Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2020/02322

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2020/02322

 

Эийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2020/02808 дугаар шийдвэртэй

нэхэмжлэгч Эийн нэхэмжлэлтэй хариуцагч Б СӨХ-д холбогдох

ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Зүтгэл хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Б СӨХ-ны удирдах зөвлөлийн шийдвэрээр тус холбооны гүйцэтгэх захирлын үүрэгт ажилд томилогдсон. Ажиллаж байх хугацаандаа албан үүргээ хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, сууц өмчлөгчдийн дүрэмд нийцүүлэн биелүүлж ирсэн бөгөөд ямар нэг зөрчил гаргахгүй ажиллаж байсан. Гэнэт холбооны Удирдах зөвлөлийн ээлжит бус хурлаар 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр дугааргүй тогтоол гарган намайг үүрэгт ажлаас минь чөлөөлсөн. Тушаалд ажлаас чөлөөлсөн үндэслэл болон ямар шалтгаан зөрчлийн улмаас чөлөөлж байгаагаа тодорхой заагаагүй бөгөөд үндэслэлийг нь гагцхүү Удирдах зөвлөлийн дарга Р.Мандшир нь амаар тайлбарлахдаа холбооны мөнгөн хөрөнгийг хувьдаа авч завших замаар үрэгдүүлсэн, үүний улмаас холбоонд мөнгөн хөрөнгийн их хэмжээний бодит хохирол учруулсан үндэслэлээр ажлаас халж байгаа гэж тайлбарласан. Миний бие Удирдах зөвлөлийн ажлаас чөлөөлсөн тогтоолыг илт хууль бус үндэслэлгүй бөгөөд хөдөлмөрлөх эрхийг маань ноцтой зөрчиж байна гэж үзэж байна. Хэрэв намайг холбооны эд хөрөнгө, мөнгийг үрэгдүүлсэн завшсан гэж үзэж байгаа бол энэ талаар үндэслэл бүрийг тооцоолон аудитын дүгнэлтээ баримтлах ёстой байх. Гэвч ямар нэг дүгнэлт байдаггүй ба хэрхэн ямар үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлсөн болох нь тодорхойгүй. Иймд би Б СӨХ-ны гүйцэтгэх захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч С.Дашбурам шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн хурлын шийдвэрээр томилогдон 2020 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Удирдах зөвлөлийн ээлжит хурлаар гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлөгдсөн юм. Ажлаас чөлөөлөгдөх шалтгаан нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10.8.5 дахь заалтыг ноцтой зөрчиж өөрийн цалинг дур мэдэн 125 000 төгрөгөөр сар бүр нэмэгдүүлэн 2, 3, 4, 5, 6 дугаар саруудад авсан. Цалин нэмсэн тухай өөрөө хэлэхдээ Монголын Сууц өмчлөгчдийн холбооны Дээд зөвлөлийн зүгээс цалингаа 700 000 төгрөг болгохыг тусгайлан чиглэл өгсөн гэсэн боловч тийм чиглэл өгөөгүй байсан. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.1-т заасны дагуу Б СӨХ-ны Хяналтын зөвлөлөөс гүйцэтгэх захирлын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтыг 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр оруулахад Э нь байгууллагын данснаас шууд өөрийн дансанд гүйлгээ хийж захиран зарцуулалтыг өөрөө хийж баримт бүрдүүлэлт хийж байсныг шалган илрүүлж зөвлөмж өгч сануулах арга хэмжээ авч тодорхой хугацаатай үүрэг өгсөн боловч үүнийг үл ойшоосон бөгөөд 2020 оны 6 дугаар сарын 26-нд дахин шалгалт хийхэд зөрчил арилгах арга хэмжээ аваагүй байсан. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт холбооны сангийн хөрөнгийг дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний болон бусад нийтлэг зардлаас өөр зүйлд зарцуулахыг хориглоно гэсэн заалтыг ноцтой зөрчсөн. Санхүүгийн бичиг баримт бүрдүүлэлтийг дүрэм журмыг ноцтой зөрчиж Б СӨХ-ны үйл ажиллагааны зардлын худалдан авалтын баримт бүрдүүлэлтийг өөрөө бичиж, өөрөө худалдан авалт хийж, хуурамч баримт бүрдүүлж, баримт засварлах зэрэг байж боломжгүй зөрчил гаргасан нь бүгд нотлох баримттай. Мөн ажилчидтай бүдүүлэг харьцдаг, харьцааны соёлгүй, дээрэнгүй ааштай, удирдах чадваргүй хүн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэгч Эийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Зүтгэл давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Ажил олгогчоос буюу тус холбооны удирдах зөвлөлөөс гүйцэтгэх захирал Эийг ажлаас чөлөөлөхдөө хоёр өөр тушаал гаргасан байх бөгөөд сүүлд гаргасан тушаал болох тогтоолоор Эийг ажлаас чөлөөлөхдөө ажил олгогч өмчлөгчийн хооронд Хөдөлмөрийн тухай хуульд заасан ямар үндэслэлээр үүссэн зөрчилд холбогдуулж тус хуулийн болон талуудын хооронд байгуулагдсан ямар төрлийн гэрээ, хэрэв хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэвэл тус гэрээгээр хүлээсэн ямар үүргийг зөрчсөн, сахилгын шийтгэл түүний хэлбэр, хэрэглэх үндэслэл зөрчлийг тодорхой заагаагүйгээр ажлаас чөлөөлсөн нь эхнээсээ хууль бус юм. Удирдах зөвлөл гүйцэтгэх захирал Этэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хөдөлмөрийн тодорхой дүрэм журам мөрдүүлээгүй. Ажил үүргийн хуваарь, эдлэх эрх хүлээх үүрэг, төсөв, санхүүгийн эрх мэдэл хэрэгжүүлэхдээ мөрдөх журмыг баримт бичгээр тогтоогоогүй. Хөдөлмөрлөх эрхийг зохицуулдаг үндсэн баримт бичиг, талуудын тохиролцсоноос гадна холбооны үйл ажиллагаа зохицуулсан дотогш чиглэсэн ямар төрлийн бодлогын болон эрх зүйн баримт бичигт заасан үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан нь тодорхойгүй. Хариуцагчаас Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.5-д заасан үүргээ биелүүлээгүй. Энэ талаар нэхэмжлэгчтэй тохирсон тохиролцоо, түүнд холбогдох ямар нэг, тогтоол шийдвэр гараагүй бөгөөд цаашид дур мэдэн нэмсэн гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй. Анхан шатны шүүх дээрх үндэслэлүүдийг харгалзахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх заалтыг зөрчиж байх тул шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Э хариуцагч Б СӨХ-нд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч удирдах зөвлөлийн шийдвэргүйгээр өөрийн цалинг дур мэдэн нэмсэн, байгууллагын данснаас шууд өөрийн дансанд гүйлгээ хийсэн, Б СӨХ-ны үйл ажиллагааны худалдан авалтын баримтыг хуурамчаар өөрөө бүрдүүлсэн, баримт засварласан гэсэн үндэслэл зааж тайлбарлажээ. /хх.1, 14-15/

