Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2020/03629

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, 127/4 дүгээр байр, 25 тоот хаягт оршин суух Н.А-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороололд байрлах, Н.Д.С-д  холбогдох,

 

Н.Д.С-ийн захирлын 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/54 тоот тушаалыг хүчингүй болгуулах, бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 3.565.098 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлүүлэх, тэдгээр дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ө Х.Н

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюун-Эрдэнэ, өмгөөлөгч Б.Ө, Х.Н нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Н.А нь 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 84 дүгээр сургуульд бага ангийн багшаар ажилд орсон, ажилд авахдаа сургуулийн захирал С.М өмнө нь ажиллаж байсан багш тэтгэвэрт гарч байгаа учраас түүний оронд ажилд авч байна гэж хэлж байсан.

Нэхэмжлэгч Н.А нь 27 жил улсад ажилласан туршлагатай боловч сургуулийн дотоод журмын дагуу 3 сарын хугацаатай туршилтын журмаар эхлээд ажиллана гэсэн нөхцлийг зөвшөөрсөн.

Ажилд орсон 2019.08.27-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байж байгаад сургуулийн захиргаанаас 2019 оны 12 дугаар сарын 27-нд туршилтын болон дадлагын хугацаагаар ажиллагсадтай хийх хөдөлмөрийн гэрээ гэсэн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан.

Ажиллаж байх хугацаандаа Хөдөлмөрийн хууль, хөдөлмөрийн гэрээ, ёс зүйн болон холбогдох дүрэм, журмуудыг зөрчсөн зөрчил гаргаж байгаагүй.

Ийнхүү ажлаа хэвийн хийж гүйцэтгэсэн байтал сургуулийн захирал С.М нь 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/54 тоот тушаалаар 6 сарын 2-ны өдрөөс ажлаас халсан бөгөөд тушаалыг 2020 оны 6 сарын 11-нд гардаж авсан.

Захирал С.М нь 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ээлжийн амралтын хоногийг 36 хоног, 48 хоног гэж 2 өөр байдлаар бичсэн тушаал гаргасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, мөн цаашид сунгагдахгүй болсон гэх нөхцөл бүрдсэн бол хөдөлмөрийн гэрээ дуусгавар болохоор заасан байтал дээрх 2 нөхцөлийн аль нь ч бүрдээгүй байхад ажлаас чөлөөлөх тушаал гаргасныг хууль зөрчсөн гэж үзэж байна.

Үүнд 2019.08.27-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй мөртлөө 2019 оны 12 сарын 27-нд туршилтын болон дадлагын хугацаагаар ажиллагсадтай хийх хөдөлмөрийн гэрээ гэсэн гэрээг 2020 оны 6 сарын 15 хүртэл хугацаатай гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн хуулийн 23.2.3-т шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын болон дагалдан ажиллуулах хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулна гэснийг, 23[1].2. Хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд туршилтын хугацаа гурван cap хүртэл байна гэснийг тус тус зөрчиж, 2 удаа туршилтын гэрээ байгуулж, хуулийн заалтыг зөрчсөн, аль гэрээний хугацаанаас эхэлж хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болохыг тодорхойлох нь ойлгомжгүй эргэлзээтэй болгосон.

Хэрвээ туршилтын хугацааг хуульд зааснаар гурван cap хүртэл гэж үзвэл дараагийн хөдөлмөрийн гэрээ байгуулагдсанаар Хөдөлмөрийн хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээ сунгагдаж үргэлжилсэн гэж үзнэ.

Б/54 тоот тушаалд:Н.Аийг хөдөлмөрийн хуулийн 23.2.2-ын дагуу 2020 оны 6 сарын 15 хүртэл хөдөлмөрийн түр гэрээтэй ажиллуулж байсан гэсэн боловч түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний удиртгал хэсэгт Энэхүү гэрээг

Н.А, С.М нар харилцан тохирч Хөдөлмөрийн хуулийн 23.1, 23.2.3 дахь заалтуудын дагуу туршилтын хугацаагаар байгуулав гэж заасан байхад хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулсан мэтээр тушаал гаргасан нь хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн хуулийн 23.2.2, 23.2.3 дугаар зүйлүүдийг зөрчсөн.

