Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2020/02373

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2020/02373

 

А.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2020/02200 дугаар шийдвэртэй,

А.Бын нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Дд холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 15 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч А.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Т.Ариунболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Б Ц.Дтэй 2019 оны 02 дугаар сард танилцсан бөгөөд Ц.Д нь надаас 15 000 000 төгрөгийг зээлэх, хүү тооцохгүйгээр хүүний оронд нь БНСУ-ын 1 жилийн хугацаатай мультвиз гаргаж өгөх санал тавьж бид хоёр харилцан тохиролцсон, 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 281, 282, 283 дугаар зүйлд зааснаар зээлийн гэрээг байгуулан Чингэлтэй дүүргийн нотариатчаар 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр батлуулсан. Зээлийн гэрээний 2.2-т заасан хугацаа дуусахад Ц.Д нь зээлсэн 15 000 000 төгрөгөө буцааж өгөөгүй. Би Ц.Дөөс мөнгө буцааж авах талаар удаа дараа шаардсан. Анх зээлийн гэрээ байгуулахдаа хүү 0 нөхцөлтэй, гэрээний 2.7-анзийн гэрээний алдангийг тооцохгүйгээр байгуулсан ба гэрээний нэмэлт нөхцөлд зээлдэгч үндсэн зээл, хүүг төлөөгүй нөхцөлд гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгож алданги тооцохоор байгуулсан. Зээлийн гэрээний талууд 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээний 2.2-т заасан хугацааг 4 сараар сунгасан ба гэрээний үүргээ биелүүлэх хугацаа 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр дууссан. Өдий хүртэл Ц.Д нь үүргээ биелүүлэхгүй байгаа тул зээлийн гэрээний үндсэн мөнгө болох 15 000 000 төгрөгийг Ц.Дөөс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Д шүүхэд болон түүний өмгөөлөгч Б.Сод-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би А.Бын гаргасан мөнгөн төлбөрийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй. Учир нь тухайн үед А.Бын хүсэлтийг үндэслэн хоёр тал харилцан тохиролцсоны үндсэн дээр хувь хүн өөрөө хүссэний дагуу ажлыг нь үнэн зөвөөр гүйцэтгэж өгсөн. Харин иргэн А.Б нь өөрийн буруутай үйлдлээс болж ажил нь бүтээгүй байсан. Миний зүгээс хийх ёстой бүхий л ажлаа үнэн зөвөөр ном журмын дагуу хийсэн. Хувь хүний өөрийн хариуцлагагүй үйлдлээс болж би хохирч байгаа учир хуулийн байгууллага үнэн зөвөөр шийдэж өгнө гэдэгт итгэж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Ц.Дөөс 15 000 000 төгрөгийг гаргуулж А.Бд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 232 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна. 

