Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 106

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч Н.Дамбадаржаа

шүүгдэгч Ж.Ц

хохирогчийн өмгөөлөгч Ч.Ням

гэрч А.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт

Ц-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1705009450257 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Ц 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сувова бааранд иргэн Р.Цоггэрэлтэй маргалдаж улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ж.Ц шүүхийн хэлэлцүүлэгт: 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Эрдэнэчимэг эгч бид хоёр хоол идэх гээд Сувова бааранд орсон. Ороод байж байснаа Эрдэнэчимэг эгч ариун цэврийн өрөө орох гээд гарсан би араас нь дагаад гарсан. Тэгээд Эрдэнэчимэг эгч бид хоёр буцаж орж ирэхэд Эрдэнэчимэг эгч утас  алга болсон байна гэж хэлсэн. Тэр бааранд гаднаас Эрдэнэчимэг эгч бид хоёроос өөр хүн байгаагүй болохоор би санаа зовоод цүнхээ үзүүлсэн. Тэгээд утас алга болчихлоо камерийг чинь шүүж үзье гэж Цоггэрэлд хэлэхэд шүүж өгөхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь  би камерийг нь шүүх гээд текнийх нь ар тал руу ороод камерийнх нь асаах товчийг дарахад асахгүй байсан. Тэгтэл Цоггэрэл ирээд миний үснээс татаж намайг гаргасан. Тэгэхээр нь би тэгвэл цагдаа дуудна гээд цагдаа дуудсан. Цагдаа ирээд та нар өөрсдөө учраа ол гэж хэлээд яваад өгсөн. Би санаандгүй юм аваад шидсэн чинь паарных нь хаалт байсан юм байна лээ. Тэгээд Цоггэрэл цагдаа дуудаад цагдаа ирээд Эрдэнэчимэг эгч бид хоёрыг авч яваад намайг цагдаа эрүүлжүүлсэн. Цоггэрэлийг хэл амаар хэлэхийн хувьд Эрдэнэчимэг эгч бид хоёр хоёулаа л хэлсэн. Харин зодоонд Эрдэнэчимэг эгч бол оролцоогүй. Цоггэрэлд хохиролын мөнгийг өгөх гэж очиход Цоггэрэл аваагүй. Би эмэгтэй хүн хар дансанд ормооргүй байна гэв.    

 

