Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2020/03306

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баянмонгол хороолол 403 дугаар байр 54 тоот хаягт оршин суух, Г.Х нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3 хаягт байрлах, НШШГГт холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Б нар оролцов.

Шүүх хурал

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Х нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2019/00260 дугаар шийдвэрээр Г.Хгээс 38.922.500 төгрөг гаргуулж, Капитрон банк ХХК-д олгож шийдвэрлэсэн.

Улмаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр НШШГГт гүйцэтгэх ажиллагаа явуулж, барьцаа хөрөнгө болох Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Майхан толгой СБ /14150/, 4 дүгээр гудамж 452/1 тоот 144 м.кв Ү-2203033669 дугаарт бүртгэгдсэн хувийн сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийг удирдлага болгон Мөнх оргил трейд ХХК-иар үнэлүүлсэн.

Ингэхдээ шинжээч нь миний хөрөнгийг илтэд нэг талыг барьж үнэлсэн бөгөөд газар, 2 үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс маш хямдаар үнэлсэнд гомдолтой байна.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Майхан толгойд байрлах газрын зах зээлийн үнэлгээ дунджаар 40.000.000 төгрөг, нэг байшингийн үнэлгээ 70.000.000 төгрөг*2=140.000.000 төгрөг, дээрх хөрөнгө нийлээд 180.000.000 төгрөгийн үнэлгээтэй болно гэж үзэж байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020.05.26-ны өдрийн 4/19005 тоот мэдэгдлийг өмнөх төлөөлөгч Л.Золзаяа гардаж аваад гарын үсэг зурсан, уг мэдэгдлийг гардаж авсан эсэхтэй маргах зүйлгүй.

Үнэлгээтэй холбоотой гомдлын талаар 2020.06.16-ны өдрөөс өмнө шүүхэд хандсан талаарх баримт байхгүй.

Зах зээл дээр дээрх зуслангийн газар 40.000.000 төгрөг, байшин 70.000.000 төгрөг гэх үнэлгээтэй холбоотой баримт байхгүй, энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

Мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9.3 дугаар зүйлийн 9.3.8-д:хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл гэх зэргийг тусгасан байхыг шаарддаг. Гэтэл шинжээч нь үнэлгээний тайланг гаргахдаа өөр бусад 3 хөрөнгөтэй харьцуулсан байх боловч харьцуулсан гурван хөрөнгийн мэдээлэл нь тодорхой биш байгаа нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан шаардлагыг хангаагүй, уг заалтад нийцээгүй гэж үзэж байна.

Иймд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Майхан толгой СБ /14150/, 4 дүгээр гудамж 452/1 тоот 144 м.кв Ү-2203033669 дугаарт бүртгэгдсэн хувийн сууц, мөн хаягт бүртгэгдсэн Ү-2203033670 дугаарт бүртгэгдсэн 452/2 тоот хувийн сууц, зуслангийн газрыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Майбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн 101/ШШ2019/00260 дугаартай шийдвэрээр Г.Хгээс 38.922.500 төгрөгийг гаргуулж Капитрон банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 19261007 дугаар тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгч Г.Хд шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдэхэд төлбөр төлөөгүй тул түүний барьцааны хөрөнгө болох Сүхбаатар дүгээр, 19 дүгээр хороо, Майхан толгой СБ /14150/, 4 дүгээр гудамж 452/1 тоот 144 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2203033669 дугаарт бүртгэлтэй хувийн сууц, мөн хаягт байршилтай 452/2 тоот 144 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2203033670 дугаарт бүртгэлтэй хувийн сууц, /186400330815323/ нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний эзэмшлийн газрын хамт 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 19261007/04 дүгээр тогтоолоор битүүмжилж 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 19261007/04 дүгээр тогтоолоор хураасан.

Төлбөрт хураагдсан хөрөнгөнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч Г.Х тогтоосон хугацаанд үнийн санал ирүүлээгүй, төлбөр авагч Капитрон банк шинжээч томилуулах хүсэлт илгээсэн.

Үүний дагуу 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 5/282 дугаартай шинжээч томилох тогтоолоор Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилж, мөн өдөр шинжээчид эрх, үүрэг танилцуулсан ба шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгө, газрын хамт 108.800.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг ирүүлсэн.

Уг үнэлгээг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020.05.26-ны өдрийн 4/19005 дугаартай мэдэгдлээр төлбөр төлөгчийн төлөөлөгч Л.Золзаяад гардуулан өгч, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдсэн болно.

