Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2020/02401

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2021/00012

 

 

М ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/02689 дугаар шийдвэртэй

М ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ч ХХК-д холбогдох

мөнгөн хадгаламжийн гэрээний үүрэгт 29 207 298.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Аззаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Аззаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Чтай 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 5101002891 дугаартай Харилцах дансны үйлчилгээний гэрээ-г жилийн 14 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай байгуулан 5101002891 дугаартай данс нээлгэн 100 000 000 төгрөг байршуулсан. Мөн тус банктай 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 5101002911 дугаартай Харилцах дансны үйлчилгээний гэрээ байгуулан 5101002911 дугаартай тусгай нөхцөлт харилцах данс нээлгэсэн ба 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 01/14-124 тоот албан бичгээр 5101002891 тоот төгрөгийн хугацаатай хадгаламжийн дансыг хааж, 5101002911 тоот төгрөгийн хадгаламжийн харилцах данснаас 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 101 123 593 төгрөгийг 5101002911 тоот дансанд шилжүүлсэн. 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр албан бичгээр 5101002911 тоот харилцах дансанд байгаа төгрөгийн үлдэгдлийг даатгалын нөхөн төлбөрийн хэрэгцээнд зарцуулах шаардлагатай байгаа хүсэлтийг хүргүүлж, мөн удаа дараа цахим шуудангаар хүсэлтийг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд 5101002911 дугаартай данс дахь 29 207 298 төгрөгийг олгоогүй байна. Ч нь 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 5101002911 дугаартай дансны хуулгыг 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар гарган өгч дансан дахь үлдэгдлийг баталгаажуулсан тул манай компанийн эзэмшлийн 5101002911 дугаартай дансан дахь 29 207 298 төгрөгийг Чнаас гаргуулан өгнө үү. Даатгалын эрсдэлийн сангийн мөнгөн хөрөнгийг байршуулсан данс биш, бидний хувьд өөр харилцах дансанд мөнгө байршуулж болохгүй гэсэн хориглосон зохицуулалт байхгүй, бидний хувьд дансан дахь мөнгөн хөрөнгөө суллуулж авахыг хүссэн, энэ талаар албан бичгээр хангалттай хандсан тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй. Хариуцагч хуульд заасан хугацаанд хариу тайлбараа гаргаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрсөнд тооцно. Үүнээс гадна манайд эвлэрэх саналыг 2 ч удаа тавьж байснаас үзэхэд нэхэмжлэлийн шаардлагад маргахгүй байна гэж ойлгогдож байна. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золбоо шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Харилцах дансны үйлчилгээний гэрээг талууд Иргэний хуульд заасны дагуу байгуулсан. Нэхэмжлэгчээс дансны үлдэгдэл 29 207 298 төгрөгийг гаргуулж өгөхийг хүссэн албан ёсны хүсэлтийг манай банканд гаргаагүй. Гэрээнд тамга тэмдэг бүхий зарлагын гүйлгээг хийлгэх албан бланк буюу Чнаас гаргасан зарлагын баримтыг үйлдэж, зарлагын гүйлгээ хийх талаар тусгайлан заасан. Иймд гэрээнд заасан шаардлагад нийцсэн баримтыг манайд ирүүлээгүй, мөн шүүхэд гаргаагүй тул зарлагын гүйлгээг хийх нь гэрээнд нийцэхгүй. Даатгалын үйл ажиллагаа эрхлэгч нь Санхүүгийн зохицуулах хорооноос батламжилсан дансанд тодорхой үнийн дүн бүхий доод үлдэгдлийг заавал байршуулах, тухайн данснаас зарлага хийх тохиолдолд Санхүүгийн зохицуулах хорооноос заавал зөвшөөрөл авах шаардлагатай байдаг. Хэрэгт энэхүү данс нь батламжилсан данс мөн эсэх, тухайн дансны зардлагын гүйлгээ хийх зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хороо