Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2020/02372

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2020/02372

 

Х ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2020/02441 дугаар шийдвэртэй,

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Н, Ц цэцэрлэг-т холбогдох

бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямтулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Х ХХК-ийн төлөөлөгч С.Оргодол шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямтулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Н, П.Бадамханд нар 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдөр банктай № ЗГ/166-н тоот үл хедлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ, № ЗБ/166, №ЗБ/166/03-н тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээнүүдийг байгуулан 600 000 000 төгрөгийг зээлж авсан. Зээлдэгч Б.Н нь № ЗГ/166-н тоот Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ-гээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаанд Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Бага нарангийн 45/2 дугаар гудамжны 2 тоот хаягт байрлах 448.4 м.кв талбайтай хоёр давхар хувийн сууц, улсын бүртгэлийн Г-2201006872 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Бага нарангийн 45/2 дугаар гудамжны 2 тоот хаягт байрлах 700.0 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус барьцаалсан. Гэвч дээрх зээлдэгч нар нь зээлийн төлбөрөө цаг хугацаанд нь төлөөгүйгээс Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг байгуулж, зээлдэгч Б.Н нь 276 960 979.37 төгрөг, зээлдэгч П.Бадамханд нь 268 628 088.50 төгрөгийг тус тус төлөхөөр болсон ч төлбөрийг төлж барагдуулаагүй. Зээлдэгч Б.Н, П.Бадамханд нар нь шүүхийн шийдвэрийн дагуу төлөх ёстой зээлийн үлдэгдэл төлбөрт тооцуулан манай банкны Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Бага нарангийн 45/2 дугаар гудамжны 2 тоот хаягт байрлах 448.4 м.кв талбайтай хоёр давхар хувийн сууц, улсын бүртгэлийн Г-2201006872 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Бага нарангийн 45/2 дугаар гудамжны 2 тоот хаягт байрлах 700.0 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг 545 589 057.59 төгрөгийн төлбөрт тооцон шилжүүлсэн ч үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж өгөөгүй өнөөдрийг хүрсэн байна. Иймд улсын бүртгэлийн Ү-2201019142 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Бага нарангийн 45/2 дугаар гудамжны 2 тоот хаягт байрлах 448.4 м.кв талбайтай хоёр давхар хувийн сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Бага наран 45/2 дугаар гудамжны 2 тоот хаягт байрлах, улсын эрхийн бүртгэлийн Ү-2201019142 дугаартай, 448.4 м.кв талбайтай, хувийн сууцыг Ц цэцэрлэг, Б.Н нарын эзэмшлээс тус тус албадан чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна. 

Хариуцагч Б.Н давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт .... Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х ХХК-ний өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо Бага наран 45/2 дугаар гудамжны 2 тоот хаягт байрлах 448,4 м кв талбайтай, хувийн орон сууцыг Ц цэцэрлэг, Б.Н нарын эзэмшлээс тус тус албадан чөлөөлсүгэй... гэжээ. Анхан шатны шүүх хэрэг маргааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д заасан хариуцагчийн өмчлөлийн байдлыг Иргэний хуулийн 99 дүгээр зүйлийн хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуульд заасан зохицуулалтын хүрээнд Ц цэцэрлэг хуулийн этгээдийн бүртгэлд ямар байдлаар бүртгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг явуулалгүй шийдвэрлэсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасан иргэний хэрэг үүсэхээс татгалзах нөхцөл байдал үүссэн байхад анхан шатны шүүх Ц цэцэрлэгийг иргэний хэрэгт хариуцагчаар оролцуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль зөрчин явуулсан байна. Иргэний хэрэгт хоёр ба түүнээс дээш хариуцагч оролцсон тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14,15 дугаар зүйлд заасан хэргийн харьяаллыг хэрхэн шийдвэрлэсэн талаараа шүүхийн шийдвэрт тусгах энэ хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангалгүй хууль зүйн үндэслэлгүй шийдвэрийг анхан шатны шүүх гаргасан байна. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчин хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах хууль зүйн үндэслэлтэй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Б.Н, Ц цэцэрлэгт холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Бага нарангийн 45/2 дугаар гудамжны 2 тоот хаягт байрлах 448.4 м.кв талбайтай хоёр давхар хувийн сууц, Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Бага нарангийн 45/2 дугаар гудамжны 2 тоот хаягт байрлах 700.0 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн захирамжаар нэхэмжлэгч Х ХХК болон хариуцагч П.Бадамханд, Б.Н нар 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ/166 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ-г хугацаанаас нь өмнө цуцлах, зээл, хүү, алдангийн төлбөрт 548 634 135 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөх, үүнээс хариуцагч П.Бадамханд 268 628 088 төгрөгийг, хариуцагч Б.Н 276 960 976 төгрөгийг тус тус төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /хх.15-16/

