Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 00178

 

 

 

 

 

 

 

 

Ш.Ү-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/03936 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ш.Ү-ын хариуцагч “МС” ХХК-д холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул таун хотхоны 2С байрны 000 тоотод орших 183.88 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, 2С-21, 22 тоот авто зогсоолын төлбөрт 316 863 000 төгрөг төлсөн болохыг тогтоох, улсын комисс ашиглалтад оруулсны дараа үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулснаар нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагчид даалгах, ажил гүйцэтгэх гэрээний үр дүнг хугацаандаа хүлээлгэн өгөөгүйгээс үүссэн алданги 182 608 149.9 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А, хариуцагчийн өмгөөлөгч Э.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ш.Ү- миний бие “МС” ХХК-тай харилцан тохиролцож 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр №2С-24 тоот Захиалгаар орон сууц угсралтын ажил гүйцэтгэх гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу байгуулсан. Тус гэрээгээр гүйцэтгэгч нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам, Могул таун хотхоны орон сууцны 2С байрны 000 тоотод орших 183.88 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, 2С-21, 22 тоот авто зогсоолын хамт барьж ашиглалтад оруулж, доголдолгүй хөрөнгийг захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь гэрээгээр хэлэлцэн тохирсон үнийг төлөхөөр харилцан тохиролцсон. Орон сууц болон авто зогсоолын нийт үнийн дүнд 491 312 000 төгрөг болсон бөгөөд гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т заасан төлбөр төлөх нөхцөлийн дагуу Ш.Ү- миний бие урьдчилгаа болон нийт 316 863 000 төгрөгийг гүйцэтгэгч “МС” ХХК-ийн хүлээн зөвшөөрснөөр “УС” ХХК-ийн захирал Б.Г гэх хэдий ч гүйцэтгэгч “МС” ХХК нь орон сууцыг барьж доголдолгүй хөрөнгө хүлээлгэн өгөх үндсэн үүргийг биелүүлэхгүй өдийг хүрээд байна. Тодруулбал, “УС” ХХК-ийн захирал Б.Ганболд нь “МС” ХХК-аас захиалгаар чулуу хийц бэлтгэн нийлүүлэх гэрээний дагуу авлагатай байсан бөгөөд Ш.Ү- миний бие гэрээний урьдчилгаанд төлөх төлбөрөө “МС” ХХК-ийн зөвшөөрснөөр Б.Ганболдод шилжүүлсэн.