2019 оны 12 сарын 27-ны өдрийн гэрээний хугацаа 2020 оны 6 сарын 15-нд дуусахаар байхад 6 сарын 2-ны өдрөөс ажлаа чөлөөлсөн нь Хөдөлмөрийн хуулийн 37.1.3 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх заалтыг зөрчиж байна.

Тушаалд Захиргааны зөвлөлийн 2020 оны 5 сарын 4-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ дүгнэх хурлаар гэрээг цаашид сунгахгүйгээр шийдвэрлэсэн... гэж заасан боловч гэрээг цаашид сунгахгүй болсон ямар үндэслэл байгаа талаар тушаалд огт заагаагүй.

Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээг цуцлах нөхцлийг нэрлэн заасан, гэтэл эдгээр нөхцлийн алийг ч Н.А зөрчөөгүй, дээрх нөхцлөөс аль нэгийг зөрчсөн талаар тушаалд дурдаагүй учир гэрээг цаашид сунгахгүйгээр шийдвэрлэсэн гэдгийг зөвшөөрөхгүй байна.

Гэрээний 7 дугаар зүйлд заасан дуусгавар болгох үндэслэл бий болоогүй, энэ талаар ч тушаалд дурдаагүй байна. Түүнчлэн захиргааны зөвлөлийн хуралд оролцуулаагүй, тайлбар хэлэх боломж олгоогүй, уг хурлын тэмдэглэлтэй танилцуулаагүй.

Иймд Н.Д.С-ийн захирлын 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/54 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 3.3, 7, 8-д заасныг зөрчсөн гэж байх тул тушаалыг хүчингүй болгож, тус сургуулийн бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсний олговорт 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх 101 хоногийн хугацаагаар тооцож 6.793.866 төгрөг, дутуу бодогдсон 12 хоногийн ээлжийн амралтын мөнгө болох 585.559 төгрөг, нийт 7.379.425 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, тэдгээр дэвтэрт бичилт хийлгэж өгөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Дээрх шаардлагаас ээлжийн амралтын хоногийг хасч тооцон 2020.08.28-ны өдрөөс 2020.10.20-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин, хөлсний олговорт 3.565.098 төгрөг гаргуулахаар багасгаж, бусад шаардлагаа дэмжиж байна гэв.

 

 

 

Хариуцагч Н.Д. С-ийн М нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Тус сургуулийн бага ангийн багшаар ажиллаж байсан Н.Аийн гаргасан нэхэмжлэлд доорх тайлбарыг гаргаж байна.

Н.А нь тус сургуульд 2019.08.27-ны өдрөөс 2020.06.15-ны өдөр хүртэл түр хугацаатай ажиллаж байсан бөгөөд түүнтэй 2020.06.15-ны өдөр хүртэл хөдөлмөрийн түр гэрээ байгуулан ажилласан.

Тэрээр түр ажиллах тушаалтай, 2020.06.15-ны өдөр хүртэл ажиллах хөдөлмөрийн түр гэрээтэй, гэрээний хугацаа дууссан, түр гэрээ цаашид сунгагдахгүй тул түүний ажилд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлгүй гэж үзэж байна.

Корона вирусийн цар тахлын үеийн хорио цээр тогтоосон нөхцөлд БСШУС-ын сайдын 2020.04.17-ны А/194 дүгээр тушаалын дагуу Н.Аийг 2020.06.02-ны өдрөөр тасалбар болон ажлаас чөлөөлж, ажилласан хугацааны ээлжийн амралтыг 2020.07.29-ний өдөр хүртэл эдэлсэн тул ажилгүй хугацааны цалин нэхэмжпэх үндэслэлгүй болно.

Н.Аийг ажилд орсноос хойш ээлжийн амралт эдэлж дуусах хугацааны нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдсөн тул тэрээр 2020.08.01-нээс хойших хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг өөрөө хариуцах ёстой.