Төлбөр төлөгч Г.Хгийн төлөөлөгч Л.Золзаяад 2020.05.26-ны өдөр үнэлгээг танилцуулж, энэ талаарх тэмдэглэл үйлдсэн байтал тэрээр үнэлгээтэй холбоотой гомдлоо 2020.07.07-ны өдөр шүүхэд гаргасан нь хуульд заасан үнэлгээтэй холбоотой гомдлыг 7 хоногийн дотор шүүхэд гаргах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул Г.Хгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Х нь хариуцагч НШШГГт холбогдуулан Эрхийн улсын бүртгэлийн Y-2203033669 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой СБ/14150/, 4 дүгээр хэсэг гудамж, 452/1 тоот хаягт байршилтай, 144 м.кв талбай бүхий хувийн сууц,

Эрхийн улсын бүртгэлийн Y-2203033670 дугаарт бүртгэгдсэн,Y-Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой СБ/14150/, 4 дүгээр хэсэг гудамж, 452/2 тоот хаягт байршилтай, 144 м.кв талбай бүхий хувийн сууц,

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой, нэгж талбарын 18640330815323 дугаарт бүртгэлтэй, 400 м.кв талбай бүхий зуслангийн зориулалттай эзэмших эрхтэй газар зэргийг үнэлсэн Мөнх Оргил Трейд ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 68/Ш үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч НШШГГ нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, үнэлгээний талаарх саналаа ирүүлэхийг төлбөр төлөгчид мэдэгдсэн, үнэлгээний талаар гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргасан.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2019/00260 дугаартай шийдвэрээр:

Хариуцагч Г.Хгээс 32.628.463 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Капитрон банк ХХК-д олгож, нэхэмжлэлээс 5.943.258 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Г.Х үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ипотекийн зүйл болох түүний өмчлөлийн улсын бүртгэлийн Y-2203033669 дугаартай, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой СБ /14150/, 4 дүгээр хэсэг гудамж, 452/1 тоот хаягт байршилтай, 144 м.кв хувийн сууц, улсын бүртгэлийн Y-2203033670 дугаартай, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой СБ/14150/, 4 дүгээр хэсэг гудамж, 452/2 тоот хаягт байршилтай, 144 м.кв хувийн сууц,

Түүний эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой, нэгж талбарын 18640330815323 дугаарт бүртгэлтэй, 400 м.кв зуслангийн зориулалттай эзэмшил газрыг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс 32.628.463 төгрөгийг гаргуулж, Капитрон банк ХХК-д олгохыг НШШГГт даалгаж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 464 дугаартай магадлалаар:

Дээрх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг ...хариуцагч Г.Хгээс 38.571.721 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Капитрон банк ХХК-д олгосугай гэж өөрчлөн, 2 дахь заалтын ...үнийн дүнгээс 32.628.463 төгрөгийг гаргуулж Капитрон банк ХХК-д олгохыг гэснийг ...үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг гэж өөрчлөн найруулж, 3 дахь заалтын 391.292 гэснийг 350.808 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна. /хх-ийн 53-55, 56-59 тал/

Дээрх шийдвэрийг төлбөр төлөгч Г.Хг сайн дураараа биелүүлээгүй гэж үзсэн төлбөр авагч Капитрон банк ХХК-ийн хүсэлтээр тус шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 101/ГХ2019/00544 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэнийг үндэслэн хариуцагч НШШГГ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан болох нь хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдсон.

/хх-ийн 52, 60 тал/

 

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хариуцагч нь төлбөр төлөгч Г.Хгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгасан түүний өмчлөл, эзэмшлийн улсын бүртгэлийн Y-2203033669 дугаартай, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой СБ /14150/, 4 дүгээр хэсэг гудамж, 452/1 тоот хаягт байршилтай, 144 м.кв хувийн сууц, улсын бүртгэлийн Y-2203033670 дугаартай, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой СБ/14150/, 4 дүгээр хэсэг гудамж, 452/2 тоот хаягт байршилтай, 144 м.кв хувийн сууц,Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой, нэгж талбарын 18640330815323 дугаарт бүртгэлтэй, 400 м.кв зуслангийн зориулалттай эзэмшил газрыг битүүмжилж, хураан авсан байх ба эдгээр ажиллагааны талаар төлбөр төлөгч гомдол гаргаагүй байгаа нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд нийцсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсгийг зөрчөөгүй гэж үзнэ. /хх-ийн 63-65, 65-66 тал/

