| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2304000000020 |
| Дугаар | 2023/ДШМ/643 |
| Огноо | 2023-06-22 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | З.Хүслэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 2023/ДШМ/643
2023 6 22 2023/ДШМ/643
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор З.Хүслэн,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т, түүний өмгөөлөгч С.С,
яллагдагч Д.Х, түүний өмгөөлөгч Д.Ц,
нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 2023/ШЗ/68 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор З.Хүслэнгийн бичсэн 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 04 дүгээр эсэргүүцлийг үндэслэн Д.Хад холбогдох 2304000000020 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Т овгийн Д.Х, 2003 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ..... төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ............... ажилтан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ................. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ................../.
Яллагдагч Д.Х нь 2023 оны 02 дугаар сарын 18-ны шөнө 03 цаг 20 минутын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.............” шөнийн цэнгээний газрын гадна пивоны шил хагалж, тухайн пивоны шилний хагархайгаар иргэн Д.Эий баруун гуяны дотор хэсэгт 1 удаа хатгаж гэмтээсний улмаас амь хохирогч Д.Э Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 22 дугаар байрны 86 тоотод цус алдаж нас барсан буюу хүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.
Багануур дүүргийн прокурорын газраас: Д.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан шүүхээр хэлэлцэгдэх нотлох баримтууд нь дангаар бус хэд хэдэн баримтууд нэг нэгнээ нөхсөн, уялдсан, холбогдсон байдлаар нь түүнд үндэслэн хэргийн үйл баримтыг бүрэн гүйцэд тогтоох нь шүүхээс хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр гаргах нотлох баримтын чухал суурь болдог учиртай. Д.Хад холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Налайх дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 20 дугаартай дүгнэлтийн 8-д “Талийгаач нь баруун гуяны артерийг гэмтээсэн улмаас цочмог цус алдаж нас баржээ”, 9-д “Талийгаач Д.Э нь эмнэлгийн яаралтай тусламж авсан тохиолдолд амь нас аврагдах боломжтой байсан байна” гэжээ. Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...бичлэгийн 03:21:10 секундээс Д.Э, Д.Х хоёр хоорондоо юм ярьж байгаад Д.Х сандлаасаа босоход түүнийг Ө хориглож Д.Хаас пивоны шилийг булааж авч байна. ... М Д.Хын баруун гараас зуурсан байхад тэр баруун гарт байсан пивоны хагархай шилээ зүүн гартаа шилжүүлж “хөөе” гэж чанга хашгираад бичлэгийн 02 минут 20 секундэд зүүн гарт байх шилээрээ Д.Эий баруун цавь хэсэгт хатгахад чимээ сонсогдож байна. ...Уг камерийн он, сар, өдөр, цаг, минут таарсан байх бөгөөд шилээр дүрсэн үйл явдлын дараа амь хохирогч баарны үүдэнд байх машиныг түшиж 03:24:34-03:25:12 хүртэл зогсож байхдаа урагш алхах нэг үйлдэл хийгээд газарт хойш унаж байгаа нь харагдаж байна.” гэж, ТТ-103 их эмчийн үзлэгийн тэмдэглэлд “2023 оны 02 дугаар сарын 18-ны 03:59-д цус алдаад байна гэсэн дуудлага хүлээж аваад дуудлага өгсөн хаягт 04:02-д очсон.” гэж бичигджээ. Гэмт хэргийн объектив тал нь гэмт үйлдэл, эс үйлдэхүй, түүний улмаас бий болох нийгэмд аюултай хор уршиг, тэдгээрийн хоорондох шалтгаант холбоо, гэмт хэрэг үйлдсэн арга, газар, цаг хугацаа, нөхцөл байдал зэргийг багтаасан гэмт хэрэгт зайлшгүй байх бүрэлдэхүүн хэсэг болдог.