Н.А нь 26 жил хөдөө орон нутагт багшилсан боловч ажлын шаардлагыг бүрэн дүүрэн хангаж ажиллаагүй тул хөдөлмөрийн түр гэрээ сунгагдаагүй болно.

Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургууль нь шинээр ажилд орж байгаа багш ажилчидтай хөдөлмөрийн гэрээг түр болон туршилтын журмаар ажиллах гэж гэрээ байгуулдаг боловч түр болон туршилтын журмаар ажилд авдаггүй.

Хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа шинээр ажилд орж байгаа бол хугацаатай гэрээ байгуулах зарчмыг баримталдаг. Хугацаа гэдгийг тухайн хичээлийн жил гэж ойлгодог бөгөөд үүнийг түр гэж багш нар ярьдаг гэдгээ гэрчээр өгсөн мэдүүлэгтээ дурдсан.

Нэхэмжлэгч Н.Аийг анх ажилд ороход нь сургуулийн захиргааны зөвлөлийн хурлаар оруулж байсан бөгөөд тэр хурал дээр 2019.08.27-ны өдрөөс 2020.06.15-ны өдөр хүртэлх хугацаанд ажиллана, энэ хугацаанд сайн ажиллаж, хичээлийн жилийн хугацаанд чадварлаг, сайн багш гэдгээ харуулж чадвал хөдөлмөрийн гэрээг хугацаагүй болгоод үндсэн багшаар авна гэдгийг хэлэлцсэн. Үүнийг Н.А зөвшөөрч ажилд орсон мөртлөө бодит байдлыг гуйвуулж өөрт ашигтай байдлаар тайлбарлаж болохгүй юм.

Хичээлийн жилийн хугацаа гэдэг 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаа юм.

Түүнтэй 2019.12.27-ны өдөр байгуулсан гэрээ нь туршилтын хугацааг нь сунгасан, аль эсвэл үндсэн багшаар ажилд авсан зүйл биш юм. Учир нь сургуулийн захиралтай хөдөлмөрийн гэрээ байгуулахаас өмнө эхлээд сургалтын менежертэй үр дүнгийн гэрээ байгуулахыг шаарддаг.

Гэтэл Н.А нь 2019.11.19-ний өдөр сургалтын менежертэй үр дүнгийн гэрээг шахаж шаардуулсны эцэст байгуулсан. Үр дүнгийн гэрээгээр ямар бодлого баримталж ажиллах, ямар ахиц дэвшил гаргах, ямар аргаар хичээлээ заах гэдгийг тодорхойлсны эцэст хөдөлмөрийн гэрээ байгуулагддаг. Үр дүнгийн гэрээг ажилтан өөрөөр боловсруулах ёстой, үүнийг нотлох зорилгоор нэхэмжлэгчтэй нэг цаг хугацаанд ажилд орсон 4 багшийн үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээг шүүхэд нотлох баримтаар өгсөн.

Сургуулийн захиргаанаас 2019.12.27-ны өдөр бүх багш нарын хөдөлмөрийн гэрээг шинэчлэх үеэр Н.А гэрээгээ байгуулсан.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020.06.17-ны өдрийн А/194 тоот тушаал гарч 06 дугаар сарын эхний долоо хоногт багтаан багш нарын ээлжийн амралтыг олгох үүрэг чиглэл өгсний дагуу Н.Аийг 2020.06.02-ны өдрөөр тасалбар болгож, ажлаас чөлөөлсөн тушаал гарсан.

Сургуулийн дотоод журамд зааснаар багш, ажилчдын хөдөлмөрийн гэрээг сунгах эсэхийг захиргааны зөвлөлийн хурлын шийдвэрээр шийдвэрлэдэг бөгөөд Н.Аийг ажилд авах болон чөлөөлөхөд уг зөвлөлийн хурлаар хэлэлцсэн.

Зөвлөлийн бүрэлдэхүүнд бага ангийн багш нарыг хариуцсан сургалтын менежер, нийгмийн ажилтан багтдаг бөгөөд бага ангийн сургалтын 2 менежер түүний гэрээг сунгахгүй байх санал өгсөн.