олгосон эсэх асуудал тодорхойгүй байна. Мөн бидний хувьд маргаанаа эвийн журмаар шийдвэрлэх боломжтой гэж хараад манай банканд байгаа эд хөрөнгийг төлбөртөө тооцон авахыг нэхэмжлэгч талд тавьсан, үүний дагуу эд хөрөнгийн талаарх тодорхой мэдээллийг и-мэйлээр илгээе гэсэн боловч и-мэйлээ манайх руу ирүүлээгүй, өөрсдөө идэвхгүй хандсан бодит нөхцөл байдал байгаа. Эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байх тул шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1, 454.4-т заасныг тус тус баримтлан Чингисхаан банк ХХК-аас 29 207 298 төгрөгийг гаргуулж М ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 304 000 төгрөгөөс 303 987 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлөгдсөн 13 төгрөгийг, хариуцагчаас 303 987 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч Э.Ганзориг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Хариуцагч Ч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золбоо нь нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцэх хүсэлтэй байсан бөгөөд уг асуудлаар нэхэмжлэгчийн байр суурийг харж өнөөдрийг хүртэл өмгөөлөгч авалгүй хэрэгт оролцож байсан юм. Гэтэл нэхэмжлэгч нь эвлэрэн хэлэлцэх саналыг хүлээн зөвшөөрсөн ч уг асуудлаар идэвх зүтгэл гаргаагүй бөгөөд шүүх хурал дээр эвлэрэхгүй талаараа хэлж, улмаар хурлыг цааш үргэлжлүүлэх хүсэлт гаргасан байна. Гэтэл хариуцагч нь хурал хүртэл нэхэмжлэгчийн эвлэрэн хэлэлцэх асуудлыг хүлээсэн бөгөөд өмгөөлөгч аваагүй байсан байна. Ингээд нэхэмжлэгч эвлэрэн хэлэлцэхгүй талаар хурлын өмнө хэлсэн тул хариуцагч цаашид өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасан боловч уг асуудлыг шүүх авч хэлэлцээд өмгөөлөгч авах хүсэлтийг хангалгүй шүүх хурал хийж шийдвэр гаргажээ. Энэ нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан өмгөөлөгчтэй хуралд оролцох эрхийг ноцтой зөрчсөн байна гэж үзэхээр байна. М ХХК нь Ч ХХК-д албан бичгээр Ч-д байгаа мөнгөөр даатгуулагчид төлбөр төлөх шаардлага гарсан тул шилжүүлж өгөхийг хүсэж байсан байна. Гэтэл Даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгт Даатгагчийн нөөц санд төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээ энэ хуулийн 25.2 дахь хэсэгт заасан хэмжээнд хүрэхгүй болсон тохиолдолд даатгагч зохицуулах хороонд нэн даруй бичгээр мэдэгдэнэ гэж заасан бөгөөд М ХХК нь өөрийн даатгалын нөөц сангийн мөнгөн хөрөнгөөр төлбөрийн үүрэг гүйцэтгэх байтал Ч ХХК-д байршуулсан мөнгөөр төлбөрийн үүрэг гүйцэтгэх хүсэлт илгээж байгаа нь Ч ХХК-нд байршуулсан мөнгө нь даатгалын нөөц сангийн мөнгө гэж үзэхээр байна. Гэтэл нэхэмжлэгч М ХХК нь Ч ХХК-д нээлгэсэн данс нь даатгалын нөөц сангийн мөнгөн хөрөнгө байршиж буй данс мөн эсэх талаар холбогдох байгууллага /санхүүгийн зохицуулах хорооноос албан бичгийг шүүхэд ирүүлээгүй байхад мөнгөн хөрөнгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус болсон байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа аль ч банканд онлайн гүйлгээ хийхээс бусад тохиолдолд тогтсон загварын дагуу өнгө өнгөөр ялгаж гарын үсэг, тамга тэмдэг дарах загвар бүхий гүйлгээний мэдүүлгээр гүйлгээ хийдэг билээ. Гэтэл М" ХХК нь уг мэдүүлгийг бөглөөгүй бөгөөд энэ талаар шүүхэд баримт гаргаж өгөөгүй байна. Энэ нь банк харилцагч байгууллагын эрх олгогдоогүй этгээдийн албан бичгээр гүйлгээ хийх эрсдэл үүсэх магадлалтай тул зохих хуулийн болон Монгол банкны дүрмийн дагуу мэдүүлгээр гүйлгээ хийдэг болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Ч ХХК-д холбогдуулан мөнгөн хадгаламжийн гэрээний дагуу дансанд хадгалуулсан 29 207 298 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

