Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2020/02349

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2020/02349

 

 

Г.Оын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/02799 дугаар шийдвэртэй

Г.Оын нэхэмжлэлтэй хариуцагч Д.Ид холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 9 082 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Давгажанцан, хариуцагч Д.И, түүний өмгөөлөгч С.Эрдэнэсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч Г.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагважанцан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хамгийн анх хариуцагч Д.И 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 1 500 000 төгрөгийг 1 сарын хугацаатай сарын 20 хувийн хүүтэй зээлж авсан. Хариуцагч нь 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 1 500 000 төгрөг зээлж авснаас цувуулаад нийт 4 800 000 төгрөгийг зээлж авсан байдаг. Ингээд нэхэмжлэгч болон хариуцагч нар авсан зээл дээрээ тооцоо нийлж, харилцан тохиролцсоны үндсэн дээр 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээнд 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 500 000 төгрөгийг дансаар, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 1 000 000 төгрөгийг бэлнээр, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 300 000 төгрөгийг бэлнээр, 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 1 000 000 төгрөгийг дансаар, 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 2 000 000 төгрөгийг дансаар, 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 1 000 000 төгрөгийг дансаар, нийт 5 800 000 төгрөгийг хариуцагч хүлээн авсан талаар тодорхой тусгасан. Хариуцагч 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 80,000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 600 000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 900 000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 150 000 төгрөг, нийт 1 730 000 төгрөгийг буцааж төлсөн гэж байна. Гэтэл уг төлөгдсөн мөнгөнүүд нь 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хариуцагчийн хүлээн авсан 1 500 000 төгрөгийн зээлийг л буцаан төлсөн баримтууд юм. 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээ нь тусдаа байгуулагдсан, одоо шаардаж буй мөнгөн дүнтэй ямар ч холбоогүй. 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг хариуцагч огт биелүүлэхгүй байсан учир нэхэмжлэгч дараах шаардлагуудыг гаргаж шүүхэд хандсан. Иймд хариуцагчаас 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5 800 000 төгрөг, түүний хүү 580 000 төгрөг, алданги 2 552 000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний хүү 150 000 төгрөг нийт 9 082 000 төгрөг гаргуулж өгнө үү. Гэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч уг 150 000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдсон тул 150 000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж байна. Ингээд нийтдээ 8 932 000 төгрөгийг хариуцагч Д.Игаас гаргуулан нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.И шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Г.Оаас бэлнээр огт мөнгө авч байгаагүй бөгөөд амаар ярьж тохирсны дагуу дан дансаар мөнгө авч байсан. Үүнд 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 500 000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 1 000 000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 2 000 000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 1 500 000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 1 000 000 төгрөг, нийт 6 000 000 төгрөгийг дансаар авсан бөгөөд Г.Оаас өөр ямар нэгэн мөнгө бэлнээр болон дансаар аваагүй болно. Гэтэл миний дансаар шилжүүлсэн, баримттай мөнгийг Г.О нь аваагүй гэж байгаад гайхаж байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ надаас түүний Төрийн банкны дансанд буцаан төлсөн 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 80 000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 600 000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 900 000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 150 000 төгрөг, нийт 1 730 000 төгрөгийг огт төлөөгүй мэтээр бичжээ. Д.И би сүүлийн үед санхүүгийн хувьд хүндхэн байсан болохоор авсан мөнгөө буцааж өгч чадалгүй удсан учир Г.Оын шаардлагын дагуу 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр цуг нотариат орж зээлийн гэрээг бичгээр байгуулсан бөгөөд уг гэрээн дээр мөнгө зээлсэн хугацаа, мөнгөний хэмжээг Г.О өөрөө тодорхойлж бичсэн. Г.Отай 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр албан ёсоор зээлийн гэрээ байгуулснаас хойш тэрээр бодитоор 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр миний банкны дансаар 1 000 000 төгрөгийг шилжүүлсэн болно. Тэрнээс өмнө албан ёсоор бичгээр гэрээ байгуулалгүй, амаар ярьж тохиролцоод мөнгө зээлж байсан учир сүүлд 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс өмнө шилжүүлсэн 5 000 000 төгрөгт тэрээр хүү, алданги нэхэх нь хууль бус гэж үзэж байна. Иймд миний бие түүнээс амаар ярьж тохирсны дагуу зээлэн авсан 5 000 000 төгрөгөөс 1 730 000 төгрөгийг төлж 3 270 000 төгрөг үлдсэн. 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр нотариатаар гэрчлүүлж албан ёсоор бичгээр 1 сарын хугацаатай, зээлийн хүү, алдангитай зээлийн гэрээ байгуулснаас хойш бодитоор 1 000 000 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр миний банкны дансанд шилжүүлж олгосон учир уг 1 000 000 төгрөгийн зээлийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 26 хоногийн хугацаанд 86 667 төгрөгийн хүү төлнө. Бичгээр хийсэн гэрээний дагуу өгсөн 1 000 000 төгрөгийн үндсэн төлбөрийн алданги нь нэхэмжлэлдээ тодорхойлсон 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүртэл тооцвол алданги 405 000 төгрөг болно. Ингээд нийт 4 761 667 төгрөг төлөх үлдэгдэлтэй байна. Иймд нэхэмжлэгч нь үндэслэлгүйгээр зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн байх учир дээрх хэмжээнд л төлөхөөс бусдаар хэт өндөр хүү, алдангитай мөнгөн дүнг төлөх боломжгүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагаас холбогдох үндэслэлгүй хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ШҮҮХ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.