг гаруй хүлээгээд, сүүлдээ утас руу нь мессеж бичээд ч хариу өгөхгүй болохоор нь гадаа машинд бараагаа үлдээгээд, маргааш өглөө нь ирэхэд Г.Т- дэлгүүр дотроо байж байсан. Бид хоёр уулзаад гэрээгээ хийе гэхэд хариуцагч би одоохондоо завгүй байна, дараа больё, одоохондоо мөнгө чинь миний дансанд байж байг гэхэд нь гэрээ байгуулахаа болилоо гэж хэлэхэд Г.Т- бидний өгсөн мөнгөнөөс 2 000 000 төгрөгийг буцааж өгнө, 1 000 000 төгрөгийг нь тусгай зөвшөөрөл гаргуулж авах гээд өгчихсөн, хэд хоногоос 1 000 000 төгрөгийг чинь өгье гэсэн. Гэвч 7 дугаар сарын 04-ний өдрөөс 08-ны өдрийг хүртэл 4 хоногийн хугацааны мөнгийг суутгаж авна гээд, шууд 250 000 төгрөгийг суутгана гэсэн. Би 150 000 төгрөгийг нь суутгаад 750 000 төгрөгийг өгчих гэж хэлэхэд одоохондоо боломжгүй байна, удахгүй өгнө гэсэн боловч холбогдохоо байсан. Утсаар шаардахаар дэлгүүрээ 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш түрээслүүлж чадахгүй байсан учраас 22 хоногийн түрээсийн мөнгийг надаас авна гээд 730 000 төгрөгийг суутгаж авж үлдээд, 270 000 төгрөгийг буцааж өгнө гээд 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 270 000 төгрөг л буцааж шилжүүлсэн. Гэрээ байгуулагдаагүй, дэлгүүрийн түлхүүрийг ч гардуулж өгөөгүй, тэр байрыг нэг ч ашиглаагүй учраас зөрүү мөнгөө авъя гэхэд 22 хоног бусдад түрээсэлж чадаагүй болохоор суутгана гэдэг хариу өгсөн. Хариуцагч нь түрээсийн гэрээг байгуулаагүй, түрээслэх боломж олгоогүй. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Т-гаас 730 000 төгрөгийг шаардаж байгаа гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Р.Б-ын нэхэмжилсэн 730 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Т-с 730 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Б-ад олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22 070 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 22 070 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э давж заалдах гомдолдоо:

... Миний бие ТТАХНЭ-ийн Мэдрэлийн тасагт 2010 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс “тархины эдийн цус харвалт” оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаа талаар эмчлэгч эмч О.О тодорхойлолт гаргаж өгснийг “ямар өвчний улмаас хаана хэвтэн эмчлүүлж байгаа нь тодорхой бус” гэсэн шалтгаанаар миний хурал хойшлуулах хүсэлтийг хүлээн авалгүй шийдвэрлэсэн байна. Шүүх хуралд харилцан мэтгэлцэх зарчим бүрэн алдагдсан. 2020 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Р.Б- зарын дагуу ирж уулзаж ярилцаад дэлгүүрийг түрээслэхээр тохирч Г.Т-гийн Хаан банкны дансруу 3 000 000 төгрөг шилжүүлээд “эхнэр хөдөөнөөс ирэхээр бараагаа авчраад гэрээгээ хийе, та одоо зараа устгаад өөр хүнд түрээсэлж болохгүй шүү” гэж тохироод явсан нь амаар тохиролцоод түүнийхээ үндсэн дээр түрээсийн мөнгөө шилжүүлчхэж байгаа нь талууд хэлэлцэн тохирсон гэж шууд үзэхээр байгаа. Иймд мэтгэлцэх зарчим алдагдсан тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шүүх хуралд оролцох боломжоор хангаж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй, мэтгэлцэх боломж олгоогүй байх тул шүүхийн шийдвэрт эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй байна.

 

            Нэхэмжлэгч Р.Б- нь хариуцагч Г.Т-д холбогдуулан 730 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч марган, үндэслэлийг өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлах тухай бичгийн тайлбарыг шүүхэд гаргажээ.

 

            Шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШЗ2020/14081 дугаар захирамжаар иргэний хэргийг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 11 цаг 30 минутад шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр товлосон, хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э-д мэдэгдсэн баримтгүй байна.

 

            2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э-гээс “...эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг эмчлэгч эмч О.Оюунболорын гарын үсэгтэй баримтын хамт шүүхэд ирүүлсэн байх бөгөөд эмчийн бичсэн тодорхойлолтод 2020 оны 9 дүгээр сарын 25-наас мэдрэлийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа талаар дурджээ. /хх24, 25/

 

Дээрх байдлуудаас үзвэл шүүх хуралдааныг товлохдоо хэргийн оролцогчийг шүүх хуралдаанд оролцох боломжтой эсэхийг тодруулаагүй, шүүх хуралдааны товыг урьдчилан мэдэгдээгүй атлаа шүүхэд ирүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаантай хүсэлтийг хангахаас татгалзсаныг үндэслэл бүхий гэж үзэхээргүй байна.

 

Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй, талуудад мэтгэлцэх боломж олгоогүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасныг зөрчсөн тул шийдвэрийн үндэслэл болон талуудын маргааны талаар давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.

 

Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2020/02878 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22 070 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

       ШҮҮГЧИД                                    Н.БАТЗОРИГ

 

А.ОТГОНЦЭЦЭГ