Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 1603

 

                                                     

Р.Баярсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Н.Батзориг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 183/ШШ2017/00777 дугаар шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч Р.Баярсайханы нэхэмжлэлтэй

Хариуцагч “Омнифорс” ХХК-д холбогдох

 

            Гэрээг хугацаанаас өмнө цуцалснаас учирсан хохиролд 25.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн

Ашиглалтын зардалд 4.561.102 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч     Э.Эрдэнэчимэг  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч        Р.Мягмарбаатар

 Хариуцагчийн өмгөөлөгч                                 М.Мөнхжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Даваажав нар оролцов.

 

Нэхэмжлэгч М.Мөнхжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Би  2014 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 хороо 50 мянгат 23 байрны 4 тоотод байрлах 1 давхрын цайны газрыг түрээслүүлнэ гэсэн зарын дагуу очиж захирал н.Бүрнээбаатартай “Ажлын байрны зориулалтаар байр түрээслэх” 09/113 тоот гэрээг 2014 оны 9 дүгээр сарын 3-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай тохиролцон байгуулж, түрээсийн барьцаа 2.000.000 төгрөгийг өгсөн. Ингээд цайны газарт үйл ажиллагаа явуулахын тулд тохижилт болон үйл ажиллагааны 25.000.000 төгрөгийн зардлуудыг гаргаад ажиллуулж байтал бидэнд доорх хууль бус байдлуудыг “Омнифорс” ХХК нь гаргаж гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн. Миний түрээсэлсэн цайны газрын гал тогоо, үйлчилгээний заал нь гэрээнд заасны дагуу 114 м.кв биш, 1 давхрын өргөтгөл нь нийтдээ 114 м.кв байсан. Цайны газрын голд нь Омнифорс ХХК нь оффислодог. Мөн доод давхардаа өөрсдийнх нь ашигладаг Караокены 3 том өрөө, урт коридор, ариун цэврийн өрөөнүүд байрладаг. Ингээд миний бие нь цайны газрыг түрээсэлсэн даруйдаа өөрийн түрээсэлж буй гал тогоо, үйлчилгээний заалыг хэмжиж үзтэл 54 м.кв  байсан. Ингээд уг компани нь хууль бусаар 60 м.кв-ийг илүү тооцож сарын 947.000 төгрөг төлөх байтал 2.000.000 төгрөг төлүүлж хохироож байсан. Сар бүр ашиглалтын зардалд  бид тухайн компанийн хэрэглэсэн, дулаан цахилгаан, цэвэр бохир ус, хог, хамгаалалт, ТВ, дохиолол гэх мэт зардлуудыг 2 дугаар давхрын түрээслэгчтэй хамтран 2 хувааж төлсөөр ирсэн. Уг нь 3 хувааж төлөх ёстой атал надаар 1 дүгээр давхрын буюу тус компанийн ашиглаж байгаа талбай болон доод давхрын ашиглалтын зардлыг хамт төлүүлж байсан. 1 жилийн гэрээ хийж барьцаа болгон 2.000.000 төгрөг, түрээсийн төлбөрөө 2 сараар нь шууд бэлэн авснаас хойш түрээсийн төлбөр хугацаанд нь хийсээр байтал гэнэт 12 сарын 10-ны өдөр ямар ч үндэслэлгүйгээр гэрээгээ зөрчин цуцалсан. Шударга бус хандаж байгаа тухай удаа дараа ярьж, шаардаж байсан. Гэтэл ямар ч хариу өгөхгүй байсаар 12 сарын 10-ны өдөр гэрээг дангаараа цуцалсанд гомдолтой байна. Цайны газрыг ажиллуулахдаа би Төрийн банкнаас 12 сарын хугацаатай сарын 2 хувийн хүүтэй, 30.000.000 төгрөгийг, “Прогресс Капитал” ББСБ-аас 12.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээл авсан. 10, 11 саруудад тохижилт маркетингийн зардал болон түрээсийн төлбөр үйл ажиллагаандаа 23.000.000 төгрөгийн зардал гаргаж ажилласны үр дүнд байнгын олон үйлчлүүлэгчтэй болж орлого төлөвлөгөө ёсоор орж байтал “Омнифорс” ХХК нь гэрээг цуцалснаас олох байсан орлого болон бодитоор 25.000.000 төгрөгийн хохирол учруулсныг нэхэмжилнэ гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2014 оны 9 сарын 1-ний өдөр Чингэлтэй дүүргийн байрлах цайны газрыг түрээслэхээр гэрээг 1 жилийн хугацаагаар байгуулж, барьцаа болон 2 сарын түрээсийн төлбөрийн хамт 5.500.000 төгрөгийг өгсөн. Хариуцагч нь гэрээ байгуулснаас хойш гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн ба гэрээгээр тохирсон 114 м.