Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2020/02351

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2020/02351

 

Э ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2020/02331 дугаар шийдвэртэй

Э ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Жд холбогдох

зуучлалын гэрээг цуцалcны хохиролд 5 026 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хан-Уул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч Э ХХК-ийн төлөөлөгч Н.Энхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хан-Уул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх 15-18,5 настай ерөнхий боловсролын хүүхдүүдийг АНУ болон бусад улс орнуудад сурагч соёл солилцооны хөтөлбөрт зуучилдаг байгууллага юм. 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хариуцагч өөрийн охин Д.Хгаа АНУ-ын төрийн департментаас хэрэгжүүлж байгаа ахлах сургуулийн сурагчдын соёл солилцооны хөтөлбөрт хамруулах хүсэлт гаргасны дагуу 128/18 дугаартай зуучлалын гэрээг байгуулж хамтран ажилласан юм. Зуучлагч талаас гэрээний үүргээ бүрэн биелүүлж энэ хөтөлбөрт хамруулсан. Гэтэл спонсор байгууллагаас 5970 ам.долларын нэхэмжлэлийг төлөхийг шаардсан байна. Мөнгөө төлөхийг хариуцагч талаас шаардахад өнөө маргааш төлнө гэсээр төлөхгүй байсаар гэрээгээ спонсор байгууллагаас цуцалж, манайхаас 1800 ам.доллар төлөхийг шаардсан нэхэмжлэл и-мэйлээр ирсэн. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.5-д сурагч нь өөрийн сонгогдсон Америк айлд байрлах үүрэгтэй ба дур мэдэн хөтөлбөрөөс гадуурх ажиллагаанд оролцох, хөтөлбөрөөс татгалзахгүй байхыг анхаарах, 2.6-д хэрэв гэрээний 2.5-д заасныг зөрчсөн тохиолдолд спонсор байгууллагаас болон агентаас хариу яаралтай арга хэмжээ авах ба үүнтэй холбогдож гарах бүх зардлыг оролцогч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч эцэг эх хариуцлага хүлээнэ гэж заасны дагуу 1800 ам.доллар буюу 5 026 500 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нийлээд 4 хүүхэд гэрээ цуцалсан ба 7800 доллар нэхэмжилснээс бид талыг нь төлчхөөд байна. Гадаад паспортоо өртэй учраас манайхаас аваагүй байсан. Суух айл нь жижиг хотод байдаг гэхээр яваагүй гэх шиг болсон. 2018 оны 6 дугаар сард ямар хот санал болгож байсныг нь би мэдэхгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ шаардлагыг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлд дурдсан шиг үйл баримт огт болоогүй бөгөөд харин ч хариуцагчийн хувьд 100 ам.доллароор хохирч үлдсэн. Учир нь нэхэмжлэгч компанийн талаар мэдээллийг хараад очиж уулзтал 100 ам.доллар төлөөд бүртгүүлчих гэсэн бөгөөд үүний дагуу 100 ам.долларыг төлж хэд хоносны дараа над руу залгаж, таны охиныг хүн ам цөөтэй нэг тосгон маягийн дагуул хот руу явуулах боломж байна гэж мэдэгдсэн. Бага насны хүүхдийг тийм хот руу явуулахгүй, том хот бол таньдаг хүмүүс байдаг тул явуулах боломжтой, ах нь хүүхдээ явуулахгүй гээд 100 ам.доллараа авна гэсэн чинь буцаах боломжгүй төлбөр гэсэн юм. Үүнээс цааш харилцаа үүсээгүй, төлбөрөө төл гэсэн зүйл ярьж байсан удаагүй. Гэрээний 4.5-д зааснаар гэрээ баталгаажуулалт хийгдээгүй тул төлөх үүрэггүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э ХХК-ийн нэхэмжлэлтэй Жд холбогдох гэрээ цуцалсны хохиролд 5 026 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95 400 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хан-Уул давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй, харин хариуцагчийн татгалзал болох зуучлалын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5-д заасныг үндэслэн хөтөлбөр баталгаажаагүй байх цаг хугацаанд гэрээнээс татгалзсан нь гэрээний үүрэг зөрчөөгүй гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан 128/18 дугаартай зуучлалын гэрээний 4.5-т заасан Хөтөлбөрийн процесс эхэлснээс хойш спонсорын нэхэмжлэлийн дагуу гэрээний 4.2-т заасан төлбөрөөс 800 ам.долларын барьцаа төлснөөр оролцогч хөтөлбөр баталгаажна гэж заасан бөгөөд хариуцагч тал гэрээнээс татгалзсан нь гэрээний үүргээ зөрчөөгүй гэж үзэх үндэслэлгүй юм. Мөн спонсор байгууллагаас нь ирүүлсэн нэхэмжлэлийн дагуу Э ХХК нь 1800 ам.долларыг хохиролд бодитоор төлсөн бөгөөд төлсөн гэх баримт хэрэгт авагдсан болно. Мөн Э ХХК-ийн болон Ж нарын хооронд байгуулсан зуучлалын гэрээний 2 дугаар зүйлийн 2.5-д сурагч нь АНУ-д өөрийн сонгогдсон сургууль Америк айлд байрлах үүрэгтэй ба дур мэдэн хөтөлбөрөөс гадуурх үйл ажиллагаанд оролцох, хөтөлбөрөөс татгалзахгүй байхыг анхаарах, 2.6-д хэрэв гэрээний 2.5-д заалтыг зөрчсөн тохиолдолд спонсор байгууллагаас болон агентаас хариу яаралтай арга хэмжээ авах ба үүнтэй холбогдож гарах бүх зардлыг оролцогч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч эцэг эх хариуцлага хүлээнэ гэж заасны дагуу Ж нь спонсор байгууллагаас ирүүлсэн нэхэмжлэлийн дагуу хариуцлага хүлээхээр байна. Тиймээс анхан шатны шүүх энэ бүхнийг анхааралгүй хэрэгт бодит дүгнэлт хийлгүй нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Жд холбогдуулан зуучлагч талтай байгуулсан гэрээ цуцалснаас учирсан хохиролд 5 026 500 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч ...баталгаажуулалт хийгдээгүй гэсэн үндэслэлээр маргажээ.

