Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 471

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн “А” танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Жамъяан гүний гудамж 5-1, Вива Оффис “Аэрмаркет” ХХК, 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу-3 хаягтай Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар, 

Гуравдагч этгээд: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 8 дугаар баг, Цагаан булаг, мод үржүүлэг 3-5 тоот хаягтай “Эйрмаркет говь” ХХК,  

Нэхэмжлэлийн шаардлага: “Эйрмаркет Говь” ХХК-ийн хуулийн этгээдийн нэрийн бүртгэлийг хүчингүй болгуулах, дахин энэ нэрээр өөр хуулийн этгээд бүртгэхгүй байхыг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт даалгуулах”,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Номин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батдэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номин-Эрдэнэ нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Аэрмаркет” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Номин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Аэрмаркет компани анх 2000 онд улсын бүртгэлд “Аэрмаркет” ХХК гэсэн нэрээр бүртгэгдэж үйл ажиллагаагаа эхэлж байсан. Одоо энэхүү нэр, манай компанийн олон улсын болон орон нутгийн тийз борлуулалт, аялал жуулчлалын үйлчилгээ зэрэг үйл ажиллагаа нь Монгол Улсад төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдөж танигдан, 15 жилийн хугацаанд зах зээлд нэр хүнд бүхий болж өргөжсөн байна. “АэрМаркет” буюу “АirМаrкеt” гэсэн нэр манай компанийн үнэт зүйл, бахархал, бидний түүх юм.

Гэтэл тус компанитай адил үйлчилгээг зах зээлд эрхэлдэг “Эйрмаркет Говь” ХХК /АirМаrкеt Gobi LLC/ гэх ижил нэртэй хуулийн этгээд Өмнөговь аймгийн Оюу-Толгойд болон Улаанбаатар хотод байрлалтайгаар үйл ажиллагаагаа явуулж бидний нэрээр бусдыг төөрөгдүүлж ашиг орлого олж байгааг бид олж мэдсэн бөгөөд Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гомдол гаргасан боловч бидний хүсэлтийг хүлээн аваагүй бөгөөд хуулийн үндэслэлгүй хариу өгсөн болно.

Хуулийн этгээдийн бүртгэлийн газар тус “Эйрмаркет Говь” ХХК-ийн нэрийг баталгаажуулахдаа Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэг, Хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах журмын 3.1. “хуулийн этгээдийн нэр бусдыг төөрөгдүүлэхээр төсөөтэй байхыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус баримтлаагүй болно. Учир нь хуулийн этгээдийн нэр нь кирилл үсгээр бичихэд өөр боловч гадаад үсгээр бичихэд ижил байгаа бөгөөд үйл ажиллагаа явуулдаг чиглэл нь өөр хоорондоо адил байгаа нь бусдыг төөрөгдүүлэхээр төсөөтэй болохыг нь харгалзаж үзээгүй байна.

Иймд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хийсэн “Эйрмаркет говь” гэсэн нэрийн баталгаажуулалт нь хууль тогтоомж зөрчсөн байх тул Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Гадаадын хөрөнгө оруулалт, хуулийн этгээдийн бүртгэлийн газраас олгосон “Эйрмаркет Говь” ХХК хуулийн этгээдийн нэрийн бүртгэлийг хүчингүй болгуулж, дахин энэ нэрээр өөр хуулийн этгээд бүртгэхгүй байхыг Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус газрын Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулийн этгээдийн улсын бүртгэгч Ч.Батдэлгэр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Аэрмаркет ХХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн нэхэмжлэлд Хуулийн этгээдийн бүртгэлийн газар “Эйрмаркет говь” ХХК-ийн нэрийг баталгаажуулахдаа Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, Хуулийн этгээдийн нэр олгох баталгаажуулах журмын 3.1 дэх заалтыг тус тус баримтлаагүй гэснийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:

1. Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй” гэсэн заалтын ... бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй гэсэн зохицуулалтын үзэл баримтлал, утга, агуулга нь өөр болохыг иргэний хуулийн тайлбарын жишээнд дурдсан “Marlboro” “Manlboro” гэсэн нэрүүдээс харж болно. 

