Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 184/ШШ2020/02808

 

 

 

 

 

 

 

       2020 оны дөр

    09 сар      16  р                                               184/ШШ2020/02808

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б овогт Б.Э /РД: /. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг,  дүгээр хороо, дүгээр хороолол, байр, тоот

Хариуцагч: Б.СӨХ. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, дүгээр хороо дүгээр хороолол, байр  тоот

Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.З, хариуцагчийн төлөөлөгч С.Д, гэрч Б.Б, М.Г, Р.М нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.                                                                                          

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Б.СӨХ-ны удирдах зөвлөлийн ээлжит № дугаартай хурлын шийдвэрээр тус холбооны гүйцэтгэх захирлын үүрэгт ажилд томилогдсон. Ажиллаж байх хугацаандаа албан үүргээ хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, сууц өмчлөгчдийн дүрэмд нийцүүлэн биелүүлж ирсэн бөгөөд ямар нэг зөрчил гаргахгүй ажиллаж байсан. Гэнэт холбооны Удирдах зөвлөлийн ээлжит бус хурлаар 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр тодорхой дугааргүй тогтоол гарган намайг үүрэгт ажлаас минь чөлөөлсөн ба ажлаас чөлөөлсөн үндэслэл болон ямар шалтгаан зөрчлийн улмаас чөлөөлж байгаагаа тушаалд тодорхой заагаагүй бөгөөд үндэслэлийг нь гагцхүү Удирдах зөвлөлийн дарга Р.М нь амаар тайлбарлахдаа холбооны мөнгөн хөрөнгийг хувьдаа авч завших замаар үрэгдүүлсэн, үүний улмаас холбоонд мөнгөн хөрөнгийн их хэмжээний бодит хохирол учруулсан үндэслэлээр ажлаас халж байгаа гэж тайлбарласан. Миний бие Удирдах зөвлөлийн ажлаас чөлөөлсөн тогтоолыг илт хууль бус үндэслэлгүй бөгөөд хөдөлмөрлөх эрхийг маань ноцтой зөрчиж байна гэж үзэж байна. Хэрэв намайг холбооны эд хөрөнгө, мөнгийг үрэгдүүлсэн завшсан гэж үзэж байгаа бол энэ талаар үндэслэл бүрийг тооцоолон аудитын дүгнэлтээ баримтлах ёстой байх. Гэвч ямар нэг дүгнэлт байдаггүй ба хэрхэн ямар үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлсөн болох нь тодорхойгүй. Иймд би  Б.СӨХ-ны гүйцэтгэх захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Хариуцагчийн төлөөлөгч С.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Э нь Б.СӨХ-д гүйцэтгэх захирлын албан тушаалд 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн хурлын шийдвэрээр томилогдон 2020 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Удирдах зөвлөлийн ээлжит хурлаар гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлөгдсөн юм. Ажлаас чөлөөлөгдөх шалтгаан нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10.8.5 дахь заалтыг ноцтой зөрчиж өөрийн цалинг дур мэдэн 125,000 төгрөгөөр сар бүр нэмэгдүүлэн 2, 3, 4, 5, 6 дугаар саруудад авсан. Цалин нэмсэн тухай тайлбартаа өөрөө хэлэхдээ Монголын Сууц өмчлөгчдийн холбооны Дээд зөвлөлийн зүгээс цалингаа 700,000 төгрөг болгохыг тусгайлан чиглэл өгсөн гэсэн боловч тийм чиглэл өгөөгүй байсан. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 11.3.1 дэх заалтын дагуу Б.СӨХ-ны Хяналтын зөвлөлөөс гүйцэтгэх захирлын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтыг 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр оруулахад Б.Э нь байгууллагын данснаас шууд өөрийн дансанд гүйлгээ хийж захиран зарцуулалтыг өөрөө хийж баримт  бүрдүүлэлт хийж байсныг шалган илрүүлж зөвлөмж өгч сануулах арга хэмжээ авч тодорхой хугацаатай үүрэг өгсөн боловч үүнийг үл ойшоосон бөгөөд 2020 оны 6 дугаар сарын 26-нд дахин шалгалт хийхэд зөрчил арилгах арга хэмжээ аваагүй байсан. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15.3-т холбооны сангийн хөрөнгийг дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний болон бусад нийтлэг зардлаас өөр зүйлд зарцуулахыг хориглоно гэсэн заалтыг ноцтой зөрчсөн. Санхүүгийн бичиг баримт бүрдүүлэлтийг дүрэм журмыг ноцтой зөрчиж Б.СӨХ-ны үйл ажиллагааны зардлын худалдан авалтын баримт бүрдүүлэлтийг өөрөө бичиж, өөрөө худалдан авалт хийж, хуурамч баримт бүрдүүлж, баримт засварлах зэрэг байж боломжгүй зөрчил гаргасан нь бүгд нотлох баримттай. Мөн ажилчидтай бүдүүлэг харьцдаг, харьцааны соёлгүй, дээрэнгүй ааштай, удирдах  чадваргүй хүн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Шүүх хуралдаанаар зохигчдийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад,                                                                                                                                                                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Б.СӨХ-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан гаргажээ.

Нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтыг зөв баримтлаагүй, ажлаас чөлөөлсөн хоёр өөр огноотой тушаал гарсан, холбооны хөрөнгөд хохирол учруулсан эсэхийг шалган тогтоогоогүй байхад шийдвэрлэсэн гэж, хариуцагч тал татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч нь Удирдах зөвлөлийн шийдвэргүйгээр өөрийн цалинг дур мэдэн нэмсэн, Хяналтын зөвлөлөөс санхүүгийн зөрчлийг арилгах талаар өгсөн үүрэг, зөвлөмжийг  биелүүлээгүй,  төлбөрийг хувийн дансаар шилжүүлэн  авч, зарцуулсан нь тогтоогдсон тул зохих журмын дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь чөлөөлсөн гэж тус тус тайлбарлаж байна.

Хариуцагч Б.СӨХ-ны Хяналтын зөвлөл нь холбооны санхүүгийн байдалд шалгалт хийж, 2020 оны 5 дугаар сарын 29-ны өдөр зөвлөмж гаргасан, мөн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр гүйцэтгэх захирлын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж дүгнэлт гаргажээ. /хх-ийн 17,18/

 Зөвлөмж, болон дүгнэлтээр холбооны гүйцэтгэх захирал Б.Э нь байгууллагын мөнгийг хувийн дансаараа захиран зарцуулсан, өөрийн цалингаа 2020 оны 2 дугаар сараас эхлэн 125,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн, санхүүгийн анхан шатны баримтыг бүрдүүлээгүй зэрэг зөрчил гарсан талаар тэмдэлэж, зөрчлийг арилгах, арга хэмжээ авах талаар Удирдах зөвлөлд санал оруулсан байна.

Б.СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн хурлын шийдвэрээр нэхэмжлэгч Б.Э-г гүйцэтгэх захирлаар томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан, нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдөхдөө холбооны бичиг баримтыг авч явсан, мөн Удирдах зөвлөлийн 2020 оны 6 дугаар сарын 27-ны хурлын тэмдэглэлийг нэхэмжлэгч урж хаясан гэж хариуцагчийн төлөөлөгч тайлбарласан, мөн гэрч нарын мэдүүлгээр дээр дурдсан үйл баримт нотлогддог. /хх-ийн 65/

Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан болон  цалингаа дур мэдэн нэмэгдүүлсэн тухайд маргахгүй, харин хөрөнгө завшсан асуудлыг шалгаж тогтоогоогүй байтлаа ажлаас чөлөөлсөн гэж маргасан.

            Талуудын хооронд байгуулсан гэрээ хэрэгт авагдаагүй ч тухайн гэрээгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан гол нөхцөлийн талаар тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй юм.

