Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2022/00327

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/02799 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2349 дүгээр магадлалтай,  

*******ын нэхэмжлэлтэй,

*******д холбогдох  

Зээлийн гэрээний үүрэгт 8,932,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Зохигчийн гаргасан гомдлоор  

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагважанцан, хариуцагч *******, түүний өмгөөлөгч С.Эрдэнэсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. ******* нь *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 8,932,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. 

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/02799 дүгээр шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5заасныг баримтлан нэхэмжлэгч ******* нь 150,000 төгрөгт холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8заасныг баримтлан хариуцагч *******гаас 7,380,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,552,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 133,030 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2349 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/02799 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...7,380,000 төгрөг гэснийг ....5,477,000 төгрөг гэж, ....1,552,000 төгрөг гэснийг ...3,455,000 төгрөг гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын ...133,030 төгрөг гэснийг ...102,582 төгрөг гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн төлсөн 55,110 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.  

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагважанцан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүхийг нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн гэж үзэж байгаа бөгөөд бодит байдалтай нийцэж байна. Харин анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасныг үндэслэн анзын хэмжээг багасгасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь үүрэг гүйцэтгэвэл зохих үнийн дүнгийн 50 хувиас хэтрээгүй мөн нэхэмжлэл гаргах өдөр хүртэл алданги бодоогүй бөгөөд 80 хоногийн алданги бодсон нь анзын хэмжээг бууруулах үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол болон зээлийн гэрээг зөрчиж байна. Давж заалдах шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ биелүүлээгүй буюу хэргийг бүхэлд нь хянаагүй. Давж заалдах шатны шүүх хянахдаа 2020.04.03-ны өдөр бичгээр зээлийн гэрээ байгуулахаас өмнө төлсөн 1,730,000 төгрөгийг зээлийн гэрээгээр тохиролцсон буюу нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдсон 5,800,000 төгрөг хасч тооцох үндэслэлтэй гэж үзсэн нь нотлох баримтыг үнэн зөв үнэлээгүй гэж үзэж байна. Хариуцагч нь 2020.04.03-ны өдрөөс өмнө 1,730,000 төгрөг шилжүүлээгүй харин 1,500,000 төгрөгийг шилжүүлсэн. 1,500,000 төгрөгийг шилжүүлэхдээ 2020.03.28-ны өдөр 600,000 төгрөг, 2020.03.30-ны өдөр 900,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байдаг. Хариуцагчийн дээрх шилжүүлсэн 1,500,000 төгрөгийг 2020.03.26-ны өдрийн зээлж авсан 1,500,000 төгрөгт суутгасан бөгөөд 2020.04.03-ны өдөр зээлийн гэрээ байгуулахад хасч тооцон үндсэн зээл нь 5,800,000 төгрөг гэж тохиролцоод байхад давж заалдах шатны шүүх дахин 5,800,000 төгрөгөөс хасч байгаа нь бодит байдалтай нийцэхгүй, нотлох баримтыг үнэн зөв үнэлээгүй. Нэхэмжлэгч ******* нь 2020.03.26-ны өдөр хариуцагч *******д 1,500,000 төгрөгийг зээлсэн бөгөөд дээрх дурдсан 2020.03.26-ны өдөр зээлсэн 1,500,000 төгрөгийг 2020.04.23-ны өдрийн зээлийн гэрээтэй тулгаж үзвэл 03.26-ны өдрийн зээл бичигдээгүй буюу хариуцагчийн шилжүүлсэн 1,500,000 төгрөгийг хасч тооцсон юм. Нэхэмжлэгч нь нийт 7,300,000 төгрөгийг зээлүүлсэн бөгөөд 2020.04.03-ны өдөр тооцоо нийлж зээлийн гэрээ байгуулахад хариуцагчийн шилжүүлсэн 2020.03.28-ны өдрийн 600,000 төгрөг, 2020.03.30-ны өдрийн 900,000 төгрөг, нийт 1,500,000 төгрөгийг хасаад үндсэн зээл 5,800,000 төгрөгөөр тооцоо нийлсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх 5,800,000 төгрөгөөс дахин хасч тооцоод байгааг ойлгохгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагчийн шилжүүлсэн 1,500,000 төгрөгийг 2 удаа хасч тооцож байна. Мөн хариуцагчийн 2020.04.07-ны өдрийн шилжүүлсэн 150,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагаас 150,000 төгрөгөөс татгалзаад байхад давж заалдах шатны шүүх дахин 150,000 төгрөгийг хасч тооцоод байгаа нь ойлгомжгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ. 

