Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 1170

 

 

Б.Ө, Б.Т нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Н.Батсайхан, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор С.Эрдэнэбаяр,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 784 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Өын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Б.Ө, Б.Т нарт холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  1. Х овгийн Бын Ө, 1980 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлж, ногоо тарьдаг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../,

урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 360 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан;

 

  1. Б овгийн Бийн Т, 1990 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Булган аймагт төрсөн, 29 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт С тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

 

Шүүгдэгч Б.Ө, Б.Т нар нь “Ээгий” гэх хүнтэй бүлэглэж, 2015 оны 10 дугаар сарын 26-ны шөнө Баянгол дүүргийн ... дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг Фитнес клубын 1.000.000 төгрөгийн үнэ бүхий лед гэрлэн урсдаг хаяг самбарыг машин механизм ашиглан хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Ө, Б.Т нарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Тд холбогдох эрүүгийн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Х овогт Бын Өыг бусадтай бүлэглэн, машин механизм ашиглаж, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Баатарван овогт Бийн Тыг гэмт хэргийг нуун далдлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Баатарван овогт Бийн Тд холбогдох эрүүгийн хэргийг 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан “тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Өыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Өт оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Б.Өын эзэмшлийн 35-33УБЕ улсын дугаартай “Тоёота румион” загварын тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сиди бичлэгийг хэрэгт хавсарган үлдээж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Өт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жил 4 сарын хугацаагаар хянан харгалзаж, тэнсэж, хянан харгалзсан хугацаанд шүүгдэгч Б.Өт хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд мөн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Өт тайлбарлаж, Б.Ө, Б.Т нарт холбогдох эрүүгийн 201526022004 дугаартай хэргээс Ээгий гэгчид холбогдох 170501707 тоот эрүүгийн хэргийг тусгаарласан болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Ө давж заалдах гомдолдоо: “...Миний бие 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Ээгий гэгчид тус болох гэж яваад хэрэгт холбогдоод байгаадаа маш их харамсаж байна. Уг хэргийн улмаас нийт анхан болон давж заалдах шатны шүүх хуралд 10 гаруй удаа оролцсон. Шүүхийн шийтгэх тогтоолууд янз бүр гарсаар 4 жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд прокуророос ямар ч үндэслэлгүйгээр Ээгий гэгчийг эрэн сурвалжлах нэрийдлээр тусгаарласан. Анх хэрэгт холбогдсон талаараа мэдсэн даруйдаа л мөрдөн байцаагчид Ээгий гэгчийн талаар мэдээлэл өгсөн төдийгүй ямар утсаар холбогдсон талаар нь тухай бүрт нь мэдээлж байсан. Гэтэл эрэн сурвалжлах ажиллагааг тууштай явуулаагүйгээс болж гол хэрэг хийсэн этгээдийг олж чадаагүй байж намайг хамт явсан гэх үндэслэлээр хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2016 оны 4 дүгээр сард анх энэ хэргийн улмаас байцаалт өгч байсан ба өнөөдрийг хүртэл сэтгэл санаа, эд материалын хохирол их л амсаж байна. Шүүх энэ хэргийг шийдвэрлэхдээ өмнө намайг хулгайн гэмт хэрэгт шийтгүүлж байсан гэдгээр нь дүгнэлт хийж байгаа байх. Би залуу насны алдаагаар нэг удаа өөрийн нэр хүндээ гутаах зүйл хийж байсандаа байнга харамсаж явдаг ба өөрийн алдаа дутагдлаа засаж залруулах үүднээс хүний газарт очиж 3 жил ажиллаж амьдарч ирээд хувиараа бизнес хийж, хүнсний ногоо тариалж гэр бүлээ авч явж байна. Надад дахин гэмт хэрэг хийх ямар ч шаардлага байхгүй төдийгүй дахин өмнөх алдаагаа давтах ухамсар байхгүй гэдгийг хэлмээр байна. Би 5-6 насны 2 охинтой. Эхнэр маань 12 дугаар сард удаах хүүхдээ төрүүлэх тул уг хэргийн хохирлоос шийтгэх тогтоолоор оногдуулсан 500.000 төгрөгийг аргагүй байдлаар төлсөн. Энэ нь би уг хулгайн хэргийг хийсэндээ биш хүүхдүүдийнхээ ирээдүйг бодож аргагүй байдлаар төлсөн гэдгийг анхаарч үзэхийг хүсэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, надад холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү. ...” гэжээ.

