Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 111/ШШ2016/0001

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сувдмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох

“Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгож, Баян-Овоо сумын цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй  байсан хугацааны цалин гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , түүний өмгөөлөгч С.Должинсүрэн, хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“ овогтой би 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баян-Овоо сумын цэцэрлэгийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтад орж тэнцэн, аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 752 дугаар захирамжаар Баян-Овоо сумын цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдон 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ажлаа хүлээн авч аймгийн Засаг дарга тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан.Миний бие нь ажиллах хугацаандаа сахилгын зөрчил болон ямар нэгэн алдаа дутагдалгүй, ажил үүрэгтээ хариуцлагатай хандаж, аймаг, сумын удирдлага болон Боловсролын газраас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлэн хэрэгжүүлсээр ирсэн. Цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэгт ажлыг хийж гүйцэтгэх улс төрийн ямар нэгэн санаа зорилго байхгүй байсан болно.

Сумын цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж улсын онцгой байдлаас хэрэгжүүлж буй сумын Засаг даргын 60 дугаар захирамжийн дагуу сумыг нүүлгэн шилжүүлэх заагдсан цэгт Цэцэрлэгийн ахлах бүлгийн нэг анги, гал тогоотой нь гаргаж хүүхдийн тоглоомын талбайг ажиллуулж мөн “Мандал хайрхан 1 дүгээр баг дээр Цэцэрлэг ажиллуулж өгнө үү” гэсэн сумын иргэдийн хүсэлтийн дагуу зуны нүүдлийн бүлгийн цэцэрлэгийг ажиллуулж, бүлгийн багшаар нь өөрийн биеэр ажиллаж сумын иргэдийн амьдралд зохих хувь нэмрээ оруулсаар ирсэн.

Олон Улсын багш нарын баярыг тохиолдуулан Баян-Овоо сумын сургуулийн ахмад багш гийн нэрэмжит гар бөмбөгийн тэмцээн багш нарын баярын өдөр болох 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 14 цагаас зохион явагдах тухай удирдамж манай хамт олонд ирсэн.

Хамт олон хуралдаж 10 дугаар сарын 02-ны өдрийн 13 цагаас Цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоож, тэмцээнд идэвхитэй оролцохоор шийдвэр гаргасан.

10 дугаар сарын 02-ны өдрийн 14 цагаас тэмцээн эхэлж миний бие нь тэмцээнд  оролцож байгаад орой 18 цагт 4 настай хүүхдээ хооллохоор гэртээ ирсэн. Гэртээ ирээд цэцэрлэгийн нягтлан *******гийнд \хажуу хашаанд байдаг\ ортол багш нарын баяр болж байгаа гээд баярын идээ гэж архи аягалж өгсөн. Идээг хүртээд тэмцээн рүү явахаар машинд суух гэтэл аймгийн Цагдаагийн газрын цагдаагийн хошууч  ******* мөн аймгийн Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн ******* нар 18 цаг өнгөрч байхад аймгийн төвөөс ирж “...Баян-Овоо сумын төрийн албан хаагчид ажлын байран дээрээ байхгүй архи ууж байна гэсэн иргэдийн мэдээллээр явж байна...” гэж хэлж драйгер үлээлгэсэн.

Аймгийн Засаг дарга  нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5, хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.1 дүгээр заалтуудыг үндэслэн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр үүрэгт ажлаас халсан. Миний бие энэхүү захирамжийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь ажлын цагаар болон ажлын байранд албан үүргээ гүйцэтгэж байхдаа согтууруулах ундаа хэрэглээгүй бөгөөд зүй бус үйлдэл, зан авир гаргасан үйлдэл байхгүй.