кв талбайг чөлөөлж өгөхгүй байсаар сүүлдээ бүүр боломжгүй гэсэн. Нэхэмжлэгч нь байрны төлбөрийг 3 хувааж төлөх ёстой байсан, газ ашигладаг байсан тул цахилгааны төлбөр дээр маргаан гарсныг цахилгааны тоолуур тавьж шийдвэрлэсэн. Жилээр гэрээг хийсэн байж хугацаанаас нь өмнө цуцлахаас 3 хоногийн дотор илүү өндөр үнээр түрээслүүлэх санал тавьсныг нэхэмжлэгч нь зөвшөөрөхгүй байсан ч урьдчилгаа төлсөн 2.000.000 төгрөгийг авахыг тулд байрыг хүлээлгэж өгсөн. Түрээсийн ашиглалтыг зардалд нийт 9.804.000 төгрөг төлсөн, түүхий эдийн хохиролд 11.000.000 төгрөг буюу энэ нь мах, гурил, будаа, тос, буузыг их хэмжээгээр авсан байсан нь муудсан. Тохижилт 5.525.500 төгрөг, хэргийн 24 дүгээр хуудсанд байгаа нэхэмжлэлийн тооцооны хүснэгтийн дагуу 25.000.000 төгрөгийг нэхэмжилж байсан. Одоо түрээсийн төлбөр 3.987.250 төгрөг /шинжээчийн дүгнэлтийн дагуу талбайн түрээсийн төлбөрт илүү төлсөн/, мах, буузны зардалд 4.500.000 төгрөг, тогоочийн цалин 1.200.000 төгрөг /удаан хугацаанд түрээслэх гээд нөөцөлж авсан мах, хийсэн бууз муудсан/, тохижилт маркетингийн зардал 2.612.750 төгрөг /цайны газрын үйл ажиллагаатай холбогдуулан гаргасан зардал/, олох байсан орлого 12.700.000 төгрөг, нийт 25.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Мягмарбаатар шүүхэд болон өмгөөлөгч Э.Эрдэнэчимэг нараас шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Р.Баярсайхантай 2 дугаар хороо, 50 мянгат, 23 байрны 4 тоот өргөтгөлийн хамт 114 м.кв  талбай бүхий 1 давхрын үйлчилгээний танхим, гал тогоог түрээслүүлэхээр харилцан тохиролцож ажлын байрны зориулалтаар байр, эд хөрөнгө түрээслэх гэрээг байгуулсан. Гэрээг анх байгуулахад бизнес эрхэлж байгаатай холбогдуулан хямдрал үзүүлж 1.500.000 төгрөгийг 2014 оны 9  дүгээр сарын 3-наас 2014 оны 10 сарын 8-ныг хүртэлх түрээсийн төлбөрт авч, цаашид төлбөрийг 2.000.000 төгрөг байхаар тохиролцож, сар бүрийн 8-ны өдөр төлөхөөр гэрээний 5.1-д заасан. Манай компани дээрх ажлын байрыг үйл ажиллагаа эрхлэх бүхий л боломжоор хангах үүднээс өөрсдийн хөрөнгөөр засч, тохижуулан Р.Баярсайханд түрээсийн гэрээний хавсралт 1.2-ийн дагуу хүлээлгэн өгсөн тул барьцаа хөрөнгийг 2.000.000 төгрөг байхаар Р.Баярсайхантай тохиролцож, хүлээн авсан. Гэрээний 5.3-т цахилгаан, дулаан, ашиглалтын зардлыг тухайн сар бүрийн гаргасан тооцоог үндэслэж түрээслэгч тал төлөх, 5.4-т цэвэр, бохир ус, дохиоллын ашиглалтын зардал болон цэвэрлэгээний хөлсийг тухайн сар бүрийн гарсан зардлын 50 хувийг төлж байхаар харилцан тохиролцсон. Тус обьектод ашиглагддаггүй 1 өрөө болон зоорийн давхрын караоке өрөө болгон тохижуулсан 3 өрөө, бие засах өрөөг манай компани караоке, ресторан болгон ажиллуулахаар тохижуулсан боловч зөвшөөрөл олгогдоогүйгээс үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Зоорийн давхрын хэсэгт ямар нэгэн үйл ажиллагаа явагддаггүй. Гэрээг цуцлах өдөр хавсралт 1, 2-т дурдсан эд хөрөнгийг тоолж, элэгдэл, хорогдол, эвдрэл, гэмтлийг илрүүлж, барьцаа хөрөнгөөс суутган авч, үлдсэн хэсгийг хүлээлгэн өгч, баримт үйлдсэн. Р.Баярсайхан нь гэрээний үндсэн төлбөр 2 сая төгрөгийг гэрээнд заасан сар бүрийн 08-ны өдөр төлдөггүй, ямар нэгэн шалтгаан хэлж удаашруулдаг, шаардуулан байж 2-3 хувааж төлдөг байсан. Манай компанийн зүгээс Р.Баярсайханы энэ байдлаас болж цахилгааны тоолуур тавиулан цаашид гарах маргаанаас зайлсхийж, хамтран ажиллах бүхий л бололцоогоор ханган ажиллаж байсан ч түрээслэгч нь дээр дурдсан алдаа, зөрчлийг удаа дараа гаргаж түрээслүүлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчиж байсан. Дээрх алдаа зөрчлүүдийг удаа дараа гаргасаар байсан тул гэрээний 6.6-т заасны дагуу Р.Баярсайхантай цаашид хамтран ажиллахгүй боломжгүй учраас гэрээг цуцлах саналыг 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тавьсан саналыг Р.Баярсайхан тэр даруйд нь хүлээн зөвшөөрч, “гэрээ цуцлах тухай” акт үйлдэж, 11 сарын төлөгдөөгүй байсан ашиглалтын зардлууд, гэрээний хавсралт 1, 2-т дурдсан эд хөрөнгөөс дутсан болон эвдэрсэн эд зүйлийг барьцаа 2.000.000 төгрөгөөс төлүүлж, үлдэгдэл 1.221.000 төгрөгийг хүлээлгэн өгч гарын үсэг зуруулснаар гэрээг 2 тал харилцан тохиролцож цуцалсан. Манайх гэрээг дангаар цуцлаагүй тул нэхэмжлэл үндэслэлгүй, 25.000.000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

