Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2020/02338

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2020/02338

 

С.Нын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/02960 дугаар шийдвэртэй

нэхэмжлэгч С.Нын нэхэмжлэлтэй хариуцагч У ТӨХК-д холбогдох

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч С.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Н нь У ТӨХК-д 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/16 тоот тушаалаар хэрэглэгчдэд үйлчлэх 2 дугаар салбарын дулааны оруулгын слесарийн албан тушаалд томилогдсон. С.Нын үндсэн гүйцэтгэх үүрэг нь дулааны эрчим хүчний ашиглалт, түүний зарцуулалтад хяналт тавих мөн дулаан хэрэглэгч ашиглагч нараас төлбөр барагдуулдаг байцаагчийн албан тушаалыг гүйцэтгэдэг байсан. Уг ажлыг гүйцэтгэх хугацаанд байцаагч нарт тодорхой бүс нутгийг хариуцуулан өгч тухайн бүс нутгийн төлөвлөгөө биелэгдсэн байдлаар гүйцэтгэлтийн урамшуулал тооцож цалин олгодог байсан. Дулааны эрчим хүчний хэрэглээний үнэ хямд тогтоогдсон байгууллагууд төлбөрөө цаг тухай бүрд нь төлдөг. Харин өндөр төлбөр төлдөг байгууллагууд төлбөрийг төлөхгүй, хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж эсэргүүцдэг. Үүнээс шалтгаалж С.Нт ажил, үүргээ гүйцэтгэхэд зарим нэг хүндрэл гарч эхэлсэн. Энэ талаар албан байгууллага, удирдлагууддаа удаа дараа мэдэгдэж шийдвэрлэж өгөхийг хүссэн боловч шийдээгүй. 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Б/156 тоот тушаалаар У ТӨХК нь С.Нтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасныг үндэслэсэн ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн. Мөн тушаалын дараагийн үндэслэл нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 10.1.3-д заасан зохицуулалтын алыг зөрчсөнийг хэрхэн шалгаж тогтоосон нь тодорхойгүй. Хэний нэр төр, алдар хүндэд халдаж гутаагдаж ямар хохирол амссан. Хэний шийдвэрээр хэнд ямар арга хэмжээ авсан нь ойлгомжгүй. Хууль зөрчиж гаргасан тушаал байна. 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн өргөтгөсөн шуурхай хуралдаанаар С.Н сахилгын ноцтой зөрчил гаргасан учир хөдөлмөрийн гэрээг цуцлах асуудлыг ёс зүйн зөвлөлөөр яаралтай шийдвэрлэх шаардлагатай гэж шийдвэрлэсэн. Гэтэл тушаалын үндэслэлд ёс зүйн зөвлөлийн шийдвэр тусгагдаагүй. Зөрчлийг хэрхэн яаж шалгаж тогтоосон болон хэн ямар дүгнэлт гаргасан тодорхойгүй. Хариуцагч байгууллагын гаргаж өгсөн эрх зүйн баримт бичгүүдээр шуурхай зөвлөгөөний шийдвэрийг үндэслэж сахилгын зөрчил гаргасан гэж үзэж удирдлага ажлаас халах эрх зүйн үндэслэл байхгүй. Дээрх үндэслэлээр С.