О нь 150 000 төгрөгт холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Д.Игаас 7 380 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 552 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Игаас 133 030 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.От олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Д.И, түүний өмгөөлөгч С.Эрдэнэсувд нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Д.И нь Г.Оаас бэлнээр огт мөнгө авч байгаагүй бөгөөд амаар ярьж тохирсны дагуу дансаар мөнгө авч байсан болно. Үүнд уг зээлийн гэрээнд тусгасан 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 500 000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 1 000 000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 2 000 000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 1 000 000 төгрөг, нийт 4 500 000 төгрөгийг дансаар авсан бөгөөд уг гэрээнд дурдсанаар Г.Оаас өөр ямар нэгэн мөнгө бэлнээр болон дансаар аваагүй болно. Гэтэл миний дансаар шилжүүлсэн, баримттай мөнгийг Г.О нь аваагүй гэж байгаад гайхаж байна. Гэрээнд дурдсан 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 1 000 000 төгрөг, мөн өдрийн 300 000 төгрөгийг бэлнээр авсан удаагүй байхад шүүх дээр өөрөө ирж үнэн зөвийг хэлэхгүй, өмнөөсөө төлөөлөгч гэх хүн явуулж, шүүхэд худал тайлбар гаргаж байгаа нь шударга бус юм. Д.И сүүлийн үед санхүүгийн хувьд хүндхэн байсан болохоор авсан мөнгөө буцааж өгч чадалгүй удсан учир, Г.Оын шаардлагын дагуу 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хамт нотариат орж зээлийн гэрээг бичгээр байгуулсан бөгөөд, мөнгө зээлсэн хугацаа, мөнгөний хэмжээг Г.О өөрөө тодорхойлж бичсэн. Г.Отай 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр албан ёсоор зээлийн гэрээ байгуулснаас хойш тэрээр бодитоор 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр миний банкны дансаар 1 000 000 төгрөгийг шилжүүлсэн болно. Тэрнээс өмнө албан ёсоор бичгээр гэрээ байгуулалгүй, амаар ярьж тохиролцоод мөнгө зээлж байсан учир сүүлд 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс өмнө шилжүүлсэн 3 500 000 төгрөгт тэрээр хүү, алданги нэхэх нь хууль бус гэж үзэж байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаас үзвэл 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр бичгээр байгуулахаас өмнө тухай бүр зээлийн гэрээ мөнгө миний дансанд орох бүрдээ амаар байгуулагдаад явсан тул бичгээр байгуулагдахаас өмнөх шилжүүлсэн мөнгөнд хүү, алданги тооцогдохгүй. Харин бичгээр 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр гэрээ байгуулаад мөн өдрөө 1 000 000 төгрөгийг шилжүүлэн өгснөөр уг 1 000 000 төгрөгт хамаарах зээлийн гэрээ Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу бичгээр байгуулагдсан тооцогдох учиртай. Алдангийг хэмжээг шүүхээс бууруулан тогтоосонтой маргахгүй байгаа болно. Иймд түүнээс 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр нотариатаар гэрчлүүлж албан ёсоор бичгээр 1 сарын хугацаатай, зээлийн хүү, алдангитай зээлийн гэрээ байгуулснаас хойш бодитоор 1 000 000 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр миний банкны дансанд шилжүүлж олгосноо авсан учир уг 1 000 000 төгрөгийн зээлийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 30 хоногийн хугацаанд 100,000 төгрөгийн хүүг төлөхөөр байна. Мөн шүүх шийдвэртээ нотлох баримтыг бүрэн зөв үнэлэлгүй миний 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 80 000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн 150 000 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасаж тооцолгүй үндсэн төлбөрийг 5 800 000 төгрөг гэж тооцсон нь буруу байна. Дээрх бодит нөхцөл байдал, нотлох баримтын дагуу миний бие дараах төлбөрийг төлөхөөр байгаа. Үндсэн төлбөр 4 270 000 төгрөг /нэхэмжлэлд дурдсан 5 800 000 төгрөгөөс бэлнээр гэж бичсэн боловч бодитоор өгөөгүй 1 300 000 төгрөгийг хасаад, мөн түүнээс дээрх шилжүүлсэн 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 80 000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 150 000 төгрөгийг хасаад үлдсэн үндсэн төлбөр, хүү 100 000 төгрөг 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр албан ёсоор бичгээр байгуулагдаад мөн өдрөө 1 000 000 төгрөгийг шилжүүлсний дагуу уг зээлдээ л хүү бодох эрхтэй. Алданги 500 000 төгрөг 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр албан ёсоор бичгээр алданги заасан гэрээ байгуулсны дагуу шилжүүлсэн 1 000 000 төгрөгийн үндсэн төлбөрт л 50 хувиар алданги бодох эрхтэй. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6 дахь хэсэгт хүүгээс анз тооцохгүй гэж заасан. Мөн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. Хууль, болон нотлох баримт, бодит нөхцөл байдлын дагуу төлөх ёстой дүн нийт 4 870 000 төгрөг байна. Иймд миний бие дээрхийн дагуу Г.От 4 870 000 төгрөгийг төлөх ёстой атал, 2 510 000 төгрөгийг илүү тооцож, анхан шатны шүүх 7 380 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу байх учир анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдвэрлэсэн 2 510 000 төгрөгт хамаарах хэсгийг эс зөвшөөр давж заалдах гомдол гаргаж байгаа учир анхан шатны шүүхийн шийдвэрт уг холбогдох өөрчлөлтийг оруулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч Д.Ид холбогдуулан 9 082 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч 4 761 667 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ. /хх.1-2/

