Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/00285

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/00285

 

Н.А-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2020/03629 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Н.А-ийн хариуцагч Баянзүрх дүүргийн 00 дүгээрсургуульд холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн 00 дүгээрсургуулийн захирлын 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Б/54 тоот тушаалыг хүчингүй болгуулах, бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 3 565 098 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ө, Х.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагчийн өмгөөлөгч Р.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.А- нь 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 00 дүгээр сургуульд бага ангийн багшаар ажилд орсон, ажилд авахдаа сургуулийн захирал С.Март өмнө нь ажиллаж байсан багш тэтгэвэрт гарч байгаа учраас түүний оронд ажилд авч байна гэж хэлж байсан. Нэхэмжлэгч Н.А- нь 27 жил улсад ажилласан туршлагатай боловч сургуулийн дотоод журмын дагуу 3 сарын хугацаатай туршилтын журмаар эхлээд ажиллана гэсэн нөхцлийг зөвшөөрсөн. Ажилд орсон 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бөгөөд сургуулийн захиргаанаас 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр туршилтын болон дадлагын хугацаагаар ажиллагсадтай хийх хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан.

Ажиллаж байх хугацаандаа Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээ, ёс зүйн болон холбогдох дүрэм, журмуудыг зөрчсөн зөрчил гаргаж байгаагүй. Ийнхүү ажлаа хэвийн хийж гүйцэтгэсэн байтал сургуулийн захирал С.М- нь 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Б/54 тоот тушаалаар 6 дугаар сарын 02-ны өдрөөс ажлаас халсан бөгөөд тушаалыг 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр гардаж авсан. Захирал С.М- нь 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр ээлжийн амралтын хоногийг 36 хоног, 48 хоног гэж 2 өөр байдлаар бичсэн тушаал гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, мөн цаашид сунгагдахгүй болсон гэх нөхцөл бүрдсэн бол хөдөлмөрийн гэрээ дуусгавар болохоор заасан байтал дээрх 2 нөхцөлийн аль нь ч бүрдээгүй байхад ажлаас чөлөөлөх тушаал гаргасныг хууль зөрчсөн гэж үзэж байна. 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр туршилтын болон дадлагын хугацаагаар ажиллагсадтай хийх хөдөлмөрийн гэрээг 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаатай байгуулсан. Хэрвээ туршилтын хугацааг хуульд зааснаар гурван cap хүртэл гэж үзвэл дараагийн хөдөлмөрийн гэрээ байгуулагдсанаар Хөдөлмөрийн хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээ сунгагдаж үргэлжилсэн гэж үзнэ. Б/54 тоот тушаалд:Н.А-ийг хөдөлмөрийн хуулийн 23.2.2-ын дагуу 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хөдөлмөрийн түр гэрээтэй ажиллуулж байсан гэсэн боловч түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний удиртгал хэсэгт энэхүү гэрээг Н.А-, С.М- нар харилцан тохирч Хөдөлмөрийн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2.3 дахь заалтуудын дагуу туршилтын хугацаагаар байгуулав гэж заасан байхад хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулсан мэтээр тушаал гаргасан нь хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2, 23.2.3 дугаар зүйлүүдийг зөрчсөн. 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн гэрээний хугацаа 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр дуусахаар байхад 6 дугаар сарын 02-ны өдрөөс ажлаа чөлөөлсөн нь Хөдөлмөрийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх заалтыг зөрчиж байна.