Мөн ажлын бус цагаар хувь хүн болон гэр оронд төрийн хүчийг ашиглан хүний эрхэнд бүдүүлгээр халдаж, энэхүү байдлаа ашиглан Баян-Овоо сумын Цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэгт ажлаас хууль бусаар халж байгаа нь миний Үндсэн хууль болон бусад хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Миний бие нь бага насны хоёр хүүхэдтэй, ажлаас өөр ямар нэгэн орлогогүй өрх толгойлсон эмэгтэй юм.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарт Баян-Овоо сумын төрийн албан хаагчид ажлын цагаар архи согтууруулах ундаа хэрэглэн ажлаа хийхгүй байна гэсний дагуу 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр цагдаагийн газрын ёс зүйн журам сахиулах жижүүр хошууч ******* хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн ******* нар очиж шалгасан талаарх мэдээллийг дурдсан байна. Энэ өдөр сумын Засаг дарга *******, Санхүү албаны дарга *******, сумын Засаг даргын Тамгын газрын дарга ******* гэх мэт удирдлагууд болон төрийн захиргааны албан хаагчид архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Миний бие албан тушаалын хувьд тухайн байгууллагыг удирдаж байгаа удирдлагын хувьд цаг үе нөхцөл байдлаас шалтгаалан байгууллагын дотоодод ямар нэгэн шийдвэр гаргаж ажилласаар ирсэн. Үүнийхээ дагуу 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн багш нарын баярын өдрийг тохиолдуулан хамт олноороо гар бөмбөгийн тэмцээнд идэвхтэй оролцохоор болсон. Цэцэрлэгийн үйл ажиллагааг 13 цагаас хаахаар шийдвэр гаргасан. Миний хувьд 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 13 цагаас хойших цагууд ажлын бус цаг болсон. Мөн түүнчлэн сумын Засаг дарга ******* нь ажил албан үүргээ гүйцэтгээгүй архидан согтуурсан байхад аймгийн Засаг дарга шалгаагүй, арга хэмжээ аваагүй байдаг. Энэ нь нэг талыг баримталж улс төржиж хүний эрхийг зөрчиж нэг талыг барьсан гэж үзэж байна.

Иймд аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Баян-Овоо сумын цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд буцаан томилуулах, ажилгүй байсанхугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Должинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Монголын хуульчдын холбооны гишүүн хуульч өмгөөлөгч С.Должинсүрэн би нэхэмжлэгч ын өмгөөлөгчөөр тус шүүх хуралдаанд оролцож байна. Нэхэмжлэгч нь Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Аймгийн Засаг даргын дугаар захирамждаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5, хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.1 дүгээр заалтуудыг үндэслэн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ыг Баян-Овоо сумын Цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэгт ажлаас халсан нь хууль бус шийдвэр бөгөөд нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж дараах тайлбарыг гаргаж байна.

Нэг. Захирамжид Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5-д “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” гэсэн заалтыг үндэслэсэн, энэ нь цэцэрлэгийн эрхлэгчийн үр дүнгийн гэрээ болон үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг дүгнэх мөн боловсролын салбарт албан үүргээ хэр хэмжээтэй гүйцэтгэж байгаа боловсролын салбарын шаардлагыг хангаж ажиллаж байгаа талаарх санал, дүгнэлтийг үндэслэж үүрэгт ажлаас чөлөөлөх хуулийн заалт юм. Гэтэл аймгийн Засаг дарга маргаан бүхий эрх зүйн актдаа дээрх хуулийн заалтыг барьсан нь ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаа эсвэл сахилгын шийтгэл ноогдуулж байгаа эсэх нь тодорхойгүй эрх зүйн байдлыг хэт дордуулсан хууль бус акт гэдэг нь харагдаж байна.

