Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2020/02689

 

 

 

 

 

 

 

 

    2020         10          30                                    181/ШШ2020/02689

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: М ХХК нэхэмжлэлтэй,            

Хариуцагч: Ч ХХК холбогдох,         

 

Мөнгөн хадгаламжийн гэрээний үүрэгт 29,07,298.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.                         

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Аззаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золбоо, нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Манай компани Чингис хаан банктай 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 5101002891 дугаартай Харилцах дансны үйлчилгээний гэрээг жилийн 14 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай байгуулан 5101002891 дугаартай данс нээлгэн 100,000,000 төгрөг байршуулсан.

Мөн тус банктай 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 5101002911 дугаартай Харилцах дансны үйлчилгээний гэрээ байгуулан 5101002911 дугаартай тусгай нөхцөлт харилцах данс нээлгэсэн ба 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 01/14-124 тоот албан бичгээр “...5101002891 тоот төгрөгийн хугацаатай хадгаламжийн дансыг хааж, 5101002911 тоот төгрөгийн хадгаламжийн харилцах данснаас 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 101,123,593.90 төгрөгийг 5101002911 тоот дансанд шилжүүлсэн.

Ингээд 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 01/14-406 тоот албан бичгээр “...5101002911 тоот харилцах дансанд байгаа төгрөгийн үлдэгдлийг даатгалын нөхөн төлбөрийн хэрэгцээнд зарцуулах шаардлагатай байгаа тул Худалдаа хөгжлийн банк дахь 499003911 тоот дансанд шилжүүлж өгнө үү” гэсэн хүсэлтийг хүргүүлж, мөн удаа дараа цахим шуудангаар хүсэлтийг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд 5101002911 дугаартай данс дахь 29,207,298.79 төгрөгийг олгоогүй байна.

Чингис хаан банк нь 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 5101002911 дугаартай дансны хуулгыг 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар гарган өгч дансан дахь үлдэгдлийг баталгаажуулсан тул манай компанийн эзэмшлийн 5101002911 дугаартай дансан дахь 29,207,298.79 төгрөгийг Чингис хаан банкнаас гаргуулан өгнө үү.

Даатгалын эрсдэлийн сангийн мөнгөн хөрөнгийг байршуулсан данс биш, бидний хувьд өөр харилцах дансанд мөнгө байршуулж болохгүй гэсэн хориглосон зохицуулалт байхгүй, бидний хувьд дансан дахь мөнгөн хөрөнгөө суллуулж авахыг хүссэн, энэ талаар албан бичгээр хангалттай хандсан тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

Хариуцагч хуульд заасан хугацаанд хариу тайлбараа гаргаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрсөнд тооцно. Үүнээс гадна манайд эвлэрэх саналыг 2 ч удаа тавьж байснаас үзэхэд нэхэмжлэлийн шаардлагад маргахгүй байна гэж ойлгогдож байна.

Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Харилцах дансны үйлчилгээний гэрээг талууд Иргэний хуульд заасны дагуу байгуулсан. Нэхэмжлэгчээс дансны үлдэгдэл 29,207,298.79 төгрөгийг гаргуулж өгөхийг хүссэн албан ёсны хүсэлтийг манай банканд гаргаагүй. Гэрээнд тамга тэмдэг бүхий зарлагын гүйлгээг хийлгэх албан бланк буюу Чингис хаан банкнаас гаргасан зарлагын баримтыг үйлдэж, зарлагын гүйлгээ хийх талаар тусгайлан заасан. Иймд гэрээнд заасан шаардлагад нийцсэн баримтыг манайд ирүүлээгүй, мөн шүүхэд гаргаагүй тул зарлагын гүйлгээг хийх нь гэрээнд нийцэхгүй.

Даатгалын үйл ажиллагаа эрхлэгч нь Санхүүгийн зохицуулах хорооноос батламжилсан дансанд тодорхой үнийн дүн бүхий доод үлдэгдлийг заавал байршуулах, тухайн данснаас зарлага хийх тохиолдолд Санхүүгийн зохицуулах хорооноос заавал зөвшөөрөл авах шаардлагатай байдаг. Хэрэгт энэхүү данс нь батламжилсан данс мөн эсэх, тухайн дансны зардлагын гүйлгээ хийх зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хороо олгосон эсэх асуудал тодорхойгүй байна.

Мөн бидний хувьд маргаанаа эвийн журмаар шийдвэрлэх боломжтой гэж хараад манай банканд байгаа эд хөрөнгийг төлбөртөө тооцон авахыг нэхэмжлэгч талд тавьсан, үүний дагуу эд хөрөнгийн талаарх тодорхой мэдээллийг и-мэйлээр илгээе гэсэн боловч и-мэйлээ манайх руу ирүүлээгүй, өөрсдөө идэвхгүй хандсан бодит нөхцөл байдал байгаа.

Эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байх тул шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шийдвэр гаргаж өгнө үү гэв.