Нын гаргасан зөрчлийг хэн, хэрхэн тогтоосон, байгууллагын ямар дүрэм, журам, шийдвэрийг үндэслэж хариуцлага тооцсон зэрэг үндэслэлгүй хологдох хууль зөрчсөн байх тул С.Ныг ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлөлт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. С.Нын нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэнээр тооцоход сүүлийн 3 сарын цалингийн дундаж хэмжээг 1 652 416 төгрөг байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Галбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч С.Н нь У ТӨХК-д 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/16 тоот тушаалаар хэрэглэгчдэд үйлчлэх 2 дугаар төвийн слесарийн албан тушаалд томилогдож ажилласан. 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны дулаан түгээх, хангах үйл ажиллагааг хариуцаж ажилладаг Пюр хаус ХХК-ийн дулааны эрчим хүч хэрэглэгчдийн төлбөрийн үлдэгдэлтэй холбоотой мэдэгдэх хуудсыг өөрийн гараар бичиж цахилгаан шатанд болон мэдээллийн самбарт байрлуулсан. Уг мэдэгдэх хуудсыг байгууллага, удирдах ажилтны зөвшөөрөлгүй дур мэдэн нааж иргэдийг төөрөгдүүлж, Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч нарыг илтээр гүтгэсэн агуулга бүхий худал, ташаа мэдээллийг тарааж компанийн болон дээд байгууллагын ажил хэргийн нэр хүндийг гутаасан ноцтой зөрчил гаргасан. 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр байгууллагын өргөтгөсөн шуурхай хуралдаан хуралдаж, байгууллага болон удирдах дээд байгууллагын нэр хүндэд халдсан ноцтой зөрчил гаргасан учир ёс зүйн зөвлөлийн хурлыг мөн өдөр хуралдуулах шийдвэр гарсан. Ёс зүйн зөвлөл хуралдаж С.Нын дээрх үйлдэл нь ёс зүйн зөрчил гэж үзэж захиргааны санаачилгаар 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэр гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.1, 131.1.3, Эрчим хүчний салбарын төрийн өмчит байгууллагын ажилтны ёс зүйн дүрмийн 2.2, 2.6, 2.2.14, 2.2.17, Хөдөлмөрийн дотоод журмын 11.7, 11.7.3, 11.7.7, Хөдөлмөрийн гэрээний 6.3.7, У ТӨХК-ийн Ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын 7.2 дах заалтыг тус ус үндэслэн гүйцэтгэх удирдлагын 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/156 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. С.Нтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь холбогдох эрх зүйн баримт бичгүүдэд нийцсэн тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