Учир нь  гэрээ бодитоор хэрэгжсэн, гэрээний нөхцөл, хүчин төгөлдөр байдлын талаар маргаан гараагүй, нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгохоор маргасан болно.

            Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.2, 10.8.5, 10.8.8 дахь хэсгүүдэд  Удирдах зөвлөл нь холбооны гүйцэтгэх захирлыг сонгох, чөлөөлөх, гүйцэтгэх захирал, нягтлан бодогчийн цалинг тогтоох, гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг дүгнэх эрхтэй байхаар заажээ. 

Хуулийн зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч Б.Э нь холбооны Удирдах зөвлөл цалингийн хэмжээг тогтоож өгсөн байхад дур мэдэн өөрийн /холбооны гүйцэтгэх захирал/ цалинг нэмэгдүүлэх эрхгүй, мөн  холбооны гүйцэтгэх захирлыг чөлөөлөх, томилох чөлөөлөх нь удирдах зөвлөлийн эрхэд хамаарч байна.

Холбооны Хяналтын зөвлөлийн өгсөн зөвлөмж, дүгнэлтийг үндэслэн Удирдах зөвлөлийн хурлаас гүйцэтгэх захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас чөлөөлөөхөөр шийдвэрлэснийг буруутгах үндсэлэлгүй гэж үзлээ.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 11.3.1, 11.3.2, 11.3.3 дах хэсэгт зааснаар Хяналтын зөвлөл нь гүйцэтгэх захирлын үйл ажиллагаанд хяналт тавих, холбооны үйл ажиллагаа хууль тогтоомж болон холбооны дүрэмд нийцэж байгаа эсэхийг хянах, нягтлан бодох бүртгэл хөтлөлт, тайлан, тэнцэл хууль тогтоомжийн дагуу үнэн зөв хийгдсэн эсэхийг хянах эрхтэй байх бөгөөд хариуцагч Б.СӨХ-ны хяналтын зөвлөл хуульд заасан энэхүү эрхээ хэрэгжүүлсэн байна.

Хариуцагч Б.СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2020 оны 6 дугаар сарын 27-ны шийдвэр буюу удирдах зөвлөлийн дарга Р.М-н тоот тушаалаар Б.Э-г ажлаас чөлөөлсөн, харин 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн тоот тушаалыг нэхэмжлэгч Б.Э өөрөө үйлдсэн, харин гарын үсгийг Р.М зурж, гүйцэтгэх захирлаас ажлыг хүлээн авсан болох нь талуудын тайлбар, гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон.  /хх-ийн 8, 41/

Хэрэгт авагдсан Удирдах зөвлөлийн 2020 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хурлын тэмдэглэл, цалин хөлсний дэлгэрэнгүй бүртгэл, гэрчийн мэдүүлэг зэрэг  баримтаас үзэхэд гүйцэтгэх захирлын цалинг 575,000 төгрөгөөр тогтоосон, нэхэмжлэгч Б.Э 2020 оны 2-6 дугаар сарын хооронд сар бүр 700,000 төгрөг авч байсан байна.  /хх-ийн 19, 36-40/

Хяналтын зөвлөлийн шалгалтаар тогтоогдсон зөрчлүүдийг харгалзан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцласан Удирдах зөвлөлийн шийдвэрийг хууль бус гэж үзэх боломжгүй юм. 

Нэхэмжлэгч Б.Э нь гүйцэтгэх захирлын үйл ажиллагаанд баримтлах ёстой хууль тогтоомжийг илэрхий зөрчсөн нь тогтоогдсон болохыг, нэхэмжлэгчийн итгэмлэгдсэн төлөөлөгч алдаа дутагдал гаргасан эсэх талаар бус ажлаас чөлөөлсөн тушаал хуульд нийцээгүй талаар маргасан болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугар зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэгч Б.Э-н нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын  тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсагай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Т.БАТСҮХ