Амь хохирогч Д.Эий гэмтэл авсан гэх цаг хугацаанаас эмнэлгийн яаралтай тусламж ирсэн гэх цаг хугацаа хүртэлх үйл явдлаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас өөр гэмт хэргийн шинж тогтоогдож байгаа эсэх талаар мөрдөн шалгах нэмэлт ажиллагааг явуулж, үйл баримтыг тогтоох шаардлагатай байна. Дан нотлох баримтаар хэргийн нөхцөл байдлыг бодитоор тогтоох боломж хязгаарлагдмал ба нотлох баримтын хүрэлцээтэй байдал бүрдсэн үед шүүх хэргийг хэлэлцэж, нотлох баримтын хангалттай байдалд үндэслэн хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоох нь шүүхээс хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэр гаргахад чухал нөлөө үзүүлдэг. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Д.Хын биед үзлэг хийхэд түүний өмсөж явсан хар өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон биеийн тамирын өмд, цоохор футболк, улбар шар, хар оруулгатай, ногоон үдээстэй, цагаан ултай цус мэт зүйлээр бохирлогдсон хос пүүз зэрэг хувцаснууд, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, баарны 2023 оны 02 дугаар сарын 18-ны шөнийн баарны дотор хэсэгт үйл явдлыг харуулсан 1, гадна хэсэгт үйл явдлыг харуулсан 3, нийт 4 ширхэг хяналтын камерийн бичлэг бүхий 1 ширхэг сиди, амь хохирогч Д.Эий өмссөн байсан шар өнгийн юүдэнтэй малгайтай ноосон цамц, хар өнгийн ноосон өмд, хар өнгийн даавуун турсик, бүдэг цэнхэр өнгийн жинсэн өмд, бор хүрэн өнгийн тэлээ, цайвар өнгийн оймс нэг хос тод ногоон өнгийн оймс нэг хос, шар өнгийн богино түрийтэй зүүн хөлийн гутал 1 ширхэг зэрэг хувцаснууд, хэргийн газрын үзлэгээр хураан авсан цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон “Айфоне” загварын гар утас, шар өнгийн хагас түрийтэй өрөөсөн гутал Сэнгүр нэртэй пивоны хагархай хүзүү хэсгийн шил, пивоны шилний хагархай хэсгүүд зэргийг хэргийн хамт прокурорт шилжүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор З.Хүслэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд тухайн цаг үед болсон гэх үйл баримтыг хэлэлцээд амь хохирогчийн гэмтэл авсан гэж үзэх цаг хугацаанаас эмнэлгийн тусламж ирсэн гэх цаг хугацаа хүртэл үйл явдал нь Эрүүгийн хуульд заасан өөр гэмт хэргийн шинж тогтоогдож байгаа эсэх талаар мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт хэргийг буцаахдаа Эрүүгийн хуульд заасан аль гэмт хэргийн шинжийг шалгаж тогтоох талаар, тухайн гэмт хэргийн шинжийг хангасан эсэхийг тогтоохын тулд нэмэлт мөрдөн шалгах ямар ажиллагааг хийх талаар, уг ажиллагааг хийснээр Д.Хад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлын аль хэсэгт ямар нөлөө үзүүлэх болохыг тодорхой дурдаагүй байна. Учир нь, гэмт хэрэг гарсан байдал, уг гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг хавтаст хэрэг авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон гэж прокурорын зүгээс үзэж байна. Яллагдагч Д.Х нь 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шөнийн 03 цаг 20 минутын орчимд Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Майлд Хаус” шөнийн цэнгээний газрын гадна пивоны шил хагалж, тухайн пивоны шилний хагархайгаар иргэн Д.Эий баруун гуяны дотор хэсэгт 1 удаа хатгаж гэмтээсний улмаас амь хохирогч Д.Э Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 22 дугаар байрны 86 тоотод цус алдаж нас барсан буюу хүнийг санаатай алсан гэж үзэж, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн ба хавтаст хэрэг авагдсан нотлох баримтуудаар яллагдагч Д.