Учир нь Н.А багш хичээлийн бус цагаар төлбөртэй давтлага өгдөг, дааж авсан ангийн сурлагын чанар муудсан, тэмцээн уралдаанд дээгүүрт ордог анги сурлагын чанараар сургуулийнхаа босго даваагүй, багш нарын ур чадварыг дүгнэх тэмцээнд хангалтгүй оролцсон гэх үндэслэл байсан.

Түүнээс гадна Н.Аийг бага ангийн багшаар 2019.08.27-ны өдрөөс 2020.06.15-ны өдөр хүртэл түр хугацаатай ажилд авсан 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/154 тоот тушаал байгаа бөгөөд үүнээс өөрөөр түүнийг туршилтын журмаар 3 сар болон үндсэн багшаар ажилд авсан гэх өөр ямар ч тушаал байхгүй.

Тушаалд хугацааг маш тодорхой зааж өгсөн, гэтэл уг тушаалыг үндэслэлгүй гэж нэхэмжлэгч нь өнөөдрийг хүртэл маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд ч энэ талаар дурдаагүй мөртлөө шүүхэд шаардлага гаргаж байгаа нь ойлгомжгүй байна.

Үүнээс үзэхэд Н.Аийг ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д заасныг баримталсан нь үндэслэлтэй болно.

Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан учраас гэрээг цааш сунгах эсэх асуудлыг сургуулийн захиргааны зөвлөлөөр авч хэлэлцэж, улмаар сунгах шаардлагагүй гэсэн шийдвэр гарсан учраас ажлаас чөлөөлөх тушаалыг гаргасан.

Түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэж хоёр дахь хэсгийг зааглан зааж өгсөн. Тэрээр гэрээ байгуулсан хэсэгт гарын үсэг зурсан байгаа тул гэрээнд ажилтан гарын үсэг зураагүй гэх зүйлгүй.

Ээлжийн амралтын зөрүүний талаар тайлбар хэлэхэд хөдөлмөрийн гэрээ нь сунгагдсан, үндсэн багшаар ажиллахаар болсон багш нар л 48 хоногийн хугацаатай ээлжийн амралтыг эдэлдэг.

Харин Н.А багш 2020.06.09-ний өдрөөр гэрээ нь цуцлагдсан учраас түүнд зуны 7, 8 дугаар сарын ээлжийн амралтыг тооцох боломжгүй. Ээлжийн амралтыг ямар журамд үндэслэн, хэрхэн тооцсон талаар сургуулийн нягтлан бодогч дэлгэрэнгүй тайлбар ирүүлснийг хэрэгт өгсөн.

Иймд Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуульд холбогдох сургуулийн захирлын 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/54 тоот тушаалыг хүчингүй болгуулах, бага ангийн багш ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 3.565.098 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлүүлж, тэдгээрт дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч Н.Аийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.А нь хариуцагч Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуульд холбогдуулан

Тус сургуулийн захирлын 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/54 тоот тушаалыг хүчингүй болгуулах, бага ангийн багш ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 3.565.098 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлүүлж, тэдгээрт дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь зөвшөөрөхгүй маргасан.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн захирлын 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/154 тоот тушаалаар Н.Аийг бага ангийн багш-аар 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл түр хугацаагаар ажилд авсан, мөн захирлын 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/54 тоот тушаалаар түүнийг ажлаас чөлөөлсөн болох нь тогтоогдож байх ба зохигч үүнтэй маргаагүй.

 

/хх-ийн 43-44 тал/

 

Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн захирлын 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/54 тоот тушаалаар ...Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалт, Захиргааны зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ дүгнэх хурлаар гэрээг цаашид сунгахгүйгээр шийдвэрлэсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-д заасны дагуу 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хөдөлмөрийн түр гэрээтэй ажиллаж байсан Н.Аийг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлж, ажилласан хугацааны амралтыг 36 хоногоор тооцон олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч нь мөн өдөр дээрх тушаалтай агуулгын хувьд ижил боловч ажилласан хугацааны амралтыг 48 хоногоор тооцон олгох тухай тушаал гаргасан байх ба амралтыг 36 хоногоор тооцсон тушаалыг хүчинтэй гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан болно.

