Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/00286

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/00286

 

 

Б.Л-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2020/02556 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Л-ийн хариуцагч ЭТ ХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь ЭТ ХК-д 2017 оны 06 сарын 28-ны өдрөөс Хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтэн албан тушаалд ажиллаж байгаад 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2018/C-442 тоот хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан болно. Миний бие ажиллаж байх хугацаандаа ямар нэг сахилгын зөрчил гаргаж байгаагүй болно. ЭТ ХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Б/675 тоот тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан бөгөөд 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр тушаалыг танилцуулсан болно. Миний бие өмнө нь ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй бөгөөд тус тушаалын хууль зүйн үндэслэлийг харвал сахилгын зөрчил давтан гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байна. Дээрх зөрчил болох ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн гэх зөрчил, тушаалд дурдсан бусад зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Иймд үндэслэлгүй ажлаас халагдсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч Б.Л-ийг ЭТ ХК-ийн уурхайн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтсийн хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулан олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн нөхөн бичилтийг хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч талаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Л- Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 8 дугаар сарын 09-ний өдөр ЭТ ХК-д холбогдуулан гаргасан Ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Л- нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 2018/С-442 дугаартай хөдөлмөрийн гэрээгээр Хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтэн албан тушаалд ажиллаж байсан. Б.Л- ЭТ ХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Б/675 тоот тушаалаар Салбарт ээлжийн ажилтай байх хугацаандаа 2020 оны 7 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн, бусадтай маргалдан өөрийн эрүүл мэндийг эрсдэлд оруулсан ноцтой зөрчил гаргасныг үндэслэн Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, ЭТ ХК-ийн дурмийн 9.5.3. 9.5.6, ЭТ ХК-ийн дотоод журмын 2.5. 3.12. 4.1.2. 4.1.4. 5.2.1. 5.2.12. 8.1.3. 8.3.13, Хөдөлмөрийн гэрээний 3.1.7. 4.1.3. 4.4.1, 4.4.11 дахь заалт, Б.Л-ийн гаргасан тайлбарыг үндэслэн түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэлийг оногдуулсан. Мөн өдрөөр ажил хүлээлцэх хуудсаар Б.Л- нь ажлаа хүлээлгэн өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж Хөдөлмөрийн гэрээний 4.4 дүгээр хэсэгт заасан дор дурдсан нөхцлийг ноцтой зөрчилд тооцон, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцална, 4.4.1-т хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй дүрэм, журам, горим, зөрчсөн, уг зөрчлийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохирсон, 4.4.11-т ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, хэрэглэсэн үедээ ирэх, худалдан борлуулсан, бусдыг уруу татсан гэж заасныг үндэслэн сахилгын шийтгэл оногдуулсан тушаалын үндэслэл болж байгаа ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлд дурдсан агуулга болох сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэл дурдагдаагүй буюу хамаарахгүй болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэдэг зохицуулалтыг баримтлан компанийн Гүйцэтгэх захирал Б.Л-ийг ажлаас халсан. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Л-ийг ЭТ ХК-ийн Салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 21 765 117 төгрөг гаргуулж Б.Л-ид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар Б.Л-ийн дээрх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн зэрэг заавал даатгах даатгалуудыг тооцож, дэвтэрт нь зохих бичилт хийхийг хариуцагч ЭТ ХК-д үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Л- улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч ЭТ ХК-аас 266.775 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч давж заалдах гомдолдоо:

... Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2020/02556 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажил үүрэг гүйцэтгэдэг ажилтны хувьд ажлын цагаар, ажлын байранд мөн дэлхий даяар /ковид-19/ цар тахал гарсан энэ цаг үед нийтийг хамарсан ямар нэгэн арга хэмжээг зохион байгуулахгүй, олон хүмүүсийг нэг дор цуглуулахгүй байх тухай Улсын онцгой комисс болон компанийн түр журмыг дагаж мөрдөөгүй, олуулаа нийлж ажлын байранд архидан согтуурсан, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажлын байранд ирсэн зэрэг зөрчил гаргасан. Б.Л-ийн уг ноцтой зөрчилд холбогдох хууль, компанийн журмуудыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Б/675 тоот тушаалыг гүйцэтгэх захирал гаргаж, ажлаас халсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс гэрч нарыг асуулгахаар шүүхэд гаргасныг шүүхээс хүсэлтийг хангаж шүүгчийн захирамж гарсан боловч тухайн хүчин төгөлдөр захирамжийн биелэлтийг шүүх хангаагүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хариуцагчийн эрх ашгийг хөндсөн.

Б.Л- нь хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтний хувьд согтууруулах ундааг хориглох журмыг дагаж мөрдүүлж, үлгэр жишээч байхын оронд өөрөө Уурхайн бүс болох ажлын байр, ажлын байрнаас дур мэдэн гарч явсан, архидан согтуурсан, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ажлын байранд ирсэн, өөрийн удирдах ажилтантайгаа зодолдсон зэрэг нь ноцтой зөрчил бөгөөд энэ нь талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд нарийвчлан тусгагдсан байгаа.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Б.Л- нь хариуцагч ЭТ ХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Л-ийг ЭТ ХК-ийн Салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 21 765 117 төгрөг гаргуулж Б.Л-ид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон бичилт хийхийг хариуцагч ЭТ ХК-д даалгаж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч зохигчид тодорхой нөхцлөөр тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулан, маргаанаа дуусгавар болгосон, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн давж заалдах шатны шүүх хуралдаанд эвлэрлийг баталгаажуулах хүсэлт гаргаж, эвлэрлийн гэрээг баримтаар хавсаргасан байна.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд Б.Л-ийг 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс ЭТ ХК-ийн Салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгч Б.Л-ид ажилгүй байсан хугацааны цалинд 9 600 000 төгрөгийг, 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс өмнө, Хаан банкны 5041030485 тоот дансанд шилжүүлэх, мөн дээрх дүнгээс эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл нөхөн төлж, бичилт хийлгэх-ээр харилцан тохиролцжээ.

 

Талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дах хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд талуудын тохиролцсон эвлэрлийн гэрээний нөхцөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч Б.Л-, хариуцагч ЭТ ХК-ийн эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2020/02556 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч ЭТ ХК нь нэхэмжлэгч Б.Л-ид ажилгүй байсан хугацааны олговорт 9 600 000 төгрөгийг, 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс өмнө, Хаан банкны 5041030485 тоот дансанд шилжүүлэх, мөн дээрх дүнгээс эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл нөхөн төлөх, Б.Л-ийг 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс ЭТ ХК-ийн Салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266 775 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

А.ОТГОНЦЭЦЭГ