Х нь уг гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай тогтоогддог. Мөн амь хохирогчийн гэмтэл авсан гэж үзэх цаг хугацаанаас эмнэлгийн тусламж ирсэн гэх цаг хугацаа хүртэл үйл явдлын талаар хавтаст хэрэгт авагдсан гэрч М.Мөнххэрлэнгийн “...Тэр үед машин дотроос Д.Х бууж ирээд Ө бид хоёрыг “Машинд суу цуг явна” гэхээр нь би “Эмнэлэг ойрхон юм чинь алхаад явъя” гэхэд Д.Х “Машинд суу хамт явна” гэж хэлээд бид хоёрыг машинд суулгасан. Машин хөдлөнгүүт жолоочид “эмнэлэг” гэхэд Д.Х миний үгийг тасдаад шууд 22 дугаар байр гэж хэлээд 22 дугаар байрны 7 дугаар орцны гадна хүргүүлээд бид нар Д.Эийг дамнаж өргөөд орцны үүдэнд сандал дээр суулгасан. Мөн бид нарт би яаж эмчлэхээ мэдэж байна гэж байсан. Би шууд гэр лүүгээ ороод эхнэр Үүрцайхад болсон асуудлаа хэлэхэд манай эхнэр гэрт оруулж болохгүй 103 дууд гэсэн... Ингээд Ө, Т нар Д.Эийг дамнаад гэрт оруулсан ба жижиг өрөөнд оруулж газар хэвтүүлсэн. Ө, Т хоёр алчуур авч орцны шалан дээр цусыг арчиж орж ирээд Д.Эий өмдийг тайлж үзэхэд баруун талын цавь хэсэг шархтай, хавдсан, цус гарч байсан... Ингээд би том өрөөнд орж эхнэрийн утсаар 103 руу дуудлага өгсөн...” гэж, гэрч О.Ө-ын “...Д.Х таксины урд сууж Т, М бид гурав хохирогчийг өргөж машины арын суудал дээр суулгаад таксины жолоочид хандан “эмнэлэг яваарай” гэж хэлээд Д.Хад “Мөнххэрлэн бид хоёр эмнэлэг рүү араас нь алхаад явчихъя” гэж хэлээд явах гэтэл Д.Х “андаа машинд суу” гэж хэлээд машинаасаа буугаад ирсэн. Тэгээд бид хоёрт машины хаалга онгойлгож өгөөд машинд суулгасан. Машинд ороод Д.Х 22 дугаар байр луу гэж таксины жолоочид хэлсэн. Ингээд бид 22 дугаар байрны гадна буусан. Мөнххэрлэн гэр лүүгээ ороод 2-оос 3 минутын дараа буцаж гарч ирээд Д.Хад “андаа 103 дуудъя, эхнэр зөвшөөрөхгүй байна” гэхэд Д.Х “мань нь өөрөө эмчилчихнэ” гэж хэлсэн... орж ирээд би хохирогчийн биений яг аль хэсгээс цус гарч байгааг харахаар өмдийг тайлахад баруун талын цавь хэсэгт хатгагдсан шархтай цус нэлээн их хэмжээгээр гарсан байхаар нь би угаасаа оёдол тавихаар байна, эмнэлэг дуудъя гэхэд Т “за” гэж хэлсэн. Удалгүй эмч ирээд Д.Эийг өөд болсон байна гэж хэлсэн. Мөнххэрлэн бид хоёр анх эмнэлэг явья гэж хэлэхэд Д.Х машинд суу гэж хэлээд шууд 22 дугаар байрны гадна ирсэн...” гэх мэдүүлэг, гэрч М.Тгийн “... Ө шууд эмнэлэг явъя гэхэд Д.Х тухайн үед машины урд суудал дээр сууж байснаа 22 дугаар байр луу явъя гэж таксины жолоочид хэлээд 22 дугаар байр руу Мөнххэрлэн, Д.Х нарын түрээсэлдэг байранд ирсэн... Гэрт оруулаад цусыг нь тогтоочихоод эмч дуудахаар болоод талийгаачийн хаанаас цус гарч байгааг шалгах гээд өмдийг нь тайлахад баруун талын гуяны урд хэсэгт цавьны орчимд зүсэгдсэн жижиг шарх үүсээд хавдчихсан шархнаас цус гарч байсан тул цусыг алчуураар дарж цусыг нь тогтоох гэж оролдсон цус нь бага зэргийн тогтсон. Тэр үед талийгаач юм яриагүй хааяа нэг авиа гаргаад байснаа чимээгүй болчихсон тул Мөнххэрлэн түргэн рүү залгаад дуудлага өгсөн эмч удалгүй ирээд талийгаачийг үзээд өнгөрчихсөн байна, шууд эмнэлэг дээр ирэхгүй яасан юм бэ гэж хэлээд ирсэн эмч нь цагдаа дуудсан юм. Тухайн үед Д.Эийг хаанаа яагаад гэмтсэнийг харанхуй байсан тул мэдээгүй тухайн орчин нь баарны үүдний бүдэг гэрлээс өөр тод гэрэл байгаагүй, ямар ч байсан өмсөж явсан өмд нь нил цус болчихсон бид нар өргөх гээд дийлэхгүй ноцолдож байхад бид нарын өмсөж явсан хувцсанд цус наалдаж байгааг анзаарсан тул тэндээс яаралтай авч явах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Талийгаачийг газар уначихсан байхад очоод Мөнххэрлэнг такси авчруулахаар явуулсан такси 5-10 минутын дараа ирсэн. Тэгээд таксинд суусны дараа таксины жолоочид эмнэлэг явъя гэхэд Д.