Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2020/03562

 

 

 

 

 2020          10          14                                      101/ШШ2020/03562

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, шүүгч Б.Ундраа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Н.Д-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Б-т холбогдох

 

Гэм хорын төлбөрт 10,304,300 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Д, хариуцагчийн төлөөлөгч Д.Мэндбаяр, өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ, иргэдийн төлөөлөгч С.Азжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2020 оны 6 дугаар сарын 06-ны өдөр өөрийн эзэмшлийн Toyota Harrier маркийн 20-88 УБВ улсын дугаартай суудлын автомашинаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Метро молл их дэлгүүрийн уулзвараас Байгалийн түүхийн музейн уулзвар чиглэн замын хөдөлгөөнд оролцож яван үед Toyota Prius маркийн 94-94 УБО улсын дугаартай суудлын авто машинаар замын хөдөлгөөнд оролцож явсан жолооч Банзрагчийн Бямбацогт нь Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн баруун хойд талын уулзварын туслах замаас хурдтай орж ирэн мөргөж зам тээврийн осол гаргасан. Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс хэргийн газрын үзлэг хийж Б.Б-ын буруутай үйлдлийн улмаас осол болсныг актаар тогтоосон. “Мастер Үнэлгээ” ХХК-ийн үнэлгээгээр 6,885,000 төгрөгийн хохирол учирсан гэж тогтоосон боловч иргэн Б.Б- даатгалтайгаа холбож өгөөгүй зугтаж учирсан хохирлыг төлж барагдуулаагүй бөгөөд өмгөөлөгчтэй ярь гээд холбоо тогтоогоогүй. Өмгөөлөгч нь шүүхдээд ав гэдэг. Уг автомашинаараа ажил амьдралаа залгуулдаг байсан бөгөөд удаан хүлээсний эцэст цалингийн зээл авч автомашинаа янзлуулсан.Б.Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас би зээл авч одоо банкны зээлийн хүү бодогдож төлж байгаа болно. Иймд Б.Б-оос авто машин засварын хөлсөнд 2,000,000 төгрөг, сэлбэг хэрэгсэлд 5,939,700 төгрөг, төлбөртэй зогсоолын төлбөр 140,000 төгрөг, ачигч машины төлбөр 180,000 төгрөг, өмгөөллийн зардал 1,000,000 төгрөг нийт 9,269,300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна. Хариуцагч Б.Б-ын буруутай үйлдлийн улмаас миний эд хөрөнгөнд гэм хор учирсан бөгөөд хариуцагч өөрийн даатгуулсан даатгалаас хохирлыг барагдуулах боломжтой байхад гэм хорыг арилгахаас зайлсхийж, эс үйлдэхүй гаргасан. Үүнээс болж би яаралтай машинаа янзлуулахын тулд 2020 оны 6дугаар сарын 26-ны өдөр Голомт банкнаас цалингийн зээл авч машинаа өөрөө янзлуулж засварласан.  Өнөөдрийг хүртэл Б.Б- гэм хорыг арилгахыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд түүнээс болж би банканд зээл болон хүүгийн төлбөрт сар бүр 345,000 төгрөг төлж байна. Зөрчил үйлдэгдэж, гэм хор учруулснаас хойш 3 удаа 345,000,000 төгрөг төлсөн бөгөөд нийт 1,035,000 төгрөгийг төлсөн тул хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.Д шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2020 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Метро молл дэлгүүрээс урагш Сүхбаатарын талбай руу чигээрээ явдаг замд Сүхбаатар дүүргийн цагдаагийн туслах замын уулзвар дээр 94-94 УБО гэх машинаар Б.Б- чигээр явж байсан миний машины хажуу талаас орж ирж мөргөсөн. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газраас ирээд бидний зөв, бурууг тогтоосон. Тэр өдөр бямба гараг байсан.Б.Б- даатгалтай гээд, даатгалыг дуудсан. Нэг дэх өдөр намайг даатгалтайгаа уулзуулна гээд уулзуулаагүй. Би түүнийг дуудсан чинь энэ хоёр хүнтэй ирсэн. Энэ хоёр хүн ойлгомжтой, шүүхдээд ав гэсэн. Би түүнээс намайг даатгалтайгаа холбоод өгчих, үлдсэн мөнгийг хуваагаад төлчих, тэгээд асуудлаа шийдүүлье гэж зөндөө хэлсэн. Би сар түүнийг хүлээгээд наадам болох гээд байсан тул 6 дугаар сарын 26-ны өдөр засвар дээр очиж уулзаад засуулахаар болсон. Ажлаасаа чөлөө аваад, сэлбэгийг нь авахаар гадуур хайж явсан. Нэлээн ажиллагаатай юм байна лээ. Тэр үеэс хойш над руу нэг ч залгаагүй. Би баримтуудаа аваад цуглуулаад, шүүхэд хандсан. Мастер үнэлгээ 6,885,000 төгрөг гэсэн үнэлгээ гарсан. Хариуцагчаас 10,304,300 төгрөг нэхэмжилсэн, өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөгийг гаргуулахаас татгалзаж байна. Үлдэгдэл 9,304,300 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Б.