ШҮҮХ: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.2-т заасныг баримтлан хариуцагч У ТӨХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч С.Нын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.Н нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваасүрэн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн дотоод журам-ын 10 дугаар зүйлийн 10.1.3.3 дахь хэсгийг заасан байдаг. Энэ заалтаар гаргасан зөрчлийг тодорхойлохдоо Байгууллагын ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж тайлбарладаг. Гэтэл тэр бичиж наасан зүйлийн агуулга нь Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч нартай холбоотой өөр байгууллагын ажилтнуудын талаар дурдсан байдаг. Эрчим хүчний зохицуулах хорооноос 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн №4/773 дугаартай албан тоотоор энэ талаар тайлбар ирүүлсэн. Гэтэл У ТӨХК нь С.Ныг ажлаас халахдаа өөрсдийн байгууллагын нэр төртэй ямар ч холбоогүй асуудлыг хамаатуулж ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч С.Нтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаалын үндэслэлд Ёс зүйн зөвлөлийн шийдвэр байхгүй. Дээрх Өргөтгөсөн шуурхайн хурлын шийдвэрийн 6 дахь хэсэгт Ажлын хариуцлага алдаж удирдах дээд газар болон байгууллагын нэр хүндэд ноцтойгоор халдсан нөхцөл байдлыг үүсгэсэн Зүүн түгээх төвийн Дулааны оруулгын слесарь С.Ныг ажлаас чөлөөлөх асуудлыг Ёс зүйн зөвлөл-ийн хурлаар оруулах шийдвэр гаргасан байдаг. Энэ шийдвэрийн дагуу Ёс зүйн зөвлөл хуралдаж шийдвэр гаргаагүй байхад бүгд Шуурхайн өргөтгөсөн хурал болсон тэр өдрөө 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн дугаар Б156 тоот тушаалаар шууд ажлаас халсан нь тус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахдаа харьяа нэгжийн саналыг авсан байна. Салбар, албадын дарга нар, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны болон Техник хяналт ашиглалтын байцаагч инженерүүд ажилтны гаргасан зөрчлийг шалган тогтоож, сахилгын шийтгэл ногдуулах саналаа гүйцэтгэх захиралд танилцуулна гэснийг, Мөн 2019 оны 8 дугаар сарын 08-ний өдөр Эрчим хүчний сайдын дугаар 196 тоот тушаалаар баталсан Ёс зүйн дүрэм-ийн 3.1, 4.2, 4.3, 5.1 дахь заалтуудыг зөрчсөн байна. Хариуцагч тал ёс зүйн зөрчил гэж үзсэн байгууллагын нэр төрийг гутаасан гэсэн үндэслэлийг нотлоогүй. Өргөтгөсөн шуурхайн шийдвэрээр Ёс зүйн зөвлөлийн хурлаар оруул гэсэн байхад уг шийдвэрийг биелүүлээгүй, мөн У ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/180 тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан У ТӨХК-ийн Ёс Зүйн Зөвлөл-ийн ажиллах журмын дагуу ёс зүйн зөрчлийг шалгаж, Ёс зүйн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлээгүй юм. Гэтэл Хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаалын үндэслэлд заагаагүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хариуцагч тал сүүлд өөрсдөө шүүхэд гаргаж өгсөн Ёс зүйн зөвлөлийн шийдвэр гэх дугаар номер байхгүй баримтыг нотлох баримтаар үнэлж дүгнэснээр тушаалд бичигдсэн үндэслэлээс хальж шүүх дүгнэлт хийсэн нь бодит байдалд нийцэхгүй, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болсон. Мөн нэхэмжлэгч тал хөдөлмөрийн маргаан үүсгэж шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хариуцагч тал тушаалын үндэслэл дээрээ нэмж, дэлгэрүүлж шүүхэд бичиж өгсөн тайлбарын бүх заалтуудыг дүгнэлт хэсэгтээ шууд тусгасан нь шүүх маргааны гол зүйл болсон тушаалын үндэслэлээс хальж дүгнэлт хийсэн нь талуудын тэнцвэртэй, мэтгэлцэх зарчмын эсрэг, шүүх төвийг сахих байр сууриа алдсан явдал болсон байна. Нэхэмжлэгч С.Нын нэхэмжлэлийн шаардлага бол ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт холбогдох бичилт хийлгэх байсан юм. Тэдний ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт амьдардаг ба энэ учир байдлыг нь хүртэл хэлж, давж заалдах шатны шүүхэд хандах эрх нь зөрчигдөөд байна гэж удаа дараа шаардаж 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр болсон шүүх хурлын шийдвэрийг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр буюу 29 хоногийн дараа гардаж авсан юм. Иймд дээр үндэслэлийн дагуу нэхэмжлэгч С.Нын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч С.Н нь хариуцагч У ТӨХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх.1-2, 17/

