Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2020/02331

 

2020 09 04 183/ШШ2020/02331

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн .............. тоотод байрлах Э ХХК / РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг, ................, тоот хаягт оршин суух Б овогт Ж.Д /00000000/-д холбогдох

Зуучлалын гэрээг цуцалcаны хохиролд 5 026 500 гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Халиун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Э ХХК ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх 15-18,5 настай ерөнхий боловсролын хүүхдүүдийг АНУ болон бусад улс орнуудад сурагч соёл солилцооны хөтөлбөрт зуучилдаг байгууллага юм. 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хариуцагч нь ирж уулзаж, өөрийн охин Д.Х АНУ-ын төрийн департментаас хэрэгжүүлж байгаа ахлах сургуулийн сурагчдын соёл солилцооны хөтөлбөрт хамруулах хүсэлт гаргасны дагуу 128/18 дугаартай зуучлалын гэрээг байгуулж хамтран ажилласан юм. Ингээд зуучлагч талаас гэрээний үүргээ бүрэн биелүүлж энэ хөтөлбөрт хамруулсан. Гэтэл спонсор байгууллагаас 5970 ам долларын нэхэмжлэлийг төлөхийг шаардсан. Мөнгөө төлөхийг хариуцагч талаас шаардахад өнөө маргааш төлнө гэсээр төлөхгүй байсаар гэрээгээ спонсор байгууллагаас цуцалж, манайхаас 1800 ам.доллар төлөхийг шаардсан нэхэмжлэл мэйлээр ирсэн. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.5-д Сурагч нь өөрийн сонгогдсон Америк айлд байрлах үүрэгтэй ба дур мэдэн хөтөлбөрөөс гадуурх ажиллагаанд оролцох, хөтөлбөрөөс татгалзахгүй байхыг анхаарах, 2.6-д хэрэв гэрээний 2.5-д заасныг зөрчсөн тохиолдолд спонсор байгууллагаас болон агентаас хариу яаралтай арга хэмжээ авах ба үүнтэй холбогдож гарах бүх зардлыг оролцогч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч эцэг эх хариуцлага хүлээнэ гэж заасны дагуу 1800 ам.доллар буюу 5 026 500 төгрөгийг гаргуулж өгнө. Нийлээд 4 хүүхэд гэрээ цуцалсан ба 7800 доллар нэхэмжилснээс бид талыг нь төлчхөөд байна. Гадаад паспортоо өртэй учраас манайхаас аваагүй байсан. Суух айл нь жижиг хотод байдаг гэхээр яваагүй гэх шиг болсон. 2018 оны 6 дугаар сард ямар хот санал болгож байсныг нь би мэдэхгүй байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ шаардлагыг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлд дурдсан шиг үйл баримт огт болоогүй бөгөөд харин ч хариуцагчийн хувьд 100 ам.доллароор хохирч үлдсэн. Учир нь нэхэмжлэгч компанийн талаар мэдээллийг хараад очиж уулзтал 100 ам.доллар төлөөд бүртгүүлчих гэсэн бөгөөд үүний дагуу 100 ам.долларыг төлж хэд хоносны дараа над руу залгаж, таны охиныг хүн ам цөөтэй нэг тосгон маягийн дагуул хот руу явуулах боломж байна гэж мэдэгдсэн. Бага насны хүүхдийг тийм хот руу явуулахгүй, том хот бол таньдаг хүмүүс байдаг тул явуулах боломжтой, ах нь хүүхдээ явуулахгүй гээд 100 ам.доллараа авна гэсэн чинь буцаах боломжгүй төлбөр гэсэн юм. Үүнээс цааш харилцаа үүсээгүй, төлбөрөө төл гэсэн зүйл ярьж байсан удаагүй. Гэрээний 4.5-д зааснаар гэрээ баталгаажуулалт хийгдээгүй тул төлөх үүрэггүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

          ҮНДЭСЛЭХ нь: 

