Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2020/02878

 

2020 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2020/02878

 

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзулыг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Р.Б,

Хариуцагч: Г.Т,

730,000 /долоон зуун гучин мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгч Д.Жын хамт гаргасан тайлбартаа:

Миний бие 2020 оны 7 дугаар сарын 04-ний өдөр зарын дагуу Макголли мини маркетыг түрээслэхээр сонирхож, хариуцагч Г.Ттай утсаар холбогдон дэлгүүрийг нь үзсэн. Манай эхнэр хөдөө байсан болохоор хөдөөнөөс ирэхээр нь оръё гэж хэлэхэд хариуцагч намайг эхлээд мөнгөө хийчих, тэгээд дараа ирээд уулзахад болно гэсэн. Тэгээд 3 сарын хугацааны түрээсийн мөнгийг эхлээд хийчих гэж хэлснийх нь дагуу 3,000,000 төгрөгийг манай эхнэрийн данснаас Г.Тгийн 000 дугаартай Хаан банкны данс руу тэр өдөртөө буюу 2020 оны 7 дугаар сарын 04-ний өдөр шилжүүлсэн. Ингээд 7 дугаар сарын 06-ны шөнө манай эхнэр хөдөөнөөс ирээд, 07-ны өдөр уулзахаар ярихад Г.Т хүнээс асууя, та хоёр бараагаа цуглуулаад ир гэснийх нь дагуу бид хоёр гадуур яваад бараагаа цуглуулаад орой нь ирсэн. Гэтэл Г.Т дэлгүүртээ байхгүй, залгахаар утсаа авахгүй байсан. Бид хоёр гадаа нь 2 цаг гаруй хүлээгээд, сүүлдээ утас руу нь мессеж бичээд ч хариу өгөхгүй болохоор нь гадаа машинд бараагаа үлдээгээд, маргааш өглөө нь ирэхэд Г.Т дэлгүүр дотроо байж байсан. Ингээд бид хоёр уулзаад гэрээгээ хийе гэхэд хариуцагч би одоохондоо завгүй байна, дараа болъё, одоохондоо мөнгө чинь миний дансанд байж байг гэхээр нь эхнэр бид хоёр ер нь дэмий санагдаад гэрээ байгуулахаа болилоо гэхэд Г.Т бидний өгсөн мөнгөнөөс ...2,000,000 төгрөгийг буцааж өгнө, 1,000,000 төгрөгийг нь тусгай зөвшөөрөл гаргуулж авах гээд өгчихсөн байгаа, хэд хоногоос 1,000,000 төгрөгийг чинь өгье гэсэн. Гэвч 7 дугаар сарын 04-ний өдрөөс 08-ны өдрийг хүртэл 4 хоногийн хугацааны мөнгийг суутгаж авна гээд, шууд 250,000 төгрөгийг суутгана гэсэн. Би арга буюу 150,000 төгрөгийг нь суутгаад 750,000 төгрөгийг өгчих гэж хэлэхэд одоохондоо боломжгүй байна, удахгүй хийчихнэ гэсэн боловч холбогдохоо байсан. Утсаар шаардахаар дэлгүүрээ 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш түрээслүүлж чадахгүй байсан учраас 22 хоногийн түрээсийн мөнгийг надаас авна гээд 730,000 төгрөгийг суутгаж авж үлдээд, 270,000 төгрөгийг буцааж өгнө гээд 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 270,000 төгрөг л буцааж шилжүүлсэн. Гэрээ байгуулагдаагүй, дэлгүүрийн түлхүүрийг ч гардуулж өгөөгүй, тэр байрыг нэг ч ашиглаагүй учраас зөрүү мөнгөө авъя гэхэд 22 хоног бусдад түрээслэж чадаагүй болохоор суутгана гэдэг хариу өгсөн.

Өмгөөлөгч: Миний үйлчлүүлэгч Р.Б 2020 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хэлцэл хийгдсэн гэж үзээд эхнэрийнхээ данснаас хариуцагч Г.Тгийн данс руу 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Энэ мөнгөнөөс 2,270,000 төгрөгийг хариуцагч нь Р.Б болон түүний эхнэр А.Ж нарын данс руу буцаан шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Гэвч хариуцагч нь түрээсийн гэрээг байгуулаагүй, түрээслэх боломж олгоогүй байж, миний үйлчлүүлэгчийг хууль мэдэхгүй, хөдөөний хүн гэдгийг нь далимдуулан 730,000 төгрөгийг нь буцааж өгөхгүй чирэгдүүлж буй учир Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Тгаас 730,000 төгрөгийг шаардаж байгаа ...гэв.

Хариуцагч Г.Т шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

Р.Б-ын нэхэмжилсэн 730,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй болно. Иймээс урьдчилан Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тайлбараа гаргаж байна. Хүлээн авна уу...гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.Б нь хариуцагч Г.Т-д холбогдуулан, түүнээс үндэслэлгүйгээр авсан 730,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан байна.

2020 оны 7 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгч Р.Б хариуцагч Г.Т-тай дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээ байгуулах зорилгоор 3,000,000 төгрөгийг өөрийн эхнэр А.Ж-ийн Хаан банк дахь 000 тоот харилцах данснаас Г.Т-гийн Хаан банк дахь 000 тоот харилцах данс руу шилжүүлжээ. /хх-7/

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийх бөгөөд, мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасны дагуу Түрээсийн гэрээг бичгээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэхийг нарийвчлан хуульчилсан байна.

Талуудын хооронд бичгээр гэрээ хийгдээгүй, хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшил ашиглалтад аливаа хөрөнгө шилжүүлээгүй ба, Үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг бичгээр байгуулахын тулд хариуцагч Г.Т дээрх 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хүлээн авсан боловч гэрээг талууд байгуулаагүй, хариуцагч хүлээн авсан уг мөнгөнөөс 2,000,000 төгрөгийг 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр, 270,000 төгрөгийг 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр тус тус нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн болох нь Р.Б, А.Ж нарын Хаан банк дахь харилцах дансны хуулгуудаар тогтоогдож байх тул зохигчдын хооронд Түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй учир хариуцагч нь түрээсийн төлбөрт 730,000 төгрөгийг суутгах үндэслэлгүй бөгөөд, уг мөнгийг нэхэмжлэгчээс үндэслэлгүйгээр авсан байна. /хх 5-7/

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэхээр бус харин тодорхой үйлдэл хийлгэх буюу үйлдэл хийхгүй байхаар хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн тохиолдолд нөгөө этгээдийн үйлдэл буюу эс үйлдэхүй хөрөнгө шилжүүлсэн этгээдийн хүсэл зоригт нийцэхгүй бол шилжүүлсэн зүйлээ буцаан шаардаж болно гэж заасны дагуу хариуцагч Г.Т-с 730,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Б-ад олгохоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхээ мэдсэн бөгөөд өвчний улмаас шүүх хуралдаан хойшлуулахыг хүссэн боловч, түүний хүсэлт баримтаар нотлогдоогүй, ямар өвчний улмаас хаана хэвтүүлэн эмчлүүлж буй нь тодорхой бус гэх үндэслэлээр шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШЗ2020/14128 тоот захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талын эзгүйд, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Т-с 730,000 /долоон зуун гучин мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Б-ад олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,070 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 22,070 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, төлөөлөгчид энэ шийдвэрийг эс зөввшөөрвөл шийдвэр гардан авсан өдрөөс 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.САРАНТУЯА