Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2017/0814

 

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2017/0814

Улаанбаатар хот

 

 

Б.Г-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Гангэрэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н, хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0676 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б-ийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Г-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0676 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Г-с Нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг дарга нарт холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 297 дугаар захирамжаар “Н” сүмийн газрын хэмжээг 300 м.кв-аар нэмэгдүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 366 дугаар захирамжийн “Н” сүмд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргад 1564,4 м.кв талбайд газар эзэмшүүлэх эрх олгох захирамж гаргуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний  өдрийн 128/ШШ2017/0676  дугаар шийдвэр нь миний эрх ашгийг зөрчсөн буруу шийдвэр гарсан тул дараах гомдлыг гаргаж байна.

Үүнд:

1. Иргэн Б. Г миний бие нь 564.4 м.кв эдэлбэр газартай амины орон сууц эзэмших 00241 тоот гэрчилгээг 1996 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Ерөнхий архитектор Ж-ийн гарын үсгээр баталгаажуулан эзэмшиж байгаад уг талбайг 1000 м.кв-аар сунган Баянгол дүүргийн Засаг даргын 2001 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр ...... дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээгээр мэдээлэлийн санд бүртгэгдэн ........... дугаарын нэгж талбар үүсэж 1564.4 м.кв газрыг 15 жилийн хугацаатай бичигдсэн иргэн Б.Г-ийн гэрчилгээтэйгээр одоог хүртэл эзэмшиж байгаа. Газрын төлбөр тооцоог энэ талбайн хэмжээгээр төлж байгаа.

2. 2014 онд “Н” сүм миний эзэмшиж байгаа 1564.4 м.кв газрын 300 м.кв газрыг өөрийн талбайд нэмж авахаар Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 401 дүгээр шийдвэр, 3ахиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 424 дүгээр магадлал зэргээр тус тус хэрэгсэхгүй болгосон бөгөөд Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхээс “Н” сүм нэхэмжлэлээсээ бүр мөсөн татгалзсан байдаг.

Тодруулбал иргэн Б.Г нь газраа түрүүлж эзэмшсэн гэсэн үг гэж өмнөх шүүхийн хавтас хэрэгт байгаа мөн Баянгол дүүргийн Газрын албаны 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хариу тайлбарт тодорхойлсон. /ХХ2-227 дугаар хуудас/ шийдвэрүүдийн хуулбар хавтаст хэрэгт байгаа/ 2016 онд миний газар эзэмших хугацаа дуусч байгаа тул гэрчилгээг сунгуулахаар Газрын албанд хандахад “ “Н” сүм та нарын хооронд газрын маргаантай байгаа учир газрын маргаан таслах хурлаар хэлэлцэнэ” гэж хариу өгчхөөд уг хурал болоогүй байхад “Н” сүмд 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А/234 дугаар Нийслэлийн Засаг даргын захирамж гаргаж /нэгж талбарын зураг ......... хэд хэдэн удаа өөрчлөгдсөн боловч мэдээллийн санд байгаа сүүлийн дугаар/ 10 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр сунгасан нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “...Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчсөн байна.

3. “Н” сүм 1991 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 339 дугаар тогтоолыг үндэслэн 1 жилийн хугацаанд байгуулсан. /ХХ2-8,9 дүгээр хуудас/ Гэрээ байгуулах үед “Н” сүм 339 дугаар тогтоолоор 2400 м.кв олгосон боловч гэрээ, гэрчилгээ байхгүй байдаг. “Н” сүм нь Нийслэлийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 297 дугаар захирамжаар 2700 м.кв талбайтай газрын кадастрын зургийг оруулахдаа өөрийн хуучин эзэмшиж байсан хашаагаа буулган байршлыг хойшлуулан /Х2-226 дугаар хуудас/ байшингийнхаа урд довжоогор болгон зураг хийлгэж түүнийг нь Газрын алба, иргэн Б.Г-ийн кадастрын зурагтай давхцуулан оруулснаар иргэдийн хооронд маргаан үүсгэсэн. “Н” сүмийн эдэлбэр газрын хашааны урд талын хязгаар хуучин хашааг нураасан хэсгийн үлдэгдэл /Х2-25-р хуудас дахь фото зурагт/, хойд талын хязгаар “Н” сүмийн лам М-ийн алхаж яваа хэсэгт ягаан байшингийн яг араар хязгаарлагдаж байсан нь зурган мэдээллүүдээс тодорхой харагдана. Энэ хэмжээс нь бодит 2700 м.кв хэмжээ ба одоо нийтийн эзэмшлийн замыг хашиж далангийн ирмэгээр хашаалан ашигладаг. 2700 м.кв газартай болохын тулд кадастрын зургаа хэд хэд өөрчилж мэдээллийн санд оруулсан .