Гэрч Ц.Эрдэнэчимэг шүүхийн хэлэлцүүлэгт: Ц бид хоёр хамт явж байгаад Сувова бааранд хоол идэх гээд орсон. Тэнд ороод би ариун цэврийн өрөө орчихоод буцаад ороход миний гар утас алга болсон байсан. Тэгэхээр нь би баарны камерийг шүүлгэе гэхэд Цоггэрэл ажиллахгүй байгаа гээд байсан. Тэгтэл Ц би камерийг нь шүүе гээд текнийх нь ар руу ортол Цоггэрэл Цийг дураараа камер шүүх гэлээ гээд түрүүлж Цийг цохисон. Тэгээд Ц, Цоггэрэл нар хоорондоо маргалдсан. Би бол Цоггэрэлд гар хүрээгүй яагаад гэхээр цаанаас нэг эмэгтэй гар утсандаа бичлэг хийгээд байсан болохоор би Фасебүүк-д тавигдаж магадгүй гэж бодсон. Удалгүй цагдаа ирээд Ц бид хоёрыг авч яваад Цийг эрүүлжүүлэхэд оруулсан. Тэгэхээр нь би Цийг гаргаж авах гээд цагдаа нараас гуйгаад бүтэхгүй болохоор нь буцаж очиж Цоггэрэл ахаас уучлалт гуйсан. Би утасныхаа талаар ямар нэгэн гомдол гаргаагүй гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Р.Цоггэрэл мөрдөн байцаалтанд “2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр өөрийн түрээсэлдэг Сувова караоке  бааранд ажлаа хийгээд текэн дээр байж байтал гаднаас 2 эмэгтэй орж ирсэн. Нэг нь халамцуу нөгөө нь арай гайгүй байсан. Тэр хоёр эмэгтэй 2 шил пиво захиалсан. Пивоо уугаад нэлээн удаан суусан хоорондоо маргалдаад байсан. Манай эхнэр ч тэр хоёрыг ирснээс хойш удаагүй ирсэн. Би хойд гал тогоондоо хоол бэлдээд байж байтал гадаа зааланд хэрүүл маргаан болохоор нь гараад иртэл жинсэн өмдтэй хүүхэн нь луйварчингуудаа пиздануудаа гэж орилж байсан. Нөгөө хүүхэн нь мөн  дэмжээд орилоод байсан. Би эхнэрээсээ юу болсон бэ гэхэд мөнгөө төлөхгүй байна гэсэн. Тэнд байсан эд зүйлсийг авч шидэж зааланд байсан хүмүүсийг бүгдийг нь хөөж гаргасан. Энэ үед манай эхнэр дуудлага өгсөн байсан. Би хэсэг байж байгаад арынхаа өрөөнд хоолоо хийгээд байж байтал гаднаас дуудлагын хоёр цагдаа ирээд нөгөө хоёр эмэгтэйг аваад гарсан. Гарч яваад 10 орчим минутын дараа гаднаас нөгөө хоёр эмэгтэй дахин орж ирээд жинсэн өмдтэй эмэгтэй нь шууд над руу дайрч намайг хоёр гараараа үсдэж нүүр рүү өшиглөсөн. Толгойн дагз хэсэг рүү ямар нэгэн юмаар цохисон. Тэгээд толгой дүүрч эхэлсэн ба би нөгөө эмэгтэй рүү нь хүүе энэ хүнээ аваач ээ гэхэд нөгөө эмэгтэй нь наад луйварчингаа алаад өг гээд хамжаад цохиж өшиглөөд байсан.  Тухайн үед би нүүрээ хаагаад тонгойсон байсан тул хэн хэн нь хаана яаж цохисныг мэдэхгүй байна. Ямар ч байсан миний нүүр, толгой нуруу руу өшиглөж цохисон. Ингээд би арайхийж зугатаж баарныхаа үүднээс  дахиад цагдаад дуудлага өгсөн. Цагдаа 10 орчим минутын дараа ирсэн. Тэднийг явсны дараа баарандаа орж ирэхэд ширээнүүдийг унагааж  2 ширээний хөл хугарсан, паарны нимгэн хаалт төмрүүдийг хугалж эвдсэн байсан. Би уг эмэгтэйг хазаж гэмтээсэн асуудал байхгүй. Тухайн үед уг эмэгтэй текний араас орж камер үзнэ гэж дайрахад би гаргах гэж гараас нь татаж уг эмэгтэйтэй зууралдсан. Уг эмэгтэйд би гар хүрсэн асуудал байхгүй.  Тухайн үед манай дээр засварын ажил хийгдэж байсан. Энэ үед тасдагч болон бусад техникийг тогонд залгаж ажиллуулсан учир камерийг салгасан байсан. Ийм  учраас тухайн өдөр камерийн бичлэг хийгээгүй байсан. Намайг жижигхэн биетэй Ц гэх эмэгтэй нь цохиж зодсон. Нөгөө эмэгтэй нь надад гар хүрсэн эсэхийг мэдэхгүй байна.  Тэр хоёр эмэгтэй гар утсаа алдлаа гэж надад хэлж байсан би гар утасны чинь талаар мэдэхгүй гэдгээ тэр хоёр эмэгтэйд хэлсэн. Би гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл гэвэл гарсан хохиролоо нэхэмжилнэ. Намайг маш ихээр хэл амаар доромжилсон”

