Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2021/01004

 

 

 “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2020/03323 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2340 дүгээр магадлалтай,

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

“Виннэр Вэй” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 10-р хороо, Буянт ухаа /17121/ Наадамчдын зам гудамж 266-р байр, 2, 8 тоот орон сууцнуудыг тус бүр 478,247,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Түмэнчимэгийн гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан  оролцов.

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015.01.06-ны өдрийн 185 дугаар шийдвэрээр “М” XXК-иас 48,298,000 төгрөгийг Ч.Чаминцэцэгт төлөхөөр болсон байдаг. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу тус компанийн Хан-Уул дүүргийн 10-р хороо, Буянт ухаа /17121/ Наадамчдын зам гудамж 266-р байр, 8 тоот, 221.92 м.кв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүргийн 10-р хороо, Буянт ухаа /17121/ наадамчдын зам гудамж 266-р байр, 2 тоот, 221.92 м.кв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хураан авч тус бүрийг нь 478,247,000 төгрөгөөр үнэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргаж байна. Дээрх 2 үл хөдлөх хөрөнгө нь байршлын хувьд цэвэр агаарт Хан-Уул дүүрэгт байрлах үнэ нь өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа тав тухтай тансаг зэрэглэлийн орон сууц юм. Иймээс “Виннэр Вэй” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 10-р хороо, Буянт ухаа /17121/ Наадамчдын зам гудамж 266-р байр, 8 тоот, 221.92 м.кв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 478,247,000 төгрөгөөр, Хан-Уул дүүргийн 10-р хороо, Буянт ухаа /17121/ Наадамчдын зам гудамж 266-р байр, 2 тоот, 221.92 м.кв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 478,247,000 төгрөгөөр тус тус үнэлснийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төлбөр төлөгч “М” ХХК төлбөр авагч Ч.Чаминцэцэгт олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичгийг 2015.10.09-ний өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор үүсгэсэн. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй. Үүргийн гүйцэтгэлд дурдсан Хан-Уул дүүргийн 10-р хороо, Буянт-Ухаа /17121/ Наадамчдын зам гудамж 266-р байр 8 тоот болон 2 тоот тус бүр 221.92 м.квадрат талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг 2019.10.08-ны өдрийн 15262689/01 тоот тогтоолоор битүүмжлэн, 2020.07.07-ны өдрийн 139/01 тоот тогтоолоор хураасан. Талууд болон өмчлөгч нарт үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд 2020.07.20-ны өдөр үнийн санал ирүүлсэн. Үнийн саналыг төлбөр авагч хүлээн зөвшөөрөөгүй тул талууд харилцан тохиролцоогүй. 2020.07.24-ний өдрийн 7/359 дүгээр тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд үл хөдлөх хөрөнгүүдийг тус бүрд нь 478,247,000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Төлбөр төлөгч “М” ХХК төлбөр авагч Ч.Чаминцэцэг, “Эрэл” ХХК, “Төмөр транс” ХХК, Л.Норов нарт 2020.08.07-ны өдрийн 28119, 28120 дугаар тогтоолоор мэдэгдэл хүргүүлж мэдэгдсэн. Анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдэл, 2020.08.18-ны өдрийн 9/01 дүгээр тогтоолыг талууд болон өмчлөгч нарт баталгаат шуудангаар хүргүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлыг энэ хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан байх тул үнэлгээтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2020/03323 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2017 оны/ 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 55 дугаар зүйлийн 55.7 дахь заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2340 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2020/03323 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “42 дугаар зүйлийн 42.1, 42.2” гэдгийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талын төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Түмэнчимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Манай компани дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 185 дугаар шийдвэрээр Ч.Чаминцэцэгг 48,697,440 төгрөг төлөхөөр болсон. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу “М” ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 10-р хороо, Буянт ухаа /17121/ Наадамчдын зам гудамж 266 дугаар байр, 8 тоот, 221.92 м.кв талбайтай, хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 478,247,000 төгрөгөөр, Хан-Уул дүүргийн 10-р хороо, Буянт ухаа /17121/ Наадамчдын зам гудамж 266-р байр, 2 тоот, 221.92 м.кв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 478,247,000 төгрөгөөр тус тус үнэлсэнд гомдолтой байсан тул үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох маргаан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2020/03323 дугаар шийдвэр гарсан бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс гомдол гаргасны дагуу давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэж, 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2340 дүгээр магадлал гарган нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал болон шинжээчийн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

“М” ХХК Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан “Виннэр Вэй” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 10-р хороо, Буянт ухаа /17121/ Наадамчдын зам гудамж 266-р байр, 2, 8 тоот орон сууцнуудыг тус бүр 478,247,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015.01.06-ны өдрийн 185 дугаар захирамжаар “М” ХХК 48,298,000 төгрөгийг Ч.Чаминчимэгт төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй  болгожээ. 

Хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, “М” ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 10-р хороо, Буянт-Ухаа /17121/ Наадамчдын зам гудамж 266-р байр, 2, 8 тоот орон сууцнуудыг битүүмжлэн, хураах, төлбөр төлөх хугацаа тогтоох зэрэг ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан журмын дагуу явуулсан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2.-т зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг шинжээчээр гаргуулдаг.

“М” ХХК 2020.07.20-ны өдөр 2 орон сууцыг нийт 3,000,000,000 төгрөгөөр дуудлага худалдаагаар худалдах үнийн санал шийдвэр гүйцэтгэх байгууллагад ирүүлсэн, төлбөр авагч уг үнийн саналыг зөвшөөрөхгүй, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгох хүсэлт гаргасан тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2020.07.24-ний өдрийн 7/359 дүгээр тогтоолоор “Виннэр Вэй” ХХК-ийг шинжээчээр томилжээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон шинжээч 2020.08.03-ны өдрийн Ш-8/1, Ш-8/2 тоот үнэлгээний тайлангуудаар албадан дуудлага худалдаагаар худалдах орон сууц тус бүрийн үнэлгээг 478,247,000 төгрөгөөр тогтоосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгийг зөрчөөгүй, шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж зохицуулан заажээ.

Хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь төлбөрт хураагдсан орон сууцыг хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, зах зээлийн хандлагын аргаар тус тус үнэлж, хөрөнгийн үнэ, цэнийг илүү бодитой илэрхийлнэ гэж зах зээлийн харьцуулалтын үнэлгээг сонгон авч тухайн газартай ойролцоо, ижил төсөөтэй худалдахаар зарлагдаж байгаа орон сууцтай харьцуулах замаар зах зээлийн үнэлгээг тогтоосон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болсон баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Нэхэмжлэгч шинжээчийн дүгнэлт зах зээлийн ханшаас доогуур тогтоосон болохыг баримтаар нотолж чадаагүй байх тул “Виннэр Вэй” ХХК-ийн үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасныг зөрчсөн гэж дүгнэх боломжгүй байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020.08.07-ны өдрийн 139-4/28120, 139-4/28119 тоот хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдлүүдийг “М” ХХК-д хүлээн авч шүүхэд 2020.08.11-ний өдөр нэхэмжлэлээ гаргасныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.  

Энэ талаар энэ анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй, харин давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлгүй, учир дутагдалтай болжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Түмэнчимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо хоёр шатны шүүхийн шийдвэрийн ямар зүйл, заалт, үндэслэлийг зөвшөөрөхгүй байгаа талаараа тодорхой дурдаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Мөн гомдолдоо “...шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн... шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангагдаагүй...” гэсэн байх боловч энэ талаарх үндэслэлээ заагаагүй байна.

Шүүх ямар хуулийг хэрэглэх ёстой байсан, хуулийг хэрхэн буруу тайлбарласан, мөн төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг хэрхэн буруу хэрэглэсэн гэж үзэж буй үндэслэлээ тус тус заагаагүй, шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзэх болсон шалтгаанаа дурдаагүй тул хяналтын гомдлыг хангах нь мөн хуулийн  3 дугаар зүйлийн 3.1, 6 дугаар зүйлийн 6.1-6.3 дах хэсгийг зөрчинө.

Хоёр шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тодорхой заасан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Түмэнчимэгийн гомдлыг хангахгүй орхив.

Харин шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэгчийн шаардлагыг бүрэн тусгаагүй, ерөнхий байдлаар бичсэн, хуулийг оновчтой хэрэглээгүй байх тул шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2340 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2020/03323 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан “Виннэр Вэй” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 10-р хороо, Буянт ухаа /17121/ Наадамчдын зам гудамж 266-р байр, 2, 8 тоот орон сууцнуудыг тус бүр 478,247,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” Гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Түмэнчимэгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Х.ЭРДЭНЭСУВД 

                       ШҮҮГЧИД                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ     

                                                                              Х.СОНИНБАЯР 

                                                                              Б.УНДРАХ

                                                                              Д.ЦОЛМОН