            Хариуцагчийн төлөөлөгч Б.Бүрэнжаргал шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Түрээслэгч ажлын байрыг эд хөрөнгөтэй нь хамт түрээслэн орлого олж ашигтай ажиллаж байсан.  Гэвч Р.Баярсайхан эхний сараас эхлээд цахилгаан, дулаан, усны төлбөр зэрэг түрээсийн ашиглалтын зардлыг гэрээнд заасны дагуу төлөхгүй гэж түрээслүүлэгчтэй маргалдаж, хугацаа хэтрүүлэн байж дутуу төлж ирсэн. Түрээсийн гэрээний 5.3-т заасан 150.000 төгрөгийн цахилгааны төлбөрийг төлөхгүй гэж маргаж 130.000 төгрөг төлөөд явсан ч төлбөрийг их гэж гомдол гаргасны дагуу түрээслэгчийн хүсэлтээр манайх өөрийн зардлаар цахилгааны тоолуур нэмж суурилуулсан тул 380 вольт /3фаз/-ын цахилгаан тоолуур, пускателийн үнэ 182.600, 10 метр кабелийн утасны үнэ 285.000, суурилуулалтын зардал 70.000, нийт 537.600 төгрөгийн зардал гаргасан. Гэтэл Р.Баярсайхан зоорийн давхрыг ашигласны төлбөрийг төлөөгүй, гэрээнд заагдаагүй зоорийн давхрыг ашиглаж өөртөө ашигтай байдал үүсгэж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул /зоорийн давхрын 1 м.кв талбайн 1 сарын түрээсийн төлбөрийг 1 давхрын түрээсийн төлбөр 17.500 төгрөгөөр тооцож, нийт 64.38 м.кв  талбайн 1 сарын түрээс 1.126.650, 2014 оны 12 дугаар сарын 12-ныг хүртэл 2 сар 27 хоногийн түрээсийн төлбөрт/ 3.267.285 төгрөгийг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас бид шүүхэд нотлох баримт бүрдүүлсэн нотариатын зардал 12.500, нийт 3.279.785 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар, тоолуур суурилуулалтын зардалд 537.600, ашиглалтын зардалд 743.717 буюу 1.281.317 төгрөгийг Иргэний хуулийн 219.1-д зааснаар төлөх ёстой тул нийт 4.561.102 төгрөгийг Р.Баярсайханаас гаргуулж өгнө үү гэжээ.