Хоёр. Хөдөлмөрийн гэрээний 7.2.1...ажлын цагаар болон ажлын байранд мөн албан үүргээ гүйцэтгэж байхдаа согтууруулах ундаа хэрэглэсэн согтуурсан хэмээн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-ийг захирамждаа үндэслэсэн байна. Цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаал нь өөрөө удирдах албан тушаал, удирдах албан тушаалтан эрх хэмжээнийхээ хүрээнд зохих ажлын нөхцөл байдал ажлын зохион байгуулалт цаг үеийн нөхцөл байдлаас дотоодоо аливаа шийдвэрийг гаргах эрхтэй субъект.Энэ эрхийнхээ хүрээнд Олон Улсын багш нарын баярыг тохиолдуулан Баян-Овоо сумын сургуулийн ахмад багш гийн нэрэмжит “гар бөмбөгийн” тэмцээнд багш нарын баярын өдөр буюу 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 14 цагаас зохион явагдах тэмцээнд идэвхтэй оролцохоор 10 дугаар сарын 02-ны өдрийн 13 цаг хүртэл ажиллана,13 цагаас 18 цаг хүртэл түр ажиллахгүй гэсэн шийдвэрийг Цэцэрлэгийн эрхлэгч хамт олонтойгоо гаргасан байдаг.

Энэ шийдвэрээр болон тухайн цэцэрлэгийн ажилтан албан хаагчдын хувьд 10 дугаар сарын 02-ны өдрийн 13 цагаас 18 цаг хүртэл ажлын бус цаг байсан гэдгийг нотолж байна. Иймд ыг ажлын цагаар архи уусан гэх үндэслэлгүй юм.

Гурав. Аймгийн Засаг даргад “Баян Овоо сумын төрийн албан хаагчид болон удирдлагууд ажлын цагаар архи ууж ажлаа хийхгүй байна” гэсэн мэдээлэл болон иргэдийн гомдол ирсэн гэх энэ мэдээллийн дагуу аймгийн Засаг дарга Засаг даргын Тамгын газрын хууль зүйн хэлтсийн мэргэжилтэндээ үүрэг өгч мэргэжилтэн нь аймгийн цагдаагийн газраас албан хаагчдыг авч тухайн сум руу явж нөхцөл байдлыг шалгасан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хариуцагч талаас гаргаж өгсөн нолох баримтууд болон гэрч Алтангэрэл нарын мэдүүлэгт авагдсан байдаг. Гэтэл аймгийн Засаг даргад ирсэн мэдээлэл болон гомдол нь хаанаас хэн ирүүлсэн, тухайн сумын бүх төрийн албан хаагчид ажлаа хийхгүй архидан согтуураад байгаа юм уу, зөвхөн ажлаа хийхгүй архидан согтуураад байгаа эсэх талаар мэдээлэл нь тодорхойгүй.

Мөн тухайн өдөр сумын Засаг даргын Тамгын газрын дарга, сумын санхүүгийн албаны дарга гэх мэт төрийн албан хаагчид болон сумын удирдлага буюу Баян-Овоо сумын Засаг дарга нь ажлын цагаар архидан согтуурч ажлаа тасалсан байхад мэдээллийн дагуу очиж шалгалт явуулж байгаа мэргэжилтэн болон цагдаа нар ыг онцгойлон сурч гэрт нь очиж ажлын бус цагаар болон 18 цаг өнгөрч байхад түүнийг дуудаж драйгер үлээлгэсэн байдаг. Тэд адилхан ....сумын засаг дарга болон архидан согтуурч байсан төрийн албан хаагчдыг хянаж шалгаж, драйгер үлээлгэх ёстой байхад зөвхөн ыг шалгаж,тэмдэглэл хөтлүүлсэн нь эргэлзээтэй хэт хувийн талаас хандсан гэдэг нь харагдаж байна. Аймгийн Засаг дарга ыг шууд ажлаас нь халж байгаа нь хэт нэг талыг барьсан болон хувийн үзэл санаагаар өрх толгойлон амьдрах гэж яваа эмэгтэй хүнийг ажлаас халах хүртэлх арга хэмжээ авч байгаа үйлдэл өөрөө шударга бус шийдвэр болсон ба хүний эрхийг зөрчиж байгаа үйлдэл гэж үзэж байна.