/хх-ийн 32/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ш.Отгонжаргал мөрдөн байцаалтанд “2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр 17:30 цагт би нөхрийн ажиллуулдаг Сувова караоке паабад очсон. Очиход 2-3 ширээн дээр хүнтэй байсан. Ингээд үйлчилгээнд ороод сууж байтал нэг номерийн ширээн дээр сууж байсан хоёр эмэгтэй гарах болоход  нь би очоод 5000 төгрөгийн тооцоотой байна шүү гэхэд эрээн пальтотой хар малгайтай хүүхэн нь бид нарт тооцоо байхгүй та нар бид хоёрыг луйвардах гэж байна гэж орилж хашгирсан.  Тэгээд тэрүүгээр орилоод хүмүүс рүү энд битгий ор, согтуу хүмүүсийг эд нар ингэж луйварддаг байхгүй юу гэх мэтээр орилж хашгирсан. Тэгээд би тооцоогоо авч чадалгүй тэр хоёрыг гаргаад явуулсан. Гарсных нь дараа ширээний бохирыг цэвэрлээд буруу хараад зогсож байтал цэнхэр цамцтай нүдний шилтэй 150-160 орчим нуруутай хүүхэн нь миний өгзөг рүү өшиглөсөн мөн нуруу руу гараараа цохисон. Би юу болж байна гээд эргээд хартал миний үснээс зуурч аваад л энэ тэндээс өшиглөөд базаж аваад байсан...нөгөө хоёр хүүхэн дахиж орж ирээд та нар яахаараа цагдаа дууддаг юм бэ гээд нийлж байгаад манай нөхрийг зодсон...” /хх-ийн 12/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ц.Эрдэнэчимэг мөрдөн байцаалтанд ”2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр 12 цаг өнгөрч байхад Баярмаа, Ц бид гурав ажлаасаа гарч нэг пабад орж гурвуулаа хоол идэнгээ гурав гурван шил пиво ууцгаасан. Ингээд тэндээсээ гараад Баярмаа ажилтай гээд яваад Ц бид хоёр хамтдаа 4 замын тэнд байдаг Сувова бааранд орж 2 пиво авч уусан. Сувовад 16 цаг өнгөрөөд орсон байх тэндээ сууж байгаад би 00 орох гэтэл тус баарны 00 ажиллахгүй байсан. Тэгээд Ц бид хоёр хамт гадагшаа гарах гэтэл нөгөө өвгөн өөрийнхөө 00-г онгойлгож өгсөн. 00 орчихоод хэсэг пиво ууж ярьж сууж байгаад гарах гэтэл миний Самсунг нөт-2 гар утас алга болсон байсан. Тэгээд л би миний утас алга болчихлоо гээд Цээс асуутал Ц би утсыг чинь аваагүй гээд хамаг цүнх халаасаа үзсэн. Энэ пабынхан авчихлаа гэж бодоод нөгөө өвгөнөөс та миний утсыг авсан уу гэтэл би аваагүй гэж уурлаж муусайн архичингууд би та нарын утсаар яадаг юм бэ гэж орилж хашгирсан. Тэгэхээр нь би энэнд уурлаад байх юм байхгүй угаасаа та бид гурав л байсан өөр хүн байхгүй байсан та камераа шүүгээд өгчих гэтэл манай камер ажилладаггүй та нар гарцгаа зайл цагдаагаа дууд гэсэн. Тэгэхээр нь Ц нөгөө өвгөн рүү та түрүүн компьютер дээр сууж байсан камер чинь ажиллаж байгаа ш дээ би шүүчихье гээд текний араар нь ортол нөгөө өвгөн Ц рүү чи миний юманд дураараа хүрлээ гээд уурласан. Ц рүү дайрч тэр хоёр текний араас зодолдоод гараад ирсэн. Цийг үснээс нь татаж чангааж зууралдаад байсан. Ц мөн л зууралдаад нүүр ам руу нь самардсан байх. Хоёулаа адилхан л барилцаад зууралдаад бие биенээ цохиж самардаж байсан. /хх-ийн 38-41/  гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн Н.Ганбат “2017 оны 10 сарын 5-нд би жолооч цагдаа дэд ахлагч Тэмүүлэнгийн хамт Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт тайшир 115 чиглэлд авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан.  Үүрэг гүйцэтгэх хугацаанд орой 19 цагийн орчимд байх Суваво паабаас гар утсаа алдсан гэх дуудлага ирсэн. Ингээд дуудлагын дагуу яваад очиход хоёр эмэгтэй байсан нэг эмэгтэй нь энд үйлчлүүлж байгаад гар утсаа алдлаа гэж хэлсэн. Энэ үйлчилсэн хүн хоол авчирч өгчихөөд хэсэг хамт суусан боссоных нь дараа бид хоёрын гар утас алга болсон гэхээр нь уг газрын камерийг үзэх гэтэл камер нь ажиллахгүй байсан...Ц гэх эмэгтэй камер шүүнэ та нар ажлаа хий гэх мэтээр хүний үг ойлгохгүй байсан. Эрдэнэчимэг гэх эмэгтэй нь мөн утасныхаа талаар мэдэхгүй байсан.  Яваад...20-30 минутын дараа дахиад Сувавогоос агсан тавиад байна гэсэн дуудлага ирсэн ба яваад очиход өмнө явуулсан хоёр эмэгтэй буцаад ороод ирсэн пабын ширээ сандалыг хааш яаш болгоод зарим юмыг нь унагаасан байсан. Паарны хаалт сетгийг  мөн унагаасан байсан. Ц гэх эмэгтэй их согтуу хүний ярьж байгаа юмыг бараг ойлгохгүй байсан тэгээд эрүүлжүүлсэн”  /хх-ийн 63-64/ гэсэн мэдүүлэг,

 

