Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2020/02340

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2020/02340

 

М ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2020/03323 дугаар шийдвэртэй

нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч НШШГГт холбогдох

үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Түмэнчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 185 дугаар шийдвэрээрМ XXК-аас 48 298 000 төгрөгийг Чт төлөхөөр болсон байдаг. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу тус компанийн Хан-Уул дүүргийн 10-р хороо, Буянт ухаа /17121/ Наадамчдын зам гудамж 266-р байр, 8 тоот, 221,92 м.кв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүргийн 10-р хороо, Буянт ухаа 17121/ наадамчдын зам гудамж 266-р байр, 2 тоот, 221,92 м.кв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хураан авч тус бүрийг нь 478 247 000 төгрөгөөр үнэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргаж байна. Дээрх 2 үл хөдлөх хөрөнгө нь байршлын хувьд цэвэр агаарт Хан-Уул дүүрэгт байрлах үнэ нь өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа тав тухтай тансаг зэрэглэлийн орон сууц юм. Иймээс Виннэр Вэй ХХК-ийн Хан-Уул дүүргийн 10-р хороо, Буянт ухаа /17121/ Наадамчдын зам гудамж 266-р байр, 8 тоот, 221,92 м.кв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 478 247 000 төгрөгөөр, Хан-Уул дүүргийн 10-р хороо, Буянт ухаа /17121/ Наадамчдын зам гудамж 266-р байр, 2 тоот, 221,92 м.кв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 478 247 000 төгрөгөөр тус тус үнэлснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Төлбөр төлөгч М ХХК төлбөр авагч Чт олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичгийг 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор үүсгэсэн. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй. Үүргийн гүйцэтгэлд дурдсан Хан-Уул дүүргийн 10-р хороо, Буянт-Ухаа /17121/ Наадамчдын зам гудамж 266-р байр 8 тоот болон 2 тоот тус бүр 221.92 м.квадрат талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 15262689/01 тоот тогтоолоор битүүмжлэн, 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 139/01 тоот тогтоолоор хураасан. Талууд болон өмчлөгч нарт үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр үнийн санал ирүүлсэн. Үнийн саналыг төлбөр авагч хүлээн зөвшөөрөөгүй тул талууд харилцан тохиролцоогүй. 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 7/359 дүгээр тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд үл хөдлөх хөрөнгүүдийг тус бүрд нь 478 247 000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Төлбөр төлөгч М ХХК төлбөр авагч Ч, Эрэл ХХК, Төмөр транс ХХК, Л нарт 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 28119, 28120 дугаар тогтоолоор мэдэгдэл хүргүүлж мэдэгдсэн. Анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдэл, 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 9/01 дүгээр тогтоолыг талууд болон өмчлөгч нарт баталгаат шуудангаар хүргүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлыг энэ хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан байх тул үнэлгээтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2017 оны/ 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 55 дугаар зүйлийн 55.7 дахь заасныг баримтлан НШШГГт холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Түмэнцэцэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Манай компани Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 185 дугаар шийдвэрээр Чг 48 697 440 төгрөгийг төлөхөөр болсон байдаг. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа төлбөрт хураагдсан Хан-Уул дүүргийн 10-р хороо, Буянт-Ухаа /17121/ Наадамчдын зам гудамж 266-р байр, 8 тоот, 221,92 м.кв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүргийн 10-р хороо, Буянт-Ухаа /17121/ Наадамчдын зам гудамж 266-р байр, 2 тоот, 221,92 м.кв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн тус бүрийг нь 478 247 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх М ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр болон шинжээчийн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэсэн тайлбар гаргажээ. /хх.1-2, 72/

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 185 дугаар захирамжаар хариуцагч М ХХК 48 298 000 төгрөгийг нэхэмжлэгч Ч.Чаминчимэгт тодорхой хугацаанд төлөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 10-р хороо, Буянт-Ухаа /17121/ Наадамчдын зам гудамж 266-р байр, 8 тоот, 221,92 м.кв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүргийн 10-р хороо, Буянт-Ухаа /17121/ Наадамчдын зам гудамж 266-р байр, 2 тоот, 221,92 м.кв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хх.81-82/

НШШГГ 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай 139/01 тоот тогтоолоор Хан-Уул дүүргийн 10-р хороо, Буянт-Ухаа /17121/ Наадамчдын зам гудамж 266-р байр, 8 тоот, 221,92 м.кв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүргийн 10-р хороо, Буянт-Ухаа /17121/ Наадамчдын зам гудамж 266-р байр, 2 тоот, 221,92 м.кв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус битүүмжлэн хураасан байна. /хх.77/

Хуульд заасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнийн санал авахад төлбөр төлөгч М ХХК Хан-Уул дүүргийн 10-р хороо, Буянт-Ухаа /17121/ Наадамчдын зам гудамж 266-р байр, 8 тоот, 221,92 м.кв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүргийн 10-р хороо, Буянт-Ухаа /17121/ Наадамчдын зам гудамж 266-р байр, 2 тоот, 221,92 м.кв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус бүрийг 1 500 000 000 төгрөгөөр үнэлж /хх.53/, төлбөр авагч уг үнэлгээг эс зөвшөөрч эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор санал гаргасан байх тул тус газар 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 7/359 дугаар тогтоолоор барьцаа хөрөнгөнд үнэлгээ тогтоолгохоор Виннэр Вэй ХХК-ийг шинжээчээр томилсон, 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар барьцаа хөрөнгийн тус бүрийг 478 247 000 төгрөгөөр үнэлсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасанд нийцжээ. /хх.83-129/

Хариуцагч тал Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оы 01 дүгээр сарын 06-ны өдрийн 185 дугаар захирамжаар М ХХК-аас 48 298 000 төгрөгийг гаргуулж Ч.Чаминчимэгт олгохоор, 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр М ХХК-аас 85 031 397 төгрөгийг гаргуулж Төмөр транс ХХК-д олгохоор, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 6472 дугаар шийдвэрээр М ХХК-аас 113 722 950 төгрөгийг гаргуулж Лт тус тус олгохоор шийдвэрлэсэн гэж тайлбарласан байна. /хх.132/

Хөрөнгийн үнэлгээний тайланг төлбөр төлөгч М ХХК-д 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр танилцуулсан, /хх 6-7/ нэхэмжлэгч нь шүүхэд 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэлээ гаргажээ. /хх.1-2/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан, анхан шатны шүүх нэхэмжлэгч нь үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээ 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр гаргасан байгаа нь хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

Харин анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт тухайн маргаанд холбогдох хуулийн заалтыг оновчтой баримтлаагүй байх тул уг заалтыг хассан өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үнэлгээний талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2020/03323 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын 42 дугаар зүйлийн 42.1, 42.2 гэдгийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талын төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

Ц.ИЧИНХОРЛОО