Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2016/01061

 

Р.Баярсайханы нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн

Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/02307 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1090 дугаар  магадлалтай,

Нэхэмжлэгч Р.Баярсайханы нэхэмжлэлтэй,

Хариуцагч Омнифорс ХХК-д холбогдох,

25.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн,

4.561.102 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Эрдэнэчимэг, хариуцагчийн өмгөөлөгч М.Мөнхжаргал, нарийн бичгийн дарга И.Хажидмаа  нар оролцов.

Нэхэмжлэгч Р.Баярсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014.9.01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо 50 мянгатын 23 дугаар байрны 4 тоотод байрлах 1 давхрын цайны газрыг түрээслэхээр захирал ажилтай н.Бүрнээбаатартай “Ажлын байрны зориулалтаар байр түрээслэх” 09/113 тоот гэрээ байгуулсан. 2014.9.03-ны өдрөөс 2015.9.07-ныг хүртэл 1 жилийн хугацаатай байгуулсан юм. Гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан учир барьцаанд 2 сая төгрөг, мөн 2 сарын түрээсийн төлбөрийг урьдчилан төлөхийг шаардсан. Үүний дагуу 3.5 сая төгрөг, нийт 5.5 сая төгрөг гэрээ байгуулсан өдрөө өгсөн. Үйл ажиллагааны зардал болон тохижилтод нийт 25 сая төгрөгийн зардал гаргасан.  Гэтэл Омнифорс ХХК нь гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн юм. Уг цайны газрын гал тогоо, үйлчилгээний заал нь гэрээнд заасны дагуу 114 м.кв биш, тус 1 давхрын өргөтгөл нь нийтдээ 114 м.кв байсан. Цайны газрыг түрээсэлсэн даруйдаа хэмжиж үзтэл 54 м.кв байсан. Хариуцагч компани хууль бусаар 60 м.кв-ийг илүү тооцож, сарын 947.000 төгрөгийг төлөх ёстой байтал 2 сая төгрөгийг төлүүлж хохироож байсан. Сар бүр бид тухайн компанийн хэрэглэсэн, дулаан цахилгаан, цэвэр бохир ус, хог, хамгаалалт, ТВ, дохиолол гэх мэт зардлуудыг 2 дугаар давхрын түрээслэгчтэй хамтран 2 хувааж төлсөөр ирсэн. Уг нь 3 хувааж төлөх ёстой атал иргэн надаар 1 дүгээр давхрын буюу тус компанийн ашиглаж байгаа талбай болон доод давхрын ашиглалтын зардлыг хамт төлүүлж байсан. Гэрээний 5.6-д заасны дагуу түрээсийн төлбөрөө бодит үнэнд нийцүүлэн шинээр тогтоох, мөн талбайн хэмжээ, ашиглалтын зардлыг 3 хувааж төлдөг байх, ялангуяа манайх хийн түлш байнга хэрэглэдэг мөртлөө цахилгааны зардал сар бүр 350.000-380.000 төгрөг төлнө гэдэг шударга бус байгаа тухай удаа дараа ярьж, шаардаж байсан. Гэтэл ямар ч хариу өгөхгүй байсаар 2014.12.12-ны өдөр гэрээг дангаараа цуцалсан. Барьцаа 2 сая төгрөгийг түрээсийн 2 сарын төлбөрийн хамт өгч, сар төлбөрөө хугацаанд нь хийж байхад гэнэт гэрээг цуцалсан. Цайны газрыг ажиллуулахдаа би Төрийн банкнаас 12 сарын хугацаатай сарын 2%-ийн хүүтэйгээр 30 сая төгрөг, Прогресс капитал ББСБ-аас 12 сая төгрөгийг 12 сарын хугацаатайгаар 5%-ийн хүүтэй зээлсэн. 10, 11 саруудад тохижилт, маркетингийн зардал болон түрээсийн төлбөр үйл ажиллагаандаа 23 сая төгрөгийн зардал гаргаж ажилласны үр дүнд байнгын үйлчлүүлэгч олонтой болж орлого төлөвлөгөө ёсоор орж байтал Омнифорс ХХК нь гэрээгээ цуцалсан. Үүнээс болж  миний олох байсан орлого болон бодитоор 25 сая төгрөгийн хохирол учирсан. Иймд,   түрээсийн ашиглалтын зардал 9.804.000 төгрөг, түүхий эдийн хохирол 11 сая төгрөг, тохижилт 5.525.500 төгрөг, үүнээс 50% нэхэж байгаа. Эдгээр нийлээд 12.3 сая төгрөг болно. Дээр нь 12, 1, 2 сарын орлого нийт 12.7 сая төгрөг нийт 25 сая төгрөг гаргуулж өгнө үү. Гэрээ цуцалсан актын тухайд барьцааны 2 сая төгрөгөө буцааж авахын тулд гарын үсэг зурсан, зурахдаа уг актыг зөвшөөрөхгүй гэжээ. /хх1ийн -1, 223/