Тушаалд Захиргааны зөвлөлийн 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ дүгнэх хурлаар гэрээг цаашид сунгахгүйгээр шийдвэрлэсэн гэж заасан боловч гэрээг цаашид сунгахгүй болсон ямар үндэслэл байгаа талаар тушаалд огт заагаагүй. Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээг цуцлах нөхцлийг нэрлэн заасан, гэтэл эдгээр нөхцлийн алийг ч Н.А- зөрчөөгүй, дээрх нөхцлөөс аль нэгийг зөрчсөн талаар тушаалд дурдаагүй учир гэрээг цаашид сунгахгүйгээр шийдвэрлэсэн гэдгийг зөвшөөрөхгүй байна. Гэрээний 7 дугаар зүйлд заасан дуусгавар болгох үндэслэл бий болоогүй, энэ талаар ч тушаалд дурдаагүй байна. Түүнчлэн захиргааны зөвлөлийн хуралд оролцуулаагүй, тайлбар хэлэх боломж олгоогүй, уг хурлын тэмдэглэлтэй танилцуулаагүй. Иймд Баянзүрх дүүргийн 00 дүгээрсургуулийн захирлын 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Б/54 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 3.3, 7, 8-д заасныг зөрчсөн гэж байх тул тушаалыг хүчингүй болгож, тус сургуулийн бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсний олговорт 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх 101 хоногийн хугацаагаар тооцож 6 793 866 төгрөг, дутуу бодогдсон 12 хоногийн ээлжийн амралтын мөнгө болох 585.559 төгрөг, нийт 7 379 425 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, тэдгээр дэвтэрт бичилт хийлгэж өгөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Дээрх шаардлагаас ээлжийн амралтын хоногийг хасч тооцон 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин, хөлсний олговорт 3 565 098 төгрөг гаргуулахаар багасгаж, бусад шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.А- нь тус сургуульд 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл түр хугацаатай ажиллаж байсан бөгөөд түүнтэй 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хөдөлмөрийн түр гэрээ байгуулан ажилласан. Тэрээр түр ажиллах тушаалтай, 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажиллах хөдөлмөрийн түр гэрээтэй, гэрээний хугацаа дууссан, түр гэрээ цаашид сунгагдахгүй тул түүний ажилд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлгүй гэж үзэж байна. Корона вирусийн цар тахлын үеийн хорио цээр тогтоосон нөхцөлд БСШУС-ын сайдын 2020 оны 4 дүгээр сарын 17-ны А/194 дүгээр тушаалын дагуу Н.А-ийг 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөр тасалбар болон ажлаас чөлөөлж, ажилласан хугацааны ээлжийн амралтыг 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүртэл эдэлсэн тул ажилгүй хугацааны цалин нэхэмжлэх үндэслэлгүй болно. Н.А-ийг ажилд орсноос хойш ээлжийн амралт эдэлж дуусах хугацааны нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдсөн тул тэрээр 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс хойших хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг өөрөө хариуцах ёстой. Н.А- нь 26 жил хөдөө орон нутагт багшилсан боловч ажлын шаардлагыг бүрэн дүүрэн хангаж ажиллаагүй тул хөдөлмөрийн түр гэрээ сунгагдаагүй болно. Баянзүрх дүүргийн 00 дүгээрсургууль нь шинээр ажилд орж байгаа багш ажилчидтай хөдөлмөрийн гэрээг түр болон туршилтын журмаар ажиллах гэж гэрээ байгуулдаг боловч түр болон туршилтын журмаар ажилд авдаггүй. Хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа шинээр ажилд орж байгаа бол хугацаатай гэрээ байгуулах зарчмыг баримталдаг. Хугацаа гэдгийг тухайн хичээлийн жил гэж ойлгодог бөгөөд үүнийг түр гэж багш нар ярьдаг гэдгээ гэрчээр өгсөн мэдүүлэгтээ дурдсан. Нэхэмжлэгч Н.А-ийг анх ажилд ороход нь сургуулийн захиргааны зөвлөлийн хурлаар оруулж байсан бөгөөд тэр хурал дээр 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд ажиллана, энэ хугацаанд сайн ажиллаж, хичээлийн жилийн хугацаанд чадварлаг, сайн багш гэдгээ харуулж чадвал хөдөлмөрийн гэрээг хугацаагүй болгоод үндсэн багшаар авна гэдгийг хэлэлцсэн. Үүнийг Н.