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Н.Д гэдэг эмэгтэй 2020 оны 6 дугаар сарын 06-ны өдөр өөрийн эзэмшлийн тоёота маркийн 20-88 УБВ дугаартай автомашинаараа миний унаж явсан хүргэн ахын Toyota Prius маркийн автомашиныг маш худтай мөргөсөн. Уг зөрчлийн хэрэг дээр би гомдол гарган явах эрхтэй байтал миний энэ эрхийг байцаагч нар эдлүүлээгүй, зөвхөн эмэгтэйн талд шийдвэрлэсэн. Энэ тухай би Прокурорын байгууллагад гомдол гаргасан байгаа. “Мастер Үнэлгээ” ХХК гэдэг даатгалын байгууллага нь 6,885,000 төгрөг гэж тооцоолсон боловч нэхэмжлэгч үндэслэлгүйгээр хохирлын хэмжээг нэмсэн байдаг. Шударга ёсны үүднээс миний унаж явсан машины хохирлыг хүртэл шалган тогтоох үүргээ замын цагдаа нар биелүүлээгүй. Нэхэмжлэгч Н.Д надтай бүдүүлгээр харьцаж гудамжинд орилж чарлан цагдаа нарын анхаарлыг болон олон нийтийн анхаарлыг татаж намайг буруутай муу хүн болгон харагдуулахыг хичээсэн. Би огт танихгүй нэг эмэгтэй ийм эрээ цээргүй авирлахад санаа зовж түүнийг тайвшруулахын тулд хэл ам хийгээгүй. Миний бие Япон улсад мэргэжил эзэмшиж тэнд олон жил ажиллаж, сурч ирсэн нутагтаа ирээд удаагүй байгаа Япон соёлтой Монгол хүн дээ. Энэ соёл надад юу заасан бэ гэхээр хүнтэй хүндэтгэлтэй хандах, харилцах үнэнч шударга байх бусадтай эв дүйтэй байх зэргийг сургасан. Би аргагүй эрхэнд өмгөөлөгчид хандсан. Тэгээд Н.Д энэ олон газарт очиж засвар хийлгэсэн гэдэгт итгэхгүй байна Нотлох баримтыг цагдаагийн байгууллагаар, бүх шатны прокурорт гомдол гаргаж хэргийн үнэнийг тогтоолгоно. шалгуулна.Одоогийн байдлаар би өвчтэй гэртээ байдаг ажил хийх боломжгүй. Нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мэндбаяр шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2020 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Б.Б- нь 9494 УБО гэх машиныг жолоодож байхад, нэхэмжлэгч Н.Д нь хүчтэй ирж түүний машиныг мөргөсөн байдаг. Хариуцагч нь баруун гар талын дүрмийг баримтлаагүй гэдэг дээрээ л буруудсан байдаг. Физикийн хуулиар бодоход хэн илүү хүчтэй очиж мөргөсөн нь илүү эвдэрч гэмтэнэ. Бямбацогтын эхнэр нь Японоос сүүлд ирсэн байгаа. Тэр өдөр Бямбацогт ээжийгээ эмнэлэгт хэвтүүлэх гээд, машиндаа ганцаараа явж байсан. Бямбацогт нь 5 км/цаг хүрэхгүй хурдтай явж байсан гэж хэлдэг. Н.Д нь цагдаа дуудаад, түүн рүү орилж, хашгирсан. Хариуцагч нь цочролд ороод, юу ч хэлж чадахгүй байсан. Цагдаа ирэхэд нэхэмжлэгч нь Бямбацогтыг ирж мөргөсөн гээд л тэгээд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Мастер үнэлгээ нь 6,885,000 төгрөг гэж үнэлсэн байдаг. Нэхэмжлэгч нь өмгөөлөгчийн хөлс гэх зэрэг их мөнгө нэхээд байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага дээр 9,269,300 төгрөг гэж бичсэн. Гэтэл үсгээр 8,495,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн байна. Нэхэмжлэлийн үнийн дүн нь тодорхойгүй байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Д нь хариуцагч Б.Б-од холбогдуулан ослын улмаас автомашинд учирсан хохирол 9,269,300 төгрөг гаргуулах шаардлага гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа 1,035,000 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 10,304,300 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч 1,000,000 төгрөгийн шаардлагаас татгалзаж, 9,304,300 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа багасгасан.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “нэхэмжлэгч миний унаж явсан машиныг маш хурдтай ирж мөргөсөн”, нэхэмжлэлийн үнийн дүнг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараас дараах нөхцөл байдал тогтоогдов.

 

1.    Авто машины засуулах зардалд 8,259,700   төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Хариуцагч Б.Б- 2020 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн баруун хойд замд тоёота приус маркийн 94-94УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-д “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэж заасан заалтыг зөрчсөнөөс нэхэмжлэгч Н.Дгийн жолоодож явсан Toyota Harrier маркийн 20-88 УБВ улсын дугаартай автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан байх ба уг осолд хариуцагч Б.Б- гэм буруутай болох нь нь Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Осол хэрэг гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч схем, “Мастер үнэлгээ” ХХК-ийн Үнэлгээний тайлан, гэрэл зураг, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2020 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн тэмдэглэл, зохигчдын тайлбар зэрэг бичгийн баримтаар  тогтоогдож байна.

 

Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-д “Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар зөрчил гаргагч Б.Б-од торгох шийтгэл ногдуулж, энэ хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол гэх үндэслэлээр зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэнээс хойш ажлын 5 өдрийн дотор эрүүгийн хэргийн шүүхэд гомдол гаргаагүй байна.

 

Хэдийгээр хариуцагч осол гарахад гэм буруугүй гэж маргасан боловч түүнийгээ хуульд заасан арга хэрэгслээр нотлоогүй, нэхэмжлэгчийг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих зүйл заалтыг зөрчсөн гэж буруутгах боломжгүй.

 

Хариуцагч Б.Б- Toyota Prius маркийн 94-94УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч биш, уг тээврийн хэрэгсэл нь хүргэн ахын автомашин байсан гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд өмгөөлөгч нь гаргасан бөгөөд уг тээврийн хэрэгслийг өмчлөгчийн зөвшөөрөлтэйгээр ашиглаж байсныг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.

 

Нэхэмжлэгч автомашины сэлбэг хэрэгсэл худалдан авч 6,239,700 төгрөг, засварын зардалд 1,700,000 төгрөгийг төлсөн, төлбөртэй зогсоолын төлбөр 140,000 төгрөг, тээврийн хэрэгслийг ачиж зөөвөрлөхөд гарсан зардалд 180,000 төгрөг нийт 8,259,700 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дахь заалтад “Бусдын ... эд хөрөнгөнд хууль бусаар, санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дахь заалтад “Хэн нэгэн этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцна...”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д заалтад “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

 

Нэхэмжлэгч Н.Д осол гарах үед тээврийн хэрэгслийг жолоодож явсан этгээд болох Б.Б-од холбогдуулан нэхэмжлэлийг гаргасан зам тээврийн улмаас учирсан хохирлоо шаардах эрхтэй.