5. Хариуцагч ******* хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч шүүх хууль буруу хэрэглэсэн, нотлох баримтыг бүрэн, үнэн зөв үнэлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болсон гэсэн үндэслэлээр буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлүүдээр гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх миний гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль хэрэглээний алдаа, нотлох баримтыг буруу үнэлснийг залруулсан ч Иргэний хуулийн 282 дугаар зүйл болон нотлох баримтыг буруу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан гэж үзэж байна. Магадлалын хянавал хэсэгт ...Иймд зохигчийн хооронд 4,070,000 төгрөгийн хэмжээнд зээлийн гэрээ байгуулагдсан байна. Өөрөөр хэлбэл гэрээ байгуулсан үеэс хүү шаардах эрх нэхэмжлэгчид үүсэх юм. Хариуцагч нэхэмжлэгчээс нэг сарын хүүг нэхэмжилсэн, гэрээний 3.3-т зээлийн хүү сарын 10 хувь байхаар заасан байх тул зээлийн 4,070,000 төгрөгөөс 10 хувийн хүү тооцоход 1 сарын хүү 407,000 төгрөг, нийт 4,477,000 төгрөгийн үүрэг хариуцагчид үүссэн гэж үзлээ гэжээ. Гэтэл бодит байдал дээр хавтаст хэрэгт авагдсан дансны хуулга болон талуудын хооронд 2020.04.03-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнээс харвал ******* би *******аас бэлнээр огт мөнгө авч байгаагүй бөгөөд амаар ярьж тохирсны дагуу дан дансаар мөнгө авч байсан ба 2020.02.13-2020.04.03-ны өдрийн хугацаанд цувуулан авсан нийт үндсэн зээл 5,800,000 төгрөг байна. Үүнээс бичгээр гэрээ байгуулагдахаас өмнө төлсөн 1,730,000 төгрөгийг хасаад нийт цувуулан авсан үндсэн зээлийн үлдэгдэл 4,070,000 төгрөг болно. Бичгээр 2020.04.03-ны өдөр гэрээ байгуулахад бодитоор олгосон зээл нь үүнээс 1,000,000 төгрөг билээ. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана., 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан. Уг хуулийн заалтын дагуу ******* болон *******гийн дунд албан ёсоор бичгээр гэрээ 2020.04.03-ны өдөр байгуулагдсан ба мөн өдөр 1,000,000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн нь зөвхөн 1,000,000 төгрөгийн хувьд албан ёсны хүү авах эрхтэй бичгээр гэрээ байгуулагдсан гэж үзэх учир 1,000,000 төгрөгөөс 1 сарын 10 хувийн хүү 100,000 төгрөг хүүд авах эрх үүсэх учиртай. Тиймээс хуулийн дагуу зээлийн гэрээний үүрэгт надаас *******т төлөх үлдэгдэл мөнгөн дүн нь 2020.02.13-2020.04.03-ны өдрийн хугацаанд цувуулан авсан 5,800,000 төгрөгийн зээлээс төлсөн 1,730,000 төгрөгийг хасаад нийт үндсэн зээлийн үлдэгдэл 4,070,000 + нэг сарын хүү 100,000 /1 сая төгрөгийн хүү/ + алданги 1,000,000/ анхан шатны шүүхээс бууруулан тогтоосон алдангитай маргахгүй байгаа болно/ = 5,170,000 төгрөгийг төлөх үүрэгтэй болно.

Үүний дагуу нийт зээлийн гэрээний үүрэгт одоо 5,170,000 төгрөгийг төлөхөөр байхад давж заалдах шатны шүүхээс нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан 1 сарын хүүг 407,000 төгрөг гэж тооцсон нь буруу байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээс 7,380,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн алдааны тодорхой хэсгийг залруулж 5,477,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч миний бие дээр дурдсаны дагуу *******т 5,170,000 төгрөгийг төлөх ёстой атал давж заалдах шатны шүүх хүүг 407,000 төгрөгөөр тооцож 307,000 төгрөгийг илүү төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль болон нотлох баримтыг бүрэн дүрэн үнэлээгүйгээс болсон байна. Иймд давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 282.4-ыг буюу хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг буруу үнэлснээс 307,000 төгрөгийг илүү төлүүлэхээр шийдвэрлэсэн учир анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд холбогдох хууль хэрэглээ, үнийн дүнгийн өөрчлөлтийг оруулж өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ: 

6. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагважанцангийн гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч *******гийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

7. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д заасныг баримтлан хариуцагч *******гаас 7,380,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,552,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх шийдвэрт *******гаас 5,477,000 төгрөг гаргуулж, *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,455,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулжээ.  

8. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагчаас 2020.04.03-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5,800,000 төгрөг, хүү 580,000 төгрөг, алданги 2,552,000 төгрөг, 2020.02.14-ний өдрийн зээлийн гэрээний хүү 150,000 төгрөг, нийт 9,082,000 төгрөг гаргуулна гэж тайлбарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020.02.14-ний өдрийн зээлийн гэрээний хүү 150,000 төгрөгийн шаардлагаас татгалзаж, үлдэх 8,932,000 төгрөгийг гаргуулах... гэж тодорхойлсон байна.  

9. Хариуцагч ******* ...6,000,000 төгрөгийг дансаар авсан, бэлэн мөнгө аваагүй, буцааж 1,730,000 төгрөгийг төлсөн. 2020.04.03-ны өдөр зээлийн гэрээг нөхөж бичгээр байгуулсан учир үүнээс хойш буюу 2020.04.07-ны өдөр шилжүүлсэн 1,000,000 төгрөгт хүү, алданги төлнө. ...4,761,667 төгрөг төлөх үлдэгдэлтэй... гэж мэтгэлцжээ. 