Иймд аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгож, Баян-Овоо сумын цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд ыг буцаан томилуулах мөн ажилгүй байсан хугацааны цалин, амралтын мөнгийг тус тус гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “Баян-Овоо сумын Төрийн албан хаагчид ажлын цагаар архи, согтууруулах ундаа хэрэглэж, ажлаа хийхгүй байна” гэсэн мэдээлэл аймгийн Засаг даргад ирсний дагуу 10 дугаар сарын 02-ны өдрийн 17:40 минутад тус сумын Засаг даргын Тамгын газарт Цагдаагийн газрын ёс журам сахиулах жижүүр цагдаагийн хошууч *******, аймгийн Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн ******* нар очиж шалгахад Баян-Овоо сумын Засаг даргын Тамгын газрын бичиг хэргийн ажилтан, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажилтан, иргэний бүртгэлийн ажилтан 3 байсан бөгөөд “Тамгын газрын бусад ажилтнууд бүгд сургуулийн спорт зааланд тэмцээнд оролцож байгаа” гэсэн Тамгын газрын ажилтан *******ын тайлбар хийснийг тэмдэглэлээр баталгаажуулсан.

Сургуулийн спорт зааланд очиход тус сумын төсвийн байгууллагын ажилтнууд тоглож байсан бөгөөд удирдах албан тушаалтнууд байхгүй байсан. Цэцэрлэгийн эрхлэгч ынд очихоор явж байтал тэдний ойролцоох хашааны гадаа цэнхэр өнгийн УАЗ-469 маркийн машинтай хүмүүс байсан ба нь тус хашааны айлын гадаа зогсож байсан.

болон дээрх машинд сууж байсан Засаг даргын Тамгын газрын дарга *******, Санхүүгийн албаны дарга Д.******* нар архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсныг согтуурал шалгадаг багажаар шалгахад ын согтуурлын хэмжээ 2.09 хувьтай байгаа нь ажлын цагаар архи согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдож байна. Согтуурал шалгах ажиллагаа болон тэмдэглэл үйлдсэн хугацаа 18.02 минутаас эхэлсэн бөгөөд тэдний байсан газар 17.55 минутад буюу ажлын цаг дуусаагүй байхад очиж тухайн үеийн байдалтай танилцахад дээр дурдсан албан хаагчид архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан.

Иймд аймгийн Засаг даргын 2015 оны дугаар захирамж нь үндэслэлтэй шийдвэр бөгөөд иргэн ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд хандаж Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгож, Баян-Овоо сумын цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан бөгөөд энэхүү нэхэмжлэл нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-д заасан албан тушаалтнаас гаргасан захиргааны акттай холбоотой нийтийн эрх зүйн маргаан, түүнчлэн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг хэрэглэхгүйгээр хүлээн авах боломжтой байх тул хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүххуралдаанд гаргасан тайлбар, бусад нотлох баримтыг үнэлэн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. “Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгож, Баян-Овоо сумын цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох”-ыг хүссэн шаардлагын тухайд:

Баянхонгор аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 752 дугаар захирамжаар ыг Баян-Овоо сумын цэцэрлэгийн эрхлэгчээр томилж, 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр аймгийн Засаг дарга цэцэрлэгийн эрхлэгч тай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дугаар захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Хөдөлмөрийн гэрээний 7.2.1 дүгээр заалтыг тус тус үндэслэн ыг үүрэгт ажлаас нь халжээ.

Нэхэмжлэгч ын эрхэлж байсан албан тушаал болох Баян-Овоо сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасан төрийн үйлчилгээний албан тушаалтанд хамаарах бөгөөд үр дүнгийн гэрээний үндсэн дээр ажилладаг, хөдөлмөрлөх эрхийн харилцаа нь Төрийн албаны болон Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдана.

Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалтыг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэнтэй холбоотойгоор цэцэрлэгийн эрхлэгч нь аймгийн Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулж, түүний хэрэгжилт, ажлын үр дүнтэй холбогдуулан боловсролын газраас санал авч, чөлөөлөх эсэхийг шийдвэрлэхээр хуульчилсан.