Хариуцагч Ц.Д давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... А.Б нь тухайн үед БНСУ-ын визний материал бүрдүүлэх, виз мэдүүлэхэд өөрт нь туслуулах зорилгоор надад санал тавьж, бид хоёр харилцан тохиролцож хүлээн зөвшөөрснөөр уг ажлын хөлс болон төсвийн зардал болох 15 000 000 төгрөгийг А.Баас өөрийн дансруу шилжүүлэн авсан. Уг визний материал бүрдүүлэх болон виз мэдүүлэх ажилд нь тусалж тухайн виз нь гараагүй тохиолдолд ажлын хөлс болон төсөв болгон өгсөн 15 000 000 төгрөгийг буцаан олгох баталгаа болгон 15 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан. Харин визний материалыг нь би бүрдүүлж өгөөд уг виз нь гарсан тохиолдолд зээлийн гэрээг хүчингүйд тооцож өөр зорилгоор ашиглахгүй хэмээн хоорондоо тохиролцсон байсан. Уг байгуулсан зээлийн гэрээ нь ямар нэгэн хүү, алдангийн төлбөргүй. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрээр бид хоёрын дунд байгуулагдсан гэрээг зээлийн гэрээ биш хэмээн зөв дүгнэсэн боловч зуучлалын гэрээ байгуулагдсан байна гэж гэрээний зүйлийг буруу тодорхойлсон байна. Учир нь зуучлалын гэрээ нь зуучлуулж буй этгээдээс олгосон эрхийн дагуу, зуучлуулагчийн нэрийн өмнөөс, түүний ашиг сонирхлын төлөө хариу төлбөртэй болон хариу төлбөргүйгээр хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх үйлдлийг Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсгээр зохицуулсан байдаг. Миний хувьд А.Бтай түүний БНСУ-ын визний материал бүрдүүлэх, виз гарахад нь бүхий л талаар тусалж, дэмжих үүрэг бүхий гэрээ байгуулснаас биш А.Быг түүний нэрийн өмнөөс,түүний ашиг сонирхлынх нь төлөө өөр нэг этгээдтэй хэлцэл байгуулахаар зуучлах үүрэг бүхий гэрээ байгуулаагүй юм. Иймд А.Б бид хоёрын дунд "Зуучлалын гэрээ байгуулагдаагүй болно. Харин ажил гүйцэтгэх гэрээ нь нэг талаас ажил гүйцэтгэгч тодорхой ажлын үр дүнг нийлүүлэхээр. амлаж, нөгөө тал буюу захиалагч нь тохирсон хөлсийг төлөх үүрэг хүлээж байдаг хоёр талт үүрэг бүхий гэрээ юм. Би А.Бтай БНСУ-ын виз гарахад нөлөөлөхүйц материалыг зохих журмын дагуу бэлдэх, виз мэдүүлэхэд нь туслах үүрэгтэй байсан. Ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлын үр дүн гэж гэрээгээр тохиролцсон ажил, түүнийг гүйцэтгэснээр бий болсон биет үр дүнг хэлэх бөгөөд миний гэрээгээр тохиролцсон А.Бт нийлүүлэхээр амласан ажлын үр дүн бол А.Бын БНСУ-ын визийн материал бүрдүүлэх, уг виз гаргалтад туслах, эдгээр үүргээ биелүүлснээр гарах үр дүн буюу А.Бын БНСУ-ын виз гарах явдал байсан. Тухайн ажлын үр дүнг бий болгох буюу А.Бын БНСУ-ын визийг гарахад туслахын тулд А.Быг түүний Бага уулын түшиг ХХК-ийн захирлын хувиар мэдүүлэх нь илүү чухал ач холбогдолтой гэж миний бие үзсэн учраас түүний 100%-ийн эзэмшлийн дээрх компанийн татварын тайланг нь ямар нэгэн зөрчилгүй болгохоор нягтлан бодох бүртгэлийн тусгай мэдлэг бүхий этгээдээр тайлагнах, бусад виз гаргалтад нөлөөлөхүйц мэдээлэл, материалыг цуглуулах зэрэг үйл ажиллагааны зардлыг А.Бын ажлын хөлс, төсөв болгон өгсөн 15 000 000 төгрөгөөс авч хэрэглэсэн. Уг гэрээний зүйл болох ажлын үр дүн нь А.Бын БНСУ-ын виз нь гарах явдал бөгөөд А.Бын зүгээс уг ажлын үр дүнг бий болгохын тулд 15 000 000 төгрөгийг миний дансанд илгээсэн үйл баримтуудаас үзэхэд бидний хооронд Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Бидний дунд байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хэмээн үзэх боломжгүй юм. А.Б бид хоёрын дунд байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээ нь нэг талаас Ц.Д миний бие А.Бын БНСУ-ын виз гарахад нь туслалцаа үзүүлж, виз гарахад нөлөөлөхүйц материал цуглуулж, виз мэдүүлэхэд туслах, нөгөө талаас буюу А.Бын зүгээс тохирсон ажлын хөлс, үйл ажиллагааны төсөв болох 15 000 000 төгрөгийг төлөх тухай ба энэ нь ямар нэгэн хуулийн хориглосон хэм хэмжээг зөрчөөгүй, хуулиар тогтоосон агуулгын болон хэлбэрийн шаардлагыг зөрчөөгүй болно. Иймд бидний хооронд байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаараагүй юм. Иймээс дээрх бодит үйл баримт хэрэг авагдсан баримт, гэрчийн мэдүүлгийг зэргийг зохих журмаар үнэлж Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Ц.Дд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчид 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдэгч буюу хариуцагч Ц.Д зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч А.Баас 15 000 000 төгрөгийг 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал хугацаагаар зээлжээ. /хх.4/ Зохигчид уг зээлийн гэрээнд хүү тохиролцоогүй байна.

Талууд зээлийн гэрээг байгуулсан шалтгааны талаар маргаж нэхэмжлэгч ...зээлийн гэрээгээр зээлсэн хүүний оронд БНСУ-ын 1 жилийн хугацаатай мультвиз гаргаж өгөхөөр тохиролцсон гэж,

хариуцагч ...А.Бд БНСУ-ын виз гаргаж өгөх зорилгоор 15 000 000 төгрөгийг авсан, үүнээс 10 000 000 төгрөгийг виз даруулахаар хүнд өгсөн, мөн виз гаргахтай холбоотойгоор А.Бын Бага уулын түшиг ХХК-ийн 2019 оны 3 дугаар улирлын татварын тайланг гаргуулахаар ажлын хөлс 2 500 000 төгрөгийг өгсөн, үлдэх 2 500 000 төгрөгийг уг ажлын хөлс гэсэн өөр өөр тайлбарыг гаргажээ.

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасан бөгөөд талуудын тайлбар болон бичгийн баримтаас үзэхэд зохигчдын хооронд зээлийн гэрээний үүрэг үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараас үзэхэд хариуцагч Ц.Д нь Солонгос улсын виз гаргах эрх бүхий субъект биш байх бөгөөд хариуцагч виз гаргаж өгөх зорилгоор мөнгө авсныг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Анхан шатны шүүх хариуцагч Ц.Дөөс нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 15 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлээр гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэсэн нь зөв байна. Учир нь, хариуцагч Ц.Д виз гаргахтай холбоотойгоор тодорхой үйл ажиллагаа явуулсан гэж байгаа боловч хариуцагч виз гаргах эрх бүхий этгээд биш тул хуулиар тогтоогдсон хориглоогүй хэлцлийн шинжийг агуулсан байх боломжгүй учраас шүүхээс нэхэмжлэлийг хангасан нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Иймд анхан шатны шүүхийн хариуцагч Ц.Дөөс 15 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Бд олгосон шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2020/02200 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ц.ИЧИНХОРЛОО