Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 00249

 

 

 

 

 

 

 

 

Н.Д-гийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2020/03562 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Н.Д-гийн хариуцагч Б.Б-од холбогдуулан гаргасан гэм хорын төлбөрт 10 304 300 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Д-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2020 оны 6 дугаар сарын 06-ны өдөр өөрийн эзэмшлийн Тоёота харриер /Toyota Harrier/ маркийн 20-88 УБВ улсын дугаартай суудлын автомашинаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Метро молл их дэлгүүрийн уулзвараас Байгалийн түүхийн музейн уулзвар чиглэн замын хөдөлгөөнд оролцож яван үед Тоёота приус /Toyota Prius/ маркийн 94-94 УБО улсын дугаартай суудлын авто машинаар замын хөдөлгөөнд оролцож явсан жолооч Б.Б- нь Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн баруун хойд талын уулзварын туслах замаас хурдтай орж ирэн мөргөж зам тээврийн осол гаргасан. Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс хэргийн газрын үзлэг хийж Б.Б-ын буруутай үйлдлийн улмаас осол болсныг актаар тогтоосон. “Мастер үнэлгээ” ХХК-ийн үнэлгээгээр 6 885 000 төгрөгийн хохирол учирсан гэж тогтоосон боловч иргэн Б.Б- даатгалтайгаа холбож өгөөгүй зугтаж учирсан хохирлыг төлж барагдуулаагүй бөгөөд өмгөөлөгчтэй ярь гээд холбоо тогтоогоогүй. Уг автомашинаараа ажил амьдралаа залгуулдаг байсан бөгөөд удаан хүлээсний эцэст цалингийн зээл авч автомашинаа янзлуулсан.Б.Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас би зээл авч одоо банкны зээлийн хүү бодогдож төлж байгаа болно. Иймд Б.Б-оос автомашин засварын хөлсөнд 2 000 000 төгрөг, сэлбэг хэрэгсэлд 5 939 700 төгрөг, төлбөртэй зогсоолын төлбөр 140 000 төгрөг, ачигч машины төлбөр 180 000 төгрөг, өмгөөллийн зардал 1 000 000 төгрөг нийт 9 269 300 төгрөгийг гаргуулж өгнө үү. Би сар түүнийг хүлээгээд наадам болох гээд байсан тул 6 дугаар сарын 26-ны өдөр засвар дээр очиж уулзаад засуулахаар болсон. Ажлаасаа чөлөө аваад, сэлбэгийг нь авахаар гадуур хайж явсан. Тэр үеэс хойш над руу нэг ч залгаагүй. Би баримтуудаа аваад цуглуулаад, шүүхэд хандсан. “Мастер үнэлгээ” ХХК-аас 6 885 000 төгрөг гэсэн үнэлгээ гарсан. Хариуцагчаас 10 304 300 төгрөг нэхэмжилсэн, өмгөөлөгчийн хөлс 1 000 000 төгрөгийг гаргуулахаас татгалзаж байна. Үлдэгдэл 9 304 300 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна. Хариуцагч Б.Б-ын буруутай үйлдлийн улмаас миний эд хөрөнгөнд гэм хор учирсан бөгөөд хариуцагч өөрийн даатгуулсан даатгалаас хохирлыг барагдуулах боломжтой байхад гэм хорыг арилгахаас зайлсхийж, эс үйлдэхүй гаргасан. Үүнээс болж би яаралтай машинаа янзлуулахын тулд 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Голомт банкнаас цалингийн зээл авч машинаа өөрөө янзлуулж засварласан. Өнөөдрийг хүртэл Б.Б- гэм хорыг арилгахыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд түүнээс болж би банканд зээл болон хүүгийн төлбөрт сар бүр 345 000 төгрөг төлж байна. Зөрчил үйлдэгдэж, гэм хор учруулснаас хойш 3 удаа 345 000 000 төгрөг төлсөн бөгөөд нийт 1 035 000 төгрөгийг төлсөн тул хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Н.Д- гэдэг эмэгтэй 2020 оны 6 дугаар сарын 06-ны өдөр өөрийн эзэмшлийн тоёота маркийн 20-88 УБВ дугаартай автомашинаараа миний унаж явсан хүргэн ахын Тоёота приус /Toyota Prius/ маркийн автомашиныг маш худтай мөргөсөн. Уг зөрчлийн хэрэг дээр би гомдол гарган явах эрхтэй байтал миний энэ эрхийг байцаагч нар эдлүүлээгүй, зөвхөн эмэгтэйн талд шийдвэрлэсэн. Энэ тухай би Прокурорын байгууллагад гомдол гаргасан байгаа. “МҮ” ХХКгэдэг даатгалын байгууллага нь 6 885 000 төгрөг гэж тооцоолсон боловч нэхэмжлэгч үндэслэлгүйгээр хохирлын хэмжээг нэмсэн.