Дээрх жишээнээс үзэхэд “Эйрмаркет говь” ХХК болон “Аэрмаркет” ХХК гэсэн нэрүүд нь бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй гэж үзэхээргүй байна.

2. Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д заасан “бусдын барааны тэмдэг, шошго, аж ахуй эрхлэгчийн нэр, барааны чанарын баталгааг дур мэдэн хэрэглэх, барааны оноосон нэр, баглаа боодлыг хуулбарлах” гэдэг нь зөвхөн өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг аж ахуй эрхлэгч нарт хориглосон заалт бөгөөд хуулийн этгээдийн нэр олгоход хамааралгүй байна.

3. “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай” Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар тогтоолын 1-д “Хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6-д “Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан” гэдэгт хуулийн этгээдийн өөрийн үйл ажиллагааг явуулахад ашиглах оноосон нэр нь бичвэр, хэлбэр авианы дуудлагын хувьд Улсын татварын ерөнхий газрын  дэргэдэх Улсын бүртгэлийн албаны хуулийн этгээдийн нэрийн нэгдсэн жагсаалтад бүртгэгдсэн бусад хуулийн этгээдийн нэртэй ижил байхыг ойлгоно” гэж тайлбарласан.

Бичвэр, хэлбэр, авиан дуудлагын хувьд “Эйрмаркет говь” ХХК болон “Аэрмаркет” ХХК хоёрын нэрийг ижил гэж үзэх үндэслэлгүй ба “говь” гэсэн үгээр ялгаатай байх тул давхардаагүй, ижил төсөөтэй биш байна.

“Эйрмаркет говь” ХХК-ийн нэрийг олгох үед мөрдөгдөж байсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 742 тушаалаар батлагдсан “Хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулах, хадгалах журам”-ын 3.1-д “Хуулийн этгээдийн нэр нь өөр хуулийн этгээдийн нэртэй улсын хэмжээнд давхардаагүй байна” гэсэн заалтыг зөрчөөгүй болно.

Иймд “Эйрмаркет говь” ХХК-ийн нэрийг 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр олгосон нь холбогдох хууль тогтоомжуудыг зөрчөөгүй, хүчингүй болгох үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Гуравдагч этгээд “Эйрмаркет говь” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тэгшжаргал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Манай компани 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Б.Тэгшжаргал, Б.Баярчимэг, О.Тунгалаг нар хуралдан “Эйрмаркет говь” ХХК-ийг үүсгэн байгуулах шийдвэр гарган хуралдсанаар Монгол Улсын Компанийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх заалтыг үндэслэн компанийг үүсгэн байгуулах тогтоол, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.2, 16 дугаар зүйлийг үндэслэн дүрмээ баталж, Улсын бүртгэлийн хуулийн дагуу материалаа бүрдүүлэн эрх бүхий газраас компани үүсгэн байгуулах зөвшөөрлийг 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №000064743 тоог гэрчилгээгээр албан ёсоор, хууль ёсны дагуу авч, Улсын бүртгэлд бүртгүүлснээ Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд тайлбарлаж байна.

Мөн манай компани “Аэр маркет” ХХК-ийн нэр болон бусад зүйлийг ашиглах зорилгогүй бөгөөд, нэрийн хувьд бичлэг болоод дуудлага нь өөр гэж үзэж байна. “Эйр маркет говь” нэр нь дэлхий нийтээр салбарын утгыг илэрхийлсэн ерөнхий нэршлийг аливаа төрийн ба хувийн үйл ажиллагааны нэр болгон ашиглаж ирсэн зарчимд тулгуурлан, Улсын бүртгэлийн газраар шүүлгэн баталгаажуулж авсан нэр юм. 

