Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2020/02653

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.Н-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: М.Б-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 115,500,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр иргэн М.Б т өөрийнх нь хүсэлтээр харилцан тохиролцож сарын 5 хувийн хүүтэй, 55,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай зээл олгож ZG170113 тоот дугаар бүхий зээлийн гэрээ, SC170113 дугаартай үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг тус бүр бичгээр байгуулан улсын бүртгэлд бүртгүүлэн иргэн М.Б ын Хаан банкны 5034582266 тоот дансанд зээлийн гэрээний дагуу 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 5,000,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 20,000,000 төгрөгөөр хоёр удаа, 10,000,000 төгрөгөөр нэг удаа нийт 55,000,000 төгрөг шилжүүлсэн.

М.Б  нь зээлийн гэрээний үүргээ 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар 28 сарын хугацааны турш огт төлбөр төлөөгүй бөгөөд удаа дараа шаардлага тавьсан ч гэрээний үүргээ гүйцэтгэхгүй байх тул М.Б аас үндсэн зээл 55,000,000 төгрөг, гэрээний дагуу тооцох хүү 33,000,000 төгрөг, алданги 27,500,000 төгрөг, нийт 115,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамж 72а байр, 1 дүгээр давхар тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгө, бусад эд хөрөнгийг албадан худалдаж үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгөхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж энэ тухай шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү” гэв.

 

Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Н  нь хариуцагч М.Б т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 115,500,000 төгрөг гаргуулах, барьцааны зүйл буюу Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 72а байр 1 давхарт байрлах үйлчилгээний зориулалттай, 98,6 м.кв талбайтай, Ү-2205061162 дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д заасан хугацаанд хариу тайлбар гараагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Талуудын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ZG 170113 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ” байгуулагдаж, уг гэрээний дагуу 55,000,000 /тавин таван сая/ төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулжээ. /хх-ийн 7-9 дэх тал/

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа байгуулсан ба нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг хариуцагч М.Б аас шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь үндсэн зээл 55,000,000 төгрөг, зээлийн хүү 33,000,000 төгрөг, алданги 27,500,000 төгрөг шаардаж нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...зээлийн гэрээ байгуулсан хугацаанаас хойг нэг ч төгрөг төлөөгүй” гэж тайлбарласан.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ.”, талуудын хооронд байгуулсан гэрээний 5.1-д “...Зээлдэгч гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол хэтэрсэн хугацааны турш хоног тутам 0,5 хувийн алданги төлнө” гэж тус тус заажээ.

 

Хариуцагч М.Б  нь зээлийг хугацаанд төлөөгүй тул нэг хоногийн 275,000 төгрөгөөр тооцож, 27,500,000 төгрөгийн алданги шаардаж байгаа нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасан хуулийн зохицуулалттай нийцэж байна.

 

Иймд хариуцагч М.Б аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 88,000,000 төгрөг, алдангид 27,500,000 төгрөг, нийт 115,500,000 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Талууд дээрхи зээлийн гэрээний үүрэгт Иргэний хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д заасны дагуу Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 72а байр 1 давхарт байрлах үйлчилгээний зориулалттай, 98,6 м.кв талбайтай, Ү-2205061162 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, “Баталгаат ипотекийн гэрээ” байгуулсан байна.

 

“Баталгаат ипотекийн гэрээ”-г бичгээр байгуулан, нотариатаар гэрчлүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байх тул Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 174 дүгээр зүйлийн 174.1-д заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

            Нэхэмжлэгч нь барьцааны үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн байх тул Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцааны хөрөнгийг худалдан борлуулж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хариуцагч М.Б т шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр гардуулж өгсөн. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан өдрөөс хойш шүүхээс тогтоож өгсөн хугацаа буюу 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар шүүх 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н-ын 9902-1961 дугаарын утсанд мэдэгдэхэд эмнэлгийн магадлалаа ирүүлснийг шүүх хүлээн авч, уг үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулсан.

 

Мөн, 2020 оны 10 дугааар сарын 27-ны өдөр зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н-ын 9902-1961 дугаарын утсаар мэдэгдэхэд “За, ойлголоо” гэж шүүх хуралдааны товыг мэдсэн, түүнчлэн М.Б ын оршин суугаа хаягаар хүргүүлэхэд “бүртгэлтэй боловч оршин суудаггүй” гэж Засаг дарга тодорхойлжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны товыг мэдсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч нь тайлбараа шүүхээс тогтоосон хугацаанд гаргаж өгөөгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч М.Б аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 115,500,000  төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Н д олгосугай.

 

2. Хариуцагч М.Б  нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 72а байр 1 давхарт байрлах үйлчилгээний зориулалттай, 98,6 м.кв талбайтай, Ү-2205061162 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 805,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 805,650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй ба хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ЭНХБАЯР