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...үндсэн зээл 5 800 000 төгрөг, нэг сарын хүү 580 000 төгрөг, алданги 2 552 000 төгрөг 2020 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний хүү 150 000 төгрөг нийт 9 082 000 төгрөг гаргуулна гэж тайлбарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний хүү 150 000 төгрөгийн шаардлагаас татгалзаж, үлдэх 8 932 000 төгрөгийг нэхэмжилжээ.

Хариуцагч шүүхэд ...6 000 000 төгрөгийг дансаар авсан, бэлэн мөнгө аваагүй, эргүүлж 1 730 000 төгрөгийг төлсөн. 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн гэрээг нөхөж бичгээр байгуулсан учир үүнээс хойш буюу 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр шилжүүлсэн 1 000 000 төгрөгт хүү, алданги төлнө гэсэн тайлбар гаргасан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зохигчид 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний 3.4-т Зээлийг 2020/02/13-нд 500 000 төгрөг /дансаар/, 2020/02/14-нд 1 000 000 төгрөг /бэлнээр/, 2020/02/14-нд 300 000 төгрөг /бэлнээр/, 2020/03/07-нд 1 000 000 төгрөг /дансаар/, 2020/03/09-нд 2 000 000 төгрөг /дансаар/, 2020/04/03-нд 1 000 000 төгрөг /дансаар/ нийт 5 800 000 төгрөг хүлээлгэн өгсөн гэж бичиж, хариуцагч гарын үсгээ зуржээ.

Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хэн аль нь маргаагүй.

Хэрэгт авагдсан Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд Г.Оаас Д.Игийн дансанд 6 000 000 төгрөгийг, мөн хариуцагч Д.Игийн Хаан банк ХХК-ийн дансны хуулгаар 1 730 000 төгрөгийг нэхэмжлэгч Г.Оын дансанд буцаан шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ. /хх.19-23/

Хуульд зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг хүлээдэг бөгөөд нэхэмжлэгч Г.О хариуцагч Д.Ид гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээний үүргээ биелүүлэхийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх хариуцагч Д.Игаас зээлийн гэрээний үүрэгт 7 380 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.От олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл муутай болсон байна гэж үзлээ. Учир нь, талуудын 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр бичгээр зээлийн гэрээ байгуулахаас өмнө хариуцагчийн төлсөн 1 730 000 төгрөгийг зээлийн гэрээгээр тохиролцсон буюу нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон 5 800 000 төгрөгийн үндсэн зээлээс нь хасч тооцох үндэслэлтэй. Иймд зохигчдын хооронд 4 070 000 төгрөгийн хэмжээнд зээлийн гэрээ байгуулагдсан байна. Өөрөөр хэлбэл бичгээр гэрээ байгуулсан үеэс хүү шаардах эрх нэхэмжлэгчид үүсэх юм.

Хариуцагч нэхэмжлэгчээс нэг сарын хүүг нэхэмжилсэн, гэрээний 3.3-д зээлийн хүү сарын 10 хувь байхаар заасан байх тул зээлийн 4 070 000 төгрөгөөс 10 хувийн хүү тооцоход 1 сарын хүү 407 000 төгрөг нийт 4 477 000 төгрөгийн үүрэг хариуцагчид үүссэн гэж үзлээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан бөгөөд анхан шатны шүүх алдангийн хэмжээг 1 000 000 төгрөгөөр тооцсонд нэхэмжлэгч тал маргаагүй тул шүүхийн шийдвэрлэсэн 1 000 000 төгрөгийг үндсэн зээл, хүү 4 477 000 төгрөг дээр нэмж 5 477 000 төгрөгийн үүрэг хариуцагч Д.Ид үүссэн байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч Д.Игаас 5 477 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.От олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/02799 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...7 380 000 төгрөг гэснийг ....5 477 000 төгрөг гэж, ....1 552 000 төгрөг гэснийг ...3 455 000 төгрөг гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын ...133 030 төгрөг гэснийг ...102 582 төгрөг гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн төлсөн 55 110 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

Ц.ИЧИНХОРЛОО