4. Иргэн Б.Г-ийн нэр дээр Нийслэлийн Архивын газарт хадгалагдсан “Миний өргөө” УҮГ-аас олгосон “Амины орон сууц барих эдэлбэр газар, барилгын тэг тэнхлэг тогтоосон” 77/96 дугаар актад 25, 16, 0, 4 гэсэн тоонуудыг засвартай болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоолгосон. /Х2-22-23 дугаар хуудас/ Гэтэл арын хуудсанд бичигдсэн газрын хэмжээг заасан тоо хэмжээг анхаарч судалсангүй. Акт нь 2 хувь хийгдсэн байх нь тодорхой шинжээчийн дүгнэлтээр ч уг 2 бичгийг 2 өөр өнгийн бичгийн хэрэгсэл ашигласан болохыг дүгнэсэн байхаас гадна 16,6м х 34м-ийн өргөн уртын үржвэр нь 564.4 м.кв болж байгааг акт бичсэн ажилтан 5644 м.кв эдэлбэр газартай амины орон сууц эзэмших 00241 тоот гэрчилгээг бичгийн машинаар үйлдэж, 1996 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Ерөнхий архитектор Ж-ийн гарын үсгээр баталгаажуулан иргэн Б.Г-ийн фото зурагтай баримт бичиг олгосон нь Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт хадгалагдаж байдаг байна. /Х2-35-р хуудас/

5. Баянгол дүүргийн Газрын албанаас Нийслэлийн Газрын албанд явуулсан 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 301 дугаар албан бичгээр нэхэмжлэгч миний газрыг “Н” сүмийн газартай давхцалгүй байна гэсэн тодорхойлолт байгаа гэж тайлбарлах боловч уг албан бичгийн хавсралтаар дээрх актаар баталгаажуулсан зургийг хавсаргасан.

Уг зургаар давхцалгүй болох нь харагдаж байх тул дээрх тайлбар үндэслэлгүй юм гэжээ. Актаар баталгаажуулсан зураг гэдэг нь 2007 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Газар зохион байгуулагч Д.П-ийн үйлдсэн “Баталгаат хэмжээг тогтоосон акт”-ын зураг байх бөгөөд архитектор Г.Б, Албаны дарга Д.Б гэсэн хүмүүсийн гарын үсэггүй баталгаажаагүй зураг. /ХХ2-11 хуудас/

Д.П-ийн гар схем зурж байх үед иргэн Б.Г-ийн кадастрын зураг Улсын Газрын мэдээллийн санд 2006 оны 9 сард бүртгэгдсэнийг судлалгүй хийсэн нь Газар зохион байгуулалт, Геодези зураг зүйн газрын 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1/4636 дугааар албан бичгээр нотлогдоно. /ХХ1-224-236 дугаар хуудас/ 301 дугаар албан бичигт дурдагдсанаар 1996 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Хотын Ерөнхий архитектор Т.Ж-ийн баталсан “Н” хийдийн эдэлбэр газар гэсэн зураг хавсрагдсан байх ёстой /ХХ1-135 дугаар хуудас хавьд /

