Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 02556

 

 

 

 

 

2020 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2020/02556

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Л-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э ХК-д холбогдох, 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн М.Ч, М.С, Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дагдансүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Б.Лийн төлөөлөгч Ц.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Жод овогт Баярхүүгийн Л нь ЭХК-д 2017 оны 06 сарын 28-ны өдрөөс Хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтэн албан тушаалд ажиллаж байгаад 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 0 тоот хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан болно. Миний бие ажиллаж байх хугацаандаа ямар нэг сахилгын зөрчил гаргаж байгаагүй болно. Э ХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б/675 тоот тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан бөгөөд 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр тушаалыг танилцуулсан болно. Э ХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б/675 тоот тушаалын үндэслэх хэсэгт ...Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Э ХК-ийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.5.3, 9.5.6, Хөдөлмөрийн дотоод журмын 2.5, 3.12, 4.1.2, 4.1.4, 5.2.1, 5.2.12, 8.1.3, 8.3.13, Б.Лтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3.1.7, 4.1.3, 4.4.1, 4.4.11 дахь заалтыг тус тус үндэслэн Салбарт ээлжийн ажилтай байх хугацаандаа 2020 оны 07 дугаар сарын 11-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн, бусадтай маргалдан өөрийн эрүүл мэндийг эрсдэлд оруулсан ноцтой зөрчил гаргасан тул 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсугай гэжээ. Миний бие өмнө нь ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй бөгөөд тус тушаалын хууль зүйн үндэслэлийг харвал сахилгын зөрчил давтан гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байна. Мөн миний бие дээрх зөрчил болох ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн гэх зөрчил, тушаалд дурьдсан бусад зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Иймд үндэслэлгүй ажлаас халагдсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч Б.Лийг ЭХК-ийн уурхайн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтсийн хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулан олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн нөхөн бичилтийг хийлгэж өгнө үү гэв.

 

Хариуцагч талаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Л Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 08 сарын 09-ний өдөр ЭХК-д холбогдуулан гаргасан Ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Л нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр  дугаартай хөдөлмөрийн гэрээгээр Хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтэн албан тушаалд ажиллаж байсан. Б.Л ЭХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Б/675 тоот тушаалаар Салбарт ээлжийн ажилтай байх хугацаандаа 2020 оны 7 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн, бусадтай маргалдан өөрийн эрүүл мэндийг эрсдэлд оруулсан ноцтой зөрчил гаргасныг үндэслэн Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, ЭХК-ийн дурмийн 9.5.3. 9.5.6, Эрдэнэс-тавантолгойн ХК-ийн дотоод журмын 2.5. 3.12. 4.1.2. 4.1.4. 5.2.1. 5.2.12. 8.1.3. 8.3.13, Хөдөлмөрийн гэрээний 3.1.7. 4.1.3. 4.4.14.4.11 дахь заалт, Б.Лийн гаргасан тайлбарыг үндэслэн түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэлийг оногдуулсан. Мөн өдрөөр ажил хүлээлцэх хуудсаар Б.Л нь ажлаа хүлээлгэн өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж Хөдөлмөрийн гэрээний 4.4 дүгээр хэсэгт заасан дор дурдсан нөхцлийг ноцтой зөрчилд тооцон, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцална, 4.4.1-т хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй дүрэм, журам, горим, зөрчсөн, уг зөрчлийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохирсон, 4.4.11-т ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, хэрэглэсэн үедээ ирэх, худалдан борлуулсан, бусдыг уруу татсан гэж заасныг үндэслэн сахилгын шийтгэл оногдуулсан тушаалын үндэслэл болж байгаа ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлд дурдсан агуулга болох сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэл дурдагдаагүй буюу хамаарахгүй болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор Хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэдэг зохицуулалтыг баримтлан компанийн Гүйцэтгэх захирал Б.Лийг ажлаас халсан. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын өгсөн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ НЬ: 

Нэхэмжлэгч Б.Лийн хариуцагч ЭХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Л нь ЭХК-ийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/267 тоот тушаалаар тус байгууллагын уурхайн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтсийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан ба, тус компанийн захирлын 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б/675 тоот тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь зохигчийн тайлбар, тус компанийн захирлын 2020.07.20-ны өдрийн Б/675 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцласан болох нь зохигчдын тайлбар, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал, хөдөлмөрийн гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.Лийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3., Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1., ЭХК-ийн дүрмийн 9.5.3, 9.5.6, Хөдөлмөрийн дотоод журмын 2.5, 3.12, 4.1.2, 4.1.4, 5.2.1, 5.2.12, 8.1.3, 8.3.13, Хөдөлмөрийн гэрээний 3.1.7, 4.1.3, 4.4.1, 4.4.11 дэх заалтыг тус тус үндэслэжээ.