                                                                                

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Мягмарбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Тухайн караокед өөрсдөө орж дуулдаг, зарим тохиолдолд хүн оруулж ашиг олдог байсан. Мэргэжлийн хяналтаас тоолуур байхгүй байхад өөрөө суурилуулж өгсөн байж нэхэмжлэх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгчээр ашиглалтын зардал, төлбөр зэргийг төлүүлж байсан байж одоо сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

 

             Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.2, 294 дүгээр зүйлийн 294.3, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Омнифорс” ХХК-иас /РД:5305136/ гэрээг хугацаанаас нь өмнө цуцалснаас учирсан хохиролд 6.000.000 /зургаан сая/ төгрөг Цагаан адуут овогтой Рагчаагийн Баярсайханд /РД:ЛЕ76052711/ олгож, шаардлагаас үлдэх 19.000.000 төгрөг гаргуулах болон ашиглалтын зардалд 4.561.102  төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 282.950 төгрөг, хариуцагчаас төлсөн 87.930 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 110.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Мягмарбаатар давж заалдах гомдолдоо:

..Нэхэмжлэгч түрээсийн гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ тогтоосон хугацаанд биелүүлэлгүй түрээслүүлэгч талын эрх ашгийг ноцтой зөрчиж байснаас үүдэн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр түрээслүүлэгч талаас гэрээний 6 дугаар зүйлийн 6.6-д заасны дагуу гэрээг цуцлах саналыг Р.Баярсайханд тавьсан бөгөөд тэрээр хүлээн зөвшөөрч, талууд тухайн өдрөө "гэрээг цуцлах тухай" акт үйлдэж талууд гарын үсэг зурсан байдаг. Өөрөөр хэлбэл, түрээслэгч нь гэрээг цуцлах саналыг хүлээн зөвшөөрч, талууд харилцан тохиролцсоноор гэрээний харилцаа дуусгавар болсон буюу дутуу байсан ашиглалтын зардлыг суутгаж, үлдэгдэл барьцааг хүлээлгэн өгч Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т заасны дагуу тооцоо хийсэн байдаг. Анхан шатны шүүх хариуцагчийг дангаар гэрээ цуцалсан мэт дүгнэж, Иргэний хуулийн 204.1, 204.2 дахь хэсгүүдийг зөрчсөн гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Иймд шүүх талуудын гарын үсэг зурсан 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Гэрээ цуцлах тухай акт" болон 2014 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээ 6.2, 6.6 дахь хэсгүүдийг буруу үнэлж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч цайны газрын орлого зарлагын тооцоо болон нэхэмжлэлийн үнийн дүнгээ хольж хутган тайлбарласаар байхад шүүх хохирол, олох ёстой байсан орлогыг нэхэмжлэгчээс удаа дараа тодруулж, нэхэмжлэгчийг хохирсон юм байна гэсэн урьдчилсан дүгнэлт хийсэн. Мөн гэрээний 5.3, 5.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч ашиглалтын зардлаа тохирсон хэмжээгээр төлөхгүй байгаа зөрчил болон түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөхгүй байгаа зөрчил зэргийг үнэлж дүгнээгүй мөртлөө хариуцагч л гэрээг цуцалсан, нэхэмжлэгч буруугүй, нэхэмжлэгч иргэн хүн л хохирсон байх ёстой гэсэн байр суурьтайгаар хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Мөн нэхэмжлэгчийн олох байсан ашгийг тооцоолохдоо нэхэмжлэгч түрээсийн хугацааны туршид сард ямар хэмжээний ашиг орлого олж байсныг тогтоогоогүй байж нотлох баримтад үндэслэхгүйгээр 3 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээний төгрөгийг олох байсан ашгийн хэмжээнд дүйцүүлж үзсэн нь хэргийг нотлох баримтад үндэслэж шийдвэрлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 118.4 дэх хэсгийг тус тус зөрчсөн. Мөн түрээсийн төлбөрөө шаардах эрх түрээслүүлэгч талд байхад уг төлбөрийг түрээслэгчид орох байсан орлого гэж үзсэн нь учир дутагдалтай бөгөөд үндэслэлгүй байна. Түүнчлэн ямар арга зүй, үндэслэл, нотлох баримтад тулгуурлан гэрээний үнийн дүнг ашгийн хэмжээнд дүйцүүлсэн болох нь тодорхой бус бөгөөд ийнхүү тооцоолсон нь үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч нь гэрээнд заагдаагүй зоорийн давхрыг ашиглаж орлого олсноор түүнд ашгийн давуу тал бий болж, хөрөнгө нь нэмэгдсэн, мөн нэхэмжлэгч зоорийн давхрыг 1 давхрын түрээстэй адил үнээр түрээсэлж ашиглах санал тавьж, гуйсны дагуу хариуцагч зөвшөөрч, улмаар уг хэлцлээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр өөрийн ухамсарт үйлдлийн үндсэн дээр зоорийн давхрыг ашиглуулахыг зөвшөөрсөн ч уг зоорийн давхрыг түрээслэх тухай хэлцэл нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан бичгээр байгуулах хуулийн шаардлагыг хангаагүй буюу хүчин төгөлдөр бус байх тул нэхэмжлэгчид ашигтай байдал үүссэн явдал нь эрх зүйн үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар буцаан шаардах эрх үүсэх урьдчилсан нөхцөлүүд дараахь байдлаар хангагдаж байхад анхан шатны шүүхээс "...зоорийн давхрыг ам хэлцлээр тохирч ашиглуулсан гэж хариуцагч тал тайлбарласан атлаа гэрээгүй ашигласан зоорийн давхрын түрээсийн төлбөрт 3.267.285 төгрөг шаардах эрхгүй" хэмээн үндэслэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан "...хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх" шаардлагыг хангаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт "...хариуцагч "Омнифорс" ХХК-аас гэрээг хугацаанаас нь өмнө цуцалснаас учирсан хохиролд 6.000.000 төгрөг Цагаан адуут овогтой Рагчаагийн Баярсайханд олгосугай..." гэж заасныг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Р.Баярсайхан нь хариуцагч “Омнифорс” ХХК-д холбогдуулан гэрээг хугацаанаас өмнө цуцалснаас учирсан хохиролд 25.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг, хариуцагч байгууллага эс зөвшөөрч, ашиглалтын зардалд 4.561.102 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр ...түрээсийн төлбөрт илүү төлсөн 3.987.250 төгрөг, мах буузны зардалд 4.500.000 төгрөг, тогоочийн цалинд 1.200.000 төгрөг, тохижилт марктенгийн зардалд 2.612.750 төгрөг, олох байсан орлогод 12.700.000 төгрөг нийт 25.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна.