Манай лого цэнхэр өнгөтэй. Тус шүүхэд манай байгууллага Улсын бүртгэлийн газрын хүргүүлсэн нотлох баримтуудыг дэмжиж байгаа бөгөөд, өөрийн байгууллагын логог нэмж хүргүүлж байгааг хүлээн авна уу. Дээрх тайлбар, нотлох баримтуудыг үндэслэн “Аэр маркет” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага хуулийн үндэслэлгүйг нотолж, нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Аэрмаркет” ХХК-иас “Эйрмаркет Говь” ХХК-ийн хуулийн этгээдийн нэрийн бүртгэлийг хүчингүй болгуулах, дахин энэ нэрээр өөр хуулийн этгээд бүртгэхгүй байхыг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар, мэдүүлэг зэргийг үндэслэн дараах байдлаар хянан шийдвэрлэлээ. 

1. “Эйрмаркет Говь” ХХК-ийн хуулийн этгээдийн нэрийн бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

“Аэрмаркет” ХХК нь анх 2000 онд улсын бүртгэлд “Аэрмаркет” ХХК гэсэн нэрээр бүртгэгдсэн бөгөөд 16 жилийн хугацаанд олон улсын болон орон нутгийн тийз борлуулалт, аялал жуулчлалын үйлчилгээ зэрэг үйл ажиллагааг эрхэлж,  Монгол Улсад төдийгүй олон улсад уг нэрээр хүлээн зөвшөөрөгдөж танигдан, өөрийн зах зээлд нэр хүнд бүхий байр суурийг эзэлсэн компани болсон байна. 

Харин 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “Эйрмаркет говь” ХХК нь 2003 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу Өмнөговь аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлж, аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах чиглэлээр 000064743 дугаар бүхий улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байна. 

2003 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.8.-д “Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан эсэхийг холбогдох бүртгэх байгууллага цахим хэлбэрээр шалгаж баталгаажуулна” гэсний дагуу улсын бүртгэгч “Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас”-ыг олгожээ. 

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 742 дугаар “Хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулах, хадгалах журам”-ийн 3 дугаар зүйлийн 3.4-д “Гадаад үг, үсгээр илэрхийлэгдсэн хуулийн этгээдийн нэрийг кирилл үг, үсэгт шилжүүлж баталгаажуулна” гэж заасан нь гадаад үг өгүүлбэрийг кирилл үсэгт шилжүүлэхдээ ижил маягаар, ижил дуудлагаар шилжүүлэх ерөнхий шаардлагыг биелүүлээгүй, тухайн нэр нь өөр хуулийн этгээдийн нэртэй давхардаагүй, бусдыг төөрөгдөлд оруулахааргүй байх үндсэн зарчмыг хангаагүй бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар тогтоолын 1-т “Хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6-д “Хуулийн этгээдийн нэртэй давхардсан” гэдэгт Хуулийн этгээдийн өөрийн үйл ажиллагааг явуулахад ашиглах оноосон нэр нь бичвэр, хэлбэр авианы дуудлагын хувьд Улсын татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын бүртгэлийн албаны Хуулийн этгээдийн нэртэй ижил байхыг ойлгоно” гэсэн тайлбарыг зөрчсөн байна. 

Өөрөөр хэлбэл маргалдагч компаниудын нэр нь англи хэл дээр “Airmarket” LLC,  “Airmarket gobi” LLC гэсэн латин үсгээр бичигддэг ба орчуулвал “агаарын зах зээл” гэсэн утгыг илэрхийлж байна. 

Харин компаниудын нэрний эхлэл болсон “Аэр...”, “Эйр...” нь монгол хэлэнд ямар нэгэн утга илэрхийлэхгүй бөгөөд дуудлагаараа англи хэлний агаар гэсэн утгаар шууд ойлгогдохын зэрэгцээ “Эйрмаркет говь”  ХХК нь “Airmarket gobi” LLC travel Agency Airport хэмээн өөрийн үйл ажиллагаа цахим сүлжээнд сурталчилж, олон улсад хэдийн танигдсан “Airmarket” LLC-ийн гадаад дотоодын үйлчлүүлэгчдэд өөрийн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг санал болгож буй нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон болно. 