Х нь таксины урд талд сууж байсан 22 дугаар байр руу шууд явна гэж хэлсэн. Байранд оруулаад шууд шархыг нь үзчихээд Мөнххэрлэнгээр түргэн дуудуулсан. Тэр хооронд шархан дээр нь цусыг тогтоох гээд оролдож байхад эмч ирсэн. Эмч яг хэдэн минутын дараа ирснийг анзаараагүй...” гэж, гэрч А.Б-ын “...хар куртиктэй 2 залуу ирээд “Таксинд явах уу” гэж надаас асуухаар нь би явна гэж хэлтэл тэр 2 буцаж яваад бас 2 залуутай цуг нөгөө газарт хэвтэж байсан залуугаа дамжилж ирээд машины хойно суулгаад, түүний хажууд 1 залуу суугаад машины урд суудалд хар куртиктэй, хар ноосон малгайтай залуу суугаад шар үстэй залуу нэг залуугийн хамт машинд суулгүй “Бид хоёр багтахгүйн байна алхаад очъё” гэж хэлээд төв зам руу алхсан. Тэгээд би машинтайгаа хөдлөөд “Хаашаа явах уу” гэж асуухад машины хойноос нэг залуу “эмнэлэг явъя” гэж хэлэхэд миний машины урд суусан байсан хар куртиктэй залуу “Үгүй ээ, 22 дугаар байр луу явна” гэж хэлэхэд нь би машинтайгаа хөдлөөд нөгөө алхаж явсан 2 залуугийн хажууд машинтай очих үед урд сууж байсан залуу намайг “Зогсож бай” гэхээр нь би машинтайгаа зогстол тэр залуу нөгөө алхаж байсан 2 залууд хандаж “Машинд суу бөөндөө явъя” гэж хэлэхэд нөгөө хоёр залуу түүнд хандаж “Багтахгүй юм биш үү, бид хоёр алхаад явъя” гэтэл “Багтана аа, бөөнөөрөө явъя” гэтэл тэр хоёр суусан...” гэх мэдүүлгүүд болон эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэхээр ирсэн эмчийн тайлбар, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тухайн амь хохирогчийн гэмтэл авснаас эмнэлгийн тусламж ирсэн гэх цаг хугацаанд ямар үйл явдал болсон талаар тодруулж болохуйц бүхий л мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн, дээрх цугларсан мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон үйл баримт ямар нэгэн зөрүүгүй, хөдөлбөргүй, тогтоогддог ба тухайн үйл баримтуудад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтэд дурдагдсан Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйл баримт тогтоогдохгүй байхад тухайн цаг хугацаанд болсон үйл явдлын талаар дахин мөрдөн шалгах ямар ажиллагаа хийх нь тодорхойгүй, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна. Түүнчлэн шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх гэх үндэслэлээр буцаасан байх боловч уг эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлээгүй гэх асуудлаар гэрч нарыг шүүх хуралдааны явцад гэрчээр оролцуулан хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байсан. Гэтэл шүүх өөрийн эрх хэмжээнээс хэтрүүлэн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас хальж, өөрийн санаачилгаар тус үйл баримтыг шалгуулахаар буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэргийг хянан хэлэлцэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаараас давсан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл “...прокурорын яллах дүгнэлт, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн шүүгчийн захирамжаар шүүх хуралдааны хэмжээ хязгаарыг тодорхойлогдох бөгөөд эдгээрт дурдагдаагүй хэрэг, хүний талаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ямар нэгэн ажиллагаа явуулах эрхгүй...” гэж Улсын дээд шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 48 дугаар тогтоолд заасан байна. Иймд уг шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр буцаалгахаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би маш их гомдолтой байна. Миний хүүд тусламж үзүүлсэн бол аврагдах боломжтой байсан талаар шинжээч дурдсан. Гэтэл анхны тусламж огт үзүүлээгүйд гомдолтой байна. Тэр 3 хүүхэд миний хүүхдийн найз юм бол бид нартай уулзаж болох байсан. Миний хувьд маш их гомдолтой байна. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Тгийн өмгөөлөгч С.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурор “Яллагдагч Д.Хад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан ямар нотолбол зохих ажиллагааг хийхийг дурдаагүй. Мөн яллагдагч Д.Х уг гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай тогтоогдсон байхад хэргийг мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлгүй” гэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс Д.Хын гэм буруу болон бусад асуудлын талаар огт маргаагүй. Гагцхүү Д.Хад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийн цаана гэрчээр холбогдоод байгаа найзууд нь болох М, Ө, Т нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байхад тэдгээрийг яллагдагчаар татаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлох ажиллагааг огт хийгээгүй. Мөн түүнчлэн Т, Ө нарын мэдүүлэг, камерын бичлэгт үндэслэж өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж байгаа нь хэт нэг талыг барьсан, нотлох баримтыг гуйвуулж дүгнэсэн, үүссэн нөхцөл байдалд бодит дүгнэлт хийгээгүй, эргэлзээ төрүүлэхүйц хууль зөрчсөн ажиллагаа гэж үзэж байна. Харин ч прокурорын эсэргүүцэлд дурдагдаж байгаа гэрч нарын мэдүүлэг болон камерын бичлэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн нотолдог. Дээрх байдлаас үзэхэд прокурор нь өмгөөлөгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан гомдол болон анхан шатны шүүхийн захирамжийн агуулгыг огт ойлгоогүй гэж үзэхээр байна. Мөн прокуророос гэрч Ө, Т нарын мэдүүлгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж тогтоогдоогүй байхад ямар ажиллагаа хийх нь тодорхойгүй, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн” гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолбол зохих ажиллагаануудыг шүүхийн зааснаар прокурор өөрөө нотлох үүрэгтэй. Шүүх хэрэгт хөндлөнгийн байр сууринаас хандаж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэнээс ч хараат бусаар шийдвэр гаргадаг. Гэрчээр татагдаад байгаа М, Ө, Т нар хэрэг болох үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй буюу өөрсдийн үйлдлээ хянах бүрэн боломжтой байсан. Насанд хүрсэн эрх зүйн бүрэн чадамжтай залуучууд бүү хэл хүүхдүүд хүртэл нэгэндээ гэмтэл учирсан бол эмнэлгийн тусламж үзүүлэх шаардлагаттай гэдгийг ухамсарладаг. Гэтэл дээрх гэрчүүд нь тухайн үед өөрсдийн гар утас болон баарны ажилчдад хандаж эмнэлгийн тусламж дуудах бүрэн боломжтой байсан атал энэ үүргээ биелүүлэлгүй гэмт хэрэг үйлдсэн. Энэ нь шинжээчийн “Амь хохирогчид эмнэлгийн тусламж яаралтай үзүүлсэн бол амь аврагдах боломжтой байсан” гэсэн дүгнэлтээр нотлогддог. Дээр дурдсан гэрчүүд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “Д.Х битгий дууд гэсэн” утга бүхий мэдүүлгүүд өгсөн. Гэтэл тухайн үед хүний тоо, хүчний хувьд гурвуулаа байсан хэрнээ нэг согтуу залуугаас айсан гэдэг нь илэрхий худал бодит байдалд нийцэхгүй мэдүүлэг бөгөөд Д.