Хариуцагч Омнифорс ХХК хариу тайлбартаа: Омнифорс ХХК нь иргэн Р.Баярсайхантай 2 дугаар хороо, 50 мянгат хороолол, 23 дугаар байрны 4 тоот өргөтгөлийн хамт нийт 114 м.кв талбай бүхий 1 давхрын үйлчилгээний танхим, гал тогоог түрээслүүлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Дээрх гэрээг анх байгуулах үед Р.Баярсайханы бизнесийг эрхэлж байгаатай холбогдуулан манай компанийн зүгээс хямдрал үзүүлж 1.5 сая төгрөгийг 2014.9.03-ны өдрөөс 2014.10.08-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөрт тооцон авсан. Цаашид түрээсийн төлбөрийг 2 сая төгрөг байхаар, сар бүрийн 08-ны өдөр төлөхөөр гэрээний 5.1-д заасан. Үйл ажиллагаа эрхлэх бүхий л боломжоор хангах үүднээс ажлын байрыг өөрсдийн хөрөнгөөр засаж, тохижуулан иргэн Р.Баярсайханд түрээсийн гэрээний хавсралт 1, 2-ийн дагуу хүлээлгэн өгсөн бөгөөд барьцаанд нь 2 сая төгрөг авсан. Гэрээний 5.3-т цахилгаан, дулаан, ашиглалтын зардлыг тухайн сар бүрийн гаргасан тооцоог үндэслэж түрээслэгч тал төлж байхаар харилцан тохиролцсон. Мөн зүйлийн 5.4-т цэвэр, бохир ус, дохиоллын ашиглалтын зардал болон цэвэрлэгээний хөлсийг тухайн сар бүрийн гарсан зардлын 50 хувийг төлж байхаар харилцан тохиролцсон юм. Иргэн Р.Баярсайхан нь тухайн цайны газарт ямар нэгэн тохижилт, засвар үйлчилгээ хийгээгүй бөгөөд гал тогооны болон үйлчилгээний зориулалттай ямар нэгэн зүйл худалдан авч үйл ажиллагаагаа эхлүүлээгүй. Энэ нь гэрээний хавсралт 1, 2-т заасан эд хөрөнгийн жагсаалтаар нотлогдоно. Бид түрээсийн төлбөрийг зах зээлийн бодит ханштай уялдуулан тогтоосон. Манайх зоорийн давхрын хэсэгт ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй, манай оффис тухайн цайны газрын голд байрладаггүй учир хамтарч ашиглалтын зардал төлөх үндэслэлгүй бөгөөд энэ талаар гэрээнд тодорхой заасан байгаа. Барьцаа нь гэрээний хавсралт 1, 2-т дурдсан эд хөрөнгийг хүлээлгэн өгсөнтэй холбоотой болохоос гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсантай холбоогүй. Р.Баярсайхан нь гэрээний үндсэн төлбөр 2 сая төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлдөггүй, ямар нэгэн шалтгаан хэлж удаашруулдаг, шаардуулан байж 2-3 хувааж төлдөг байсан. Р.Баярсайхан нь цахилгааны төлбөр өндөр гараад, манайх цахилгаан хэрэглэдэггүй, газ хэрэглэдэг гэж тайлбарласан тул бид цаашид гарах маргаанаас зайлсхийж цахилгааны тоолуур тавиулан, хамтран ажиллах бүхий л бололцоогоор ханган ажилласан. Харин цахилгааны тоолуур тавиулснаар өмнөх төлбөрөөс илүү төлбөр гарсан байсан. Р.Баярсайханаас түрээсийн төлбөрийг цаг хугацаанд нь төлөхгүй байгаа талаар лавлахад орлого орохгүй байна гэсэн бөгөөд  түрээслэхээ болих санал гаргахад зөвшөөрсөн. Иймд гэрээний 6.6-д заасны дагуу цуцлах саналыг 2014.12.12-ны өдөр тавьсан. Манай компанийн тавьсан саналыг Р.Баярсайхан нь тэр даруйд нь хүлээн зөвшөөрч, тухайн өдөр гэрээ цуцлах тухай акт үйлдэж, 2014 оны 11 дүгээр сарын төлөгдөөгүй байсан ашиглалтын зардлууд, гэрээний хавсралт 1, 2-т дурдсан эд хөрөнгөнөөс дутсан болон эвдэрсэн эд зүйлийг барьцаа 2 сая төгрөгөөс төлүүлж, үлдэгдэл 1.221.000 төгрөгийг авч гарын үсэг зурсан. Ингэснээр гэрээг 2 тал харилцан тохиролцож цуцалсан гэж үзэж байгаа бөгөөд манай тал дангаараа цуцлаагүй юм. Иймд  нэхэмжилэлийг зөвшөөрөхгүй. Р.Баярсайханы хэрэгт хавсаргасан төлбөр төлсөн тухай баримт бол сүүлд нөхөж зуруулсан хуурамч баримт юм. Энэ баримтыг бичиж өгсөн нь үнэн боловч үнийн дүнг нягтлаагүй, сүүлд нөхөн зурж өгсөн баримт юм гэжээ.

