Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 00251

 

 

 

 

 

 

 

 

Б.Б-гийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/02972 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Б-гийн хариуцагч Ж.Н-, “СТ” ХХК тус тус холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 3 065 400 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Ж.Н-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Шинэ өглөө хотхоны 23а дугаар байрны доор зогсоолын давхрын авто гараашид байсан Б.Б-, Н.О нарын өмчлөл, эзэмшлийн 21-61 УНТ улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн автомашины дээрээс 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр шороо, цемент унаж салхины шилийг нь хагалсан. Тухайн үед Б.Б- нь өөрийн эзэмшлийн авто гараашдаа автомашинаа байрлуулсан байсан бөгөөд тухайн өдөр автомашины дээд талын таазны ханыг өрөмдөн цоолж, нүх гаргасан байсан. Гэтэл доор нь байсан миний автомашиныг холдуулах тухай надад огт хэлэлгүйгээр шууд ханыг өрөмдөн цоолж, нүх гаргаснаар машин дээр шороо, цемент, хог унаж урд салхины шилийг нь хагалсан байсан. Тус засварын ажлыг хийж байсан сантехникийн ажилчид юу ч гэсэн энэ ханыг өрөмдөөд үзье хэмээн хоорондоо ярилцсан байсан. Үүнээс харахад миний эзэмшлийн автомашинд хохирол учруулж болзошгүй гэдгийг мэдсээр байж тухайн үйлдлийг хийсэн болох нь харагдаж байна. 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр тухайн ажлыг хийлгэсэн гэх “СТ” ХХК-ийн захирал Ж.Н-той уулзаж машинаа харуулсан бөгөөд машинаа угаалгахаар яваад салхины шил хагарснаа мэдсэн. Энэ тухайгаа утсаар хэлсэн боловч би хариуцахгүй гэсэн. Н.О нь 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст болсон үйл явдлын талаар гомдол гаргасан. Гэтэл гэмт хэргийн шинжгүй, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх нь үндэслэлгүй байна гэж үзсэн. Иймд миний бие Хан-Уул дүүргийн прокурорын газар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээлгэх тухай гомдол гаргасны дагуу 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 1/368 дугаартай шийдвэрээр Эрүүгийн гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн нь үндэслэлтэй байна гэж дүгнэсэн бөгөөд харин уг асуудалд /хариуцагчид/ Зөрчлийн тухай хуулийн 8.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арга хэмжээ авч шийдвэрлэхийг мөрдөгч, прокурорт даалгаж шийдвэрлэсэн. Иймд хариуцагчаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “СТ” ХХК-аас гэм хорын хохиролд 3 065 400 төгрөгийг гаргуулж өгнө үү. Бид машины шилийг солиулж янзлуулсан бөгөөд баримтыг гаргаж өгсөн гэжээ.

 

Хариуцагч болон “СТ” ХХК-ийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

СӨХ-ны 2 ажилтантай тохирч, уг сантехникийн ажлыг хийлгэхээр болсон. Манай машин дээр шороо унасан байна гээд машины эзэн эмэгтэй орж ирсэн бөгөөд хамт бууж гарааш руу орж машиныг үзэхэд хамар дээр нь сул шороо болчихсон байсан, машин нилээн бохирдолтой байсан, би уучлал гуйгаад машин угаалгах мөнгийг өгье гэж хэлсэн. Тэгээд 2-3 цагийн дараа нөгөө эмэгтэй утсаар залгаад машины урд шил цуурсан байна гэхээр нь гарч харахад ...доод гол хэсгээсээ 10 см орчим цуурсан байсан. Би хуучин цууралт байна хүлээн зөвшөөрөхгүй, мэргэжлийн хүмүүсээр нь шинжилгээ хийлгэ гээд явсан. Уг ажлыг мэргэжлийн хүмүүсээр хийлгэсэн бөгөөд эдгээр хүмүүс хариуцан арилгах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгүүлэх явцад энэ асуудал үүссэн тул надад хамааралгүй. Мөн өрөмдсөнөөс болж чулуу унаж хагарсан гэх баримтгүй, түүнчлэн уг гэмтлийг Ж.Н-ийн үйлдлээс болсон гэдгийг тогтоосон баримтгүй тул зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Н-оос 3 065 400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-д олгож, хариуцагч “СТ” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64 000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ж.Н-оос улсын тэмдэгтийн хураамжид 64 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Ж.Н- давж заалдах гомдолдоо:

... Миний бусдын эд хөрөнгөнд санаатай буюу болгоомжгүйгээр гэм хор учруулсан үйлдэл, эс үйлдэхүй дээрх баримтуудаас харахад тогтоогдохгүй байгаа. Тодруулбал, би өөрийн өмчлөлийн үйлчилгээний зориулалттай талбайд ажил гүйцэтгэх гэрээний дагуу мэргэжлийн хүмүүс буюу конторын 2 засварчинд хөлс төлж ажил хийлгэсэн бөгөөд тэр хоёр ажилтны ажлын гүйцэтгэлийн алдаанаас болж гэм хор учирсан байхад Ж.Н-ийн гэм хор учруулсан үйлдэл тогтоогдохгүй болно.

