Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 3341

 

 

 

 

 

            2020        09          29

                                 101/ШШ2020/03341

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

““Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дугаар захирамжаар М.Б, Ц.С нараас 128.374.747 төгрөг гаргуулж К банкинд олгуулахаар шийдвэрлэсэн.

 

Тус захирамжийн дагуу хариуцагч Н газар барьцаа хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх 3 өрөө орон сууцыг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 10 цагт 90.949.460 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд худалдан борлуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч байгууллага үүрэг гүйцэтгэгч бөгөөд өмчлөгч миний өмчлөлийн орон сууцыг Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2020 оны 02 дугаар сарын 04- ний өдрийн тоот тогтоол, 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай Ахлах шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Э.Б мэдэгдэлүүдийг шуудангаар ирсэнийг эгч Э-с би 2020.02.17-ны өдөр хүлээж авсан.

 

Шийдвэр гүйцэтгэгч Б.З үүрэг гүйцэтгэгч бөгөөд өмчлөгч миний 3 өрөө орон сууцыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хурааж 128.374.747 төгрөгийг 5 хоногийн дотор төлөхийг мэдэгдсэн, ийм богино хугацааны дотор энэхүү төлбөрийг төлөх боломжгүй болох нь хэнд ч ойлгомжтой бөгөөд улмаар орон сууцыг маань 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 129.927.800 төгрөгний 70 хувиар худалдан борлуулахаар шийдвэрлэж миний эрхийг зөрчиж байна. Ахлах шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Э.Б, шийдвэр гүйцэтгэгч Б.З нар нь миний орон сууцыг 129.927.800 төгрөгөөр үнэлүүлсэн нь К банкний өр төлбөрийн үнийн дүнтэй дүйцэж байгаа, гэтэл шинжээчийн тогтоосон үнэлгээг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар анхны дуудпага худалдаанд 70 хувиар бууруулдаг, цаашдаа худалдан борлогдохгүй бол 2 дахь албадан дуудлага худалдаанд мөн хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т зааснаар шинжээчийн үнэлгээг 50 хувь бууруулан дуудлага худалдаанд оруулах хуулийн заалттай юм байна. Тэгэхээр 2 дахь албадан дуудлага худалдааны дараа 128.374.747 төгрөгийн төлбөрийн шаардлагад үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 3 өрөө орон сууцаа 64.963.900 төгрөгийн төлбөрт өгөөд бид 63.410.847 төгрөг төлөх өр төлбөртэй үлдэж байгаа юм.

 

Шийдвэр гүйцэтгэгч Б.З хөрөнгө үнэлэн, тохиролцуулах ажиллагааг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдпөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудпага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн...” гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэгч бөгөөд өмчлөгч намайг К банкнийхантай уулзуулж, харилцан тохиролцуулах ажиллагааг явуулаагүй, шууд шинжээч томилон үнэлгээ хийлгэсэн, мөн үүрэг гүйцэтгэгч бөгөөд өмчлөгч надад үнийн санал авахдаа мөн хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасан 50 хувь бууруулах хууль зүйн үр дагаварыг тайлбарлаж өгөөгүй улмаас өмчлөгч миний эд хөрөнгийг үнэгүйдүүлж, хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчиж орон сууцыг хэт багаар үнэлэж дуудпага худалдааны доод үнийг тогтоосонд би гомдолтой байна.

 

Иймд нэхэмжлэгч Ц.С, иргэн М.Б нарын өмчлөлийн 3 өрөө орон сууцны үнийг 70 хувь бууруулж анхны албадан дуудлага худалдааны доод үнийг 90.949.460 төгрөгөөр тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 

“Ц.С-гийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дүгээр захирамжаар Ц.С, М.Б нараас 128.374.747 төгрөгийг гаргуулж К банкинд олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар тогтоолоор үүсгэсэн.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан орон сууцыг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дүгээр тогтоолоор хураасан.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу төлбөрт хураагдсан хөрөнгөнд үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч Ц.С, М.Б нар нь 280.000.000 төгрөгөөр, төлбөр авагч У банкнаас шинжээч томилуулах хүсэлт ирүүлсэн тул 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 72 дугаар “Шинжээч томилох тухай” тогтоолоор “Х” ХХК-ийг томилоход 129.927.800 төгрөгөөр үнэлэгдсэн. Үнэлгээг талуудад 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу баталгаат шуудангаар хүргүүлсэн.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдпоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан. Гэтэл төлбөр төлөгч Ц.С нь 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-г зөрчсөн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад   

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.С-гаас хариуцагч Н газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн бөгөөд хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн тоот захирамжаар “К банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц.С, М.Б нарт холбогдох 127,940,820.48 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэжээ /х.х-ийн 11-13 хуудас/.

 

Тодруулбал, тус шүүхийн тоот захирамжаар “К банк” ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээлийн үлдэгдэл 119,654,886.87 төгрөг, зээлийн хүү 8,244,716.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 41,216.93 төгрөг, нийт 127,940,820.48 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг хариуцагч Ц.С, М.Б нар хүлээн зөвшөөрч, улмаар зохигчид эвлэрсэн байна.

 

Гэвч хариуцагч нар тус захирамжийг сайн дураар биелүүлээгүй учраас тус шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн тоот захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 1141 тоот гүйцэтгэх хуудсыг олгожээ /х.х-ийн 33, 34 хуудас/

 

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өгсөн баримтаар тус байгууллага төлбөр төлөгч нараас 127,940,820.48 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн дээрх шийдвэрийг албадан биелүүлэхээр 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 19262085 тоот тогтоол гаргаж, энэ талаар төлбөр төлөгч нарт мэдэгджээ /х.х-ийн 45 хуудас/.