Маргаан бүхий актын хувьд аймгийн Боловсрол, соёлын газраас авсан саналыг харахад үр дүнгийн гэрээний хэрэгжилттэй холбоогүй, харин ын гаргасан сахилгын зөрчилтэй нь холбогдуулан санал авсан нь буруу биш байна. Нэхэмжлэгч тал Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д “...чөлөөлөх...”-өөр заасан байхад аймгийн Засаг даргын 2015 оны дугаар захирамжид “...халсугай...” гэсэн нь үндэслэлгүй гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгчийн ажлын цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зөрчилд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-д заасан ажлаас халах сахилгын шийтгэлийг ногдуулахгүй байх үндэслэл биш юм.

2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Засаг даргад  “Баян-Овоо сумын төрийн албан хаагчид ажлын цагаар архи, согтууруулах ундаа хэрэглэж, ажлаа хийхгүй байна” гэсэн мэдээлэл ирсний дагуу цагдаагийн хошууч *******, Баянхонгор аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн мэргэжилтэн ******* нар Баян-Овоо суманд очиж, тус сумын цэцэрлэгийн эрхлэгч ын согтуурлын хэмжээг шалгахад тэрээр ажлын цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь согтуурал шалгасан тухай тэмдэглэл, гэрч нарын мэдүүлгүүд гэрч *******ийн мэдүүлэг, гэрч *******гийн мэдүүлэг, гэрч Д.*******ы мэдүүлэг, гэрч *******ын мэдүүлэг, *******гийн мэдүүлэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа“…2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр багш нарын баяр байсан тул манай цэцэрлэгийн хамт олон хуралдаж 13 цагаас цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, багшийн нэрэмжит гар бөмбөгийн тэмцээнд оролцсон, би *******гийнд орж айраг уусан, дарс амссан, аймгаас цагдаа ирж шалгахад ажлын цаг биш байсан би ажлын цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй …” гэж маргажээ.

2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нь багш нарын баярын өдөр байсан гэх ба энэ өдрийг Хөдөлмөрийн тухай хууль болон Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиудад албан ёсны тэмдэглэлт баярын өдөр гэж тусгаагүй, байх ба ердийн ажлын өдөр буюу баасан гараг байсан байна.

Тухайн өдрийг баярын болон амралтын өдөр болгосон эрх бүхий албан тушаалтан, байгууллагын ямар нэгэн шийдвэр гараагүй, 13 цагаас хойш амралтын цаг болгосон гэх байгууллагын хурлын тэмдэглэл нь ямар нэг хууль, дүрэм, журам баримтлаагүй, түүнийгээ эрх бүхий албан тушаалтнуудад танилцуулаагүй байгаа зэргийг дурдах нь зүйтэй.

Дээрх нөхцөл байдлуудын улмаас дүгнэхэд Баян-Овоо сумын цэцэрлэгийн эрхлэгч ын энэхүү үйлдэл нь Баянхонгор аймгийн Засаг даргатай 2015 онд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.2.1-д“ажлын цагаар болон ажлын байранд мөн албан үүргээ гүйцэтгэж байхдаа согтууруулах ундаа хэрэглэсэн, согтуурсан, зүй бус үйлдэл зан авир гаргасан бол ноцтой зөрчилд тооцож ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн гэрээг шууд дуусгавар болгох”-оор заасныг зөрчиж, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-д зааснаар ажлаас халах үндэслэл болж, энэ нь тогтоогдож байх тул Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дугаар захирамжийг үндэслэлтэй гэж үзэн, ыг Баян-Овоо сумын цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлгүй байна.

Хоёр. “Ажилгүй байсан хугацааны цалин, амралтын мөнгө гаргуулах”-ыг хүссэн шаардлагын тухайд:

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосонтой холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгохоор шийдвэрлэдэг болно.

Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч ыг Баян-Овоо сумын цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргах үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч ын гаргасан “Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Баян-Овоо сумын цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд буцаан томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.СУВДМАА