Сонгинохайрхан дүүргийн Б сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолоор нэхэмжлэгч Эийг Б СӨХ-ны гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж, уг тушаалдаа Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.5, 11 дүгээр зүйлийн 11.1.3, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэсэн байна. /хх.8/

Хэрэгт 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Хяналтын зөвлөл санхүүгийн зөвлөмж, 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Б СӨХ-ны хяналтын зөвлөлөөс гүйцэтгэх захиргааны үйл ажиллагаанд хяналт хийсэн дүгнэлт, 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл зэрэг нотлох баримтаар авагджээ. /хх.17-19/

Дээрх баримтаас үзэхэд Зөвлөмж, болон дүгнэлтээр холбооны гүйцэтгэх захирал Э нь байгууллагын мөнгийг хувийн дансаараа захиран зарцуулсан, СӨХ-ны Удирдах зөвлөлийн шийдвэрээр өөрийн цалингаа 2020 оны 02 дугаар сараас эхлэн 125 000 төгрөгөөр нэмэгдүүлсэн, санхүүгийн анхан шатны баримтыг бүрдүүлээгүй зэрэг зөрчил гарсан талаар тэмдэглэж, зөрчлийг арилгах, арга хэмжээ авах талаар Удирдах зөвлөлд санал оруулж байсан үйл баримт тогтоогдсон байна.

Б СӨХ-ны хяналтын зөвлөл Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан энэхүү эрхээ хэрэгжүүлжээ.

Удирдах зөвлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хурлын тэмдэглэл, цалин хөлсний дэлгэрэнгүй бүртгэл, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтаас үзэхэд гүйцэтгэх захирлын цалинг 575 000 төгрөгөөр тогтоосон байх бөгөөд харин нэхэмжлэгч Э 2020 оны 2 дугаар сараас 6 дугаар сарын хооронд сар бүр 700 000 төгрөгийн цалин хөлс авч байсан, энэ талаар эрх бүхий байгууллагаас цалин нэмсэн талаар шийдвэр гаргаагүй болох нь тогтоогдсон байна. /хх.19, 36-40/

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.2, 10.8.5, 10.8.8-т Удирдах зөвлөл нь холбооны гүйцэтгэх захирлыг сонгох, чөлөөлөх, гүйцэтгэх захирал, нягтлан бодогчийн цалинг тогтоох, гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг дүгнэх эрхтэй гэж заажээ.

Анхан шатны шүүх Холбооны Хяналтын зөвлөлийн өгсөн зөвлөмж, дүгнэлтийг үндэслэн Б СӨХ-ны удирдах зөвлөлийн 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолоор гүйцэтгэх захирал Эийг ажлаас чөлөөлсөн шийдвэр нь хууль зөрчөөгүй гэж дүгнэж, Б сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэгч Эийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгтээ талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд хэрэглэгдэх хуулийн заалтыг оновчтой баримтлаагүй байх тул уг үндэслэлээр өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2020/02808 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Б сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэгч Эийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Э нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Ц.ИЧИНХОРЛОО