Э ХХК нь Ж.Дгаас Зуучлалын гэрээг цуцалсны хохиролд 5 026 500 гаргуулах гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг дараах хууль зүйн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Э ХХК нь 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Ж.Дтай зуучлалын гэрээ байгуулсан ба тус гэрээг зуучлуулагч тал цуцалсантай холбоотойгоор 5 026 500 төгрөг гаргуулан авах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүнийгээ шүүх хуралдаанд дэмжсэн, хариуцагч уг хөтөлбөр баталгаажаагүй тул төлбөр төлөх үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрдөг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3 -д зохигч тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч хэргийн үйл баримт гэм буруу болон өөрийн шаардлага ба татгалзлаа нотлох үүрэгтэй болохыг тодорхойлсон.

Нэхэмжлэгч Э ХХК нь 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Ж.Дтай 128/18 дугаартай гэрээ байгуулсан байх ба энэхүү гэрээгээр нэг талаас Д.Хуланг АНУ-ын Төрийн Департаментаас хэрэгжүүлж байгаа ахлах ангийн сургуулийн сурагчдын соёл солилцооны хөтөлбөрт зуучлуулах, нөгөө талаас үйлчилгээ үзүүлсний төлөө хөлс төлөхөөр харилцан тохиролцжээ.

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-т заасан Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байх ба талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь зуучлалын гэрээ байна.

Гэрээ байгуулагдсан болоод хүчин төгөлдөр байдлын талаар зохигчдын хэн аль нь маргаагүй. Гэрээ байгуулагдмагц зуучлалын гэрээний 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу бүртгэлийн хураамж 100 долларыг 2018 оны 4 сарын 12 ний өдөр зуучлуулагч төлсөн байдаг.

Хэдийгээр зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг хүлээх ч талуудын хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5-д Хөтөлбөрийн процесс эхэлснээс хойш Спонсорын нэхэмжлэлийн дагуу гэрээний 4.2-д заасан төлбөрөөс 800 тн.ам.долларын барьцаа төлснөөр оролцогч хөтөлбөрт баталгаажна гэж заажээ.

Гэтэл хариуцагч тал нэхэмжлэгч талд бүртгэлийн 100 ам.доллар төлснөөс өөрөөр мөнгө нэмж төлөөгүй байх тул хөтөлбөр баталгаажаагүй байх цаг хугацаанд охиноо хүн ам цөөтэй, дагуул хот руу явуулах боломжгүй шалтгаанаар гэрээнээс татгалзсан байна.

Уг татгалзлаа Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэсний дагуу мэдэгдсэн байна.

Улмаар хөтөлбөр нэгэнт баталгаажаагүй байх цаг хугацаанд гэрээнээс хариуцагч татгалзсан байх тул талуудын хооронд байгуулсан гэрээний 2.5-д Сурагч нь өөрийн сонгогдсон Америк айлд байрлах үүрэгтэй ба дур мэдэн хөтөлбөрөөс гадуурх ажиллагаанд оролцох, хөтөлбөрөөс татгалзахгүй байхыг анхаарах, 2.6-д хэрэв гэрээний 2.5 д заасныг зөрчсөн тохиолдолд спонсор байгууллагаас болон агентаас хариу яаралтай арга хэмжээ авах ба үүнтэй холбогдож гарах бүх зардлыг оролцогч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч эцэг эх хариуцлага хүлээнэ гэх заалтуудыг мөрдөх үүрэг хүлээхгүй юм.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 227.1-т Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан ба хариуцагч тал хөтөлбөр баталгаажигдаагүй тул ямар нэг гэрээний үүрэг зөрчөөгүй байна.

 

Түүнчлэн спонсор байгууллага нь нэхэмжлэгчээс 1800 ам.долларыг нэхэмжилсэн гэх боловч нэхэмжлэгч уг 1800 ам.долларыг хохиролд бодитоор тухайн газарт төлсөн гэх баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э ХХК-ийн нэхэмжлэлтэй Ж.Дд холбогдох гэрээ цуцалсны хохиролд 5 026 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95 400 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээсүгэй.

3 . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                       О.ЧУЛУУНЧИМЭГ