Зохигчийн хооронд зээл төлөх үүргийн хэмжээ маргааны зүйл болжээ.

10. Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтаас зөрүүтэй тогтоосны улмаас магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.  

Учир нь давж заалдах шатны шүүх зохигч нөхөж буюу хожим харилцан тохиролцож 2020.04.03-ны өдрийн бүртгэлийн 0328 дугаартай зээлийн гэрээ байгуулахдаа зээлийн үлдэгдлийг 5,800,000 төгрөг гэж тодорхойлон хэн аль нь хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан, талууд гэрээг чөлөөтэй байгуулах, агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийн талаар хууль зүйн дүгнэлт хийлгүй зээлийн гэрээ байгуулахаас өмнө хариуцагчийн төлсөн зээлийг давхардуулан хасч тооцсон нь учир дутагдалтай болсон, магадлалыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.  

11. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

12. *******, ******* нар 2020.04.03-ны өдөр бүртгэлийн 0328 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 2020.02.14-ний өдрөөс 2020.05.03-ны өдөр хүртэл 79 хоногийн хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, гэрээнд зааснаар хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцсон бөгөөд хэн аль нь гэрээнд гарын үсгээ зуржээ. 

Талууд хүсэл зоригоо илэрхийлэн, хуулийн хүрээнд гэрээний чөлөөт байдлыг хангаж, агуулгыг өөрсдөө тодорхойлон хожим зээлийн гэрээг бичгээр үйлдэж, түүнд хэн аль гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн байх тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар зээлийн гэрээг байгуулсанд тооцно. 

Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ гэж зөв тодорхойлж, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ.  

12.1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан. 

Зээлийн гэрээний гол шинж нь зээлдүүлэгч гэрээний зүйл болох эд хөрөнгийг тодорхой хугацаанд ашиглуулах зорилгоор зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсний дагуу зээлдэгч нь хөрөнгийг хүлээн авч захиран зарцуулсан байхыг ойлгоно. 

12.2. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна, мөн зүйлийн 41.2-т Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана гэж хуульчилжээ. 

Анхан шатны шүүх хуульд нийцүүлэн зохигчийн хооронд байгуулсан дээрх 2020.04.03-ны өдрийн бүртгэлийн 0328 дугаартай зээлийн гэрээний хүсэл зоригийг зөв тайлбарлаж, талуудын тайлбартай уялдсан, холбогдсон байдлаар нь үнэлж хэргийн үйл баримтыг тогтоосон нь үндэслэл бүхий болжээ. 

12.3. *******ын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй 2020.04.03ы өдрийн зээлийн гэрээг талууд хожим нөхөж хийсэн, хариуцагч өмнөх үүргээ гүйцэтгэхгүй явсаар өр хуримтлагдсан болох нь гэрээний 3.4-т Зээл олгох хэлбэр, хугацаа: Зээлийг 2020.02.13-нд 500,000 төгрөг /дансаар/, 2020.02.14-нд 1,000,000 төгрөг /бэлнээр/, 2020.02.14-нд 300,000 төгрөг /бэлнээр/, 2020.03.07-нд 1,000,000 төгрөг /дансаар/, 2020.03.09-нд 2,000,000 төгрөг /дансаар/, 2020.04.03-нд 1,000,000 төгрөг /дансаар/ нийт 5,800,000 төгрөг хүлээлгэн өгсөн гэж тусгагдсан байдал, зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдсон байх тул нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.  

Өөрөөр хэлбэл талууд зээлийн гэрээг хожим байгуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхэнд нөлөөлөхгүй. 

Иймээс *******ыг зээлийн гэрээний 1.2, 3.4, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасан үүргээ шударгаар, бодитоор, зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ. 

13. Нэхэмжлэгч ******* зээл, түүний хүү, алдангийг *******гаас гэрээнд заасны дагуу шаардах эрхтэй, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар алдангийг 1,000,000 төгрөгт тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.  

 14. Хариуцагч ******* ...2020.04.07-ны өдөр шилжүүлсэн 1,000,000 төгрөгт хүү, алданги төлнө. ...4,761,667 төгрөг төлөх үлдэгдэлтэй... гэж нэхэмжлэгчтэй маргасан хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд уг нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  

Энэ нь хариуцагч ******* тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлоогүй гэж үзнэ. 

15. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд зээлийн гэрээний 3.1-3.4, 3.7, 4.7, 6.1-д тус тус зааснаар хариуцагчийн үүргийг тодорхойлж, зээл 5,800,000 төгрөг, хүү 580,000 төгрөг, алданги 1,000,000 төгрөг, нийт 7,380,000 төгрөгийг *******гаас гаргуулахаар анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8зохицуулалт, тэдгээрт заасан ойлголт, шаардлага, агуулгад нийцсэн байна. 

16. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагважанцаны гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч *******гийн гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2349 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/02799 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагважанцаны гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч *******гийн гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 9,860 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн 70,230 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              Г.БАНЗРАГЧ  

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН              Г.АЛТАНЧИМЭГ

                                             ШҮҮГЧИД              П.ЗОЛЗАЯА 

                                                                           С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                            Х.ЭРДЭНЭСУВД