Тэр өдөр Б.Б- ээжийгээ эмнэлэгт хэвтүүлэх гээд, машиндаа ганцаараа явж байсан. Б.Б- нь 5 км/цаг хүрэхгүй хурдтай явж байсан гэж хэлдэг. Н.Д- нь цагдаа дуудаад, түүн рүү орилж, хашгирсан. Хариуцагч нь цочролд ороод, юу ч хэлж чадахгүй байсан. Цагдаа ирэхэд нэхэмжлэгч нь Б.Б-ыг ирж мөргөсөн гээд л тэгээд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. “МҮ” ХХКнь 6 885 000 төгрөг гэж үнэлсэн. Нэхэмжлэгч нь өмгөөлөгчийн хөлс гэх зэрэг их мөнгө нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага дээр 9 269 300 төгрөг гэж бичсэн. Гэтэл үсгээр 8 495 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн байна. Нэхэмжлэлийн үнийн дүн нь тодорхойгүй байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Сартуул овогт Б-ийн Б/рд:УХ90102015/-оос 9 004 300 төгрөгийг гаргуулж Боржигон овогт Н-ийн Д/рд:ЕЭ88021265/-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 300 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр урьдчилан төлсөн төгрөгийн 163 259 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,  нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 159 019 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Б.Б- давж заалдах гомдолдоо: ... Миний унаж явсан автомашин нь миний өмчлөлийнх биш болно. 94-94 УБО автомашины өмчлөгчийг гуравдагч этгээдээр оролцуулаагүй. Нэхэмжлэгч хэрэгт дурдсан үнэлгээний тайлан болон авто засвар хийлгэсэн баримт гарган өгсөн боловч засуулсны дараа шинжээчээр хохирлын үнэлгээ эргэлзээгүйгээр тогтоолгоогүй. Автомашиныг засуулахаас өмнөх байдал ямар байсан нь тодорхой бус баримтгүй. Уг нэхэмжлэгчийн автомашин 20-88 УБВ улсын дугаартай Тоёота харриер маркийн автомашин нь нэхэмжлэгчийн хэлж байгаагаар 2005 оны автомашин. Энэ хугацааны автомашины эд ангийн элэгдэл хуучрал гэмтлийг тодорхойлоогүй шинэ эд ангиар солиулсан, цаг хугацааны хувьд өөр өөр нотлох баримтууд цуглуулсан тул шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч Н.Д- нь хариуцагч Б.Б-д холбогдуулан гэм хорын хохиролд 10 304 300 төгрөг гаргуулахаар шаардаж, үндэслэлээ ослын улмаас автомашинд учирсан хохирол 8 259 700 төгрөгийн, мөн үүргээ гүйцэтгээгүйн улмаас банкны зээлийн хүүд 1 035 000 төгрөг төлж хохирсон гэж тайлбарласныг хариуцагч эрх бүхий этгээдийн үнэлгээнээс илүү мөнгө шаардаж байгааг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

 

            Хариуцагч Б.Б- нь 2020 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн баруун хойд замд Тоёота приус маркийн 94-94УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ нэхэмжлэгч Н.Д-гийн жолоодож явсан Тоёота харриер маркийн 20-88УБВ улсын дугаартай автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан, замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөнийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.51 дэх “Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол” гэж заасныг үндэслэн 100 000 төгрөгөөр торгуулж хариуцлага хүлээсэн талаарх Тээврийн замын цагдаагийн албаны Сүхбаатар дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн байцаагчийн үзлэг, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдлын тэмдэглэл хэрэгт авагджээ.

