Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 182/ШШ2020/02477

 

 

 

                      2020        11        03  

              182/ШШ2020/02477

    

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: И.Б-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Ж.Г-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 1.535.100 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч И.Б, хариуцагч Ж.Г, нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.                             

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

И.Б би Ж.Г-д 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 1.500.000 төгрөгийг нэг сарын хугацаатай тохиролцон зээлдүүлсэн. Үүнээс хойш тохиролцсон хугацаа дуусч мөнгөө буцаан авахаар хэлэхэд өгөхгүй байсан тул хэд хэдэн удаа хэлсэн боловч сүүлдээ утсаа авахгүй месежинд хариу өгөхгүй холбоогүй болж өдий хүрсэн. Иймд зээлсэн 1.500.000 төгрөг, Ж.Г-ийг эрэн сурвалжлуулсан зардал 35.100 төгрөг, нийт 1.535.100 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ж.Г миний бие “АА” ХХК-д менежер  ажилтай бөгөөд компанийн гүйлгээний ажиллагаатай холбоотой зарим нэг төлбөр тооцоо,мөнгөн гүйлгээ миний эзэмшлийн хувийн дансаар дамжин зарцуулдаг. Энэхүү нэхэмжлэлд тусгасан мөнгөн гүйлгээ нь дээрх зарчмын дагуу хийгдсэн. И.Б-тэй дундын тооцоог хийж төлбөрийг бүрэн барагдуулж дуусгасан. Иймд дээрх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                         

                                                 ҮНДЭСЛЭХ НЬ:

  

Нэхэмжлэгч И.Б нь хариуцагч Ж.Г-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 1.500.000 төгрөг, Ж.Г-ийг эрэн сурвалжлуулсан зардал 35.100 төгрөг, нийт 1.535.100 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Ж.Г нь И.Б-ийн найз охин н.Б-ийн дансанд 6.000.000 төгрөгийг шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана. 

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараас үзвэл нэхэмжлэгч И.Б нь хариуцагч Ж.Г-д 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 1.500.000 төгрөгийг, хүүгүйгээр зээлж, уг мөнгийг хариуцагчид хүлээлгэн өгсөн бөгөөд энэ талаар нэхэмжлэгч, хариуцагч нар маргаагүй болно.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч И.Б нь мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг зээлдэгч Ж.Г-ийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч Ж.Г нь мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг зээлдүүлэгчид буцаан өгөх үүргийг тус тус хүлээсэн бөгөөд зээлийн гэрээг талууд байгуулсан байна гэж шүүх үзэв.

 

   Хариуцагч Ж.Г нь 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 6.000.000 төгрөгийг И.Б-ийн найз охин н.Б-ийн хаан банкны 5007 дугаар дансанд шилжүүлсэн гэж тайлбарлан И.Б-д 1.500.000 төгрөгийг төлсөн. Үүнийг нэхэмжлэгч И.Б нь хүлээн зөвшөөрөхгүй. н.Б-ийн данс руу шилжүүлсэн мөнгө бол манай найз охинд өгөх ёстой байсан мөнгө миний мөнгө буюу 1.500.000 төгрөгөөс тусдаа мөнгө гэж маргав.   

 

Хариуцагч Ж.Г нь 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 5007 тоот хаан банкны И.Б-ийн найз охин н.Б-ийн данс руу 6.000.000 төгрөгийг шилжүүлсэн гэж 5015 дугаартай Ж.Г-ийн эзэмшлийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг нотлох баримтаар гаргасан.

 

Уг 5015 дугаартай Ж.Г-ийн эзэмшлийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулганд ...2018.09.03-ны өдөр, 5007 данс, зээл төлөв 6.000.000 төгрөг... гэсэн тэмдэглэгээ хийгдсэнээс үзэхэд И.Б-д 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн байна  гэж үзэх боломжгүй байна.

 

Иймд үндсэн зээл 1.500.000 төгрөгийг хариуцагч Ж.Г-ээс гаргуулан нэхэмжлэгч И.Б олгож шийдвэрлэх зүйтэй.

 

Нэхэмжлэгчээс хариуцагч Ж.Г-ийг эрэн сурвалжлуулахад шүүхэд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 35.100 төгрөг нэхэмжилсэн нь хуульд харшлахгүй, хариуцагч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс нэхэмжлэгч баримт бүрдүүлэх болсонтой холбоотой байх тул төлүүлэх нь зүйтэй.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Г-ээс үндсэн зээл 1.500.000 төгрөг, эрэн сурвалжлуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 35.100 төгрөг, нийт 1.535.100 /нэг сая таван зуун гучин таван мянга нэгэн зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И.Б-д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч И.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39.515 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Г-ээс улсын тэмдэгтийн хураамжид 39.515 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И.Б-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.ДАВААСҮРЭН