Өөрөөр хэлбэл миний байрны урьдчилгаанд төлсөн төлбөрийн “УС” ХХК төлбөртөө суутган авсан. Ш.Ү- миний бие дээрх 316 863 000 төгрөгийг дараах байдлаар төлсөн. 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 103 900 000 төгрөгийг Б.Ганболдод бэлэн мөнгөний орлогын баримт үйлдэн бэлнээр, 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Lexus 570 маркийн 4092532 арлын дугаартай 99-00 УНП улсын дугаартай автомашиныг 115 000 ам.доллараар буюу тухайн өдрийн ханш болох 1753 төгрөгөөр бодож нийт 201 595 000 төгрөгөөр тооцож худалдах, худалдан авах гэрээ байгуулан өмчлөх эрхийг Б.Ганболдод шилжүүлсэн. 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 11 368 000 төгрөгийг бэлнээр тус тус төлсөн болно. Дээрх байдлаар Ш.Ү- миний бие 316 863 000 төгрөгийг төлсөн буюу үүргийн гүйцэтгэлийн 64.5 хувийг хангасан байна. Хэрэв гэрээний нөгөө тал барилгын ажлыг удаашруулаагүй тохирсон хугацаандаа барилгыг барьж хүлээлгэн өгсөн бол нэхэмжлэгч миний зүгээс бүх төлбөрийг төлж үүргийн гүйцэтгэлээ хангахад ямар ч асуудалгүй байсан. Гэтэл хариуцагчийн ажил удааширч, тодорхой шалтгаангүйгээр үүргээ гүйцэтгэхгүй байсан учир төлбөр төлөлтийг зогсоосон. Иймд тус байрыг улсын комисс хүлээн авсны дараагаар хариуцагч “МС” ХХК өөр хүнд худалдвал би урьдчилгаа төлбөрт төлсөн 316 863 000 төгрөгөөр хохирох эрсдэлтэй тул Улсын комисс барилгыг хүлээн авсны дараагаар намайг өмчлөгчөөр тогтоохыг даалгаж өгнө үү. Мөн түүнчлэн “Захиалгаар орон сууцны ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу 6.2-т орон сууцны барилгыг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд захиалагчийн гүйцэтгэсэн үүргийн мөнгөн дүнгийн 0.03 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр талууд харилцан тохиролцсон. Үүний дагуу “МС” ХХК-ийн алданги бодож үзэхэд 182 032 793.9 төгрөг /Захиалагчийн төлсөн 316 863 000 төгрөгөөс 0.03 хувийг бодоход 1 өдрийн алданги 95 058.9 төгрөг 2014 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх 1921 өдөр =182 608 146.9/ төгрөг болж байна. Гүйцэтгэгч “МС” ХХК нь хамгийн эцсийн байдлаар 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр орон сууцны түлхүүрийг гардуулж үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж өгөх үүрэгтэй байсан хэдий ч одоог хүртэл орон сууцыг хүлээлгэн өгөөгүй тул залилуулсан байж болзошгүй гэж үзэж 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст энэ асуудлыг шалгуулахаар өргөдөл гаргасан ба өргөдлийг хүлээн авч, хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгуулахаар өргөдөл гаргасан боловч Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын прокурорын тогтоолоор “МС” ХХК болон Б.Ганболдын үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжгүй харин иргэний журмаар шүүхээр шийдвэрлүүлэх маргаан байна гэж үзэн хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай шийдвэрийг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гаргасан. Иймд 491 312 000 төгрөгийн үнэ бүхий Хан-Уул дүүрэг ,11 дүгээр хороо, Зайсангийн  ам хаягт орших Могул таун орон сууцны хотхоны 2С байрны 000 тоот, 183.88 мкв бүхий 4 өрөө орон сууц, 2С-21, 22 тоот авто зогсоолын хамт төлбөрт 316 863 000 төгрөгийг төлсөн болохыг тогтоон улсын комисс ашиглалтад оруулсны дараа үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулснаар нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагчид даалгах, ажил гүйцэтгэх гэрээний үр дүнг хугацаандаа хүлээлгэн өгөөгүйгээс үүссэн алданги 182 608 149.9 төгрөг гаргуулж иргэн Ш,Үнэнбат миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“МС” ХХК болон Ш.Ү- нар нь 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн захиалгаар барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу “МС” ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Зайсангийн аманд байрлах 2С байр 000 тоот байр, авто зогсоолыг захиалагчийн хөрөнгөөр барих, захиалагч Ш.Ү- нь нийт дүн болох 491 312 000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцсон байгаа. Ш.Ү- нийт төлбөр 491 312 000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төлж барагдуулахаар гэрээнд заасан. Тус гэрээний 2.4-т захиалагч нь энэ гэрээг хүчин төгөлдөр болсноос хойш хуанли нэг хоногийн дотор урьдчилгаа төлбөрийг төлж барагдуулна гэж заасан. Нэхэмжлэгч нь 103 900 000 төгрөгийг төлснөөс хойш үлдэгдэл 387 412 000 төгрөгийг огт төлөөгүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 316 863 000 төгрөгийг дараах байдлаар төлөөд байна гээд 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Лексус 570 машиныг тухайн өдрийн ханш 1 753 төгрөгөөр тооцоод нийт 201 595 000 төгрөгөөр тооцож, худалдах, худалдан авах гэрээ байгуулан “МС” ХХК-д биш Б.Ганболдод шилжүүлсэн. Б.Ганболдтой нэхэмжлэгч нь иргэд хоорондын авто машин худалдах, худалдан авах гэрээ байгуулаад шилжүүлсэн. Энэ талаар “МС” ХХК нь авто машинаа шилжүүлж өг гэж тохиролцож, түүнд эрх олгосон зүйл байхгүй. 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 11 330 000 төгрөгийг бэлнээр төлсөн. Хэргийн 126-127 талд авагдсан “МС” ХХК болон “УС” ХХК-иудын төлбөр тооцоо нийлсэн акт дээр хоёр компанийн хооронд 9 000 000 гаруй төгрөгийн үлдэгдэлтэй байсан. “МС” ХХК нь “УС” ХХК-д 201 000 000 төгрөгийн үнэтэй машин шилжүүлэх үндэслэл байгаагүй. Алдангийн тухайд гэрээний 6.2-т захиалагчийн гүйцэтгэсэн үүргийн үнийн дүнгийн 0.3 хувь алданги төлөхөөр заасан. Үүний дагуу алдангийг шаардаж байна гээд байна. Нэхэмжлэгч анх гэрээнд зааснаар хөнгөлттэй үнээр гэрээ байгуулсан. Гэрээний 6.3-т зааснаар хөнгөлттэй үнээр гэрээ байгуулсан тохиолдолд алданги шаардах эрхгүй гэж алданги шаардах эрхээсээ татгалзсан байна. Энэ зохицуулалтын дагуу “МС” ХХК нь алданги шаардах эрхгүй. Гэрээний харилцааг харахаар захиалагчийн хөрөнгөөр барилгыг барихаар тохирсон. Нэхэмжлэгч өнөөдөр хүртэл байрны үлдсэн мөнгөө өгөөгүй тул бид байрыг ашиглалтад оруулж чадахгүй байна. Өөрсдөө мөнгөө өгөөгүй байж, та нар байраа ашиглалтад оруулаагүй гээд шаардаад байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Ү- орон сууц авто зогсоол худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 103 900 000 төгрөгийг төлсөн болохыг тогтоож, хариуцагч “МС” ХХК-аас 51 950 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3 527 560 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох тэмдэгтийн хураамж болох 417 700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхзаяа давж заалдах гомдолдоо:

