Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 00209

 

Б.Н-гийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч А.Мөнхзул, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2020/02653 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Н-гийн хариуцагч М.Б-т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 115 500 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр иргэн М.Б-т өөрийнх нь хүсэлтээр харилцан тохиролцож сарын 5 хувийн хүүтэй, 55 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай зээл олгож ZG170113 тоот дугаар бүхий зээлийн гэрээ, SC170113 дугаартай үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг тус бүр бичгээр байгуулан улсын бүртгэлд бүртгүүлэн иргэн М.Б-ын Хаан банкны 5034582266 тоот дансанд зээлийн гэрээний дагуу 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 5 000 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 20 000 000 төгрөгөөр хоёр удаа, 10 000 000 төгрөгөөр нэг удаа нийт 55 000 000 төгрөг шилжүүлсэн.

М.Б- нь зээлийн гэрээний үүргээ 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар 28 сарын хугацааны турш огт төлбөр төлөөгүй бөгөөд удаа дараа шаардлага тавьсан ч гэрээний үүргээ гүйцэтгэхгүй байх тул М.Б-аас үндсэн зээл 55 000 000 төгрөг, хүүд 33 000 000 төгрөг, алданги 27 500 000 төгрөг, нийт 115 500 000 төгрөгийг гаргуулна. Мөн шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамж 00 байр, 1 дүгээр давхар тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгө, бусад эд хөрөнгийг албадан худалдаж үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгөхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж энэ тухай шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.Б-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 115 500 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Н-д олгож, хариуцагч М.Б- нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 00 байр 1 давхарт байрлах үйлчилгээний зориулалттай, 98,6 м.кв талбайтай, Ү-2205061162 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 805 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 805 650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Мэтгэлцэх, нотлох баримт гаргаж өгөх эрхээр хангаагүй, шүүх хуралдааны товыг мэдэгдээгүйд гомдолтой байна. Мэтгэлцээний байр суурийн хувьд хариуцагч М.Б- нь хотод амьдардаггүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н би өвчтэй байсан зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаас болж дээрх үүргээ биелүүлж чадаагүй мөн хурлын товыг мэдэгдээгүй шүүх хурал хийж зөвхөн нэг талын эрх ашгийг хүрээнд хууль зөрчиж шийдвэрлэсэн тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч Б.Н- нь хариуцагч М.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 115 500 000 төгрөг гаргуулах, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 00 байр 1 давхарт байрлах үйлчилгээний зориулалттай, 98,6 м.кв талбайтай, Ү-2205061162 дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилжээ.

 

            Шүүх дээрх нэхэмжлэлээр 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хариуцагч М.Б-т шүүхэд ирэхийг удаа дараа мэдэгдсэн ч ирээгүй тул 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн шүүгчийн 181/ШЗ2020/09812 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.9 дэх хэсэгт заасан журмаар албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн ч М.Б- нь шүүхэд хүрэлцэн ирээгүй, харин 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Ц.Н-ад зээлийн маргаантай хэрэгт хариуцагчийг бүрэн төлөөлөн бүх шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхээс нэхэмжлэл гардан авах, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэлээс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх, хэргийн материалтай танилцах, хуулбарлаж авах, хүсэлт, тайлбар, гомдол гаргах, шүүх хуралдаанд оролцох эрхийг тодорхой нэрлэн олгосон итгэмжлэлийг олгосон байна.

                                                                                                                                    /хх21, 26, 29/

 

            Итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н нь 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэлийг гардан авч, мөн оны 10 дугаар сарын 02-ны өдөр тайлбар, нотлох баримтыг шүүхэд гаргах үүрэг хүлээсэн, мөн шүүхээс хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, үүргийг танилцуулсан, холбогдох баримтад Ц.Н- нь гарын үсэг зурж баталгаажуулжээ. /хх30, 32/

 

            Ц.Н нь хариуцагч М.Б-ыг бүрэн төлөөлөх итгэмжлэлтэй атлаа хэргийн оролцогчийн үүргээ биелүүлээгүй, хариуцагчийн тайлбар, түүнийг нотлох баримтыг шүүхэд гаргаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 252 дахь хэсэгт үүргээ биелүүлээгүй байна.