Х тэднийг сүрдүүлсэн, айлгасан, галт зэвсэг ашиглаж эрхшээлдээ оруулсан үйл баримт байгаагүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой харагддаг. Эдгээр хүмүүс хүний амь бие, эрүүл мэнд эрсдэх аюул тулгараад байхад Эрүүл мэндийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсгийн 43.2.4 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэнд болон нийгэмд аюул бүхий өвчин, хордлого, осол, гэмтэл, орчны сөрөг хүчин зүйлийн талаар эрүүл мэндийн байгууллагад цаг тухайд нь мэдээлэх” үүргээ биелүүлээгүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байгааг дахин дурдах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл дээрх гурван гэрч нь энэ гэмт хэргийн объектив тал буюу хууль болон харилцан итгэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Багануур дүүрэг нь хүн ам цөөтэй учир авто машин бага зорчдог. Мөн тухайн хэрэг гарсан газар, эмнэлгийн байгууллага хоёр хоорондоо 400 орчим метрийн зайтай. Шөнийн гурван цаг бүү хэл өдрийн цагаар ямар ч саадгүй очиж эмнэлгийн тусламж авах боломжтой гэдгийг Багануур дүүрэгт амьдардаг хүн бүр мэднэ. Дээрх нөхцөл байдал нь хэргийн материалтай танилцахад харагдаж байх тул шүүх энэ байдлыг харгалзаж үзнэ үү. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хохирогч, шүүгдэгч талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явагдаж мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан шийдвэрт гомдол гаргах эрхтэй байтал хохирогчийн өмгөөлөгчөөс Багануур дүүргийн ерөнхий прокурорын тогтоолыг эс зөвшөөр Нийслэлийн болон Улсын ерөнхий прокурорт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “Гомдол гаргах эрхийг хязгаарлах замаар хэргийг шүүхэд шилжүүлсэн нь” хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил юм. ...” гэв.
Яллагдагч Д.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Энэ хэргийг би ганцаараа үйлдсэн учир манай гурван найзад буруу байхгүй. Тухайн үед юу болсон талаар камерын бичлэгт бүрэн тусгагдсан. Иймд прокурорын гаргасан саналыг дэмжиж байна. ...” гэв.
Яллагдагч Д.Хын өмгөөлөгч Д.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгч энэ хэргийг дангаараа үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Миний бие энэ байр суурийг нь илэрхийлэх гэж шүүх хуралдаан оролцож байна. Прокуророос эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Д.Хад холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд бичсэн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Анхан шатны шүүх яллагдагч Д.Хад холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх шаардлагатай гэж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, амь хохирогч Д.Эий гэмтэл авсан цаг хугацаанаас эмнэлгийн яаралтай тусламж ирсэн гэх цаг хугацаа хүртэлх тухайн үед болсон үйл баримт хангалттай тогтоогдсон байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд заасан аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх, тусламж үзүүлэх үүргээ зориуд биелүүлээгүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул уг гэмт хэргийн шинж байгаа эсэхэд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээд явагдана.” гэж зааснаар анхан шатны шүүх прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээний дотор хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.
Иймд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 2023/ШЗ/68 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор З.Хүслэнгийн бичсэн 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 04 дүгээр эсэргүүцлийг хүлээж авах нь зүйтэй.
Яллагдагч Д.Хад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 2023/ШЗ/68 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
2. Яллагдагч Д.Хад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очтол хэвээр үлдээсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