 

Төлбөр төлөгч Г.Хд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжлэн, хураасан өмчлөл, эзэмшлийн хувийн сууц, газрын талаарх үнэлгээний санал өгөхийг 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр мэдэгдсэн байх ба тэрээр үнийн санал өгөөгүй байгаагаас үзэхэд талууд хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй байна. /хх-ийн 68 тал/

 

Нэгэнт талууд хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №5/282 тоот Шинжээч томилох тухай тогтоол-оор хөрөнгийн үнэлгээний Мөнх Оргил Трейд ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д тус тус заасантай нийцсэн байх ба уг ажиллагааг дээр дурдсан хуулиар тогтоосон журам зөрчсөн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй. /хх-ийн 69 тал/

 

Мөнх Оргил Трейд ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн №68/Ш тоот үнэлгээний тайлангаар Г.Хгийн өмчлөлийн хувийн сууц, эзэмшлийн газрыг 108.800.000 төгрөгөөр үнэлжээ. /хх-ийн 71-90 тал/

 

Хариуцагч нь 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Мөнх Оргил Трейд ХХК-ийн үнэлгээг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсан, уг үнэлгээг төлбөр төлөгч Г.Хгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяад 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр мэдэгдэж, танилцуулсан, мөн өдөр тэмдэглэл хөтөлсөн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д:Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасантай нийцжээ. /хх-ийн 90-92 тал/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д:Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж зааснаас үзэхэд талууд уг мэдэгдлийг хүлээн авснаас хойш үнэлгээтэй холбогдсон гомдлыг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн дотор шүүхэд гаргахаар байна.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн тус шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШЗ2020/12467 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжаас үзэхэд Г.Х нь үнэлгээний талаарх гомдлоо 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан нь тогтоогдож байх ба тэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд гаргаагүй, уг хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. /хх-ийн 23-24, 25-26 тал/

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй зах зээлийн дунджаар үл хөдлөх эд хөрөнгө нэг бүрийн үнэ 70.000.000 төгрөг, 2 хөрөнгийнх 140.000.000 төгрөг, газрын үнэ 40.000.000 төгрөг, нийт 180.000.000 төгрөг, түүнчлэн хуульд заасан хугацааны дотор шүүхэд гомдол гаргасан гэдгийг нотолсон баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд гаргаагүй, тодруулбал энэхүү тайлбараа баримтаар нотолсонгүй.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдлыг уг үнэлгээг мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн болох нь тогтоогдож байна гэж үзэв.

 

Иймд хариуцагч НШШГГт холбогдох Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2019/00260 дугаартай шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн

Эрхийн улсын бүртгэлийн Y-2203033669 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой СБ/14150/, 4 дүгээр хэсэг гудамж, 452/1 тоот хаягт байршилтай, 144 м.кв талбай бүхий хувийн сууц,

Эрхийн улсын бүртгэлийн Y-2203033670 дугаарт бүртгэгдсэн,Y-Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой СБ/14150/, 4 дүгээр хэсэг гудамж, 452/2 тоот хаягт байршилтай, 144 м.кв талбай бүхий хувийн сууц,

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой, нэгж талбарын 18640330815323 дугаарт бүртгэлтэй, 400 м.кв талбай бүхий зуслангийн зориулалттай эзэмших эрхтэй газар зэргийг үнэлсэн Мөнх Оргил Трейд ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн №68/Ш тоот үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Г.Хгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116,118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул хариуцагч НШШГГт холбогдох

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2019/00260 дугаартай шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн

Эрхийн улсын бүртгэлийн Y-2203033669 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой СБ/14150/, 4 дүгээр хэсэг гудамж, 452/1 тоот хаягт байршилтай, 144 м.кв талбай бүхий хувийн сууц,

Эрхийн улсын бүртгэлийн Y-2203033670 дугаарт бүртгэгдсэн,Y-Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой СБ/14150/, 4 дүгээр хэсэг гудамж, 452/2 тоот хаягт байршилтай, 144 м.кв талбай бүхий хувийн сууц,

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой, нэгж талбарын 18640330815323 дугаарт бүртгэлтэй, 400 м.кв талбай бүхий зуслангийн зориулалттай эзэмших эрхтэй газар зэргийг үнэлсэн Мөнх Оргил Трейд ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн №68/Ш тоот үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Г.Хгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШЗ2020/14751 тоот захирамжаар авсан Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ нь хэвээр байхыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