            Зохигчид 2014 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр “Ажлын байрны зориулалтаар байр, эд хөрөнгө түрээслэх гэрээ”-г байгуулж, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 50 мянгат, 23 дугаар байрны 4 тоот өргөтгөлийн хамт 114 м.кв талбай бүхий 1 давхрын үйлчилгээний танхим, гал тогоог  бусад эд хөрөнгийн хамт түрээслүүлэхээр харилцан тохиролцжээ.

 

Талууд дээрх гэрээний дагуу түрээсийн байр болон эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн асуудлаар маргаагүй байна.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээний харилцааг зөв тодорхойлж, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээ гэж дүгнэсэн нь зөв болжээ.

 

            Зохигчид 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Гэрээ цуцлах тухай баримт үйлдсэн байна. /хх 44/

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...цаашид Р.Баярсайхантай хамтран ажиллах боломжгүй болсон, гэрээг цуцлах саналыг 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тавьсан” гэсэн, нэхэмжлэгч Р.Баярсайхан “... гэрээ цуцлах тухай баримтанд урьдчилгаанд өгсөн 2.000.000 төгрөгийг авахын тулд хийсэн” гэсэн тайлбаруудаас үзэхэд зохигчид түрээсийн гэрээг харилцан тохиролцож цуцалсан гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар аль нэг тал гэрээнээс татгалзаж байгаа бол нөгөө талдаа мэдэгдэнэ” гэсэн заалтыг зөрчөөгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын тайлбар нь нотлох баримт болох бөгөөд шүүх талуудын тайлбарыг бусад нотлох баримттай харьцуулан дүгнээгүй нь буруу болжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч гэрээг цуцлагдахад хариуцагчийг буруутай болохыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймээс нэхэмжлэгч Р.Баярсайханд Иргэний хулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг шаардах эрх үүсээгүй байна.

 

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт өгч, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруу биш байх боловч талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаанаас үүсэн маргаантай хэргийг шийдвэрлэхдээ холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Хариуцагчийн төлөөлөгчийн “..хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр давж заалдсан гомдлыг хангах боломжтой юм.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 183/ШШ2017/00777 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Р.Баярсайханы нэхэмжлэлтэй хариуцагч “Омнифорс” ХХК-д холбогдох гэрээг хугацаанаас өмнө цуцалснаас учирсан хохиролд 25.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, ашиглалтын зардалд 4.561.102 төгрөг гаргуулах тухай Р.Баярсайханд холбогдох “Омнифорс” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа “Омнифорс” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

                              ШҮҮГЧИД                                    М.НАРАНЦЭЦЭГ

                                                                                   Ц.ИЧИНХОРЛОО