Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2020/02288

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2020/02288

 

 

Ц.Агийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2020/03341 дугаар шийдвэртэй

нэхэмжлэгч Ц.Агийн нэхэмжлэлтэй хариуцагч НШШГГт холбогдох

үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Халиунжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 604 дугаар захирамжаар М.Б, Ц.А нараас 128 374 747 төгрөг гаргуулж Капитал банкинд олгохоор шийдвэрлэсэн. НШШГГ барьцаа хөрөнгө болох М.Б, Ц.А нарын хамтран өмчлөлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, /13374/ Нарны зам гудамж, 105 дугаар байрны 20 тоотод байрлах 72.1 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 10 цагт 90 949 460 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд худалдан борлуулахаар шийдвэрлэсэн байна. Хариуцагч байгууллага үүрэг гүйцэтгэгч бөгөөд миний өмчлөлийн орон сууцыг анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2/33 тоот тогтоол, 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 4/4079 дугаартай мэдэгдлүүдийг шуудангаар ирснийг эгч Энхтуяагаас би 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээж авсан. Шийдвэр гүйцэтгэгч Б.Золжаргал үүрэг гүйцэтгэгч бөгөөд өмчлөгч миний 3 өрөө орон сууцыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хурааж 128 374 747 төгрөгийг 5 хоногийн дотор төлөхийг мэдэгдсэн, ийм богино хугацааны дотор энэхүү төлбөрийг төлөх боломжгүй болох нь хэнд ч ойлгомжтой бөгөөд улмаар орон сууцыг маань 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 129 927 800 төгрөгний 70 хувиар худалдан борлуулахаар шийдвэрлэж миний эрхийг зөрчиж байна. Ахлах шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Э.Батхишиг, шийдвэр гүйцэтгэгч Б.Золжаргал нар нь миний орон сууцыг 129 927 800 төгрөгөөр үнэлүүлсэн нь Капитал банкны өр төлбөрийн үнийн дүнтэй дүйцэж байна. Гэтэл шинжээчийн тогтоосон үнэлгээг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар анхны дуудпага худалдаанд 70 хувиар бууруулдаг, цаашдаа худалдан борлогдохгүй бол 2 дахь албадан дуудлага худалдаанд мөн хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт зааснаар шинжээчийн үнэлгээг 50 хувь бууруулан дуудлага худалдаанд оруулах хуулийн заалттай юм байна. Тэгэхээр 2 дахь албадан дуудпага худалдааны дараа 128 374 747 төгрөгийн төлбөрийн шаардлагад үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 3 өрөө орон сууцаа 64 963 900 төгрөгийн төлбөрт өгөөд бид 63 410 847 төгрөг төлөх өр төлбөртэй үлдэж байгаа юм. Шийдвэр гүйцэтгэгч Б.Золжаргал хөрөнгө үнэлэн тохиролцуулах ажиллагааг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн... гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэгч бөгөөд өмчлөгч намайг Капитал банкныхантай уулзуулж, харилцан тохиролцуулах ажиллагааг явуулаагүй, шууд шинжээч томилон үнэлгээ хийлгэсэн, мөн үүрэг гүйцэтгэгч бөгөөд өмчлөгч надад үнийн санал авахдаа мөн хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасан 50 хувь бууруулах хууль зүйн үр дагаврыг тайлбарлаж өгөөгүй улмаас өмчлөгч миний эд хөрөнгийг үнэгүйдүүлж, хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчиж орон сууцыг хэт багаар үнэлж дуудлага худалдааны доод үнийг тогтоосонд би гомдолтой байна. Иймд нэхэмжлэгч Ц.А, иргэн М.Будханд нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, /13374/ Нарны зам гудамж, 105 дугаар байрны 20 тоотод байрлах 72.1 мкв талбайтай 3 өрөө орон сууцны үнийг 70 хувь бууруулж анхны албадан дуудлага худалдааны доод үнийг 90 949 460 төгрөгөөр тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвдорж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 604 дүгээр захирамжаар Ц.А, М.Б нараас 128 374 747 төгрөгийг гаргуулж Капитал банкинд олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 19262085 дугаар тогтоолоор үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13374/, Нарны зам гудамжны 105 дугаар байр, 20 тоот орон сууцыг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 19262085/03 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 19262085/04 дугаар тогтоолоор хураасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу төлбөрт хураагдсан хөрөнгөнд үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч Ц.А, М.Б нар нь 280 000 000 төгрөгөөр, төлбөр авагч Улаанбаатар хотын банкнаас шинжээч томилуулах хүсэлт ирүүлсэн тул 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 72 дугаар Шинжээч томилох тухай тогтоолоор Хөрөнгө Эстимэйт ХХК-ийг томилоход 129 927 800 төгрөгөөр үнэлэгдсэн. Үнэлгээг талуудад 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 4/2768 дугаар албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасны дагуу баталгаат шуудангаар хүргүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан. Гэтэл төлбөр төлөгч Ц.А нь 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зөрчсөн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Ц.Агийн гаргасан хариуцагч НШШГГт холбогдох Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13374/, Нарны зам гудамж, 105 дугаар байр, 20 тоот хаягт байрлах Ү-2204059209 тоот улсын бүртгэлийн дугаартай 72.1 м.кв талбайтай гурван өрөө орон сууцанд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШЗ2020/06357 тоот захирамжаар авагдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь тус хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг үүгээр дурдаж шийдвэрлэсэн байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Халиунжаргал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэнд нийцэхгүй байна гэж гомдол гаргаж байна. Учир нь нэхэмжлэгч нар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд гомдол гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шинжээчийн гаргасан үнэлгээ болон үнэлгээний байгууллагын тусгай зөвшөөрөлтэй эсэх болон шинжээчийн дүгнэлт хууль зөрчсөн гэж маргаагүй бөгөөд харин үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээний тогтоох урьдчилсан нөхцөл болох үнийн санал авах ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч дутуу явуулсан, төлбөр авагчаас үнийн санал аваагүй, шинжээч томилсон тогтоолыг өмчлөгч нарт танилцуулалгүй дур мэдэн шинжээч томилж үнэлгээ хийсэн нь үнэлгээ хуульд нийцсэн гэж маргасан байтал шүүх нэхэмжлэлийн шаардлагаас өөр үндэслэлд үнэлэлт дүгнэлт хийсэн байдаг. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж зохицуулсан. Дээрх зохицуулалтаас харахад дуудлага худалдаанд оруулах эд хөрөнгийн үнийг өмчлөгч буюу үүрэг гүйцэтгэгч Ц.А, үүрэг гүйцэтгүүлэгч буюу төлбөр авагч Капитал банк үнийн санал өгөх, тэрхүү үнийн саналууд зөрүүтэй тохиолдолд шинжээч томилох үндэслэл болох бөгөөд тухайн үнийн санал авах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд болон өмчлөгч нарыг тохиролцуулах ажиллагааг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд болох НШШГГ явуулахаар журамласан байтал хариуцагч нь төлбөр авагчийн албан бичгийг үндэслэн шинжээч томилсон нь болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог юм. Өөрөөр хэлбэл, Хөрөнгийг үнэлэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заахдаа Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн саналыг харгалзан өөрөө үнэлэх эрхтэй гээд хэрэв шийдвэр гүйцэтгэгч үнэлээгүй тохиолдолд 55.2-т зааснаар хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ гэхдээ 55.2.2-т зааснаар үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ гэж хуульчилсан бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч буюу төлбөр авагч Капитал банк үнийн санал аваагүй байж шинжээч томилсон байдаг. Хууль бус зөрчиж шинжээч томилж, үнэлгээ хийлгэсэн байхад үнэлгээ хуульд нийцсэн гэж шүүх үндэслэлгүй дүгнэсэн. Нөгөөтээгүүр хууль сахиулагч шийдвэр гүйцэтгэгч нь өмчлөгчийн халдашгүй эрхэд халдахдаа хуульд нийцүүлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, хууль зүйн үр дагаврыг тухай бүр нь тайлбарлаж өгөх үүрэгтэй бөгөөд өмчлөгч, төлбөр төлөгч нарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан үнэлгээнд гомдол гаргах эрхтэй танилцуулаагүй нь өмчлөгчийн үнэлгээнд гомдол гаргах эрхийг хязгаарласныг шүүх анхаарч үзсэнгүй, дүгнэлт хийсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Ц.А нь НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШЗ2019/00604 дугаар хүчин төгөлдөр захирамжаар хариуцагч Ц.А, М.Б нараас 127 940 820.48 төгрөгийг 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд мөнгийг төлж барагдуулахгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж, 105 дугаар байрны 20 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх.11-13/