 

            Шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШЗ2020/12880 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 09 цаг 00 минутад товлон зарлаж, мөн өдрөө шүүгчийн туслах хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н-ын 99021961 дугаар утсаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн талаар баримт үйлдсэн нь хэрэгт авагдсан байна. /хх34, 35/

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь эрүүл мэндийн шалтгаанаас болж товлогдсон шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хүртэл ажлаас чөлөөлсөн эмнэлгийн магадлагааны хамт ирүүлснийг шүүх хүлээн авч 2020 оны 10 дугаар сарын 13 өдрийн 181/ШЗ2020/13155 дугаар шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хугацаагаар товлон хойшлуулжээ. /хх40-45/

 

Шүүгчийн туслах 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н-ын 99021961 дугаартай утсаар шүүх хуралдааны товыг, мөн өдөр хариуцагч М.Б-т баталгаат шуудангаар хурлын товыг мэдэгдсэн байна. /хх47-49/

 

Дээрхээс үзвэл хариуцагч талын шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхийг шүүхээс хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн оролцогчид хуульд заасан эрхээ эдлэх хангалттай хугацааг олгосон байх бөгөөд хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаанд шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчээс хүсэлт гаргасныг үндэслэн  хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг зөрчихгүй.  

 

Хэрэгт дараах баримтууд авагджээ.

 

Зохигчид 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ZG170113 дугаар “Барьцаат зээлийн гэрээ”-г бичгээр байгуулж, 55 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр, мөн өдөр SC170113 дугаар “Баталгаат ипотекийн гэрээ”-гээр М.Б- нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 00 байр 1 давхарт байрлах үйлчилгээний зориулалттай, 98,6 м.кв талбайтай, Ү-2205061162 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, зохигчид гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх 7-13/

 

Нэхэмжлэгч Б.Н- нь 55 000 000 төгрөгийн зээлийг зээлдэгч М.Б-ын ХААН банк дахь 5034 582266 тоот дансанд 2017 оны 1 дүгээр сарын 13-нд 5 000 000, мөн 1 дүгээр сарын 14-ний өдөр 20 000 000 төгрөгийн 2 удаагийн, 10 000 000 төгрөгийн нэг удаагийн шилжүүлгээр хийсэн бичгийн баримтыг шүүхэд гаргажээ./хх 14, 15/

 

            Хариуцагч нь нэхэмжлэлийг гардан авсан боловч түүнийг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан талаарх тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар гаргаагүй.

 

            Хэрэгт авагдсан дээрх баримтаар зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлтэй, шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт зөв.

 

            Хариуцагч М.Б- нь 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс буюу нэхэмжлэл гаргасан 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

 

Иймд зээлдүүлэгч нь зээлийн үндсэн төлбөрийг гэрээгээр тохиролцсон хүүгийн хамт 88 000 000 /55 000 000+33 000 000/ төгрөгийг шаардах эрхтэй. Мөн “Барьцаат зээлийн гэрээ”-ний 5.1-д “Зээлдэгч гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол хэтэрсэн хугацааны турш хоног тутам 0,5 хувийн алданги төлнө” гэж заасан тул нэг хоногийн 275 000 төгрөг буюу алдангид 27 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцнэ.

 

            Дээрхийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч М.Б-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээл 55 000 000 төгрөг, хүүд 33 000 000 төгрөг, алданги 27 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Н-д олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааны тов болон нотлох баримт гаргаж өгөх хугацаа олгоогүй, мэтгэлцэх эрхээр хангаагүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2020/02653 шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 805 650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ш.ОЮУНХАНД

 

                                                       ШҮҮГЧИД                                    А.МӨНХЗУЛ

 

А.ОТГОНЦЭЦЭГ