 

Прокурор С.Эрдэнэбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Б.Ө нь бусадтай бүлэглэж, машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг болон мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Ө нь “Ээгий” гэх хүнтэй бүлэглэж 2015 оны 10 дугаар сарын           26-ны шөнө Баянгол дүүргийн ... дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг Фитнес клубын 1.000.000 төгрөгийн үнэ бүхий лед гэрлэн урсдаг хаяг самбарыг машин механизм ашиглан хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Урантуулын “...Тэр хулгай хийдэг машинтай адилхан машин маргааш нь манай фитнесийн газрын хажуугаар явж байгааг манай дүү Онон хараад улсын дугаарыг тэмдэглэн аваад 35-33УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл явж байсан гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /1хх 22/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 19/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 11-15/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч Б.Т нь Б.Ө нарыг уг лед гэрлэн урсдаг самбарыг хулгайлах үйлдэлд хамжигчаар оролцоогүй бөгөөд харин тэдэнтэй хамт уг автомашинд сууж явсан, шүүгдэгч Б.Ө нарыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэнийг урьдчилан амлалгүйгээр нуун далдалсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан шүүгдэгч Б.Т, Б.Ө нарын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлгүүд, хэрэгт цугларсан бусад баримтаар тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч Б.Тыг уг гэмт хэрэгт хамтран оролцсон үндэслэлээр 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, гэмт хэргийг нуун далдлах буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсгээр өөрчлөн зүйлчилж, уг зүйл хэсэг нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдэл үндэслэлтэй байна.

 

Харин ийнхүү шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Тыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг нуун далдлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцох шаардлагагүй байжээ. 

 

Шүүгдэгч Б.Өын гаргасан “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, надад холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Учир нь, хэргийн үйл баримтын талаарх хохирогчийн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Өын үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, эргэлзээ бүхий байдлыг үүсгээгүй байна.

 

Харин анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Өыг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцохдоо “бусадтай бүлэглэсэн” шинжээр гэм буруутайд тооцсон нь буруу болжээ.

 

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид “бүлэглэх” гэх шинж байхгүй болсон ба харин “машин механизм ашиглаж үйлдсэн” хэрэгт оногдуулах ялын хэмжээ 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялаас хүндрүүлсэн тул хуулийг буцаан хэрэглэхгүйгээр шүүгдэгч Б.Өыг зөвхөн “машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлсан” гэмт хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байжээ.

 

Дээрх үндэслэлүүдээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 784 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Анхан шатны шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Өт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жил 4 сарын хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн зүйл, хэсгүүдэд заасан хэм хэмжээний дийлэнх нь императив шинжтэй буюу тухайн заалтыг зайлшгүй, хэлбэрэлтгүй биелүүлэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байдаг. Харин шүүх Эрүүгийн хуулийн зарим нэг зүйл, хэсэг дэх хэм хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд өөрийн дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэж болдог ба ийм зүйл, хэсгүүдийн нэг бол 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551, 61 дүгээр зүйлүүд бөгөөд уг зүйлийг хэрэглэх нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй юм.

 

Энэ ч үндэслэлээр шүүгдэгч Б.Өын хувьд шинэ Эрүүгийн хуулиар оногдуулах ялыг хүндрүүлсэн, эрх зүйн байдал нь дордохоор байгаа тул шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг хэрэглэхгүйгээр 2002 оны Эрүүгийн хуулиар зохих эрүүгийн хариуцлага хүлээлгэж, оногдуулсан ялыг мөн хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар тэнссэн нь зөв байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Ө нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд өөрт ногдох 500.000 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан, анхан шатны шүүхийн шийдвэр гаргах үед 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийг хэрэглэх хууль зүйн нөхцөл боломжийг бүрдүүлсэн байжээ.

 

Иймд шүүгдэгч Б.Өын гаргасан “Холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 784 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын Шүүгдэгч Х овогт Бын Өыг бусадтай бүлэглэн, машин механизм ашиглаж, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Баатарван овогт Бийн Тыг гэмт хэргийг нуун далдлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэснийг “Шүүгдэгч Х овогт Бын Өыг машин механизм хэрэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Өын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.АЛДАР

                                 ШҮҮГЧ                                                               Н.БАТСАЙХАН

         ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