 

Улмаар хариуцагч Н газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулах арга хэмжээг авч, төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл өгөх, тэдгээртэй уулзах, хөрөнгийн тухай лавлагааг бусад этгээдээс авах болон эд хөрөнгийг битүүмжлэх, хураах зэрэг ажиллагааг гүйцэтгэсэн эсэх талаар зохигчид маргаагүй /х.х-ийн 46-51 хуудас/.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Дараах хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ” гээд 55.2.2-т “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө” гэж заажээ.

 

Тайлбарлавал, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заасны дагуу дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг уг худалдааг явуулахаас өмнө төлбөр авагч, төлбөр төлөгч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцоогүй тохиолдолд хариуцагч Н газраас хараат бус, мэргэжлийн үнэлгээчийн саналыг үндэслэн ийнхүү хөрөнгийн үнэлгээг тогтоох үндэслэл бий болдог.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Н газраас төлбөр төлөгч Ц.С, М.Б нараас маргааны зүйл болсон тэдгээрийн өмчлөлийн орон сууцны зах зээлийн үнийг 280,000,000.00 төгрөг гэснийг төлбөр авагч “К банк” ХХК-ийн зүгээс үл хүлээн зөвшөөрч, шинжээч томилуулах хүсэлт гаргажээ /х.х-ийн 50, 51 хуудас/.

 

Ингээд хариуцагч Н газрын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 72 тоот тогтоолоор дээр дурдсан үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоохоор “Х” ХХК-ийг томилсон ба тус компанийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд тусгагдсанаар дээрх үл хөдлөх хөрөнгийг 129,927,800.00 төгрөг гэж үнэлжээ /х.х-ийн 56-61 хуудас/.

 

Энэ дүгнэлтэд тусгагдсанаар барьцаа хөрөнгийн үнийг зах зээлийн харьцуулалтын аргад тулгуурлаж, өнөөгийн зах зээлийн ханшийг тогтоохдоо ижил төрлийн үл хөдлөх хөрөнгийн үнийг судалсан байх тул нэхэмжлэгчийн орон сууцыг бодит байдалтай бүрэн танилцаж, үнэлгээгүй гэх тайлбар үндэслэлгүй ба тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батзаяа нь уг үнэлгээг ямар эх сурвалжид үндэслэсэн, үнэлгээний ямар аргыг хэрэглэсэн, ижил төрлийн үл хөдлөх хөрөнгийн ханш хэд байгаа зэргийг тус тус судалж, дүгнэсэн тухайгаа тодорхой тайлбарласан.  

 

Хөрөнгийн үнэлгээний тухай 3 дугаар зүйлийн 3.1.1-д ”үнэлгээчин гэж хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг хэлнэ” гэж, мөн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “хараат бус байх” гэж, түүнчлэн 9 дүгээр зүйлийн 9.4-т “Хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлгээчин гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулсан байна” гэж тус тус заасан бол Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна” гэж тус тус заажээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар “Х” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Э.Э нь тусгай зөвшөөрөлтэй, түүнд хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байгаагаас гадна тус компани хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаа явуулдаг ажээ /х.х-ийн 54, 55 хуудас/.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, мөн 67 дугаар зүйлийн 67.1.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т тус тус зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу татгалзал, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ц.С нь “Х” ХХК-ийн үнэлгээг үл хүлээн зөвшөөрч, уг орон сууцны зах зээлийн ханшийг 129,927,800.00 төгрөгөөс илүү гэж маргаж буй тохиолдолд ийнхүү маргаан үүсгэсэн үеэс эхлэн татгалзлаа баримтаар нотлох ёстой бөгөөд тэрээр нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ баримтаар нотлоогүй, энэ талаар холбогдох баримтыг шүүхэд өгөөгүй болно.

 

Харин хариуцагч Н газар нь хараат бус, мэргэжлийн үнэлгээчийн үнэлгээг үндэслэн төлбөр төлөгчийн өмчлөлийн хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 117.1-д зааснаар дуудлага худалдааны санал болгох доод үнийг тооцсон нь хуульд нийцсэн байна.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т ”үйлчлүүлэгч гэж хөрөнгийн үнэлгээ хийлгэж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээдийг хэлнэ” гэж, мөн 5 дугаар зүйлийн 5.1-д Хөрөнгийн үнэлгээг дараахь үндэслэлээр хийнэ” гээд 5.1.1-д “үнэлгээчин болон үйлчлүүлэгч харилцан тохиролцсон”, 5.1.2-д “хуульд тусгайлан заасан тохиолдолд эрх бүхий этгээдийн шийдвэрээр” гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, хөрөнгийн үнэлгээг зөвхөн үнэлгээ хийлгэхээр шийдвэрлэсэн шүүхийн захирамж болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтоолоор хийх ёстой гэж ойлгохгүй ба иргэн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хөрөнгийн үнэлгээчинд хүсэлт гаргаж, харилцан тохиролцон дүгнэлт гаргуулах боломжтой юм.

 

Мөн  нэхэмжлэгч нь хөрөнгийн үнэлгээний тайлантай 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр танилцсан бөгөөд хэрэв хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд тийнхүү хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор гомдлоо шүүхэд өгөх ёстой байтал хугацаа хэтрүүлж буюу 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гаргажээ. 

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан. Тодруулбал, Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж, мөн 76.2-т” хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан................................эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж тус тус зааснаас үзэхэд нэхэмжлэгч Ц.С нь хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлыг шүүхэд гаргах хуульд заасан 7 хоногийн хугацааг хэтрүүлсэн байна.

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Ц.С-гийн гаргасан хариуцагч Н газарт холбогдох гурван өрөө орон сууцанд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн тоот захирамжаар авагдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь тус хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг үүгээр дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР