Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 2960

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС           

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: С.Н-ын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: УБДС ТӨХК-д холбогдох, 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Галбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч С.Н-ыншүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Ннь УБДС ТӨХК-д2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/16 тоот тушаалаар хэрэглэгчдэд үйлчлэх 2 дугаар салбарын дулааны оруулгын слесарийн албан тушаалд томилогдсон. С.Н-ынүндсэн гүйцэтгэх үүрэг нь дулааны эрчим хүчний ашиглалт, түүний зарцуулалтад хяналт тавих мөн дулаан хэрэглэгч ашиглагч нараас төлбөр барагдуулдаг байцаагчийн албан тушаалыг гүйцэтгэдэг байсан. Уг ажлыг гүйцэтгэх хугацаанд байцаагч нарт тодорхой бүс нутгийг хариуцуулан өгч тухайн бүс нутгийн төлөвлөгөө биелэгдсэн байдлаар гүйцэтгэлтийн урамшуулал тооцож цалин олгодог байсан. Эрчим хүчний зохицуулах хорооноос дулаан ашиглагч байгууллагуудын хүсэлтийг үндэслэж дулааны үнэ тарифыг харилцан адилгүй тогтоодог. Дулааны эрчим хүчний хэрэглээний үнэ хямд тогтоогдсон байгууллагууд төлбөрөө цаг тухай бүрд нь төлдөг. Харин өндөр төлбөр төлдөг байгууллагууд төлбөрийг төлөхгүй, хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж эсэргүүцдэг. Үүнээс шалтгаалж С.Н-тажил, үүргээ гүйцэтгэхэд зарим нэг хүндрэл гарч эхэлсэн. Энэ талаар албан байгууллага, удирдлагууддаа удаа дараа мэдэгдэж шийдвэрлэж өгөхийг хүссэн боловч шийдээгүй. 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/156 тоот тушаалаар УБДС ТӨХК нь С.Н-тайбайгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасныг үндэслэсэн ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан. Мөн тушаалын дараагийн үндэслэл нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 10.1.3-д заасан зохицуулалтын алыг зөрчсөнийг хэрхэн шалгаж тогтоосон нь тодорхойгүй. Хэний нэр төр, алдар хүндэд халдаж гутаагдаж ямар хохирол амссан. Хэний шийдвэрээр хэнд ямар арга хэмжээ авсан нь ойлгомжгүй. Хууль зөрчиж гаргасан тушаал байна. 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн өргөтгөсөн шуурхай хуралдаанаар С.Нсахилгын ноцтой зөрчил гаргасан учир хөдөлмөрийн гэрээг цуцлах асуудлыг ёс зүйн зөвлөлөөр яаралтай шийдвэрлэх шаардлагатай гэж шийдвэрлэсэн. Гэтэл тушаалын үндэслэлд ёс зүйн зөвлөлийн шийдвэр тусгагдаагүй. Зөрчлийг хэрхэн яаж шалгаж тогтоосон болон хэн ямар дүгнэлт гаргасан тодорхойгүй. Хариуцагч байгууллагын гаргаж өгсөн эрх зүйн баримт бичгүүдээр шуурхай зөвлөгөөний шийдвэрийг үндэслэж сахилгын зөрчил гаргасан гэж үзэж удирдлага ажлаас халах эрх зүйн үндэслэл байхгүй. Дээрх үндэслэлээр С.Н-ынгаргасан зөрчлийг хэн, хэрхэн тогтоосон. Байгууллагын ямар дүрэм, журам, шийдвэрийг үндэслэж хариуцлага тооцсон зэрэг үндэслэлгүй хологдох хууль зөрчсөн байх тул С.Н-ыгажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлөлт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. С.Н-ыннийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэнээр тооцоход сүүлийн 3 сарын цалингийн дундаж хэмжээг 1,652,416 төгрөг байна гэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Галбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч С.Ннь УБДС ТӨХК-д2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/16 тоот тушаалаар хэрэглэгчдэд үйлчлэх 2 дугаар төвийн слесарийн албан тушаалд томилогдож ажилласан. 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны дулаан түгээх, хангах үйл ажиллагааг хариуцаж ажилладаг Пюр хаус ХХК-ийн дулааны эрчим хүч хэрэглэгчдийн төлбөрийн үлдэгдэлтэй холбоотой мэдэгдэх хуудсыг өөрийн гараар бичиж цахилгаан шатанд болон мэдээллийн самбарт байрлуулсан. Уг мэдэгдэх хуудсыг байгууллага, удирдах ажилтны зөвшөөрөлгүй дур мэдэн нааж иргэдийг төөрөгдүүлж, Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч нарыг илтээр гүтгэсэн агуулга бүхий худал, ташаа мэдээллийг тарааж компанийн болон дээд байгууллагын ажил хэргийн нэр хүндийг гутаасан ноцтой зөрчил гаргасан. Нэхэмжлэгчийн дээрх үйлдэлтэй холбоотой Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 4/777 тоот манай байгууллагад ирүүлсэн албан бичигт уг асуудалтай холбоотой тайлбараа яаралтай ирүүлж, холбогдох арга хэмжээг авахыг даалгасан. 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр байгууллагын өргөтгөсөн шуурхай хуралдаан хуралдаж, байгууллага болон удирдах дээд байгууллагын нэр хүндэд халдсан ноцтой зөрчил гаргасан учир ёс зүйн зөвлөлийн хурлыг мөн өдөр хуралдуулах шийдвэр гарсан. Ёс зүйн зөвлөл хуралдаж С.Н-ындээрх үйлдэл нь ёс зүйн зөрчил гэж үзэж 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцалсан шийдвэр гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.1, 131.1.3, Эрчим хүчний салбарын төрийн өмчит байгууллагын ажилтны ёс зүйн дүрмийн 2.2, 2.6, 2.2.14, 2.2.17, Хөдөлмөрийн дотоод журмын 11.7, 11.7.3, 11.7.7, Хөдөлмөрийн гэрээний 6.3.7, УБДС ТӨХК-ийнЁс зүйн зөвлөлийн ажиллах журмын 7.2 дах заалтыг тус ус үндэслэн гүйцэтгэх удирдлагын 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/156 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. С.Н-тайбайгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь холбогдох эрх зүйн баримт бичгүүдэд нийцсэн тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.  

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч С.Ннь хариуцагч УБДС ТӨХК-дхолбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 УБДС ТӨХК-ийнгүйцэтгэх захирлын 2017 оны 01 сарын 20-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар С.Н-ыгХэрэглэгчдэд үйлчлэх 2 дугаар салбарын Дулааны оруулгын слесариар ажиллуулахаар томилжээ.

 Нэхэмжлэгч С.Ннь 2020 оны 05 сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны дулаан түгээх, хангах үйл ажиллагааг хариуцаж ажилладаг Пюр хаус ХХК-ийн цахилгаан шат, мэдээллийн самбарт УБДС ТӨХК-ийнтамга тэмдэггүй мэдэгдэх хуудсанд Олимп хотхонд Пюр хаус ХХК нь эрчим хүчний зохицуулах хорооны орон сууцны дулааны бөөний үнэ тариф тогтоодог хэдэн зохицуулагч нарт 12-20 сая төгрөгийн хахуул өгч чадаагүй гэнэ. Иймд дампуурахад ойрхон болжээ гэж бичиж наасан байна.  

Нэхэмжлэгч уг үйлдлийн шалтгааныг ...Би дулааны эрчим хүчний ашиглалт, түүний зарцуулалтад хяналт тавьж, байгууллагаас улирал тутам гаргаж өгсөн орлогын төлөвлөгөөг биелүүлэх даалгавар авч, хэрэв төлөвлөгөө биелэгдсэн тохиолдолд авбал зохих цалин хөлсөө бүрэн авах боломжтой юм. Эрчим хүчний зохицуулах хороо нь томоохон хэрэглэгч байгууллагуудад дулааны эрчим хүчээр хангаж, төлбөр тооцоог өөрийн үзэмжээр авлигал өгсөнд нь бага үнэ тогтоодог гэх яриа байдаг. Үнийг харилцан адилгүй тогтоодог. Энэхүү үнээр манай байгууллага төлбөр барагдуулах үүрэг хүлээж, төлөвлөгөө нэрээр ажилтан миний бие заавал биелүүлэх, хэрэв биелэгдэхгүй бол цалин хөлсөнд шууд нөлөөлж, эцэст нь хохирдог байсан. Энэ талаар удирдлагад мэдэгддэг байсан боловч манай байгууллага бодлогоор дэмжлэг үзүүлдэггүй, ...энэ байдал байгууллагын удирдлага, хамт олонд таалагдахгүй болсон гэж тайлбарлажээ.

 

С.Н-ындээрх үйлдэлтэй холбоотойгоор УБДС ТӨХК-ийнгүйцэтгэх захирлын 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн б/156 дугаар тушаалаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, УБДС ТӨХК-ийнХөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.1.3.3 дахь заалт, 2020 оны 06 сарын 08-ны өдрийн өргөтгөсөн шуурхайн шийдвэрийн дагуу Зүүн түгээх төвийн дулааны оруулгын слесарь С.Н-ыгсахилгын ноцтой зөрчил гаргасанд тооцож, 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан байна. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно, 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасан.

 Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах нөхцөлийг гэрээний 3.3.5-д ...хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон, 6.3.7-д Байгууллагын ажил хэргийн нэр хүндийг гутаасан... гэж, Хөдөлмөрийн дотоод журмын 10.1.7-д Дор дурдсан сахилгын зөрчлийг ноцтой зөрчил гэж үзнэ, 10.1.7.3-д байгууллагын ажил хэргийн нэр хүндийг гутаасан..., 10.1.7.7.7-д Ёс зүйн зүйн ноцтой зөрчил гаргасан тухай ёс зүйн зөрчлийн талаарх маргаан таслах хуралдааны эцсийн шийдвэр гарч, хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл бий болсон гэсэн байна. /хх-ийн 7-9, 31-32/

 Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2019 оны 08 сарын 08-ны өдрийн 196 дугаар тушаалаар Эрчим хүчний салбарын төрийн өмчит байгууллагын ажилтны ёс зүйн дүрэм-ийг баталсан байх бөгөөд дүрмийн 2.2.6, 2.2.14, 2.2.25, 2.2.27-д байгууллагын нэр хүндийг ямагт дээдэлж, түүнд харшлах аливаа үйлдлийг цээрлэх, ёс зүйн хэм хэмжээ зөрчигдөхөөс сэргийлэх, албаны харилцаанд хүний эрх, эрх чөлөө, халдашгүй байдал эрхэмлэх талаар, дүрмийн 3 дахь хэсэгт байгууллагын ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагаа, шийдвэрлэх асуудлын талаар тус тус зохицуулжээ.

 УБДС ТӨХК-ийнЁс зүйн зөвлөлийн 2020 оны 06 сарын 08-ны өдрийн хуралдаанаар С.Н-ыгёс зүйн зөрчил гаргасан эсэх асуудлыг хэлэлцээд Эрчим хүчний зохицуулах хороо, байгууллагын нэр хүндэд ноцтойгоор халдсан нөхцөл байдлыг үүсгэж, ёс зүйн алдаа гаргасан Зүүн түгээх төвийн Дулааны оруулгын слесарь С.Н-тайбайгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсугай гэсэн шийдвэрийг гаргасан байна.  

УБДС ТӨХК-ийнЁс зүйн зөвлөлийн 2020 оны 06 сарын 08-ны өдрийн хуралдаанаар С.Н-ыгёс зүйн зөрчил гаргасанд тооцсон шийдвэрийг хууль бус, үндэслэлгүй гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээнд ёс зүйн зөрчил нь хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчилд тооцохоор тусгасан, нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь байгууллагын дотоод журамд заасан ёс зүйн зөрчилд хамаарч байгаа нь тогтоогдсон учир хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй.  

Иймд хариуцагч УБДС ТӨХК-дхолбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч С.Н-ыннэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.2-т заасныг баримтлан хариуцагч УБДС ТӨХК-дхолбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч С.Н-ыннэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.Ннь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.АЗБАЯР