 

Б.Б-ыг гэм буруутайд тооцож, шийтгэл хүлээлгэсэн уг шийдвэр хүчин төгөлдөр байх бөгөөд ослын улмаас автомашины тодорхой эд анги эвдэрч, хохирол учирсныг арилгуулахаар буруутай этгээдээс шаардах эрх нэхэмжлэгч Н.Д-д Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар үүссэн байна.

 

            Нэхэмжлэгч нь автомашиныг засварлуулахад бодитоор 8 259 700 төгрөгийн зардал гарсан гэж холбогдох баримтыг гаргасныг нягтлан үзвэл 6 013 000 /1 460 000+3 585 000+300 000+488 000+180 000/ төгрөгийн эд анги, сэлбэг худалдан авсан, харин үлдэх бусад зардлын баримт нь автомашины ашиглалттай холбоотой байнга хийгддэг үйлчилгээнд хамааралтай, хариуцагчийн гэм буруугаас үүдэлтэй зардал гэж үзэхээргүй байна. Түүнчлэн засварын ажлын хөлсийг 1 700 000 төгрөгөөр шаардсан нь мэргэшсэн үнэлгээчний тайланд тодорхойлсон шууд бус зардлаас хэт өндөр байх тул хариуцагчийн энэ талаарх татгалзал үндэслэлтэй. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгөд учирсан гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх үүргийг тодорхойлсон бөгөөд мөн хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт гэм хорыг арилгахдаа бодит хохирлыг нөхөн төлөхөөр заасан. Зах зээлийн дунджаар илүү үнэлгээтэй засварыг сонгож, гаргасан зардлыг бодит хохиролд тооцох нь учир дутагдалтай.

 

            Иймд осол гарсан өдөр буюу 2020 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хийсэн “МҮ” ХХКавтомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээнд тодорхойлсноор, тодруулбал, автомашины эвдэрсэн эд ангийг солих, засварлахад гарах шууд зардал 6 180 000 төгрөг, эд ангийг солих, засварлахтай холбоотой шууд бус зардал буюу ажлын зардал 705 000 төгрөг, нийт 6 885 000 төгрөгийг, үнэлгээний зардалд төлсөн 275 000 төгрөгийн хамт 7 160 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

            Нэхэмжлэгч зээлийн хүүд төлсөн 1 044 600 төгрөгийг хариуцагчаас шаардсаныг шүүх хангасан нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцэхгүй байна. Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нь бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгахдаа гэм хорыг учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй.

 

Иймд нэхэмжлэгч нь бусдын өмнө гэрээгээр хүлээсэн хүү төлөх үүргээ хариуцагчид оногдуулахаар шаардах үндэслэлгүй тул зээлийн хүүд 1 044 600 төгрөг төлснөө хариуцагчаас гаргуулахаар шаардсаныг хэрэгсэхгүй болгоно.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний болон нэхэмжлэлийг хангасан дүнг өөрчилсөн, 2 дахь заалтад улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилсөн өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2020 оны 10 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2020/03562 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “227 дугаар зүйлийн 227.1” гэснийг хасч, мөн заалтын “9 004 300 төгрөгийг” гэснийг ”7 160 000 төгрөгийг” гэж, “300 000 төгрөгийн” гэснийг “2 144 300 төгрөгийн” гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “159 019 төгрөгийг” гэснийг “129 510 төгрөг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 159 019 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

       ШҮҮГЧИД                                    Ц.ИЧИНХОРЛОО

 

А.ОТГОНЦЭЦЭГ