 

Шүүх талуудын тайлбар болон нэхэмжлэгчээсшаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Ч ХХК-д холбогдуулан мөнгөн хадгаламжийн гэрээний дагуу хадгалуулсан мөнгө болох дансанд байгаа 29,207,298.79 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

М ХХК нь Ч ХХК-тай 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр “харилцах дансны үйлчилгээний гэрээ”-г байгуулж, 5101002911 тоот тусгай нөхцөлт харилцах данс нээлгэж, 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдөр 101,123,593.90 төгрөгийг байршуулсан бөгөөд 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 167,289,888.23 төгрөгийг байршуулснаас 138,082,589.44 төгрөгийг буцаан авч, одоо уг дансанд 29,207,298.79 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь харилцах дансны үйлчилгээний гэрээ болон 5101002911 тоот дансны хуулга, талуудын маргаагүй тайлбараар тогтоогдсон байна.

 

Зохигчид гэрээ байгуулсан эсэх болоод түүний хүчин төгөлдөр байдалд маргасан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул шүүх маргаагүй гэж дүгнээд зохигчдын хооронд байгуулагдсан Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1-д заасан мөнгөн хадгаламжийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэв.   

 

Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1-д заасан мөнгөн хадгаламжийн гэрээгээр банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь хадгалуулагчийн мөнгийг хадгалах, хадгалуулсан мөнгийг тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгох үүрэг хүлээдэг бөгөөд хадгалуулагч гэрээг цуцалсан, эсхүл гэрээг хугацаагүйгээр байгуулсан тохиолдолд хүссэн цагт нь, хэрэв тодорхой хугацаагаар байгуулсан бол уг хугацаа дууссаны дараа банк хадгалуулагчийн шаардлагаар хадгалуулсан мөнгийг буцаан өгч, хүү төлөх үүргийг мөн хуулийн 454 дүгээр зүйлийн 454.4, 455 дугаар зүйлийн 455.2, 455.3-т зааснаар хүлээдэг.

 

Манай тохиолдолд талууд 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн тусгай нөхцөлт харилцах 5101002911 дугаар дансны үйлчилгээний гэрээг тодорхой хугацаагаар байгуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул уг дансанд байгаа 29,207,298.79 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа нэхэмжлэгчийн шаардлагыг Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.4-т заасан үндэслэлд хамаарна гэж үзлээ.

 

Гэрээнд 1-р дүгээр гарын үсэг Б.Мөнххишиг, 2 дугаар гарын үсэг О.Гэрэлням гэж тус тус тусгагдсан байх тул М ХХК-аас 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн М.Одын гарын үсэг бүхий 01/14-406 тоот албан бичгээр гаргасан хүсэлтийн дагуу 5101002911 тоот дансны үлдэгдлийг тус компанийн Худалдаа хөгжлийн банкны 499003911 тоот данс руу шилжүүлэх гүйлгээг хариуцагч хийгээгүйг нь буруутгах боломжгүй байна.

 

Харин шүүхэд нэхэмжлэл гаргах замаар хариуцагчаас хадгалуулсан мөнгөө бүхэлд нь гаргуулахыг шаардсан нь Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.4-т нийцсэн тул нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж үзнэ.

 

Харилцах дансан дахь мөнгөн хөрөнгийг даатгалын нөөц сангийн мөнгөн хөрөнгө гэж үзэх үндэслэл, түүнчлэн уг мөнгөн хөрөнгийг даатгалын багц дүрэмд зааснаас өөрөөр зарцуулах гэж байгаа гэж үзэх үндэслэл тус  тус тогтоогдоогүй тул Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөл шаардлагатай гэсэн хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж үзнэ.

 

Талууд гэрээний 2.7 дахь заалтаар харилцах дансанд байлгах доод үлдэгдлийг 20,000 төгрөг байхаар тохирсон боловч тодорхойгүй хугацаагаар байгуулагдсан гэрээний дагуу харилцах дансанд байршуулсан мөнгөн хөрөнгийг бүхэлд нь гаргуулахаар нэхэмжлэгч шаардсан тул гэрээг цуцалсан гэж үзэж, гэрээнд заасан хэмжээний буюу 20,000 төгрөгийн үлдэгдлийг дансанд үлдээх үндэслэлгүй байна.

 

Иймд Ч ХХК дахь нэхэмжлэгчийн 5101002911 тоот тусгай нөхцөлт харилцах дансны үлдэгдэл 29,207,298.79 төгрөгийг тус банкнаас гаргуулж, М ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон   

 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1, 454.4-т заасныг тус тус баримтлан Ч ХХК-аас 29,207,298.79 төгрөгийг гаргуулж М ХХК-д олгосугай.  

   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 304,000 төгрөгөөс 303,987 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлөгдсөн 13 төгрөгийг, хариуцагчаас 303,987 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, ийнхүү гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                             Ө.УЯНГА