А- зөвшөөрч ажилд орсон мөртлөө бодит байдлыг гуйвуулж өөрт ашигтай байдлаар тайлбарлаж болохгүй. Хичээлийн жилийн хугацаа гэдэг 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаа юм. Түүнтэй 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан гэрээ нь туршилтын хугацааг нь сунгасан, аль эсвэл үндсэн багшаар ажилд авсан зүйл биш юм. Учир нь сургуулийн захиралтай хөдөлмөрийн гэрээ байгуулахаас өмнө эхлээд сургалтын менежертэй үр дүнгийн гэрээ байгуулахыг шаарддаг. Гэтэл Н.А- нь 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр сургалтын менежертэй үр дүнгийн гэрээг шахаж шаардуулсны эцэст байгуулсан. Үр дүнгийн гэрээгээр ямар бодлого баримталж ажиллах, ямар ахиц дэвшил гаргах, ямар аргаар хичээлээ заах гэдгийг тодорхойлсны эцэст хөдөлмөрийн гэрээ байгуулагддаг. Үр дүнгийн гэрээг ажилтан өөрөөр боловсруулах ёстой, үүнийг нотлох зорилгоор нэхэмжлэгчтэй нэг цаг хугацаанд ажилд орсон 4 багшийн үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээг шүүхэд нотлох баримтаар өгсөн. Сургуулийн захиргаанаас 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр бүх багш нарын хөдөлмөрийн гэрээг шинэчлэх үеэр Н.А- гэрээгээ байгуулсан. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/194 тоот тушаал гарч 06 дугаар сарын эхний долоо хоногт багтаан багш нарын ээлжийн амралтыг олгох үүрэг чиглэл өгсний дагуу Н.А-ийг 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөр тасалбар болгож, ажлаас чөлөөлсөн тушаал гарсан. Сургуулийн дотоод журамд зааснаар багш, ажилчдын хөдөлмөрийн гэрээг сунгах эсэхийг захиргааны зөвлөлийн хурлын шийдвэрээр шийдвэрлэдэг бөгөөд Н.А-ийг ажилд авах болон чөлөөлөхөд уг зөвлөлийн хурлаар хэлэлцсэн. Зөвлөлийн бүрэлдэхүүнд бага ангийн багш нарыг хариуцсан сургалтын менежер, нийгмийн ажилтан багтдаг бөгөөд бага ангийн сургалтын 2 менежер түүний гэрээг сунгахгүй байх санал өгсөн. Учир нь Н.А- багш хичээлийн бус цагаар төлбөртэй давтлага өгдөг, дааж авсан ангийн сурлагын чанар муудсан, тэмцээн уралдаанд дээгүүрт ордог анги сурлагын чанараар сургуулийнхаа босго даваагүй, багш нарын ур чадварыг дүгнэх тэмцээнд хангалтгүй оролцсон гэх үндэслэл байсан. Түүнээс гадна Н.А-ийг бага ангийн багшаар 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл түр хугацаатай ажилд авсан 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Б/154 тоот тушаал байгаа бөгөөд үүнээс өөрөөр түүнийг туршилтын журмаар 3 сар болон үндсэн багшаар ажилд авсан гэх өөр ямар ч тушаал байхгүй. Тушаалд хугацааг маш тодорхой зааж өгсөн, гэтэл уг тушаалыг үндэслэлгүй гэж нэхэмжлэгч нь өнөөдрийг хүртэл маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд ч энэ талаар дурдаагүй мөртлөө шүүхэд шаардлага гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Үүнээс үзэхэд Н.А-ийг ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг баримталсан нь үндэслэлтэй болно. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан учраас гэрээг цааш сунгах эсэх асуудлыг сургуулийн захиргааны зөвлөлөөр авч хэлэлцэж, улмаар сунгах шаардлагагүй гэсэн шийдвэр гарсан учраас ажлаас чөлөөлөх тушаалыг гаргасан. Түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэж хоёр дахь хэсгийг зааглан зааж өгсөн. Тэрээр гэрээ байгуулсан хэсэгт гарын үсэг зурсан байгаа тул гэрээнд ажилтан гарын үсэг зураагүй гэх зүйлгүй. Ээлжийн амралтын зөрүүний талаар тайлбар хэлэхэд хөдөлмөрийн гэрээ нь сунгагдсан, үндсэн багшаар ажиллахаар болсон багш нар л 48 хоногийн хугацаатай ээлжийн амралтыг эдэлдэг. Харин Н.А- багш 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөр гэрээ нь цуцлагдсан учраас түүнд зуны 7, 8 дугаар сарын ээлжийн амралтыг тооцох боломжгүй. Ээлжийн амралтыг ямар журамд үндэслэн, хэрхэн тооцсон талаар сургуулийн нягтлан бодогч дэлгэрэнгүй тайлбар ирүүлснийг хэрэгт өгсөн. Иймд Баянзүрх дүүргийн 00 дүгээрсургуульд холбогдох сургуулийн захирлын 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Б/54 тоот тушаалыг хүчингүй болгуулах, бага ангийн багш ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 3 565 098 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлүүлж, тэдгээрт дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч Н.