Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2020/02402

 

 

 

 

 

 

 

 

 

               

 

Б.У, Б.С нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2020/02405 дугаар шийдвэртэй

Б.У, Б.С нарын нэхэмжлэлтэй хариуцагч, “Э” боловсрол сургалтын байгууллагад холбогдох

сургалтын төлбөрт төлсөн 4 702 500 төгрөг болон 7 524 000 төгрөг гаргуулах тухай тус тус нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эрхбилгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Б.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 5 настай хүү Э.Авгааннинжийг “Э”-т сургахаар тус цэцэрлэгтэй 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр “Сургуулийн өмнөх боловсрол сургалтын гэрээ”-г байгуулсан. Гэрээний дагуу нийт 10 сарын буюу 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны сургалтын төлбөрт нийт 9 405 000 төгрөг төлсөн. Гэвч шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх үүднээс Улсын онцгой комиссын шийдвэрээр 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс цэцэрлэгийн үйл ажиллагааг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр зогсоох шийдвэр гарч, би хүүхдээ “Э”-т явуулж чадалгүй өнөөдрийг хүрсэн. “Э”-ийн удирдлагын зүгээс 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан сургалтын төлбөрийн тухай мэдэгдэл нь хэт нэг талыг барьсан, бидэнд хохиролтой шийдвэр байсан. Тиймээс эцэг, эхчүүдийн зүгээс 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр “Эко гэр” цэцэрлэгийн захиргаанд албан шаардлага хүргүүлсэн боловч тус цэцэрлэгийн зүгээс 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 20/12 дугаар “шаардлагад хариу хүргүүлэх тухай” албан бичигт “бидний шаардлагыг биелүүлэх боломжгүй” гэсэн хариу өгсөн. Иймд би 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “Сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээ”-ээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн төлбөрийн 50 хувь болох 4 702 500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Хариуцагч талтай эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан. Үүнд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үнийн дүн болох 4 702 500 төгрөгийн 50 хувь болох 2 351 250 төгрөгөөс татгалзаж, үлдэх 2 351 250 төгрөгийг 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн дотор хариуцагч “Э” нь нэхэмжлэгч Б.Уд төлөхөөр тохиролцсон гэжээ.

Нэхэмжлэгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.С 5 настай хүү Н.Хүлэгтхан, 3 настай хүү Н.Чингүүн нарыг “Э”-т сургахаар тус цэцэрлэгтэй 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр “Сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээ”-г тус бүр байгуулсан. Гэрээний дагуу нийт 8 сарын буюу сургалтын төлбөрт нийт 15 048 000 төгрөг төлсөн. Гэвч шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх үүднээс Улсын онцгой комиссын шийдвэрээр 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс цэцэрлэгийн үйл ажиллагааг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр зогсоох шийдвэр гарч, би хүүхдээ “Э”-т явуулж чадалгүй өнөөдрийг хүрсэн. “Э”-ийн удирдлагын зүгээс 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан сургалтын төлбөрийн тухай мэдэгдэл нь хэт нэг талыг барьсан, бидэнд хохиролтой шийдвэр гаргасан. Тиймээс эцэг, эхчүүдийн зүгээс 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр “Эко гэр” цэцэрлэгийн захиргаанд албан шаардлага хүргүүлсэн боловч тус цэцэрлэгийн зүгээс 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 20/12 дугаар “шаардлагад хариу хүргүүлэх тухай” албан бичгээр бидний шаардлагыг биелүүлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Иймд 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээнүүдээс татгалзсан тул сургалтын төлбөрт төлсөн 15 048 000 төгрөгийн 50 хувь болох 7 524 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Угийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулсан. Үүнд нэхэмжлэгч Б.У нь 4 702 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 50 хувь болох 2 351 250 төгрөгөөс татгалзаж, үлдэх 2 351 250 төгрөгийг 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн дотор хариуцагч “Эко гэр” цэцэрлэг нь нэхэмжлэгч Б.Уранзаяд төлөхөөр тохиролцсон тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэгч Б.Сэлэнгийн нэхэмжлэлийн шаардлагын хувьд “Эко гэр” цэцэрлэг нь Б.Стэй 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр “Сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээ”-г байгуулж, түүний 5 настай хүү Н.Хүлэгтхэн, 3 настай хүү Н.Чингүүн нарыг тус цэцэрлэгт сургахаар харилцан тохиролцож, сургалтын төлбөрт нэхэмжлэгчийн зүгээс 15 048 000 төгрөгийг төлсөн. Улмаар ”Эко гэр” цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаа 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд хэвийн тасралтгүй явагдаж байсан. Дэлхий нийтэд COVID-19 буюу шинэ төрлийн коронвирус гэх цар тахал гарч уг тахлаас урьдчилсан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Онцгой комиссоос мөн өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон. “Э”-ийн зүгээс хэдий цэцэрлэгтээ хүүхдүүдэд биет байдлаар сургалтын үйл ажиллагаа эрхлэх боломж нь биднээс үл шалтгаалах асуудлаас болж үргэлжлэх боломжгүй болсон хэдий ч сургалтын байгууллага тэр дундаа сургуулийн өмнөх насны боловсролын чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн байгууллагын нэр хүнд, түүнчлэн талуудын хооронд байгуулсан сургалтын гэрээ зэргээ ухамсарлаж хүүхдүүддээ чанарлаг хүнсээр гэрээр нь хангах, видео хичээл бэлтгэж хүүхдүүддээ хүргэх зэрэг арга хэмжээг цаг үргэлж явуулсаар ирсэн. Цэцэрлэгийн үйл ажиллагааны тухайд төсөв бүтэн жилээр батлагддаг тул төсөвт тусгагдсан үйл ажиллагаагаа хэвийн явуулж хэдий хүүхдүүд ирэхгүй байгаа ч гэсэн цэцэрлэгийн зүгээс хүүхдүүд рүүгээ чиглэсэн үйл ажиллагааг явуулсаар байгаа. Мэдээж цар тахлын улмаас цэцэрлэг хэвийн үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа боловч бусад хувийн цэцэрлэгийн жишгээр сургалтын үйл ажиллагаагаа явуулж байх хугацаанд эцэг, эхчүүдээс сургууль, цэцэрлэгийг хаах Улсын онцгой комиссын шийдвэр гарснаас хойших сургалтын төлбөрийн үлдэгдлээ буцаан авах хүсэлтийг эрчимтэй гаргах болсон. “Эко гэр” цэцэрлэгийн тухайд дээрх асуудалд хүндэтгэлтэй хандаж, аль болох эвийн журмаар шийдвэрлэхээр зорьж ирсэн бөгөөд зарим эцэг, эхчүүд бидний тавьсан саналыг хүлээж авахаас татгалзсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан Б.