6. Баянгол дүүргийн Засаг даргын 2001 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр  ...... дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээгээр мэдээллийн санд бүртгэгдсэн ......... дугаарын нэгж талбар үүсч 1564,4 м.кв газрыг 15 жилийн хугацаатай бичигдсэн иргэн Б.Г-ийн гэрчилгээг шинжээчийн дүгнэлтэд өгч зөвхөн 1 гэсэн тоог шинжлүүлсэн. Мөн л нөгөө 1996 онд 5644 м.кв гэж буруу бичсэнийг давтан бичилт /ХХ2-38 дугаар хуудас/ хийснийг буцаан өгч засалт хийлгэсэн нь 1 тоо нэмж, 2 удаа бичигдсэн 4-ийн тооны хооронд таслал тавьсныг шинжлүүлээгүй, зүй нь бол гэрчилгээн дээрх бүх бичвэрийг шинжлүүлж дүгнэх байсан. ...... тоот гэрчилгээг шинжээчийн дүгнэлтээр бичвэрүүдэд хэвлэх төхөөрөмж ашиглан хэвлэсэн хуулбарласан шинж тэмдэг илрээгүй гэдгийг нотолсон.

Энэ гэрчилгээ нь Засгийн газрын 100 дугаар тогтоолыг үндэслэн бичсэн хүчин төгөлдөр гэрчилгээ. 15 жилийн хугацаатай бичилт хийгдсэн уг гэрчилгээгээр иргэдийн газрыг өмчилсөн одоо ч өмчилж байгаа. Мөн ....... тоот гэрчилгээ иргэний ахуйн зориулалтаар ашиглах дугаартай ба “Н” сүмд 2001 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 86 дугаартай 2700 м.кв талбайгаар анх мөн л 100 дугаар тогтоолоор бичигдсэн гэрчилгээ байдаг./ХХ 2-10 дугаар хуудас/ 86 тоот гэдэг нь аж ахуйн нэгж байгууллагын ашиглах гэрчилгээний дугаар болно.

7. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “...Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-д “...Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасны дагуу иргэн Б.Г-т хуулийн дагуу 1564.4 м.кв газрыг олгосон гэх үндэслэлгүй гэсэн нь надад бичигдсэн гэрчилгээ нь Баянгол дүүргийн Засаг даргын гарын үсэгтэй, төрийн байгууллагын улаан тамгатай баримтыг ямар ч хууль эрхийн актаар хүчингүй болгосон шийдвэр байхгүй. Энэ гэрчилгээг 1998-2003 он хүртэл иргэдэд газар эзэмших эрхийн актаар бичигдэж байсан ба хугацаа дуусах сүүлийн он 2018 он. Ахуйн зориулалтаар газраа ашигладаг иргэд энэ гэрчилгээгээр газраа өмчилдөг одоо ч өмчилж байгаа.

8. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирүүлсэн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1/4636 дугаа албан бичигт дурдагдсан дүгнэлт, /ХХ1-224-236 дугаар хуудас/ Баянгол дүүргийн Засаг даргын шүүхэд гаргасан 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хариу тайлбаруудыг /ХХ2-227 дугаар хуудас/ бодит дүгнэлт болохыг шинжилсэнгүй.

9. Нийслэлийн Газрын албанд удаа дараа газрын асуудлыг шийдвэрлүүлэхээр иргэн Б.Г нь хүсэлт гаргаж байсан ба “...үүнийг шийдвэрлэнэ маргаан таслах комиссын хурлаар хэлцэгдэнэ” гэх хариуг албан тоотоор өгч байсан. Газрын маргааныг шийдвэрлэхгүй байх шалтгаан тайлбар гаргаагүй, хүсэлтийг шийдвэрлээгүй нь иргэн Б.Г-ийн газар эзэмших эрхийг зөрчиж байна. Анхнаасаа тухайн байгууллагын ажилтны хайхрамжгүй хандсан алдаанаас болоод өнөөдрийн энэ байдалд хүрсэн шүүх “1564.4 м.кв газрыг бүхэлд нь эзэмшиж байгаагүй байна” гэж дүгнэсэн нь нотлох баримтуудыг бодитой үнэлж шийдвэр гаргасангүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг буруугаар үнэлэн хуульд нийцэхгүй шийдвэр гаргасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч талаас “Нийслэлийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 297 дугаар захирамжаар “Н” сүмийн газрын хэмжээг 300 метр квадратаар нэмэгдүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 366 дугаар захирамжийн “Н” сүмд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргад Б.Г-т 1564.4 м.кв талбайд газар эзэмшүүлэх эрх олгох захирамж гаргуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага тус бүрт үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Захиргааны хэргийн шүүх “иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах” зорилт байдаг. Ингэхдээ “хууль ёсны, хуулийн дагуу үүссэн эрх, ашиг сонирхол”-ыг хамгаалах нь тодорхой юм.