Хариуцагч Омнифорс ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Омнифорс ХХК нь 2014.9.03-ны өдөр Р.Баярсайхантай гэрээ байгуулсан. Манай компани уг гэрээг байгуулахаас өмнө энэхүү ажлын байрыг нийтийн хоолны газрын зориулалтаар бүрэн засварлан тохижуулж, хоолны газрын үйлчилгээ эрхлэхэд шаардлагатай гал тогооны тоног төхөөрөмж, аяга таваг, халбага сэрээ, заалны сандал ширээ, тек, ханын зурагт зэрэг түрээсийн гэрээний хавсралтад заасан бүхий л эд хогшил, тоног төхөөрөмжтэй нь хамт түрээслүүлсэн. Түрээслэгч Р.Баярсайхан ажлын байрыг эд хөрөнгөтэй нь хамт түрээслэн орлого олж, ашигтай ажиллаж байсан.  Гэвч Р.Баярсайхан эхний сараас эхлээд цахилгаан, дулаан, усны төлбөр зэрэг түрээсийн ашиглалтын зардлыг гэрээнд заасны дагуу төлөхгүй гэж түрээслүүлэгчтэй маргалдаж, хугацаа хэтрүүлэн байж дутуу төлж ирсэн. Тухайлбал: Түрээсийн гэрээний 5.3-т цахилгааны зардлыг гарсан хэмжээгээр нь төлнө гэж заасан бөгөөд 150.000 төгрөгний цахилгааны төлбөр гарсан ч төлөхгүй гэж маргаан үүсгэж 130.000 төгрөг төлөөд явсан. Ингээд Р.Баярсайханы цахилгааны төлбөр их байна гэсэн гомдлын дагуу, түүний хүсэлтээр манай компани өөрийн зардлаар цахилгааны тоолуур нэмж суурилуулсан бөгөөд 380 вольт /3фаз/-ын цахилгаан тоолуур, пускателийн үнэ 182.600 төгрөг, 10 метр кабелийн утасны үнэ 285.000 төгрөг, суурилуулалтын зардал 70.000 төгрөг, нийт 537.600 төгрөгний зардал гаргасан. Мөн гэрээний 5.4-т цэвэр, бохир усны ашиглалтын зардлыг сар болгон гарсан төлбөрийн 50%-ийг төлнө гэж тохиролцсон боловч Р.Баярсайхан төлөх ёстой төлбөрөө байнга хугацаа хэтрүүлэн дутуу төлж байсан. Р.Баярсайханы нийт төлөөгүй ашиглалтын зардал 743.717 төгрөг байна. Мөн Р.Баярсайхан ажлын байрыг түрээслэн үйл ажиллагаа явуулаад хэсэг хугацаа өнгөрсний дараа  2014.9.15-ны өдрөөс эхлэн манай компанийн нийт 64.38 м.кв талбайтай зоорийн давхрын караокений 3 өрөө, коридор, 00-ын өрөөний түлхүүрийг Р.Баярсайхан авч бүхлээр нь ашиглах болсон ч  төлбөрийг  төлөөгүй байна. Зоорийн давхрын 1 м.кв талбайн 1 сарын түрээсийн төлбөрийг 1 дүгээр давхрын түрээсийн төлбөрт 3.267.285 төгрөгийг Р.Баярсайхан төлөх ёстой. Мөн Р.Баярсайхан манай компанид холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаснаас үүдэж бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой нотариатын зардал гаргасан   нотариатын үйлчилгээ хөлс 12.500 төгрөг нийт 4.561.102 төгрөгийг гаргуулж өгнө үү  гэжээ./хх1ийн -142/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэчимэг сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 380 вольтын цахилгаан тоолуур, пускателийн үнэ, 10 м кабелийн утасны үнэ, суурилуулалтын зардалд нийт 537.600 төгрөгийг Р.Баярсайхан төлөх үндэслэлгүй юм. Учир нь гэрээний 2.4-т зааснаар түрээслүүлэгч өөрөө энэ зардлыг хариуцах үүрэгтэй. Ашиглалтын зардалд 743.717 төгрөг нь мөн үндэслэлгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/02307 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 318 дугаар зүйлийн 318.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан Омнифорс ХХК-иас 1.512.376 төгрөг гаргуулан  Р.