Дээрх захирамжийн дагуу тохиролцсон хугацаанд Ц.А төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулж, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай 19262085/03 дугаар тогтоолоор уг үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 19262085/04 дугаар тогтоолоор эд хөрөнгийг хураасан үйл баримт тогтоогджээ. /хх.46, 49/

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнийн санал авахад төлбөр төлөгч Ц.А Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж, 105 дугаар байрны 20 тоот орон сууцыг 280 000 000 төгрөг гэж тодорхойлж /хх.50/, төлбөр авагч уг үнэлгээг эс зөвшөөрч эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор санал гаргасан байх тул НШШГГ 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 72 дугаар тогтоолоор барьцаа хөрөнгөд үнэлгээ тогтоолгохоор Хөрөнгө Эстимейт ХХК-ийг шинжээчээр томилсон, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар барьцаа хөрөнгийг 129 927 800 төгрөгөөр үнэлсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна. /хх.56-/

 

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төлбөр төлөгч Ц.А, М.Б нарт дуудлага худалдаанд оруулах үнэлгээний мэдэгдлийг хүргүүлсэн гэх баримт /хх.64/, албадан дуудлага худалдаа зохион байгуулах талаар мэдэгдлийг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүргүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.6 дахь хэсэгт заасан мэдэгдэл хүргүүлэх журмыг баримталсан гэж үзнэ.

 

Иймд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, барьцааны хөрөнгийн үнэ тогтоох ажиллагаа хууль зөрчөөгүй, төлбөр төлөгч Ц.А, М.Б нарын хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй, нэхэмжлэгч нь хөрөнгийн үнэлгээний тайлантай 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр танилцсан бөгөөд хэрэв хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор гомдлоо шүүхэд өгөх ёстой байтал хугацаа хэтрүүлж буюу 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гаргажээ.

Анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан. Тодруулбал, Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж, мөн 76.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж тус тус зааснаас үзэхэд нэхэмжлэгч Ц.А нь хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлыг шүүхэд гаргах хуулиар тогтоосон 7 хоногийн хугацааг хэтрүүлсэн байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2020/03341 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Ц.ИЧИНХОРЛОО