Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 00250

 

 

 

 

 

 

 

 

И.Б-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2020/02477 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч И.Б-ийн хариуцагч Ж.Г-эд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 1 535 100 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч Ж.Г-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ж.Г-эд 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 1 500 000 төгрөгийг нэг сарын хугацаатай тохиролцон зээлдүүлсэн. Үүнээс хойш тохиролцсон хугацаа дуусч мөнгөө буцаан авахаар хэлэхэд өгөхгүй байсан тул хэд хэдэн удаа хэлсэн боловч сүүлдээ утсаа авахгүй месежинд хариу өгөхгүй холбоогүй болж өдий хүрсэн. Иймд зээлсэн 1 500 000 төгрөг, Ж.Г-ийг эрэн сурвалжлуулсан зардал 35 100 төгрөг, нийт 1 535 100 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “А” ХХК-д менежер ажилтай бөгөөд компанийн гүйлгээний ажиллагаатай холбоотой зарим нэг төлбөр тооцоо, мөнгөн гүйлгээ миний эзэмшлийн хувийн дансаар дамжин зарцуулдаг. Энэхүү нэхэмжлэлд тусгасан мөнгөн гүйлгээ нь дээрх зарчмын дагуу хийгдсэн. И.Б-тэй дундын тооцоог хийж төлбөрийг бүрэн барагдуулж дуусгасан. Иймд дээрх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Г-ээс үндсэн зээл 1 500 000 төгрөг, эрэн сурвалжлуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 35 100 төгрөг, нийт 1 535 100 /нэг сая таван зуун гучин таван мянга нэгэн зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И.Б-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч И.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39 515 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Г-ээс улсын тэмдэгтийн хураамжид 39 515 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И.Б-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Ж.Г- давж заалдах гомдолдоо: ... Нэхэмжлэгч И.Б- нь 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 1 500 000 төгрөгийг зээлдүүлсэн боловч намайг өнөөдрийг хүртэл төлөөгүй гэж нэхэмжлэл гаргасан. Би тус мөнгийг 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны 5015269595 тоот данснаас шилжүүлсэн 6 000 000 төгрөгтэй хамт шилжүүлж барагдуулсан, баримтыг шүүхэд хүргүүлсэн. Өнөөдрийн байдлаар И.Б-д миний бие ямар нэгэн төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож, И.Б-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч И.Б- нь Ж.Г-эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 500 000 төгрөг, эрэн сурвалжлуулсан зардалд 35 100 төгрөг нийт 1 535 100 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч “И.Б-ийн найз охин болох н.Болорзаяагийн дансанд 6 000 000 төгрөгийг шилжүүлсэн, мөнгийг төлсөн” гэж маргажээ.

 

            2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр И.Б- нь өөрийн эзэмшлийн Хаан банкны 5077211224 тоот данснаас 1 500 000 төгрөгийг Ж.Г-ийн эзэмшлийн Хаан банкны 5015269595 тоот дансанд “зээлүүлсэн Гансүх ахад” гэх утгатайгаар шилжүүлсэн, энэ талаар хариуцагч маргаагүй. /хх4/

 

            Иймд шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн гэж дүгнэсэн нь зөв.

 

            Хариуцагч нь зээлийг буцаан төлсөн гэж тайлбарлан, И.Б-ийн найз охин н.Болорзаяагийн Хаан банкны 5007098162 тоот дансанд 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 6 000 000 төгрөгийг шилжүүлсэн баримтыг заасан боловч нэхэмжлэгч И.Б- үүнийг “манай найз охинд өгөх ёстой байсан мөнгөө өгсөн, миний 1 500 000 төгрөгөөс тусдаа мөнгө” гэсэн тайлбарыг няцаасан.

 

Хариуцагчийн татгалзал, түүнд холбогдох баримтыг нэхэмжлэгч дээрх байдлаар зөвшөөрөөгүй тул тэрээр 5007098162 тоот н.Болорзаяа гэх хүний дансанд шилжүүлсэн гэх 6 000 000 төгрөгт нэхэмжлэгчээс зээлсэн 1 500 000 төгрөг багтсан гэх нөхцөл байдлыг хариуцагчийн хувьд зээлдүүлэгч И.Б- буцаан төлөх ёстой зээлийн 1 500 000 төгрөгийг хууль, эсхүл гэрээнд зааснаар н.Болорзаяад шилжүүлсэн гэх нөхцөл байдал, эсхүл н.Болорзаяад шилжүүлснийг И.Б- зөвшөөрсөн буюу түүнээс ашиг олсон нөхцөл байдлыг нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй байна.

 

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлд зааснаар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэгчид өөрт нь, эсхүл хууль гэрээнд заасан этгээдэд хүлээлгэж өгөх, 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар хүлээн авах эрхгүй этгээдэд шилжүүлсэн бол хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үүргийг гүйцэтгэсэнд тооцно.

 

Гэвч хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, татгалзлаа бусад баримтаар давхар нотолж чадаагүй байна.

 

            Ж.Г- өөрийн эзэмшлийн 5015269595 тоот данснаас 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр н.Болорзаягийн 5007098162 тоот дансанд “зээл төлөв” гэх утгатайгаар 6 000 000 төгрөгийг шилжүүлснийг нэхэмжлэгч И.Б-д 1 500 000 төгрөгийн зээлийг төлсөн гэж дүгнэх нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлд заасан үүрэг гүйцэтгэх журамд нийцэхгүй. Иймд хариуцагч Ж.Г-ээс 1 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И.Б-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасанд нийцнэ. Түүнчлэн Ж.Г-ийг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид 35 100 төгрөг төлсөн нь тогтоогдсон тул уг мөнгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас шаардах үндэслэлтэй.

 

            Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх бөгөөд хариуцагч Ж.Г-ийн хувьд н.Болорзаяад 1 500 000 төгрөгийг илүү шилжүүлсэн бол уг асуудлаа шийдвэрлүүлэхэд энэхүү шийдвэр саад болохгүй.

 

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2020/02477 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39 511 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                       ШҮҮГЧИД                                    Ц.ИЧИНХОРЛОО

 

А.ОТГОНЦЭЦЭГ