Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2020/02441

 

           2020              09           14                         183/ШШ2020/02441

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

       Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 00, өөрийн байранд байрлах, Х.Х.К ХХК /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй

        Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, Цэцэг хотхон, 00Е байр, 00 тоот хаягт оршин суух, Х овогт Б.Н /РД: ФМ00000000/,

        Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 0 дугаар хороо, Бага наран 00/0 дугаар гудамж 0 тоот хаягт байрлах Ц.Ц нарт холбогдох,

        Бусдын хууль эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н оролцож, нарийн бичгийн дарга Б.Болорчимэг тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Б.Н, П.Б нар 2013.08.12-ны өдөр банктай № ЗГ/000-н тоот Үл хедлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ, № ЗБ/000, №ЗБ/000/00-н тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-нүүдийг байгуулан 600,000,000 төгрөгийг зээлж авсан. Зээлдэгч Б.Н нь № ЗГ/000-н тоот Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ- гээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаанд:

        Улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Бага нарангийн 00/0 дугаар гудамжны 0 тоот хаягт байрлах 448.4 м.кв талбайтай хоёр давхар хувийн сууц,

        Улсын бүртгэлийн Г-0000000000 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Бага  нарангийн 45/2 дугаар гудамжны 2 тоот хаягт байрлах 700.0 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус барьцаалсан.

        Гэвч дээрх зээлдэгч нар нь зээлийн төлбөрөө цаг хугацаанд нь төлөөгүйгээс Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг байгуулж, зээлдэгч Б.Н нь 276,960,979.37 төгрөг, зээлдэгч П.Б нь 268,628,088.50 төгрөгийг тус тус төлөхөөр болсон ч төлбөрийг төлж барагдуулаагүй. Зээлдэгч Б.Н, П.Б нар нь шүүхийн шийдвэрийн дагуу төлөх ёстой зээлийн үлдэгдэл төлбөрт тооцуулан манай банкны өмчлөлд:

          Улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Бага нарангийн 45/2 дугаар гудамжны 2 тоот хаягт байрлах 448.4 м.кв талбайтай хоёр давхар хувийн сууц,

      Улсын бүртгэлийн Г-0000000000 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Бага нарангийн 45/2 дугаар гудамжны 2 тоот хаягт байрлах 700.0 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг 545,589,057.59 төгрөгийн төлбөрт тооцон шилжүүлсэн ч үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж өгөөгүй өнөөдрийг хүрсэн байна. Иймд улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Бага нарангийн 45/2 дугаар гудамжны 2 тоот хаягт байрлах 448.4 м.кв талбайтай хоёр давхар хувийн сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү... гэв.

          Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Х.Х.К ХХК хариуцагч Б.Н, Ц.Ц нарт холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Бага нарангийн 45/2 дугаар гудамжны 2 тоот хаягт байрлах 448.4 м.кв талбайтай, улсын эрхийн бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, хувийн сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаарджээ.

         Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэлээ.

         Талуудын хооронд 2013 оны 8 сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан байх ба уг зээлийн гэрээтэй холбоотой маргаан үүсч, талууд маргаантай асуудлаа шүүхээр шийдвэрлүүлж, улмаар уг зээлийн барьцаанд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч хүлээн зөвшөөрч, зохигч талууд эвлэрэн хэлэлцэж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

         Дээрх эвлэрлийн дагуу Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Бага нарангийн 45/2 дугаар гудамжны 2 тоот хаягт байрлах 448.4 м.кв талбайтай, улсын эрхийн бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, хувийн сууц нь нэхэмжлэгч Х.Х.К ХХК-ийн нэр дээр бүртгэгдэн 0000000000 дугаартай 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон болох нь хэрэгт авагдсан байна. /хх-ийн 14-16, 21 хуудас/

          Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.гэж, 106.2-т өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэснээр нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу улсын эрхийн бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Бага нарангийн 45/2 дугаар гудамжны 2 тоот хаягт байрлах 448.4 м.кв талбайтай хоёр давхар хувийн сууцны хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдэж, хууль ёсны өмчлөгч болсон байх тул нэхэмжлэгч нь хариуцагч нараас хувийг сууцыг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байна.

           Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

          Тус шүүх хуралдааны товыг хариуцагч Ц.ц, Б.Н нарт мэдэгдсэн бөгөөд тов мэдэгдэх баримтад хариуцагч нар гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд, нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Х.К  ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Бага наран 45/2 дугаар гудамжны 2 тоот хаягт байрлах, улсын эрхийн бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, 448.4 м.кв талбайтай, хувийн сууцыг Ц.Ц, Б.Н нарын эзэмшлээс тус тус албадан чөлөөлсүгэй.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ШҮҮГЧ                       Ц.ОЮУНБИЛЭГ