Төлбөр төлөгч нар эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд өр төлбөрөө төлөөгүй тул 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Х ХХК дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлдөө шилжүүлжээ. /хх.17-21/

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Нийслэлийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/588 тоот захирамжаар иргэн Б.Нгийн Ц цэцэрлэг-ийг байгуулсан, /хх.88/ хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тус цэцэрлэгийн хувьцаа эзэмшигч болон үүсгэн байгуулагч, эрхлэгчээр нь Б.Н бүртгэгдсэн байна. /хх.76/

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч байгууллага хариуцагч нарын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Нэхэмжлэгч Х ХХК 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн дагуу шүүх 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШЗ2020/06018 дугаар захирамж иргэний хэрэг үүсгэж, хариуцагч Б.Нг 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШЗ2020/07384 дугаар захирамжаар албадан ирүүлж нэхэмжлэлийг гардуулж, эрх үүрэг тайлбарлаж, хэргийн материал танилцуулсан, шүүх хуралдааны товыг 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр мэдэгдсэн байх тул шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Хэрэгт шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэх тухай захирамж бичгэн хэлбэрээр авагдаагүй байгаа боловч тухайн захирамж гарсантай холбоотой хийгдэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заасан шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг товлож, хэргийн болон шүүх хуралдааныг хэзээ, хаана болохыг мэдэгдэх ажиллагаа бүрэн хийгдсэн байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэхгүй болно. /хх.107/

Мөн анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь заалтыг баримталсан байгаа нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бусдын хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хангасан байх тул уг хуулийн заалтыг хасах замаар оруулах өөрчлөлт нь шүүхийн шийдэлд шууд нөлөөлөхгүй учраас шаардлагагүй гэж үзсэн болно.

Хариуцагч талаас ...Ц цэцэрлэгийг хариуцагчаар оролцуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн, харьяаллыг хэрхэн шийдвэрлэснийг шүүхийн шийдвэрт тусгаагүй гэсэн үндэслэлээр гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй. Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийг тодорхойлж шүүхэд хандсаны дагуу шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй.

Мөн анхан шатны шүүх нутаг дэвсгэрийн харьяалал зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй байна. Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт зааснаар шүүх харьяаллын дагуу хүлээн авсан нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэж, уг хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.2, 20.1.3-т тухайлан заасан нөхцөл байдал үүссэн, иргэний хэрэг үүсгэхдээ харьяалал зөрчсөн нь тогтоогдсон бол талуудын хүсэлт тайлбарыг авч шүүх хэргийг хуралдааны өмнө буюу шүүх хуралдааны явцад өөр шүүхэд шилжүүлж болно. Хэргийг харьяаллын дагуу өөр шүүхэд шилжүүлэхтэй холбоотой энэхүү асуудал нь анхан шатны шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд шүүх дээрх асуудлаар хэргийг шилжүүлээгүй, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлд зааснаар шийдвэр гарсан байна. Энэ тохиолдолд давж заалдах шатны шүүхээс шүүх хоорондын харьяаллын талаарх гомдлыг шийдвэрлэх эрхийг хуулиар олгоогүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2020/02441 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ц.ИЧИНХОРЛОО