Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2020/02972

 

2020 11 03                                                                                                    183/ШШ2020/02972

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүгч Д.Хулан, О.Чулуунчимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

  Нэхэмжлэгч: Б.Б-ийн нэхэмжлэлтэй

 

  Хариуцагч: Ж.Н

 

  Хариуцагч: С Т ХХК нарт холбогдох

 

Гэм хорын хохиролд 3 065 400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэлийг 2020 оны 06 сарын 22-ны өдөр хүлээн авав.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Б.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ......................................... байрны доор зогсоолын давхарын авто гражинд байсан Б.Б, Н.О нарын өмчлөл, эзэмшлийн ........... улсын дугаартай Ланд круйзер 200 маркын автомашины дээрээс 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр шороо, цемент унаж салхины шилийг нь хагалсан. Тухайн үед Б.Б нь өөрийн эзэмшлийн авто гражиндаа автомашинаа байрлуулсан байсан бөгөөд тухайн өдөр автомашины дээд талын таазны ханыг өрөмдөн цоолж, нүх гаргасан байсан. Гэтэл доор нь байсан миний автомашиныг холдуулах тухай надад огт хэлэлгүйгээр шууд ханыг өрөмдөн цоолж, нүх гаргаснаар машин дээр шороо, цемент, хог унаж урд салхины шилийг нь хагалсан байсан. Тус засварын ажлыг хийж байсан сантехникийн ажилчид юу ч гэсэн энэ ханыг өрөмдөөд үзье хэмээн хоорондоо ярилцсан байсан. Үүнээс харахад миний эзэмшлийн автомашинд хохирол учруулж болзошгүй гэдгийг мэдсээр байж тухайн үйлдлийг хийсэн болох нь харагдаж байна. 2020 оны 4 сарын 01-ний өдөр тухайн ажлыг хийлгэсэн гэх С Б ХХК-ийн захирал Ж.Н-той уулзаж машинаа харуулсан бөгөөд машинаа угаалгахаар яваад салхины шил хагарснаа мэдсэн. Ингээд энэ тухайгаа утсаар хэлсэн боловч би хариуцахгүй гэсэн. Ингээд Н.О нь 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст болсон үйл явдлын талаар гомдол гаргасан. Гэтэл гэмт хэргийн шинжгүй, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх нь үндэслэлгүй байна гэж үзсэн. Иймд миний бие Хан-Уул дүүргийн прокурорын газар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээлгэх тухай гомдол гаргасны дагуу 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1/368 дугаартай шийдвэрээр Эрүүгийн гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн нь үндэслэлтэй байна гэж дүгнэсэн бөгөөд харин уг асуудалд /хариуцагчид/ Зөрчлийн тухай хуулийн 8.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арга хэмжээ авч шийвэрлэхийг мөрдөгч, прокурорт даалгаж шийдвэрлэсэн байдаг. Иймд хариуцагчаас Иргэний хуулийн 497.1-д зааснаар С Б ХХК-иас гэм хорын хохиролд 3 065 400 төгрөгийг гаргуулж өгнө үү. Бид машины шилийг солиулж янзлуулсан бөгөөд баримтыг гаргаж өгсөн гэв.

Хариуцагч Ж.Н болон С Т ХХК-ийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: СӨХ-ийн 2 ажилтантай тохирч, уг сантехникийн ажлыг хийлгэхээр болсон. Манай машин дээр шороо унасан байна гээд машины эзэн эмэгтэй орж ирсэн бөгөөд хамт бууж граж руу орж машиныг үзэхэд хамар дээр нь сул шороо болчихсон байсан, машин нилээн бохирдолтой байсан, би уучлал гуйгаад машин угаалгах мөнгийг өгье гээд салцгаасан. Тэгээд 2-3 цагийн дараа нөгөө эмэгтэй утсаар залгаад машины урд шил цуурсан байна гэхээр нь гарч харахад ...доод гол хэсгээсээ 10 см орчим цуурсан байсан. Би хуучин цууралт байна хүлээн зөвшөөрөхгүй, мэргэжлийн хүмүүсээр нь шинжилгээ хийлгэ гээд явсан. Уг ажлыг мэргэжлийн хүмүүсээр хийлгэсэн бөгөөд эдгээр хүмүүс хариуцан арилгах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгүүлэх явцад энэ асуудал үүссэн тул надад хамааралгүй юм. Мөн өрөмдсөнөөс болж чулуу унаж хагарсан гэх баримтгүй, түүнчлэн уг гэмтлийг Ж.Н-ийн үйлдлээс болсон гэдгийг тогтоосон баримтгүй тул зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх гэрч А.Б, Ц.Б, Т.Ц нарын мэдүүлгийг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.