... Миний бие гэрээний 2.2-т заасны дагуу урьдчилгаа төлбөрөө 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 103 900 000 төгрөгийг бэлнээр тушаасан. Мөн “МС” ХХК-ийн хүлээн зөвшөөрснөөр “Уорольд стоун” ХХК-ийн захирал Б.Ганболдод 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Лексус 570 маркийн 4092532 арлын дугаар болон 9900 УНП улсын дугаартай автомашиныг 115 000 ам.доллараар буюу тухайн өдрийн ханш болох 1753 төгрөгөөр бодож нийт 201 595 000 төгрөгөөр тооцож, 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр чулуу тээвэрлэлтэд 11 368 000 төгрөг нийт 212 963 000 төгрөгийг шилжүүлсэн. Хэрэгт авагдсан 2018 оны 3 дугаар сарын 07 ны өдрийн №260 тоот Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоол, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2556 тоот Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын “Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай” тогтоолд тус тус “МС” ХХК-ийн Д.Болд нь хүлээн зөвшөөрсөн болох нь нотлогддог. Иймд Ш.Ү- нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт заасны дагуу “МС” ХХК-д 316 863 000 төгрөгийг төлсөн тул алданги 182 608 149 төгрөгийг шаардах үндэслэлтэй байна. “МС” ХХК нь барилгын ажил нь зогссон, хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан болохоор өөрийгөө эрсдэлээс сэргийлж мөнгөө өгөхөө больсон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Анар давж заалдах гомдолдоо:

... “МС” ХХК болон Ш.Ү- нар нь 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 2С/24 дүгээр “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, уг гэрээний дагуу гүйцэтгэгч тал болох “МС” ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн аманд байрлах “Могул таун” хотхоны 2С байрны 000 тоот орон сууц, автомашины зогсоолыг захиалагчийн хөрөнгөөр барьж, өмчлөлд нь шилжүүлэх, нөгөөтэйгүүр захиалагч Ш.Ү- нь гэрээний үнийн дүн болох нийт 491 312 000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн дотор тус гэрээний 2.2-т заасан хуваарийн дагуу төлж дуусгахаар харилцан тохиролцсон. “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний 6.2 дахь заалтад дээрх байдлаар алдангийн талаар дурдсан боловч мөн гэрээний 6.3 дахь заалтад “Гүйцэтгэгч нь дараах тохиолдолд энэхүү гэрээний 6.2-т заасан алданги төлөх үүргээс чөлөөлөгдөнө. Үүнд гээд 1/-д “Захиалагч нь энэхүү гэрээний 2.3-д тодорхойлсноор хөнгөлөлттэй үнээр захиалга хийсэн”, 2/-т “Захиалагч нь захиалгын төлбөрийн графикийг зөрчиж төлбөр төлж байсан” гэх зэргээр тусгасан бөгөөд уг гэрээний 2.3 дахь заалтад “Энэхүү гэрээний 2.1-д заасан орон сууцны 1м.кв-ын үнэ нь хөнгөлөлт эдэлсэн” гэж тодруулан тэмдэглэж, гэрээний талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасны дагуу өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г бүрэн гүйцэт үнэлж дүгнэлгүйгээр “орон сууцны 1м.кв-ын үнийг хөнгөлөлттэй үнээр захиалга хийсэн бол уг гэрээний 6.2-т заасан алданги төлөх үүргээс чөлөөлөгдөнө” гэх “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний 2.1, 6.3 дахь заалтаар харилцан тохиролцсон нөхцлийг хариуцагч “МС” ХХК-ийг дахин баримтаар нотлох үүрэгтэй мэт тайлбарлаж, талуудын хооронд гэрээний чөлөөт байдлыг зарчмын дагуу байгуулагдсан гэрээний заалтуудыг үнэлэхгүй байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... хариуцагч “МС” ХХК-аас 51 950 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Ш.Ү- нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул таун хотхоны 2С байрны 000 тоотод орших 183.88 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, 2С-21, 22 тоот авто зогсоолын төлбөрт 316 863 000 төгрөг төлсөн болохыг тогтоолгох, улсын комисс ашиглалт оруулсны дараа үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулснаар орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагчид даалгах, ажил гүйцэтгэх гэрээний үр дүнг хугацаандаа хүлээлгэн өгөөгүйгээс үүссэн алданги 182 608 149.9 төгрөг гаргуулах шаардлагыг “МС” ХХК-д холбогдуулан гаргажээ.

