Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 210/МА/2020/02289

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Хгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2020/03306 дугаар шийдвэртэй

нэхэмжлэгч Г.Хгийн нэхэмжлэлтэй хариуцагч НШШГГт холбогдох

үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Г.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нандин-Од шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2019/00260 дугаар шийдвэрээр Г.Хгээс 38 922 500 төгрөг гаргуулж “Капитрон банк” ХХК-д олгож шийдвэрлэсэн. Улмаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр НШШГГт гүйцэтгэх ажиллагаа явуулж, барьцаа хөрөнгө болох Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Майхан толгой СБ /14150/, 4 дүгээр гудамж 452/1 тоот 144 м.кв хувийн сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийг удирдлага болгон “Мөнх оргил трейд” ХХК-иар үнэлүүлсэн. Ингэхдээ шинжээч нь миний хөрөнгийг илтэд нэг талыг барьж үнэлсэн бөгөөд газар, 2 үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс маш хямдаар үнэлсэнд гомдолтой байна. Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Майхан толгойд байрлах газрын зах зээлийн үнэлгээ дунджаар 40 000 000 төгрөг, нэг байшингийн үнэлгээ 70 000 000 төгрөг*2=140 000 000 төгрөг, дээрх хөрөнгө нийлээд 180 000 000 төгрөгийн үнэлгээтэй болно гэж үзэж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 4/19005 тоот мэдэгдлийг өмнөх төлөөлөгч Л.Золзаяа гардаж аваад гарын үсэг зурсан, уг мэдэгдлийг гардаж авсан эсэхтэй маргах зүйлгүй. Үнэлгээтэй холбоотой гомдлын талаар 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс өмнө шүүхэд хандсан талаарх баримт байхгүй. Мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.8-д хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл гэх зэргийг тусгасан байхыг шаарддаг. Гэтэл шинжээч нь үнэлгээний тайланг гаргахдаа өөр бусад 3 хөрөнгөтэй харьцуулсан байх боловч харьцуулсан гурван хөрөнгийн мэдээлэл нь тодорхой биш байгаа нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, уг заалтад нийцээгүй гэж үзэж байна. Иймд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Майхан толгой СБ /14150/, 4 дүгээр гудамж 452/1 тоот 144 м.кв Ү-2203033669 дугаарт бүртгэгдсэн хувийн сууц, мөн хаягт бүртгэгдсэн Ү-2203033670 дугаарт бүртгэгдсэн 452/2 тоот хувийн сууц, зуслангийн газрыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Майбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн 101/ШШ2019/00260 дугаартай шийдвэрээр Г.Хгээс 38 922 500 төгрөгийг гаргуулж Капитрон банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 19261007 дугаар тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгч Г.Хд шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдэхэд төлбөр төлөөгүй тул түүний барьцааны хөрөнгө болох Сүхбаатар дүгээр, 19 дүгээр хороо, Майхан толгой СБ /14150/, 4 дүгээр гудамж 452/1 тоот 144 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байршилтай 452/2 тоот 144 м.кв талбайтай хувийн сууц, /186400330815323/ нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний эзэмшлийн газрын хамт 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 19261007/04 дүгээр тогтоолоор битүүмжилж 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 19261007/04 дүгээр тогтоолоор хураасан. Төлбөрт хураагдсан хөрөнгөнд төлбөр төлөгч Г.Х тогтоосон хугацаанд үнийн санал ирүүлээгүй, төлбөр авагч Капитрон банк шинжээч томилуулах хүсэлт илгээсэн. Үүний дагуу 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 5/282 дугаартай шинжээч томилох тогтоолоор “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилж, мөн өдөр шинжээчид эрх, үүрэг танилцуулсан ба шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгө, газрын хамт 108 800 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг ирүүлсэн. Уг үнэлгээг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 4/19005 дугаартай мэдэгдлээр төлбөр төлөгчийн төлөөлөгч Л.Золзаяад гардуулан өгч, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдсэн болно. Төлбөр төлөгч Г.Хгийн төлөөлөгч Л.Золзаяад 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр үнэлгээг танилцуулж, энэ талаарх тэмдэглэл үйлдсэн байтал тэрээр үнэлгээтэй холбоотой гомдлоо 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд гаргасан нь хуульд заасан үнэлгээтэй холбоотой гомдлыг 7 хоногийн дотор шүүхэд гаргах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул Г.Хгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул хариуцагч НШШГГт холбогдох Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2019/00260 дугаартай шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн, Эрхийн улсын бүртгэлийн Y-2203033669 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой СБ/14150/, 4 дүгээр хэсэг гудамж, 452/1 тоот хаягт байршилтай, 144 м.кв талбай бүхий хувийн сууц, Эрхийн улсын бүртгэлийн Y-2203033670 дугаарт бүртгэгдсэн,Y-Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой СБ/14150/, 4 дүгээр хэсэг гудамж, 452/2 тоот хаягт байршилтай, 144 м.кв талбай бүхий хувийн сууц, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой, нэгж талбарын 18640330815323 дугаарт бүртгэлтэй, 400 м.кв талбай бүхий зуслангийн зориулалттай эзэмших эрхтэй газар зэргийг үнэлсэн Мөнх Оргил Трейд ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн №68/Ш тоот үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Г.Хгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

