Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2021/00318

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2021/00318

 

 

я.э-ы

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2020/03564 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч я.э-ы хариуцагч Г.Э-, Б.Б- нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 35 046 000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Б.Б-, түүний өмгөөлөгч М.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

я.э- нь Г.Э- болон Б.Б- нартай 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан 20 000 000 төгрөгийг нэг сарын 6 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл зээлдүүлж хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон ч зээлдүүлэгчээс зээлдэгч Б.Б-гийн дансанд 19 800 000 төгрөгийг бодитоор шилжүүлэн зээлийн гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Б.Б-, Г.Э- нар нь зээлийн төлбөрөө төлөөгүй, үндсэн зээл 19 800 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцсоны дагуу нэг сарын хүү 1 188 000 төгрөг бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл буюу 3 сарын хүү 3 564 000 төгрөг төлөх үүрэгтэй байна. Мөн зээлийн гэрээний 2 дахь хэсэгт хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно гэж заасан бөгөөд зээлдэгч нар нь зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлийн гэрээний үүргийг огт биелүүлээгүй. Иймээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 23 364 000 төгрөгөөс 0.5 хувиар алданги тооцоход нэг өдрийн алданги нь 116 820 төгрөг болно. Иймд зээлдэгч нараас үндсэн зээл 19 800 000 төгрөг, түүний хүү 3 564 000 төгрөг, алданги 11 682 000 төгрөг нийт 35 046 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн зээлдэгч нар нь тус зээлийн гэрээний барьцаанд зээлдэгч Г.Э- болон бусад 3 хүний өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201006659 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 1-р хороолол, ЦС-ын 5 дугаар байр 33 тоот хаягт байршилтай 32 м.кв талбайтай 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулж барьцааны гэрээг нотариатчаар гэрчлүүлснээс гадна улсын бүртгэлд бүртгүүлсэн. Хариуцагч нар нь өнөөдрийг хүртэл зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний үүргийг биелүүлэхгүй байгаа тул дээрх барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү. 2015-2016 оны хооронд 6 удаагийн зээл олгосон, бусад зээлийн эргэн төлөлтүүд, тооцоо дууссан, сүүлийн 19 800 000 төгрөгийн зээлийн төлөлт хийгээгүй тул нэхэмжилж гаргасан, өөр ярих зүйлгүй гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч я.э- нь хариуцагчид 2015-2016 оны хооронд 5-6 удаагийн зээл олгосон байдаг ба тухай бүр зээлийн эргэн төлөлтүүдийг авдаг байсан ба түүний хамгийн сүүлд олгосон зээл нь 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 19 800 000 төгрөгийн зээл юм. я.э- нь төрийн байгууллагад тэр дундаа төрийн тусгай албанд ажилладаг учир өөрөө зээлийн гэрээгээ байгуулж зээлийн эргэн төлөлтүүдийг өөрийн ажилтан болох М.М-ын Хаан Банкны 500646254 тоот дансаар дамжуулан авдаг байсан боловч шүүхийн байгууллагад хүү болоод үндсэн зээлээс нэг ч төгрөг төлөөгүй хэмээн үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргаж түүнчлэн алданги тооцсон байна. Нэхэмжлэгч нь авсан төлбөрөө аваагүй мэт дахин төлбөр авах зорилгоор шүүхийн байгууллагад хандсан нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч болоод түүний төлөөлөгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн төлбөрийг шүүхийн байгууллагад өмнөх зээлийн гэрээний төлбөр үндэслэлгүй худал хуурмаг тайлбар гаргаж авсан төлбөрөө дахин авах, түүнээс алданги тооцох цаашлаад амар хялбар аргаар үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэж оролдож байх тул тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан хэлцэл нь хүчин төгөлдөр бус ба энэхүү гэрээний дагуу хүү, алданги шаардах эрхгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Б-, Г.Э- нараас 35 046 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч я.э-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, ЦС 5 дугаар байр, 33 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2201006659 дугаарт бүртгэлтэй, 000166193 дугаар гэрчилгээ бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 403 380 төгрөгийг үлдээж, хариуцагч Б.Б-, Г.Э- нараас 403 380 төгрөг гаргуулж нэхэмжлэгч я.э-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т давж заалдах гомдолдоо:

... Шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед даргалагч шүүгчээс татгалзан гаргах хүсэлт гаргасан боловч тэрээр татгалзлыг хүлээж авахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэргийг шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2 дахь хэсэгт хариуцагч болоод түүний төлөөлөгч шүүгчээс татгалзан гаргах хүсэлтэй шүүх хуралдаан эхлэхээс өмнө эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэх үүрэгтэй хэмээн хуульчилсан зохицуулалтын дагуу түүнээс татгалзах хүсэлттэй байгаагаа түүнд мэдэгдсэн боловч өөрөөс татгалзаж байгаа үндэслэл тайлбарыг сонсохгүйгээр хурлыг шууд үргэлжлүүлсэн, намайг шүүх хуралдаан дээр гаргах тайлбар байхгүй гэж оролцсон мэтээр дурдаж шийдвэрлэсэн байна. Түүнчлэн хариуцагчийн зүгээс өөрийн татгалзалтай холбоотойгоор хэргийн бодит нөхцөл байдлыг мэдэх нэр бүхий М.Э-, М.М-, Д.А- нарыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан боловч хангахаас татгалзсан атлаа шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийхгүй орхигдуулсан байна. Гэрч М.Э- нь хариуцагч Б.Б-гийн нөхөр ба тэрээр өөрийн данснаас Б.Б-гийн өмнөөс 10 856 000 төгрөг төлсөн ба энэ нь маргаан бүхий 19 800 000 төгрөгийн зээлийн эргэн төлөлт юм. Гэрчээр юуны мөнгө төлсөн, хэдэн төгрөг төлсөн талаар тодруулах зорилгоор асуулгах хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх татгалзсан ба татгалзсан үндэслэлээ тайлбарлаагүй. Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт өмнө нь хэд хэдэн зээлийн харилцаатай байгаа талаар дурдсан ба эдгээрийн эргэн төлөлтийг нэхэмжлэгч я.э-ы ажилтан болох М.М-ын Хаан банкны дансаар дамжуулан бүрэн төлж дууссан боловч анхан шатны шүүх өмнөх зээлийн эргэн төлөлттэй холбоотой нөхцөл байдлыг мэдэх бүх төлбөрийг өөрийн дансаар авсан М.М-ыг гэрчээр асуулгах хүсэлтийг мөн хангахаас татгалзсан. Хэрэв бодит нөхцөл байдлыг мэдэх М.М-ыг гэрчээр асуусан бол Б.Б-гаас ямар үндэслэлээр юуны төлбөр авч байсан нийт хэдэн төгрөг авсан зэрэг үйл баримт тогтоогдох байсан. Түүнчлэн өмнөх зээлүүд нь өдрийн зээл буюу өдөр болгон 40-50 төгрөг төлж явдаг байсан зээл юм. Түүнчлэн я.э- нь өмнөх зээлийг дуусгавар болгосны дараагаар дараа дараагийн зээлийн гаргадаг ба тэрээр өөрөө Хүнс Хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яаманд дарга албан тушаалтай байсан тул зээлийн эргэн төлөлтийг өөрийн ажилтан М.М-ын дансаар авдаг байсан. М.Э-ын данснаас орсон төлбөр нь дандаа 1 000 000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй гарсан ба хамгийн сүүлийн зээлийн эргэн төлөлт юм гэвч нэхэмжлэгч нь өмнөх зээлийн эргэн төлөлт болох 19 800 000 төгрөгтэй огт холбоогүй хэмээн тайлбарлаж авсан төлбөрөө огт хамааралгүй мэт тайлбарлаж байхад анхан шатны шүүх бодит нөхцөл байдлыг мэдэх гэрч нарыг асууж тодруулаагүй атлаа анх товлон зарлагдсан анхны шүүх хурлаар хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч я.э- нь хариуцагч Г.Э-, Б.Б- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 35 046 000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч нар нь ... я.э- нь төрийн албан хаагч учраас өөрийн дансаараа зээлийн мөнгөө авдаггүй байсан, харин өөрийн ажилтан М.М-ын дансаар зээлийн буцаан төлөлтийг авдаг байсан, я.э-аас удаа дараа зээл авч төлж байсан гэж тайлбарлан М.М-ыг гэрчээр асуулгах хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Мөн хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд С.Э, М.М-, Д.А- нар нь зээлийг эргэн төлсөн талаар мэднэ, нэхэмжлэлд дурдсан 19 800 000 төгрөгийн зээлээс 10 856 000 төгрөгийг С.Э-ын дансаар төлсөн, иймээс тэднийг гэрчээр оролцуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. /хх103/

 

я.э-аас удаа дараа зээл авч, М.М-ын дансаар төлдөг байсан, 19 800 000 төгрөгийн зээлээс тодорхой дүнгээр зээл төлөгдсөн гэж хариуцагч, өмнөх зээлийн төлбөрийн тооцоог дуусгасан гэж нэхэмжлэгч тайлбарласан боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул зээл төлөгдсөн эсэх маргааны үйл баримт тогтоогдоогүй байна.

 

Иймд маргааны үйл баримтыг тодруулахаар хариуцагчаас гаргасан гэрч асуулгах хүсэлт нь хэрэгт ач холбогдолтой байхад шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШЗ2020/15486 дугаар захирамжаар хангалгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ. /хх106-107/ Учир нь хэргийн оролцогч өөрөө бүрдүүлэх боломжгүй нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн журмаар бүрүүлэх хүсэлт гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзнэ.

 

Иймд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх гомдлыг хангаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д энэ хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж шийдсэн гэж үзэх тул дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна.

 

Харин шүүгчээс татгалзсаныг өөрөө шийдвэрлэсэн гэх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй. Шүүх хуралдаан даргалагч хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шүүгчээс татгалзах эсэхийг шүүх хуралдааны оролцогчдоос асуухад хариуцагч тал татгалзалгүй гэсэн боловч хүсэлтийг нь хэрэгсэхгүй болгосонтой холбоотойгоор шүүгчээс татгалзсаныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсгийг баримталж шийдвэрлэснийг буруутгахгүй.

 

Шүүх нотлох баримт бүрдүүлэх талаарх хэргийн оролцогчийн хүсэлтийг хангаагүй, маргааны үйл баримт тогтоогдоогүй, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2020/03564 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 403 380 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

А.ОТГОНЦЭЦЭГ