Яллагдагчаар Ж.Ц мөрдөн байцаалтанд ”2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр ажлын газрын Баярмаа, Эрдэнэчимэг бид гурав Хан-Уул дүүрэгт байдаг Сабара паабад орж гурав гурван пиво уусан. Тэндээс Баярмаа салж яваад Эрдэнэчимэг бид хоёр дөрвөн замын дэргэд байрлах Сувова паабад орж хоёр пиво авч уусан. Бид хоёр тэнд хэсэг сууж байгаад Эрдэнэчимэг оо орох гэж гарч хажуу байр руу орсон. Тухайн паабын оо ажиллахгүй байсан. Эрдэнэчимэгийг гарахаар нь би мөн хамт гарсан. Тэгээд буцаад орж ирээд хэсэг сууж байгаад Эрдэнэчимэг миний утас байхгүй болчихлоо гэсэн.  Тэгэхээр нь би авчихсан юм биш байгаа гээд ширээн дээр нь бүх юмаа гаргаж үзүүлсэн тэр хавийн ширээ сандлыг зайчилж үзүүлсэн боловч утас нь байхгүй байсан.  Тэгээд Эрдэнэчимэг нөгөө пабын өвгөнтэй маргалдаж эхэлсэн. Тэгээд би явъя гэхэд Эрдэнэчимэг үгүй явахгүй утсаа авч байж явна гэсэн. Би тэр өвгөн рүү камераа шүүгээд өг гэхэд камер ажиллахгүй ажилладаг байсан ч ажиллуулахгүй гэж хэлж байсан. Тэгэхээр нь би тэгвэл наад камерыг чинь би үзье гэсэн тэгээд текний араар нь ороод камерийг нь үзтэл унтраалттай байсан. Би асаах гэтэл нөгөө өвгөн хүний хувийн эзэмшилд халдлаа гэхээр нь нээрэн  тийм ч юм уу гэж бодож байтал нөгөө өвгөн намайг текний араас татаж гаргаад намайг түлхсэн. Тэгэхээр нь би зөрүүлээд түлхсэн. Тэгээд хацар шанаа орчим руу нь алгадсан. Үснээс нь зулгаасан. Эрдэнэчимэг зодоонд огт оролцоогүй. Цоггэрэл гэх өвгөнтэй маргалдаж зодолдож байхад миний гарын арын булчингаас базсан, цээжин дээр цохисон үүнээс болж миний гар хөхөрсөн, цээжин дээр хөхөрсөн гэмтлүүд учирсан” /хх-ийн 69/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12781 дугаартай ”Цоггэрэлийн биед эрүүнд зөөлөн эдийн няцрал, цээж баруун гуя, бүсэлхийд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн  няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй” /хх-ийн 44/ гэсэн дүгнэлт,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Ж.Цийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 53/,  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 54/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ж.Ц 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сувова бааранд иргэн Р.Цоггэрэлтэй маргалдаж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Р.Цоггэрэлийн”...жинсэн өмдтэй эмэгтэй нь шууд над руу дайрч намайг хоёр гараараа үсдэж нүүр рүү өшиглөсөн. Толгойн дагз хэсэг рүү ямар нэгэн юмаар цохисон...намайг Ц гэх эмэгтэй нь цохиж зодсон...” /хх-ийн 32/

гэрч Ш.Отгонжаргалын”...нөгөө хоёр хүүхэн...нийлж байгаад манай нөхрийг зодсон...” /хх-ийн 12/

гэрч Ц.Эрдэнэчимэгийн”...Ц рүү дайрч тэр хоёр текний араас зодолдоод гараад ирсэн. Цийг үснээс нь татаж чангааж зууралдаад байсан. Ц мөн л зууралдаад нүүр ам руу нь самардсан байх. Хоёулаа адилхан л барилцаад зууралдаад бие биенээ цохиж самардаж байсан...” /хх-ийн 40/

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12781 дугаартай дүгнэлт /хх-ийн 44/ болон хохиролын баримтууд /хх-ийн 25,26/, компьютерт томографийн оношлогоо /хх-ийн 45/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Прокуророос Ж.Цэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч Ж.Цийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгчид  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ял хөнгөрүүлэх байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон Ж.Цийн хувийн байдлыг  харгалзан түүний холбогдсон гэмт хэргийн тухайн зүйл хэсгийн торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж шийдвэрлэв.

 

Хохирол төлбөрийн тухайд хэрэгт авагдсан баримтын шаардлага хангасан хүрээнд шүүгдэгч Ж.Цээс нийт 173.000 төгрөг гаргуулж /томографи 120000 төгрөг, паарны хаалт 45000 төгрөг, үзлэгийн төлбөр 8000 төгрөг/ хохирогч Р.Цоггэрэлд олгох нь зүйтэй.