Угийн нэхэмжлэлтэй, “Э” боловсрол, сургалтын байгууллагад холбогдох, сургалтын төлбөрт төлсөн 4 702 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 2 351 250 төгрөг гаргуулахаас нэхэмжлэгч татгалзаж, үлдэх 2 351 250 төгрөгийг 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн дотор хариуцагч бүрэн төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 359 дүгээр зүйлийн 359.1, 367 дугаар зүйлийн 367.1, 232 дугаар зүйлийн 232.5-д заасныг баримтлан хариуцагч “Э” боловсрол, сургалтын байгууллагаас 4 514 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Сд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 009 600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Сэс 2020 оны 6 дугаар сарын 17-ний өдөр төлсөн 135 334 төгрөгийг, нэхэмжлэгч Б.Угаас 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 90 190 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “Э” боловсрол, сургалтын байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 52 570 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Уд, 87 180 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Сд тус тус олгож шийдвэрлэсэн байна. 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эрхбилгүүн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Шүүх Б.Сэлэнгийн нэхэмжлэлтэй “Э” БСБ-д холбогдох сургалтын төлбөр 7 524 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцээд зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Шүүхээс төлбөр төлсөн байдал, хүүхдүүд нь 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэл буюу 8 сарын хугацаанд суралцах гэрээ байгуулсныг, нэг айлын 2 хүүхэд суралцаж байгаа бол хүүхэд тус бүрийн төлж байгаа үнийн дүнгээс 5 хувь хөнгөлж байгааг, 20 хувийн торгууль ногдуулах заалтад заасан нөхцөл бий болоогүй талаар болон хэргийн нөхцөл байдлыг бүрэн дүүрэн ойлголгүйгээр шийдвэрлэлээ. Шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн 4 514 400 төгрөг нь тооцооллын хувьд алдаатай болохыг дараах байдлаар тайлбарлан бодож үзье: 990 000 төгрөг /1 сарын сургалтын төлбөр/ * 8 сар /гэрээ байгуулсан хугацаа/ = 7 920 000 төгрөг, 7 920 000 төгрөг-396 000 төгрөг /гэрээний 7.1.1 дэх хэсэгт “нэг айлаас хоёр ба түүнээс дээш тооны хүүхэд хамрагдах бол төлбөрөөс 5% хөнгөлнө”/ =7 524 000 төгрөг, 7 524 000 төгрөг * 2 хүүхэд = 15 048 000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагч байгууллагад төлсөн. Гэтэл шүүхээс тооцоолохдоо 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс төлбөрийг төлсөн, мэтээр тооцоолж, урьдчилгаанд 15 048 000 төгрөгийг төлсөн гэж дүгнэн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй юм. Түүнчлэн гэрээний заалтын 7.5.2 дахь хэсэгт “Эцэг, эх нь хүүхдээ гэрээний, хугацааны 50% хүртэлх хугацаанд цэцэрлэгт хамруулсны дараа гэрээг дуусгавар болгохоор хүсэлт гаргасан бол гэрээний үүргээ бүрэн гүйцэтгээгүй ба элсэх хүүхдийн орон тоо хязгаарласны торгуулийг хамрагдаагүй үлдсэн хугацаанд ногдох төлбөрөөс 20%-иар суутган авч эцэг эхэд буцаан олгоно” гэж заасныг баримтлан 20%-ийг хасч тооцсон нь үндэслэлгүй. Учир нь 20 хувийн торгууль гэдэг нь элсэх хүүхдийн орон тоо хязгаарласан нөхцөлд хэрэглэх зориулалттай байсан. Өөрөөр хэлбэл. цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байхад эцэг эх.нь хүүхдээ цэцэрлэгээс гаргасан. тохиолдолд 20 хувийн торгууль төлөхөөр заасан. Гэтэл нэхэмжлэгчийн хүүхэд 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл суралцсан буюу нийт суралцах хугацааны бараг 50%-д хүрэх гэж байхад онцгой байдлын улмаас цэцэрлэгийн үйл ажиллагаа зогссон байхад шүүхээс гэрээний .заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Б.Сд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж үзлээ.