Энэ хэргийн нэхэмжлэгчийн тухайд “Баянгол дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 366 дугаар захирамжийн “Н” сүмд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 297 дугаар захирамжаар “Н” сүмийн газрын хэмжээг 300 метр квадратаар нэмэгдүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага гаргаж байгаа бөгөөд өөрийн газар эзэмших эрхийг зөрчсөн, өөрийн эзэмшиж буй газартай давхцуулан эзэмшүүлсэн гэсэн үндэслэлийг зааж байна.

Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэж үзвэл дараах үйл баримтууд тогтоогдож байна. Анх 1996 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 3 дугаартай албан бичгээр “С” ХХК-ийн захирал, нэхэмжлэгч Б.Г-ийн зүгээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, амины сууцны “Миний өргөө” улсын үйлдвэрийн газарт хандаж, “... “Н” сүмийн баруун залгаа, 23 тоот байршил дээр хувийн сууцыг “М” ХХК-аар анх бариулахаар төлөвлөсөн. Энэ талбайд барилгын ажлаа бид өөрсдөө эхлэх болсон тул акт, баримт гэрээг манай нэр дээр баталгаажуулна уу” гэх хүсэлтийг гарган улмаар тус газартай “Амины орон сууц барих гэрээ”-г 1996 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 77/96 дугаартайгаар байгуулжээ.

Уг гэрээн дээр гар бичмэлээр “УБ хотын АХГЗ-ны 1991 оны 12 дугаар сарын 05-ны 339 тоот, 1992 оны 39 тоот тогтоол үндэслэв” гэж тэмдэглэсэн байх боловч 1991 оны 339 дүгээр тогтоол нь “Н” сүмд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, 1992 оны 39 дүгээр тогтоол нь нэхэмжлэгчид огт хамааралгүй болох нь тогтоогджээ. 

Түүнчлэн Миний өргөө улсын үйлдвэрийн газрын 1996 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “...Амины орон сууц барих эдэлбэр газар, барилгын тэг тэнхлэг тогтоосон 77/96 дугаар акт болон амины орон сууц барих гэрээгээр Баянгол дүүргийн 6 дугаар хороо гэмтлийн эмнэлгийн урд, үерийн сувгийн ард “Н” сүмийн баруун талд 23 тоот байршил дээр нэхэмжлэгч Б.Г-т Амины орон сууц барих газрын эдэлбэр газрын хэмжээ нь 25 метр, урт 16, өргөн 0.4 га газар” гэж дурдсан байх бөгөөд нэхэмжлэгчээс тус шүүхэд өгсөн эх хувь баримтад 33.5 метр, урт 15, өргөн 0.05 га газар гэж эдэлбэр газрын хэмжээн дээр зөрүү гарсан тул шүүхээс шинжээч томилж, засвар орсон эсэхийг тодруулахад шинжээчийн дүгнэлтээр “...1999 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “...Амины орон сууц барих эдэлбэр газар, барилгын тэг тэнхлэг тогтоосон 77/96 дугаар акт” гэсэн баримтын 4 дэх заалтын нөхөн хэсэгт байх 25 гэсэн тоог 33.5 гэж, 16 гэсэн тоог 15 гэж, 0.04 гэсэн тоог 0.05 болгож гар аргаар засварласан байна” гэж дүгнэсэн байх бөгөөд талбайн хэмжээг өөрчилсөн, уг материалыг Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт өгсөн болох нь тогтоогдсон байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотолж буй нотлох баримт болох Баянгол дүүргийн Засаг даргын 2001 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ...........дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр иргэн Б.Г-т Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Гэмтлийн эмнэлгийн урд АОС-д нэгж талбарын ......... дугаар бүхий 1564.4 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр олгосон гэрчилгээн дээрх 1564.4 м.кв гэсний 1-ийн тоон бичвэр нь тухайн гэрчилгээн дээр бичигдсэн 1-ийн тоо орсон бичвэрүүд болох ........, 2001.01.29 дээрх 1-ийн тоотой ижил эсэх, тохирч байгаа эсэхийг тодруулахаар шинжээч томилсны дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс ирүүлсэн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 4257 дугаар дүгнэлтээр “нэхэмжлэгч Б.Г-ийн 2001 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн дугаар ......... газар эзэмших эрхийн гэрчилгээнд ...1564.4 гэсэн тоон бичвэр, .........., 2001.01.29 гэсэн тоон бичвэрүүдийн 1-ийн тоонуудад илэрч буй тохирохгүй байгаа шинж тэмдгүүдийг үндэслэн 1564.4 гэсэн тоон бичвэрийн 1-ийн тоог нэмж бичсэн байх боломжтой гэсэн дүгнэлт өгөх үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн байна.