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.А-ийг хариуцагч Баянзүрх дүүргийн 00 дүгээрсургуулийн бага ангийн багш ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Баянзүрх дүүргийн 00 дүгээрсургуулиас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3 565 098 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.А-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.А-ийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Баянзүрх дүүргийн 00 дүгээрсургуулийн захирал болон нягтлан бодогчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 18 220 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас буцаан гаргуулж Н.А-т олгож, хариуцагч Баянзүрх дүүргийн 00 дүгээрсургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 71 992 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээний эрх зүйн харилцаа үүсэж хөдөлмөрийн гэрээний хугацааг 1 жил байхаар харилцан тохиролцсон байна. Ийм учраас гэрээний хугацаа дуусаагүй хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь Н.А-ийг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс ажилд орсон гэж үзвэл 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр түүнийг ажилд авсан тушаал байхыг шаардах боловч хэрэгт түүнийг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1 жилийн хугацаатай ажилд авсан нэг ч тушаал байхгүй. Уг гэрээний төгсгөл хэсэгт гэрээ байгуулсан гээд талууд гарын үсэг зурах нэг хэсэг, гэрээг сунгасан өөрчлөлт оруулсан гээд талууд гарын үсэг зурах дахин нэг хэсэг байх ба хамгийн сүүлийн хэсэгт Н.А-ийн гарын үсэг зурах хэсэг биш юм. Учир нь Н.Алчанцэцэг нь 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шинэчилсэн гэрээнд гарын үсгээ зурж баталгаажуулсан харин 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах. хугацаа сунгах нөхцөл үүссэн тохиолдолд Н.А- /ажилтан/ нь уг хэсэгт гарын үсэг зурах зориулалттай хэсэг, гэвч 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, хугацаа сунгах нөхцөл байдал үүсэхгүйгээр түүний гэрээ дуусгавар болсон байх атал үндсэн гэрээнд Н.А- гарын үсэг зураагүй мэт дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч Н.А-тэй хамт ажилд орсон багшийн хөдөлмөрийн гэрээг шүүхэд нотлох баримтаар өгсөн талаар дурдаж байсан. Уг багшийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ нь сунгагдаж улмаар гэрээний төгсгөл хэсэгт 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гэж тэмдэглэл үйлдэгдэж гарын үсэг зурагдсан. Үүнээс үзвэл гэрээний сүүлийн хэсэгт ийм байдлаар хөдөлмөрийн гэрээ нь сунгагдсан тохиолдолд тэмдэглэгээ хийгддэг болохыг харж болох боловч анхан шатны шүүх хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг харьцуулах, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Н.А- нь хариуцагч Баянзүрх дүүргийн 00 дүгээрсургуульд холбогдуулан захирлын 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Б/54 тоот тушаалыг хүчингүй болгуулах, бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 3 565 098 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баянзүрх дүүргийн 00 дүгээрсургуулийн захирлын 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Б/154 тоот тушаалаар Н.А-ийг бага ангийн багшаар 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл түр хугацаагаар ажилд томилж, мөн захирлын 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Б/54 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 тоот тушаалыг үндэслэн бага ангийн багш Н.А-ийг 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлж, ажилласан хугацааны амралтыг 36 хоногоор тооцон олгохоор шийдвэрлэсэн байна. /хх46, 47/