/хх-ийн 7, 44 тал/

Нэхэмжлэгч Н.А болон тус сргуулийн нийгмийн ажилтан Д.Ариунболд нарын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Үр дүнгийн гэрээ,

Н.А болон тус сургуулийн захирал С.Марта нарын хооронд 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Туршилтын болон сургалт дадлагын хугацаагаар ажиллагсадтай хийх хөдөлмөрийн гэрээ тус тус байгуулагдсан байх ба үүнээс өөрөөр талуудын хооронд ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй байна.

/хх-ийн 4-6,45-47 тал/

Талуудын хооронд 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан гэрээгээр ажилтны албан тушаал-бага ангийн багш, гүйцэтгэх үүрэг-бага ангийн хичээл заах, сарын үндсэн цалин-787.701 төгрөг, ур чадварын нэмэгдэл 25 хувь, анги даалт 10 хувь, хөдөлмөрийн нөхцөл-хэвийн гэж тусгасан байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байх татгалзлын үндэслэлээ Н.Атэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, цаашид сунгагдахгүй болсон, тэрээр хичээлийн жилийн хугацаагаар буюу 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаатай түр ажилд авсан захирлын 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/154 тоот тушаалтай маргаагүй, Захиргааны зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ дүгнэх хурлаар түүнтэй байгуулсан гэрээг цаашид сунгахгүйгээр шийдвэрлэсэн гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэгч нь талуудын хооонд 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Туршилтын болон сургалт дадлагын хугацаагаар ажиллагсадтай хийх хөдөлмөрийн гэрээ-ний хугацааг 1 жил, хариуцагч нь 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаатай гэж маргасан.

Дээр дурдсан 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн гэрээний 2 дугаар зүйл буюу гэрээний үндсэн нөхцлийн 8-д хөдөлмөрийн гэрээний хугацаа-1 жилийн гэж, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан, гэрээг сунгасан тухай тэмдэглэл хэсэгт 2020.06.15 хүртэл хугацаатай гэж бичигджээ.

Уг гэрээнд 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ажил олгогч, ажилтан 2 тал гарын үсэг зурсан байх ба харин гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан, гэрээг сунгасан тухай тэмдэглэл хэсэгт ажил олгогч дангаар гарын үсэг зуржээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д:Хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно гэж зааснаас үзэхэд гэрээнд 2 тал хүсэл зоригийн илэрхийлэл болгож гарын үсэг зурсан 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-д заасны дагуу талууд харилцан тохиролцож 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж үндэслэлтэй байх бөгөөд 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаатай байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д :Аль нэг тал дангаараа хөдөлмөрийн гэрээний заалтыг өөрчилж болохгүй гэж заасантай нийцсэн гэх боломжгүй.

Хариуцагч Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.1.5-д:Ажилтантай 1 хичээлийн жилийн хугацаагаар түр гэрээ байгуулж ажиллана. Хугацаа дуусмагц тухайн ажилтны ажлын үр дүн, гэрээний биелэлтийг дүгнэж, ажилтныг үндсэн орон тоонд цаашид ажиллуулах эсэхийг шийдвэрлэнэ,

6.2.1-д:Жил бүрийн 6 сарын 15-нд хөдөлмөрийн гэрээг дүгнэж сунгах, эс сунгах шийдвэрийг захиргааны зөвлөл гаргана гэж тусгасан байна.

/хх-ийн 48-58 тал/

Бага, дунд боловсролын тухай хуулийн 15 дугаар зүйлд ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жил нь 9 дүгээр сарын 1-ний өдөр эхлэх бөгөөд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тухайн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг харгалзан боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн үед нь өөрчилж болох ба хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах болон суралцагчдын амралтын хугацааг мөн хуульд зааснаас бусад нөхцөлд өөрчлөх, хичээлийг түр хугацаагаар хаахыг хориглоно гэжээ.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-д:ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл, улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар, шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын болон дагалдан ажиллуулах хугацаагаар гэж заасныг тус сургуулийн дотоод журмын 6.1.5 дах ажилтантай 1 хичээлийн жилийн хугацаагаар түр гэрээ байгуулж ажиллана гэсэн нь зөрчсөн гэж үзэхээр байна.