Ажил олгогч У төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Б/156 тоот тушаалаар С.Ныг Зүүн түгээх төвийн дулааны оруулгын слесарь ажлаас чөлөөлж, тушаалийн үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.5, У төрийн өмчит хувьцаат компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.1.3.3, 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн өргөтгөсөн шуурхай шийдвэрийг тус тус үндэслэсэн байна. /хх.10/

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Би дулааны эрчим хүчний ашиглалт, түүний зарцуулалтад хяналт тавьж, байгууллагаас улирал тутам гаргаж өгсөн орлогын төлөвлөгөөг биелүүлэх даалгавар авч, хэрэв төлөвлөгөө биелэгдсэн тохиолдолд авбал зохих цалин хөлсөө бүрэн авах боломжтой юм. Манай байгууллага төлбөр барагдуулах үүрэг хүлээж, төлөвлөгөө нэрээр ажилтан миний бие заавал биелүүлэх, хэрэв биелэгдэхгүй бол цалин хөлсөнд шууд нөлөөлж, эцэст нь хохирдог байсан гэж тайлбарлажээ.

Хэргийн 36 дугаар талд авагдсан 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн У ТӨХ компанийн мэдэгдэх хуудас авагдсан, уг мэдэгдэлд Пюр хаус ХХК хэрэглээний дулааны эрчим хүчний нийт төлбөр 170 605 011 төгрөгийг төлөөгүй тул Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.8, 32 дугаар зүйлийн 32.2.1-д тус тус заасныг баримтлан 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 12 цагаас дулааны эрчим хүчний хэрэглээг түр хязгаарлах болсныг мэдэгдсэн, мөн Олимд хотхонд Пюр хаус ХХК нь Эрчим хүчний зохицуулах хороо-ны орон сууцны дулааны бөөний үнэ тариф тогтоодог хэдэн зохицуулагч нарт 12-20 сая төгрөгийн хахууль өгч чадаагүй гэнэ. Иймд дампуурахад ойрхон болжээ гэсэн утгатай бичгийн баримт авагдсан. Уг мэдэгдэл зэргийг нэхэмжлэгч бичиж наасан гэдгээ үгүйсгээгүй байна.

Ажил олгогч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ ...мэдэгдэх хуудсыг байгууллага, удирдах ажилтны зөвшөөрөлгүй дур мэдэн нааж иргэдийг төөрөгдүүлж, Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч нарыг илтээр гүтгэсэн агуулга бүхий худал, ташаа мэдээллийг тарааж компанийн болон дээд байгууллагын ажил хэргийн нэр хүндийг гутаасан ноцтой зөрчил гаргасан гэсэн тайлбар гаргажээ.

У төрийн өмчит хувьцаат компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 10.1.7.3-т Байгууллагын ажил хэргийн нэр хүндийг гутаасан, хамт орны эв нэгдлийн эсрэг зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулсан, бусдыг энэ хэрэгтээ өдөөн турхирч, татан оролцуулсан, хүний нэр хүндийг гутаах зорилгоор гүтгэн гүжирдсэн нь компани болон хувь хүний нэр хүнд, эрх ашигт хохирол учруулсан бол ноцтой зөрчил гэж үзнэ гэж, мөн Хөдөлмөрийн гэрээний 6.3.5-д Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, Компанийн Хөдөлмөрийн дотоод журам-д заагдсан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцална гэж тус тус заасан байна.

2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн У ТӨХК-ийн Ёс зүйн зөвлөлийн хурлын тэмдэглэл авагдсан, уг тэмдэглэлээр Эрчим хүчний зохицуулах хороо, байгууллагын нэр хүндэд ноцтойгоор халдсан нөхцөл байдлыг үүсгэж, ёс зүйн алдаа гаргасан Зүүн түгээх төвийн Дулааны оруулгын слесарь С.Нтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс цуцлахаар шийдвэрлэсэн байна. /хх.10/

Анхан шатны шүүх У ТӨХК-ийн Ёс зүйн зөвлөлийн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар С.Ныг ёс зүйн зөрчил гаргасанд тооцсон шийдвэрийг хууль бус, үндэслэлгүй гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй, талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээнд ёс зүйн зөрчил нь хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчилд тооцохоор тусгасан, нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь байгууллагын дотоод журамд заасан ёс зүйн зөрчилд хамаарч байгаа нь тогтоогдсон учир хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь зөв болжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо ...Ёс зүйн зөвлөл хуралдаж шийдвэр гаргаагүй байхад буюу шуурхайн өргөтгөсөн хурал болсон тэр өдрөө 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Б/156 дугаар тоот тушаалаар шууд ажлаас халсан гэсэн үндэслэл зааж байгаа боловч нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүх хариуцагч У ТӨХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч С.Нын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болно.

Харин анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд хэрэглэгдэх хуулийн заалтыг зөв баримтлаагүй байх тул уг заалтыг өөрчилсөн өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/02960 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.2 гэснийг ...Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.Н нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Ц.ИЧИНХОРЛОО