Ажлаас чөлөөлсөн дээрх тушаалын үндэслэлд салбарт ээлжийн ажилтай байх хугацаандаа 2020.07.11-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн, бусадтай маргалдан өөрийн эрүүл мэндийг эрсдэлд оруулсан ноцтой зөрчил гаргасан гэж нэхэмжлэгч Б.Лтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020.07.20-ны өдрөөр тасалбар болгон ажлаас халах шийтгэл ногдуулжээ. 

Ажилтан хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ, байгууллагын дотоод журам, сахилгын дүрэм зэргээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй гэм буруутай, хууль бус үйлдэл, эс үйлдлийг сахилгын зөрчил гэх бөгөөд ийнхүү зөрчил гаргасан нь тогтоогдсон тохиолдолд сахилгын шийтгэлийг ажилтанд ногдуулах ба, сахилгын ноцтой зөрчилд тооцогдох зөрчлийн талаар ажил олгогч болон ажилтан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан байх ёстой.

Зохигчдын хооронд 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр №0 дугаар хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд талууд уг гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4.1-4.4.17-д сахилгын ноцтой зөрчилд тооцох үндэслэлүүдийг нэрлэн заасан ба эдгээр зөрчлийг ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох үндэслэлүүд байхаар тохиролцжээ. 

Нэхэмжлэгч Б.Лийг ажлаас халсан тушаалд Хөдөлмөрийн гэрээний 4.4.1-д Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журам, заавар, горим зөрчсөн, уг зөрчлийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохирсон, 4.4.11-д ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, хэрэглэсэн үедээ ирэх, худалдан борлуулсан, бусдыг уруу татсан бол ноцтой зөрчилд тооцохоор, компанийн хөдөлмөрийн дотоод журмын 8.3.13-т ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэх хэрэглэсэн үедээ ирэх, худалдан борлуулсан, бусдыг уруу татсан ...бол ноцтой зөрчилд тооцно гэж заасныг баримталсан байна.

Хариуцагч талаас нэхэмжлэгч Б.Лийг 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ уурхайн кемпийн байрны урд талын хүлэмжний хажууд буюу ажлын байранд 15 цагийн орчим хорхог хийж идэж, согтууруулах ундаа хэрэглэсэн, улмаар Цогтцэций сумын Хүлэг нэртэй зочид буудалд очиж согтуурах ундааны зүйл хэрэглэн бусадтай маргалдан, өөрийн эрүүл мэндийг эрсдэлд оруулсан, согтуу үедээ кемпийн байранд буюу ажлын байранд ирсэн сахилгын ноцтой зөрчил гаргаж ажлаас халагдсан гэж тайлбарлаж байна. 

Нэхэмжлэгч Б.Л 2020 оны 07 дугаар сарын 01-нээс эхлэн уурхайн кемпийн байранд 14 хоногийн хугацаагаар байрлан ажиллах хуваарьтай байсан ба, 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 07.00 цагаас тухайн өдрийн 19.00 цаг хүртэл ажил үүргээ гүйцэтгэсэн болох нь тухайн өдрийн нарядын хуудсаар тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн гэрч С.Шинэбаяр, Б.Ариунтулга, Б.Мөнхсүх нарын мэдүүлэг, С.Шинэбаярын нэхэмжлэлтэй ЭХК-д холбогдох хэрэгт гэрчээр асуугдсан О.Үнэнхүү, Ч.Ганцэцэг, А.Мөнхжаргал нарын мэдүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэл зэргээр ажлын цагаар, ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ажлын байранд очсон байдал тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгч Б.Лийг ажлаас халсан тушаалд заасан ажилтай байх хугацаандаа согтууруулах ундаа хэрэглэсэн, согтуурсан үедээ ажлын байранд очсон гэх зөрчлийг нэхэмжлэгч Б.Л гаргасан гэдгийг хариуцагч тал хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримтаар нотолж чадахгүй байна гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч Б.Лийг ЭХК-ийн Салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтний ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн зохих бичилтийг хийлгэхээр шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.Лийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэн түүний дундаж цалинг тооцож олговрыг гаргуулах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасантай нийцнэ. 

2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс ажилгүй байсан бүх хугацааг тооцож шүүхийн шийдвэр гарах 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх 1 сарын дундаж цалинг 5.886.164 төгрөг/2020 оны 4, 5, 6 саруудын дунджаар/, нийт 3 сар 15 өдрийн олговорт 21.765.117 төгрөгийг хариуцагч ЭХК-иас гаргуулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч  Б.Лийг Э ХК-ийн Салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 21.765.117 төгрөг гаргуулж Б.Лид олгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Б.Лийн дээрх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн зэрэг заавал даатгах даатгалуудыг тооцож, дэвтэрт нь зохих бичилт хийхийг хариуцагч ЭХК-д үүрэг болгосугай 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Л улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Э ХК-иас 266.775 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                       Ц.АЛТАНЦЭЦЭГ