            Нэхэмжлэгч Б.У, Б.С нар нь хариуцагч “Э” боловсрол сургалтын байгууллагад холбогдуулан Б.У 4 702 500 төгрөг, Б.С 7 524 000 төгрөг гаргуулахаар тус тус нэхэмжилсэн.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.У нь хариуцагч “Э” боловсрол сургалтын байгууллагатай эвлэрч, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 4 720 000 төгрөгийн 50 хувь 2 351 250 төгрөгөөс татгалзаж, үлдэх 50 хувь 2 351 250 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч анхан шатны шүүх зохигчдын эвлэрснийг баталсан байна. Уг эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт нийцжээ.

Харин хариуцагч байгууллага нэхэмжлэгч Б.Сэлэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...хариуцагч тал гэрээний 9 зүгээр зүйлд заасан үүргээ зөвчөөгүй, гэрээний 7.1-т зааснаар тухайн сургалтын 50%-иас дээш сургалтад хүүхдийг хамруулсан бол төлбөрийг буцаан олгохгүй гэж тохиролцсон” гэсэн үндэслэл заан маргасан байна.

Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчдын тайлбараас үзэхэд шинэ төрлийн корона вирус гэх цар тахал гарснаас Улсын онцгой комиссын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн шийдвэрээр цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ бодитоор хэрэгжих боломжгүй болсон нөхцөл байдал үүссэн байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2 дахь хэсэгт зааснаар дуусгавар болох хугацааг харгалзахгүй гэрээнээс татгалзсан нь хууль зөрчөөгүй байна. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасан бөгөөд хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээнээсээ татгалзаж,өгсөн авснаа харилцан буцаан шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.6 дах хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчид гэрээний зүйлийг буцааж өгсөн, үнийг нь төлсөн бол үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэгчид зайлшгүй зардлыг нөхөн төлөх үүрэгтэй ...” гэж зааснаар нэхэмжлэгч нь цэцэрлэгийн үйл ажиллагаатай холбоотой хариуцагчид гарсан зайлшгүй зардлыг төлөх үүрэгтэй.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.С, хариуцагч “Э” боловсрол сургалтын байгууллагын хооронд байгуулагдсан гэрээгээр хүүхдүүдийг 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх 5 сарын хугацаанд цэцэрлэгт явсан гэж тооцон хариуцагч байгууллагаас 4 514 400 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу болсон байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн ЭГ-19/116, ЭГ-19/115 дугаар “Сургуулийн өмнөх боловсрол сургалтын гэрээ”-нд хугацааг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 8 сар байхаар тохиролцсон, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх 4 сарын хугацаанд нэхэмжлэгчийн хүүхдүүдийг цэцэрлэгт явсан үйл баримт тогтоогдсон байх тул уг хугацаагаар тооцож Б.Сэлэнгийн төлсөн 15 048 000 төгрөгөөс 4 сарын төлбөрийг хасаж тооцон /1 сар 1 881 000 төгрөг/ 7 524 000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй.

Гэрээний 7.5.2-т “эцэг эх нь хүүхдээ гэрээний хугацааны 50 хувь хүртэлх хугацаанд цэцэрлэгт хамруулсны дараа гэрээг дуусгавар болгохоор хүсэлт гаргасан бол гэрээний үүргээ бүрэн гүйцэтгээгүй ба элсэх хүүхдийн орон тоо хязгаарласны торгуулийг хамрагдаагүй үлдсэн хугацаанд ногдох төлбөрөөс 20 хувиар суутган авна” гэж заасан байх бөгөөд уг гэрээний заалтын үндэслэлээ 7.5-д “хүүхэд цэцэрлэгт бүртгүүлж, төлбөр төлж орон тоог баталгаажуулснаар цэцэрлэгийн үйл ажиллагааны зардал, ажиллагсдын орон тоог тогтоож, багш ажилчид болон бэлтгэн нийлүүлэгч нартай гэрээ байгуулж цэцэрлэгийн зүгээс үүрэг хүлээх, худалдан авалт хийх, хөрөнгө оруулах зэргээр ихээхэн хэмжээний зардлыг урьдчилан гаргах нөхцөл байдал үүсдэг. Мөн манай цэцэрлэгт хамрагдах хүсэлтэй бусад хүүхдийг буцааж, нэмж хүүхэд авах боломжийг хаадаг” гэж тайлбарлажээ.

Иймд зохигчид гэрээнээс татгалзсан, гэрээ цуцлагдсан нөхцөлд төлбөрийг буцаан олгохдоо үүрэг гүйцэтгүүлэгч буюу хариуцагчаас зайлшгүй гарах зардлыг гэрээний 7.5-т заасантай дүйцүүлэн нэхэмжлэгчийн 2 хүүхдийн цэцэрлэгт хамрагдаагүй хугацаанд ногдох төлбөр 7 524 000 төгрөгөөс 20 хувийг хасч суутган, хариуцагчаас 6 019 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Мөн анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд хэрэглэгдэх хуулийн заалтыг зөв баримтлаагүйг зөвтгөн өөрчилнө.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй байна гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2020/02405 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.6 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Э” боловсрол, сургалтын байгууллагаас  6 019 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Сд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 504 800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “87 180 төгрөгийг” гэснийг “111 257 төгрөгийг” гэж тус тус өөрчлөн,  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Б.Сэлэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63 110 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.             

 

                                   

                     ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                           А.МӨНХЗУЛ

                                      ШҮҮГЧИД                           Ч.ЦЭНД

                                           Ц.ИЧИНХОРЛОО