 

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б хариуцагч С Т ХХК, Ж.Н нарт холбогдуулан эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохиролд 3 065 400 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Шүүх хариуцагч С Т ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ж.Н-оос 3 065 400 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...С Т ХХК-ийн захирал Ж.Н нь .............................................. тоотын өмчлөгч бөгөөд тухайн байрыг үйлчилгээний зориулалтаар засуулж байгаад уг байрны дор зогсоолдоо зогсож байсан Б.Б, Н.О нарын өмчлөл, эзэмшлийн ........... улсын дугаартай Ланд круйзер 200 маркын автомашины дээрээс 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр шороо, цемент унаж салхины шилийг нь хагалж, хохирол учруулсан. Эрүүгийн журмаар шалгуулж Зөрчлийн хуулиар арга хэмжээ авагдсан. ...эд хөрөнгөнд хохирол учруулсан буруутай этгээдээс гэм хорын хохиролд 3 065 400 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэх тайлбар гаргаж, автомашины шилний үнийн санал, фото зураг, Т Б ХХК-д төлбөр төлсөн баримт зэргийг ирүүлжээ./хх-ийн 5-10, 46-47/

Харин хариуцагч тал ...өрөмдсөнөөс болж чулуу унаж хагарсан гэх баримтгүй, түүнчлэн уг гэмтлийг Ж.Н-н үйлдлээс болсон гэдгийг тогтоосон баримтгүй тул зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргаж маргажээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч Ж.Н нь өөрийн ...................................... тоот байранд 2020 оны 3 сарын 31-ний өдөр тус байрыг хариуцсан конторын ажилчид болох А.Б, Ц.Б нараар сантехникийн ажлыг хийлгэсэн болох нь хариуцагч, гэрч нарын мэдүүлэгээр тогтоогдож байна.

Гэрч нар шүүхэд мэдүүлэхдээ ... шалыг 6 мм-ийн өрмөөр өрөмдөж нүх гаргасан бөгөөд уг нүхээр бохирын хоолой гаргахаар өрөмдсөн. Уг ажлыг хийх үед харалдаа доор нь Ланд круйзер 200 маркын авто машин байсан бөгөөд СӨХ-д хэлж холдуулах гэтэл хүн нь байхгүй байна гэсэн тул шат тавьж, цаас тосож шороог нь авсан, машин руу шороо унаагүй, нүхийг ажлын бээлийгээр бөглөөд дээр нь плетаны хагархай тавьсан... гэж мэдүүлжээ.

Түүнчлэн нэхэмжлэгч нь 2020.04.01-ний өдөр машин дээр шороо унасан талаар хариуцагч Ж.Н-г дуудаж, энэ байдлаа үзүүлж, машиныг угаалгахаар авч явсан талаар талууд тайлбарласан байх ба машин угаалгах үед салхины шил хагарсныг мэдээд хариуцагчид утсаар хэлж, ирээд үзүүлсэн гэх тайлбар гаргасныг хариуцагч тал маргаагүй, хэрэгт машины салхины шил хагарсан болон машины дээр шороо унасан үеийн зургийг фото зургаар баримтжуулан ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч нь Ж.Н-д холбогдуулан эрүүгийн журмаар гомдол гаргасныг Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2020.04.17-ны өдрийн 542 дугаар прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 2020.07.22-ны өдрийн №0007513 Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсаар Ж.Н-д Зөрчлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох арга хэмжээ авсан байна./хх-ийн 85/

 

Дээрх байдлуудаас дүгнэхэд хариуцагч Ж.Н-нь эд хөрөнгөнд засвар хийгдэх явцад Б.Б-ийн өмчлөлийн ............. улсын дугаартай Ланд круйзер 200 маркын автомашины дээрээс шороо унаж, салхины шил хагарч автомашинд хохирол учирсан болох нь тогтоогдож байх ба нэхэмжлэгч нь гэм буруутай этгээдээс өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй бөгөөд энэ нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Иргэний хуулийн 502 дугаар зүйлийн 502.1, 502.2-т Барилга байгууламжийн хийц, зохион байгуулалтыг дур мэдэн өөрчилсөн, ...улмаас бусдын ...эд хөрөнгөд гэм хор учирсан бол уг гэм хорыг тухайн үйл ажиллагаа явуулж байгаа этгээд, эсхүл аюултай зүйлийг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй. ...эд хөрөнгийг өмчлөгч буюу эзэмшигч нь гэм буруутай эсэхээс үл хамааран гэм хорыг хариуцна. гэснээр хариуцагч Ж.Н нь хохирлыг хариуцан арилгах үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй байна.

 

Тодруулбал, тухайн үл хөдлөх эд хөрөнгөд ямар нэг зураг төсөлгүйгээр зөвшөөрөгдсөн газраас өөр газарт сантехникийн шугам хийхээр өрөмдсөн үйлдлээс бусдын эд хөрөнгөнд хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан Т Б ХХК-ийн нэхэмжлэх /Үнийн санал, Т Б ХХК-д нэхэмжлэгчээс төлбөр төлсөн баримт/ зэрэг баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан байх тул хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин хариуцагч нь дээрх хохирол төлбөрийг төлсөнтэй холбоотой асуудлаа холбогдох этгээдээс нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Мөн нэхэмжлэгч нь хариуцагч С Т ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь С Т ХХК-д хамааралгүй байх тул хохирол гаргуулах үндэслэлгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгч Н.Х-д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч тус шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

                                                 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Н-с 3 065 400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-д олгож, хариуцагч С Т ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 64 000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ж.Н-с улсын тэмдэгтийн хураамжинд 64 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧИД Д.ХУЛАН

О.ЧУЛУУНЧИМЭГ