 

            Нэхэмжлэлд дурдсанаас болон зохигчдын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан “Захиалгаар орон сууц угсралтын ажил гүйцэтгэх” нэртэй гэрээ хэрэгт авагдсанаас үзвэл хариуцагч “МС” ХХК нь 183.88 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, 21, 22 тоот автомашины 2 зогсоолын хамт барьж ашиглалтад оруулах, нэхэмжлэгч Ш.Ү- нь дээрхийн үнэд 491 312 000 төгрөгийг хэлэлцэн тохиролцсон хуваарийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээсэн боловч гэрээ хэрэгжиж дуусаагүй байгаа нөхцөл байдлыг тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгч нь үүргийн тодорхой хэсгийг биелүүлсэн буюу 316 863 000 төгрөг төлснийг тогтоолгоод, барилгыг улсын комисст хүлээлгэн өгснөөр төлбөрийн үлдэгдлийг төлж, орон сууцны өмчлөлийг өөртөө шилжүүлэхийг буюу ирээдүйд болох үйл явдлыг хариуцагчид даалгах шаардлагыг урьдчилан гаргасан, гэрээний үүргийн зөрчлийн улмаас хууль болон гэрээгээр олгогдсон эрх нь хэрхэн зөрчигдсөнийг тодорхойлоогүй буюу Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт заасан эрх зүйн хамгаалалтын аль аргын хүрээнд эрхээ сэргээлгэхээр шаардаж байгаагаа тодорхойлоогүй нэхэмжлэл гаргасан байна.

 

            Дээрх байдлаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхойгүй, нэхэмжлэгч шүүхээс эрх зүйн ямар хамгаалалтыг хүссэнээ тодорхойлоогүй байхад анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т заасан ажиллагааг явуулалгүй иргэний хэрэг үүсгэсэн, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг тодруулаагүй байна. Гэрээний талууд үүргээ ямар хэмжээнд биелүүлсэн тухай асуудал нь нөгөө талдаа хандан гаргах шаардлагын үндэслэлд хамааралтай үйл баримт байх боловч энэ нь дангаараа шүүхээр тогтоох шаардлага болохгүй.

 

            Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг тодруулаагүй атлаа талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний үүрэг үүссэн гэдгээр хуулийн тус заалтыг баримталж, 103 900 000 төгрөгийг нэхэмжлэгч Ш.Ү- төлснийг тогтоож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь хууль хэрэглээний хувьд зөв биш байна. Худалдах, худалдан авах гэрээгээр нэг тал биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчид шилжүүлж, нөгөө тал хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэг хүлээдэг, гэрээ хэрэгжиж дуусаагүй, гэрээний үүргийн зөрчлийн улмаас эрхээ сэргээлгэхээр шаардаагүй байгааг шүүх анхаараагүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй байна.

 

            Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага хоёр нь хоорондоо уялдаатай салшгүй, тодорхой байх нь хуулийг зөв хэрэглэх нөхцөл болно. Давж заалдах шатны шүүхэд үүнийг тодруулах, иргэний хэрэг үүсгэсэн захирамжийг өөрчлөх эрх хуулиар олгоогүй тул маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй болно.

 

            Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/03936 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчээс 3 008 100 төгрөг, хариуцагчаас 417 700 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                                    Д.НЯМБАЗАР

 

А.ОТГОНЦЭЦЭГ