М ХХК нь Ч ХХК-тай 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Харилцах дансны үйлчилгээний гэрээ-г байгуулж, уг гэрээгээр 5101002911 тоот тусгай нөхцөлт харилцах данс нээлгэж, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 101 123 593 төгрөгийг байршуулсан бөгөөд 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 138 082 589 төгрөгийг буцаан авч, уг дансанд 29 207 298 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаар үйл баримт тогтоогдсон байна. /хх.7-9/

Зохигчид Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй. Анхан шатны шүүх талуудын хооронд мөнгөн хадгаламжийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1 дэх заалттай нийцжээ.

Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.4 дэх хэсэг Хадгалуулагч хэдийд ч гэрээг цуцалж, хадгалуулсан мөнгөө хүүгийн хамт буцаан авах эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Ч ХХК-аас гэрээгээр цуцлахыг шаардах эрхтэй.

Хэргийн 14 дүгээр талд авагдсан дансны үлдэгдэл тулган баталгаажуулах тухай бичгийн баримт-аар тухайн дансанд 103 243 000 төгрөг байгаа болохыг зохигчид баталгаажуулсан, нэхэмжлэл гаргах үнийн тооцооллоор дээрх дансанд 29 207 298 төгрөг байгаа талаар хэн аль нь маргаагүй.

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээ, зохигчдын тайлбарыг үндэслэн ...харилцах дансан дахь мөнгөн хөрөнгийг даатгалын нөөц сангийн мөнгөн хөрөнгө гэж үзэх, түүнчлэн уг мөнгөн хөрөнгийг даатгалын багц дүрэмд зааснаас өөрөөр зарцуулах гэж байгаа гэж үзэх үндэслэл тус тус тогтоогдоогүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүх Ч ХХК дахь нэхэмжлэгчийн 5101002911 тоот тусгай нөхцөлт харилцах дансны үлдэгдэл 29 207 298 төгрөгийг гаргуулж, М ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагчийн төлөөлөгчийн ...анхан шатны шүүх өмгөөлөгчтэй оролцох эрхийг зөрчсөн, тус банкинд нээлгэсэн данс нь даатгалын нөөц сангийн мөнгөн хөрөнгө байршиж буй данс мөн эсэх талаар Санхүүгийн зохицуулах хорооноос албан бичиг ирээгүй байхад шийдвэрлэсэн гэсэн үндэслэл заажээ.

Нэхэмжлэгч 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргаж, шүүх 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн, хариуцагчид 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн нэг хувийг гардуулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт эрх, үүргийг тайлбарлаж өгсөн байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцэх санал гаргаж шүүх хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хойшлуулж байжээ.

Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тус хэргийн материалыг танилцуулсан байна. 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч авах, хэргийн материалтай танилцах хүсэлтийг шүүх хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй юм. Анхан шатны шүүх хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд хүсэлтийг шийдвэрлэсэн гэж үзнэ. /хх.46, 23/

Мөн зохигчдын хооронд мөнгөн хадгаламжийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, талууд гэрээндээ эрх үүргээ тодорхойлсон байх тул уг гэрээг цуцлах, дуусгавар болгох, өөрчлөхдөө Санхүүгийн зохицуулах хорооноос тухайн дансанд байгаа мөнгө нь нөөц сангийн мөнгөн хөрөнгө мөн эсэх талаар зөвшөөрөл авах үндэслэлгүй.

Түүнчлэн талууд харилцах дансны үйлчилгээний гэрээ байгуулж, гэрээний 3.1.2-т Харилцагч, хамтран эзэмшигч нь харилцах дансан дахь мөнгөн хөрөнгийн хэмжээнд багтаан зарлагын гүйлгээ хийх эрхийг эдэлнэ гэж заасан байна. Иймд хариуцагч төлөөлөгчийн дээрх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/02689 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн төлөөлөгчийн төлсөн 304 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Ц.ИЧИНХОРЛОО