 

Тус сургуулийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн захиргааны зөвлөлийн хурлаар :...2019-2020 оны хичээлийн жилд тус сургуулийн Багшийн ажлын байрны сул орон тоо-нд болон жирэмсний амралттай хүмүүсийн оронд түр хөдөлмөрийн гэрээ, тушаалтай ажиллаж байгаа багш нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дүгнэх, сунгах, эс сунгах асуудал-ын талаар хэлэлцсэн байх ба уг хурлаас бага ангийн багш Н.Аийн хөдөлмөрийн гэрээг шаардлага хангахгүй шалтгаанаар сунгахгүй байх шийдвэр гаргажээ.

/хх-ийн 59-64 тал/

Үүнээс үзэхэд тус сургуулийн захиргааны зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хурлаах нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг шаардлага хангаагүй гэж үзэн сунгахгүй байхаар шийдвэрлэсэн гэх боловч Н.Аийн ажлын үзүүлэлтийг хэзээ, хэрхэн, ямар удирдамжийн үндсэн дээр дүгнэсэн болох, ийнхүү дүгнэсний эцэст ямар шаардлага, нөхцлийг хангаагүй талаарх баримтыг түүнд танилцуулсан эсэх нь тодорхойгүй байна.

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Н.А нь 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуульд бага ангийн багшаар хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажиллаж байсан байх ба талуудын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хугацаатай байгуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д:Жил, хагас жил, улирал, сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусна. Хугацаа дуусах сарын мөн өдөр байхгүй бол уг хугацаа тухайн сарын эцсийн өдөр дуусна гэж заасан.

Талуудын хооронд 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулагдсан гэж шүүх дүгнэж байх тул тэдний хооронд байгуулагдсан гэрээний хугацаа дуусгавар болоогүй гэж үзэх үндэслэлтэй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр Н.Аийг Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн бага ангийн багш ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, түүнийг уг ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Ажил олгогчийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/154 дугаартай тушаалаар Н.Аийг 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл түр хугацаагаар авч ажиллуулсан тушаалын үндэслэлийн талаар нэхэмжлэгч маргаагүй нь түүний ажлаас үндэслэлгүй халагдсан талаарх гомдлоо гаргахад саад учруулах үндэслэл болохгүй юм.

Ажил олгогчийн тушаал нь цаашид эрх зүйн дагаврыг үүсгэхгүй тул уг тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэв.

Нэхэмжлэгч Н.Аийг урд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул түүний урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож шийдвэрлэх нь зүйтэй.

Нэхэмжлэгч Н.А нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх ажилгүй байсан 53 хоногийн хугацаанд 3.565.098 төгрөг нэхэмжилжээ.

Нийгмийн Хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-ийн а-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу...буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүүг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж зааснаар тооцоход Н.Аийн №0335928 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр дэх 2020 оны 3,4,5 дугаар сарын дундаж цалин /4.338.657/-г тооцоход 1.446.219 төгрөг гэж үзэв.

Н.Аийн ажилгүй байсан 2020.08.28-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны ажлын 53 хоногийн дундаж цалин, хөлстэй тэнцэх олговорт /1.446.219төгрөг/21.5хоног=67.266төгрөгх53хоног=3.565.098/ 3.565.098 төгрөгийг Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулиас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т:Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн захирал болон нягтлан бодогчид Н.Аийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасч тооцох, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Н.А ажлаас үндэслэлгүй халагдсан гэх гомдлоо 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан: Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэх заалтад нийцжээ.

 

/хх-ийн 3 тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн хуулийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Аийг хариуцагч Н.Д.С-ийн  бага ангийн багш ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Н.Д.С-с  ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3.565.098 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Ат олгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Аийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг харуцагч Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн захирал болон нягтлан бодогчид даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурьдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 18.220 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас буцаан гаргуулж Н.Ат олгож, хариуцагч Н.Д.С-с улсын тэмдэгтийн хураамжид 71.992 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