Нэхэмжлэгч Э ХХК нь 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Жтай 128/18 дугаартай гэрээ байгуулсан байх ба энэхүү гэрээгээр Д.Хг АНУ-ын Төрийн Департаментаас хэрэгжүүлж байгаа ахлах ангийн сургуулийн сурагчдын соёл солилцооны хөтөлбөрт зуучлуулах, үйлчилгээ үзүүлсний төлөө хөлс төлөхөөр харилцан тохиролцжээ. Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчдын хэн аль нь маргаагүй.

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд анхан шатны шүүх талуудын хооронд зуучлалын гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн байна.

Гэрээний 4.3-т Англи хэлний түвшин тогтоох ELTiS шалгалтын хураамж 100 ам.доллар байх ба энэ нь хөтөлбөрийн нийт төлбөрт багтаагүй болно гэж, 4.5-д хөтөлбөрийн процесс эхэлснээс хойш Спонсорын нэхэмжлэлийн дагуу гэрээний 4.2-д заасан төлбөрөөс 800 ам.долларын барьцаа төлснөөр оролцогч хөтөлбөрт баталгаажна гэж тус тус заажээ. Хариуцагч 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр бүртгэлийн хураамжид 100 ам.доллар төлжээ. /хх.10/

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч талаас ...хүн ам цөөтэй, дагуул хот руу охиноо явуулах боломжгүй гэсэн үндэслэлээр гэрээнээс татгалзсан, энэ талаараа хариуцагч байгууллагад мэдэгдсэн байсан гэсэн тайлбарыг нэхэмжлэгч байгууллага үгүйсгээгүй байна.

Анхан шатны шүүх хариуцагч талын гэрээнээс татгалзсан татгалзал нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх заалттай нийцсэн гэж дүгнэж, хөтөлбөр нэгэнт баталгаажаагүй байх цаг хугацаанд гэрээнээс хариуцагч татгалзсан, талуудын хооронд байгуулсан гэрээний 2.5-д сурагч нь өөрийн сонгогдсон Америк айлд байрлах үүрэгтэй ба дур мэдэн хөтөлбөрөөс гадуурх ажиллагаанд оролцох, хөтөлбөрөөс татгалзахгүй байхыг анхаарах, 2.6-д хэрэв гэрээний 2.5-д заасныг зөрчсөн тохиолдолд спонсор байгууллагаас болон агентаас хариу яаралтай арга хэмжээ авах ба үүнтэй холбогдож гарах бүх зардлыг оролцогч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч эцэг эх хариуцлага хүлээнэ гэх заалтуудыг мөрдөх үүрэг хүлээхгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм.

Мөн хэрэгт спонсор байгууллага нь нэхэмжлэгчээс 1800 ам.долларыг нэхэмжилсэн гэх боловч нэхэмжлэгч уг 1800 ам.долларыг хохиролд бодитоор тухайн газарт төлсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.

Хэргийн 42-49 дүгээр талд 13 210 ам.долларын нэхэмжлэх гэсэн орчуулгын баримт авагдсан байгаа боловч тухайн баримт нь Д.Хтай холбоотой АНУ руу мөнгө шилжүүлсэн баримт гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Уг баримтаар нэхэмжлэгчээс өөр этгээд шаардаад байгаа гэсэн баримт бодитойгоор төлсөн мөнгийг буцааж шаардаад байгаа гэх нөхцөл байдал харагдахгүй байна. Мөн төлөх ёстой гэж шаардаад байгаа гэх агуулга тодорхойгүй.

Нөгөө талаар дээрх 13 210 ам.долларын баримт нь Д.Хтай хамааралтай гэх байдал хэргийн бусад баримтаар нотлогдохгүй байгаа тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна. /хх.42-49/

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2020/02331 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 95 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Ц.ИЧИНХОРЛОО