Баярсайханд олгож, нэхэмжлэлээс 23.071.974 төгрөгийн шаардлагыг сөрөг нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282.950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87.930 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 39.148 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1090 дугаар магадлалаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/02307 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1... гэснийг хасч, бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  Р.Баярсайхан нь УБ хот, Чингэлтэй дүүрэг, 2-р хороо, 50 мянгат хороолол, 23-р байрны 4 тооттой залгаа өргөтгөлийн барилга болох ТС центрийн 1 давхрыг түрээслэхдээ тус төвийн зоорийн давхрын караокены өрөөнүүд, коридор, 00-ын өрөөг ашигладаг байсан тул зоорийн давхрын эдгээр талбайг ашигласны төлбөрт 3.267.285 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн энэхүү шаардлагатай холбогдуулан нотлох баримт бүрдүүлэх зорилгоор 2016.03.21-ний өдөр шүүх хуралдаан эхлэхийн өмнө хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс цахилгааны тоолуурын заалтыг бичдэг цахилгааны монтёр буюу тус төвийн цэвэр бохир ус, дулааны заалтыг бичдэг холбогдох байгууллагын ажилтныг гэрчээр  асуулгах хүсэлт гаргасан. Учир нь цахилгааны болон усны тоолуур нь тус төвийн зоорийн давхрын нэхэмжлэгчийн ашигладаг байсан караокены өрөөнд байрладаг ба нэхэмжлэгч буюу цайны газрын ажилтныг байлцуулан ус, цахилгааны заалт бичдэг байсан. Гэвч анхан шатны шүүх энэхүү хүсэлтийг хангаагүй. Мөн нэхэмжлэгч Р.Баярсайхан зоорийн давхрын коридор, 00-ын өрөөг ашигладаг байснаа хүлээн зөвшөөрсөн фото зургууд /хх-30 дахь тал/-ыг шүүхэд өөрөө гарган өгсөн байдаг. Түүнчлэн, нэхэмжлэгч нь Н.Алтанцэцэг, Н.Уранчимэг нарыг гэрчээр оролцуулсан нь хуульд нийцээгүй.  Түүнчлэн, шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг буруу бичиж дүгнэсэн бөгөөд баримтад үндэслэхгүйгээр таамаг төдий дүгнэлт хийсэн нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2-г зөрчсөн байна.Шүүх  нэхэмжлэгч зоорийн давхар,  00, коридор, караокены 1 өрөөг ашиглаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Шүүх түрээсийн төлбөрийг бодохдоо түрээсийн байранд байгаа эд хөрөнгийг мөн түрээсээр шилжүүлэн өгснийг анхаарч үзээгүй, зөвхөн ажлын байр түрээслүүлсэн мэт гэрээг дүгнэсэн нь буруу.  Хэргийн 10-12 дахь талд байгаа нэхэмжлэгчийн гаргасан баримтууд нь дансаар шилжүүлсэн болон бэлнээр хийсэн тооцоог сүүлд нь баталгаажуулсан баримтууд байдаг. Нэхэмжлэгч нь хариуцагчид төлсөн нэг дүнг 2-3 удаа төлсөн мэт шүүхэд тайлбарлаж, ойлгомжгүй, худал тооцоогоор мөнгө нэхэж байгааг шүүх анхаарч үзээгүй ба хариуцагчийн тайлбарлаж байсан нотлох баримтуудыг дутуу үнэлсэн. Мөн гэрч Г.Тамир нь нэхэмжлэгчийн төлөх ёстой ашиглалтын зардлыг хариуцагч өмнөөс нь төлж байсныг нотолсон байхад шүүх ашиглалтын зардлын тооцоог буруу хийж, хариуцагчаас өөрөөс нь төлсөн мөнгийг нэхэмжлэгчид төлөх дүнгээс хасч тооцоогүй. Давж заалдах шатны шүүхээс дээрх зүйлүүдийг харгалзан үзээгүй нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2-н шаардлагыг хангахгүй  байна. Иймд Омнифорс ХХК-иас 1.512.376 төгрөгийг гаргуулан Р.Баярсайханд олгосон заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                                    ХЯНАВАЛ:

Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байхад анхан шатны шүүх энэ талаар хариуцагчаас тайлбар аваагүй, нотлох баримт бүрдүүлэх боломжийг олгоогүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-г зөрчсөн байна. Хэргийн  оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн бол давж заалдах журмаар хэрэг хянан хэлэлцсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоно гэж мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг давж заалдах шатны шүүх хэрэгжүүлээгүй нь буруу болжээ.    

2. Р.Баярсайхан нь 25 сая төгрөгийг хариуцагчаас шаардаж буй боловч үндэслэлээ гурван өөр байдлаар тайлбарласнаас үзвэл түүний нэхэмжлэл тодорхой бус байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “олох байсан орлого” 25 сая төгрөг шаардсан /хх1-ийн 1/ боловч уг шаардлагыг шүүх хуралдаан дээр “...түрээсийн ашиглалтын зардал 9.804.000 төгрөг, түүхий эдийн хохирол 11 сая төгрөг, тохижилт 5.525.500 төгрөг 12, 1, 2 сарын орлого нийт 12.7 сая төгрөг нийт 25 сая төгрөг...” гэж  өөрчилсөн /хх1-ийн 223/, хэргийн 1-р хавтас 24, 184 дүгээр талд 25 сая төгрөгийг мөн өөр өөр байдлаар тооцсоныг шүүх анхаарч үзээгүйгээс гадна нэхэмжлэлд заагаагүй үндэслэл буюу түрээсийн төлбөрөөс хариуцагч хэдэн төгрөг буцааж авах талаар дүгнэлт хийж /хх 1-ийн 234/ хэргийг шийдвэрлэсэн нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-г зөрчжээ. 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй хэдий ч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх мөн эрхтэй.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн байх тул нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн агуулга, түүний үндэслэлийн талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Баянгол, Хан-Уул, Сонгино-хайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/02307 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1090 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 39.150 /гучин есөн мянга нэг зуун тавь/ төгрөг төлснийг буцааж олгох захирамж гаргасугай.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