 

Талуудын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Үр дүнгийн гэрээ, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Туршилтын болон сургалт дадлагын хугацаагаар ажиллагсадтай хийх хөдөлмөрийн гэрээ тус тус байгуулагдсан, зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсчээ. /хх 4-6,48-49/

 

Ажил олгогч ажлаас халсан үндэслэлээ Н.А-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, цаашид сунгагдахгүй болсон, тэрээр хичээлийн жилийн хугацаагаар буюу 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаатай түр ажилд авсан захирлын 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Б/154 тоот тушаалтай маргаагүй, Захиргааны зөвлөлийн 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ дүгнэх хурлаар түүнтэй байгуулсан гэрээг цаашид сунгахгүйгээр шийдвэрлэсэн гэж тайлбарлажээ.

 

Гэтэл 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Туршилтын болон сургалт дадлагын хугацаагаар ажиллагсадтай хийх хөдөлмөрийн гэрээ-нд ажилтан Н.А-ийн бага ангийн багшийн албан тушаалд ажиллах гэрээний хугацааг 1 жил гэж талууд тохиролцсон байх бөгөөд талууд гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ байна. Харин гэрээний нэмэлт өөрчлөлт хэсэгт 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл гэж тэмдэглэн, ажил олгогч дангаар гарын үсэг зурсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7 дахь хэсэгт заасанд нийцэхгүй. /хх48-49/

 

Дээрхээс үзвэл хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулагдсан гэж үзэх бөгөөд анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7, 23 дугаар зүйлийн 23.2.2 болон Баянзүрх дүүргийн 00 дүгээрсургуулийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.1.5-д заасныг тус тус үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулагдсан гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй, ажил олгогчийн гэрээний хугацаа дуусч, цаашид сунгагдахгүй болсон буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтыг үндэслэсэн тушаал хуульд нийцээгүй байна.

 

Түүнчлэн, тус сургуулийн 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн захиргааны зөвлөлийн хурлаар 2019-2020 оны хичээлийн жилд тус сургуулийн Багшийн ажлын байрны сул орон тоо-д болон жирэмсний амралттай хүмүүсийн оронд түр хөдөлмөрийн гэрээ, тушаалтай ажиллаж байгаа багш нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дүгнэх, сунгах, эс сунгах асуудлын талаар хэлэлцсэн байх ба уг хурлаас бага ангийн багш Н.А-ийг шаардлага хангахгүй шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг сунгахгүй байхаар шийдвэрлэсэн гэх боловч ажилтан Н.А- нь ямар ажлын үзүүлэлт, ямар удирдамжийн үндсэн дээр дүгнэсэн, ямар нөхцөл шаардлагыг хангаагүй нь тодорхой бус байна. /хх 62-66/

 

Иймд нотлох баримтыг тал бүрээс нь бодитоор үнэлээгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Шүүх Н.А-ийг Баянзүрх дүүргийн 00 дүгээрсургуулийн бага ангийн багш ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, түүнийг уг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх ажилгүй байсан 53 хоног буюу 1 өдрийн 67 266 төгрөг, нийт 3 565 098 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгон, уг олговроос шимтгэл тооцон, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийн заалтад нийцсэн байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2020/03629 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

А.ОТГОНЦЭЦЭГ