 

Зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчийн жолоодож явсан Toyota Harrier маркийн 20-88 УБВ улсын дугаартай автомашинд учирсан хохирлыг Тээврийн цагдаагийн албаны техникийн байцаагчийн хийсэн үзлэгт автомашинд автомашины зүүн урд крило, хаалга, баруун урд буфер, баруун урд крило, дотоод эд анги эвдэрсэн, “Мастер үнэлгээ” ХХК-ийн үнэлгээнд осол гарсан өдөр нэхэмжлэгчийн автомашинд учирсан эвдрэлүүд тэмдэглэгдсэн байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч автомашины сэлбэг хэрэгсэл худалдан авахад 6,079,700 төгрөг, засварын зардалд 1,700,000 төгрөг төлсөн, тээврийн хэрэгслийг ачиж, буулгахад зөөвөрлөсөн зардалд 180,000 төгрөг,  нийт 7,959,400 төгрөг зарцуулсан болох нь баримтаар нотлогдсон ./хх-ийн 16-25, 27 дугаар тал/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч миний авто машины кропыг задлаагүй гэх тайлбараас үзэхэд кропын тос худалдаж авсан 88,000 төгрөгийн зардал зам тээврийн ослын улмаас учирсан хохиролтой хамааралтай гэж үзэх үндэслэлгүй, төлбөртэй зогсоолын төлбөрт 140,000 төгрөг төлсөн нь баримтаар тогтоогдоогүй, 72,000 төгрөгийг юунд зарцуулсан нь тодорхойгүй, баримтаар нотлогдоогүй болно.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 7,959,700 төгрөгийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлээс үлдэх 300,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв./хх-ийн 26 дугаар тал/

 

2. хохирол 1,044,600 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч зам тээврийн ослын улмаас авто машиныг засуулахын тулд 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Голомт банкнаас 8,500,000 төгрөгийн цалингийн зээл авч 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 345,000 төгрөг, 8 дугаар сарын 27-ны өдөр 345,000 төгрөг, 9 дүгээр сарын 27-ны өдөр 345,000 төгрөг нийт 1,035,000 төгрөгийг, шүүхэд материал бүрдүүлж өгөхөд нотариатын зардал 9,600 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

 

Жолоочийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.-д “Жолооч нь замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учруулж болзошгүй хохирлыг нөхөн төлөх зорилгоор энэ хуульд заасан нөхцөлийн дагуу даатгагчтай даатгалын гэрээ байгуулна.”, 13.1.1-д ”жолоочийн даатгалд даатгуулсан тухайгаа хохирогчид мэдэгдэх;”, 13.4-д ”Даатгалын тохиолдлын улмаас учирсан хохирлыг тухайн даатгалын тохиолдол гарсан даруйд нөхөн төлөхөөр жолооч хохирогчтой тохиролцсон бол даатгагчид энэ тухайгаа мэдэгдэх бөгөөд даатгагчаас эргэн төлүүлэхээр даатгагчийн зааврын дагуу хохирлыг жолооч барагдуулж болно.”

 

Хариуцагч Б.Б- Жолоочийн даатгалын тухай хуульд заасан хохирогчид учирсан хохирлыг барагдуулах үүргийг биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Голомт банкнаас 8,500,000 төгрөгийн цалингийн зээл авч авто машинаа засуулсан нь хэрэгт авагдсан баримт нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй”, энэ хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй.Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж хуульчилсан.

 

Нэхэмжлэгч Голомт банкнаас зээлсэн цалингийн зээлээс 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 345,000 төгрөг, 8 дугаар сарын 27-ны өдөр 345,000 төгрөг, 9 дүгээр сарын 27-ны өдөр 345,000 төгрөг нийт 1,035,000 төгрөгийг, шүүхэд  баримт бүрдүүлэхэд төлсөн 9,600 төгрөгийг төлсөн нь баримтаар тогтоогдож байх тул хариуцагч төлөх үүрэгтэй.

Иймд хариуцагч Б.Б-оос төгрөгийг гаргуулж 9,004,300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлээс үлдэх 300,000 төгрөгийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд оногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Б-оос 9,004,300 төгрөгийг гаргуулж Н.Д-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 300,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр урьдчилан төлсөн төгрөгийн 163,259 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,  нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 159,019 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Т.ГАНЧИМЭГ

                            ШҮҮГЧИД                                        Б.УНДРАА

                                                                                     Э.ЭНЭБИШ