Иймээс “Эйрмаркет говь” гэх нэр нь “Аэрмаркет” ХХК-ийн говь дахь салбар хэмээн бусдад ойлгогдож, олон улсын болон орон нутгийн тийз борлуулалт, аялал жуулчлалын үйлчилгээ зэрэг үйл ажиллагааг Өмнөговь аймагт эрхэлж, улмаар хүрээгээ тэлэн Улаанбаатар хотод адил үйл ажиллагааг явуулж байгаа нь Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй”, Хууль зүйн сайдын тушаалаар батлагдсан “Хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1-д “Хуулийн этгээдийн нэр нь Иргэний хуулийн 27 дугаар зүйл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу бусад хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй байхыг хориглоно” гэж заасныг зөрчсөн байна. 

Мөн Монгол Улсын нэгдсэн орсон “Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай” Парисын конвенцийн 1 дүгээр зүйлийн 2-т “Аж үйлдвэрийн эрхийн хамгаалалтын обьектод ... аж ахуйн нэгжийн нэр, эх үүсвэр буюу нэрийн гарлын заалт, шударга бус өрсөлдөөнийг таслан зогсоох үйлдэл багтана”, 8 дугаар зүйлд “Холбооны гишүүн бүх оронд аж ахуйн нэгжийн нэрийг барааны тэмдгийн бүрдэлд орсон эсэхээс үл хамааран түүнийг мэдүүлэг гаргахыг шаардахгүйгээр эсхүл бүртгэлгүйгээр хамгаална” гэж зааснаас үзэхэд тухайн аж ахуй эрхлэгчийн нэр нь олонд танигдсан, зах зээлд байр сууриа эзэлсэн байдал, түүний нэр хүндийг ашиглан, өөрийн бараа үйлчилгээ, бүтээгдэхүүнийг борлуулахын тулд өөрийн оноосон нэрийг сонгохдоо өөрт ашигтай таатай ямар нэг байдлаар  эзэмших, хэрэглэх, оролцуулахыг хориглосон байна. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн 2 нэр нь бичиглэлийн хувьд ялгаатай, ард нь “Говь” гэсэн үг орсон учир давхардсан гэж үзэх боломжгүй гэж тайлбарлаж байгаа хэдий ч олон нийтэд танигдсан нэрийн ард байршлыг тодорхойлсон үг залгаж өөрийн үйл ажиллагааг бусдад таниулах хэрэгсэл болгосон гэх байдлыг ижил төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд үгүйсгэх боломжгүй байна. 

Иймд “Эйрмаркет Говь” ХХК-ийн хуулийн этгээдийн нэрийн бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. 

2. Нэхэмжлэгчийн “дахин энэ нэрээр өөр хуулийн этгээд бүртгэхгүй байхыг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

2015 онд батлагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, мөн онд Хууль зүйн сайдын тушаалаар батлагдсан “Хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах журам” одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бөгөөд хуулийн этгээдэд нэр олгох харилцааг зохицуулж байгаа болно. 

2015 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд “Хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах” харилцааг зохицуулсан журмын дагуу хуулийн этгээдэд “хуулийн этгээдийн нэрийн санд бүртгэгдсэн нэртэй давхардаагүй, хуульд заасан бол хуулийн этгээдийн төрлийг заасан; кирилл үсгээр илэрхийлэгдсэн; бусад хуулиар хориглоогүй” тохиолдлуудад оноосон нэрийг олгох ба нэгэнт “Аэрмаркет” буюу “Airmarket” гэдэг нэр нь “Аэрмаркет” ХХК-ийн өмч биш учир ижил үйл ажиллагаа эрхлээгүй, бусдыг илт төөрөгдөлд оруулаагүй, хуулийн шаардлага хангасан тохиолдолд бусад хуулийн этгээдэд тухайн нэр буюу үгийг хэрхэн оролцуулсан байдлыг харгалзан  олгох боломжтой тул дээр дурьдсан нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж шүүх дүгнэв. 

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.8-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. 2003 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.8, Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Аэрмаркет” ХХК-ийн “Эйрмаркет Говь” ХХК-ийн хуулийн этгээдийн нэрийн бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай. 

2. 2015 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйл, Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д заасныг тус тус баримтлан “Аэрмаркет” ХХК-ийн “дахин энэ нэрээр өөр хуулийн этгээд бүртгэхгүй байхыг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.ОЮУМАА