Өөрөөр хэлбэл, гэм хорыг хариуцан арилгах этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон учирсан гэм хор хоёрын хооронд шалтгаант холбоотой байх ёстой. Бусдын эд хөрөнгөд өрөмдлөгийн ажил хийснээс хохирол учирсан болохыг шүүх тогтоосон бөгөөд Ж.Н-ийн гэм хор учруулсан үйлдэл тогтоогдохгүй байгаа боловч Иргэний хуулийн 502 дугаар зүйлийн 502.1, 502.2 дахь хэсгүүдийг үндэслэл болгосон байна. Гэвч Иргэний хуулийн 502 дугаар зүйлийг барилга байгууламжийн хийц, зохион байгуулалтыг дур мэдэн өөрчилсөн тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч хариуцлага хүлээх байдлаар хуульчилсан байгаа бөгөөд мөн миний барилгын хийц, зохион байгуулалтыг дур мэдэн өөрчилсөн үйлдэл тогтоогдохгүй байгаа болно. Зөвхөн конторын 2 ажилтанд ажлын хөлсийг төлж, ажил хийлгэсэн тэдгээр хүмүүс хаан хэрхэн цоолж, бохирын шугам гаргах эсэхийг миний бие мэдэх боломжгүй. Иймд тус харилцааг Иргэний хуулийн 512 дугаар зүйлийн 512.4 дэх хэсэгт зааснаар зохицуулна гэж дүгнэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч “СТ” ХХК, Ж.Н- нарт холбогдуулан автомашины салхины шил хагарсан тул буруутай этгээдээс гэм хорын хохиролд 3 065 400 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар “... уг гэмтлийг Ж.Н-ийн үйлдлээс болсон гэдгийг тогтоосон баримтгүй” гэж эс зөвшөөрч маргажээ.

 

            2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Ж.Н- нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Шинэ өглөө хотхон 23/2 тоот байранд тус байрыг хариуцсан конторын ажилчид болох А.Б, Ц.Б нараар сантехникийн ажлыг хийлгэсэн болох нь гэрчийн мэдүүлгээр тогтоогджээ. /хх123-124/

 

            Б.Б- нь 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр автомашин дээр шороо унасан талаар Ж.Н-ид хэлж, энэ байдлаа үзүүлж, автомашиныг угаалгахаар явсан талаар талууд тайлбарласан ба автомашиныг угаалгахдаа салхины шил хагарсныг мэдээд хариуцагчид утсаар хэлж, шил хагарсныг үзүүлсэн гэж тайлбарласан бөгөөд энэ талаар хариуцагч маргаагүй.

 

Нэхэмжлэгч хариуцагчийн дээрх үйлдлийг эрүүгийн журмаар гомдол гаргаж шалгуулсан, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 542 дугаар прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн №0007513 Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсаар Ж.Н-ид Зөрчлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох арга хэмжээ авчээ. /хх 85/

 

            Хэрэгт 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн “ТБ” ХХК-ийн нэхэмжлэх буюу “Бараа материалын хөдөлгөөн” гэх баримт авагдсан, уг баримтад салхины шил 3 065 400 төгрөг болохыг тодорхойлсноор нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байна. /хх47/

 

Дээрх байдлуудаас үзвэл Б.Б-гийн өмчлөлийн 21-61 УНТ улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн автомашины дээрээс Ж.Н-ийн эд хөрөнгийг засварлах явцад шороо унаж, салхины шил хагарч автомашинд хохирол учирсан болох нь тогтоогдож байх тул хариуцагч Ж.Н-оос 3 065 400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

 

Хариуцагчийн засвар хийсэн үл хөдлөх эд хөрөнгө буюу барилга байгууламж нь “СТ” ХХК-д хамааралгүй байх тул шүүх хариуцагч “СТ” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

            Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ж.Н-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/02972 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63 700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                                    Ц.ИЧИНХОРЛОО

 

А.ОТГОНЦЭЦЭГ