Нэхэмжлэгч Г.Х давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Шүүх одоогийн бодит үнэ ханш газрын зах зээлийн үнэлгээ дунджаар 40 000 000 төгрөг, нэг хувийн сууцны үнэлгээ дунджаар 70 000 000 төгрөг, нийт 180 000 000 төгрөг байгаа гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаархи нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна гэж үзээд үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн. Гэтэл миний газар, хувийн сууцны бодит зах зээлийн үнэлгээ дунджаар 180 000 000 төгрөгөөр үнэлэгдэж байгаа учраас орон сууцыг минь доогуур үнэлсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Г.Х нь хариуцагч НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэсэн тайлбар гаргасан байна. /хх.1, 51/

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 00260 дугаар шийдвэрээр хариуцагч  Г.Хгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 32 628 463 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 943 258 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 464 дугаар магадлалаар хариуцагч Г.Хгээс 38 5714 721 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-д олгож, хариуцагч нь дээрх үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг НШШГГт даалгаж шийдвэрлэжээ. /хх.54-60/

НШШГГ 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай 19261007/4 тоот тогтоолоор Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой СБ/14150/, 4 дүгээр хэсэг гудамж, 452/1 тоот хаягт байршилтай, 144 м.кв талбай бүхий хувийн сууц, Эрхийн улсын бүртгэлийн Y-2203033670 дугаарт бүртгэгдсэн,Y-Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой СБ/14150/, 4 дүгээр хэсэг гудамж, 452/2 тоот хаягт байршилтай, 144 м.кв талбай бүхий хувийн сууц, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой, нэгж талбарын 18640330815323 дугаарт бүртгэлтэй, 400 м.кв талбай бүхий зуслангийн зориулалттай эзэмших эрхтэй газрыг тус тус битүүмжлэн хураасан байна. /хх.64-65/

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч Г.Хд 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 4/17376 тоот мэдэгдэх хуудсуудаар үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдсэн боловч тогтоосон хугацаанд үнийн санал ирүүлээгүй болно. /хх.69/

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 5/282 тоот “Шинжээч томилох тухай тогтоол”-оор дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал болгох доод үнийг тогтоолгохоор “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

“Мөнх-Оргил трейд” ХХК орон сууцыг 108 800 000 төгрөгөөр үнэлж дүгнэхдээ зах зээлийн хандлага, орлого хандлага, өртгийн хандлага зэргийг баримтлан дүгнэсэн байна. /хх.4-22/

Хөрөнгийн үнэлгээний тайланг өмчлөгч Г.Хд 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр танилцуулсан /хх 93/ байх бөгөөд 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 12467 дугаар шүүгчийн захирамжаас үзэхэд нэхэмжлэгч нь шүүхэд 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлээ гаргажээ. /хх.1/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт “талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан, анхан шатны шүүх нэхэмжлэгч нь үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээ 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гаргасан байгаа нь хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм. 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2020/03306 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                              ШҮҮГЧИД                             Б.НАРМАНДАХ

                                                                                           Ц.ИЧИНХОРЛОО