Нөгөө талаар  иргэн Б.Г-ийг 1996 онд амины орон сууц барих үед, мөн 2001 онд газар эзэмших гэрчилгээ анх авч байх аль ч үед 1994 оны Газрын тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан бөгөөд уг хуульд “иргэн зөвхөн гэр бүлийн хэрэгцээнд эзэмших,  газрын хэмжээ нь 0.05 га-гаас илүүгүй” байхаар заасан. Харин аж ахуйн нэгжид дээрхээс их хэмжээний газрыг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд зориулан  эзэмшүүлж болохоор хуульчилсан байсан. Иймд 2001 онд иргэн Б.Г-т дээрх 1564 м.кв хэмжээний газрыг гэр бүлийн зориулалтаар эзэмшүүлэх хууль зүйн үндэслэлгүй байсан болохыг дурдах нь зүйтэй.

“Н” сүмийн тухайд анх Улаанбаатар хотын Ардын хурлын депутатуудын гүйцэтгэх захиргааны 1991 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 339 дүгээр тогтоолоор “Н” сүмд Октябрын районы ОСГ-ны 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Гэмтлийн эмнэлгийн урд талд байршуулан 0.24 га газарт барилгын байршлыг зөвшөөрч газар олгосон байна. Улмаар 2700 м.кв газар болгож нэмэгдүүлсэн хэдий ч энэ нь нэхэмжлэгч Б.Г-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Нэхэмжлэлийн “Б.Г-т 1564.4 м.кв талбайд холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргад газар эзэмшүүлэх эрх олгох захирамж гаргуулахыг даалгах” шаардлагын тухайд анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ. Учир нь М.Ө улсын үйлдвэрийн газрын 1996 оны 77/96 дугаар актаар нэхэмжлэгч анх 400 м.кв газрыг эзэмшиж байсан, нэгэнт нэхэмжлэгчийн 2001 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ...... дугаар гэрчилгээгээр эзэмшсэн гэх 1564.4 м.кв газрын 1-ийн тоо засвартай, газрын хувийн хэрэг хадгалагдаагүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан “...Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газраас ирүүлсэн хувийн хэрэг дотор авагдсан нэхэмжлэгч Б.Г-ийн амины орон сууц эзэмших гэрчилгээг 5644 гэсэн нь 564,4 байх, бид сүүлд 1000 м.кв-аар газраа нэмэгдүүлсэн...” зэрэг тайлбаруудаас дүгнэхэд нэхэмжлэгч 1564.4 м.кв газрыг бүхэлд нь бодитойгоор эзэмшиж байгаагүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Иймд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасны дагуу “Б.Г-т 1564.4 м.кв талбайд холбогдуулан Нийслэлийн Засаг даргад газар эзэмшүүлэх эрх олгох захирамж гаргуулахыг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Харин Б.Г-т нь үлдэх 1264.4 мкв газраа эзэмшихээр хуулийн дагуу хүсэлтээ гаргах эрх нь нээлттэй болно.

Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0676 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                              Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                  Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                  Э.ЗОРИГТБААТАР