Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2016/01060

 

П.Ууганбаярын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 385 дугаар шийдвэртэй,

Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2015 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 109 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч П.Ууганбаярын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Цэрэнжав,

Хариуцагч Ц.Батсайхан нарт холбогдох,

Г.Цэрэнжаваас 2 сая төгрөг, Ц.Батсайханаас 17 сая төгрөг тус тус гаргуулах үндсэн,

2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд        тооцуулах тухай Ц.Батсайханы сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Ц.Батсайханы гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.       

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Алтанчимэг, хариуцагч Ц.Батсайхан, нарийн бичгийн даргад И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч П.Ууганбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Л.Хоролсүрэнгээс Дархан сумын 4 дүгээр баг, 5 дугаар байрны 34 тоот 1 өрөө орон сууцыг Голомт банкны орон сууцны зээлээр худалдаж авсан. Г.Цэрэнжав уг орон сууцыг чөлөөлж өгөхгүй байгаа тул албадан гаргуулж өгнө үү. Түүнчлэн,  Г.Цэрэнжаваас 1.000.000 төгрөг гаргуулж өгнө үү. Ц.Батсайханаас 17 сая төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Цэрэнжав шүүхэд гаргасан тайлбартаа: Манай байр ломбардад байхад Ц.Батсайхан, Л.Хоролсүрэн нар нь чөлөөлж, өөрсдийн нэр дээр шилжүүлэн банкны барьцаанд тавьсан. Түүнээс хойш 2 жилийн дараа хүүхдийн сургалтын төлбөрт мөнгө хэрэг болоод Ц.Батсайханаас 1.000.000 төгрөгийг авсан. Би 2.000.000 төгрөгийг Ц.Батсайханаас авсан, П.Ууганбаяраас мөнгө аваагүй. Өгөх ёстой хүнд нь өгөхийг зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Ц.Батсайхан шүүхэд гаргасан тайлбартаа: Л.Хоролсүрэнгийн хамт  П.Ууганбаярын нэр дээр Голомт банкнаас 15 сая төгрөг зээлж авсан нь үнэн. Энэ зээлийг авахдаа П.Ууганбаярын өрийг төлж, тухайн гэр бүл байсан Л.Хоролсүрэнтэй хамт  захиран зарцуулсан. 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөр зээл хаагдсан гэсэн баримт хэрэгт байгаа. Үлдэгдэл мөнгийг П.Ууганбаяр цалингийн зээл авч төлсөн. Харин 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс өмнөх сар бүрийн төлөлтийг Ц.Батсайхан төлж байсан. П.Ууганбаяр төлж байсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ нь эрүүгийн журмаар шалгагдаж байхдаа П.Ууганбаяр 2014 оны 03 дугаар сар хүртэл Ц.Батсайхан ах төлсөн гэдгийг мэдүүлдэг. Хэрэгт авагдсан баримт зэргээс үзэхэд Ц.Батсайхан нь 7.360.000 төгрөг өгөх ёстой үнээс 3.523.578 төгрөг Ц.Батсайхан хүүгийн хамт төлнө, харин үлдэх 3.523.578 төгрөгийг Л.Хоролсүрэн хүүгийн хамт төлөх ёстой. Энэ зээлийг дан ганц Ц.Батсайхан аваагүй, Л.Хоролсүрэн ч бас төлөх хэрэгтэй. Тиймээс 17 сая төгрөгийн  шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Ц.Батсайхан шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр П.Ууганбаяр баримттай үйлдмээр байна гэхээр нь дагаж очоод нотариат дээр зээлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн. Түүнээс биш П.Ууганбаяраас 15 сая төгрөг бэлнээр аваагүй. Төлөх талаар тохиролцсон асуудал байхгүй. Иймд 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн П.Ууганбаяр, Ц.Батсайхан нарын хооронд хийгдсэн дүр үзүүлэн хийсэн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 385 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 222 дугаар зүйлийн 222.7-т заасныг баримтлан Ц.Батсайханаас 11.931.275 төгрөг гаргуулан П.Ууганбаярт олгож, нэхэмжлэлээс үлдэх 5.608.725 төгрөгийн шаардлагыг, Г.Цэрэнжаваас 2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн хамт  хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар 56.1.2-т заасныг баримтлан П.Ууганбаяр, Ц.Батсайхан нарын хооронд 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан  зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.5-т заасныг баримтлан П.Ууганбаяр нь бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай шаардлагаасаа татгалзсаныг,  Г.Цэрэнжав нь П.Ууганбаярын нэр дээр бүртгэгдсэн орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Дархан сумын 4 дүгээр баг 5-34 тоот орон сууцны хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлээ татан авсныг тус тус дурдсан байна.

Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 109 магадлалаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 385 дугаар шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хариуцагч Ц.Батсайхан хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Ц.Батсайханы П.Ууганбаярт төлөх мөнгийг П.Ууганбаярт ашигтай тогтоосон, Голомт банкны гаргаж өгсөн баримт нотлох баримтын шаардлага хангаагүй, гарын үсэг шинжлүүлэх хүсэлтийг огт нягталж үзээгүй, Ц.Батсайхан 2010 оны 11 дүгээр сараас 2014 оны 07 дугаар сар хүртэл Л.Хоролсүрэнгийн хамт бүгд 17.564.020 төгрөг төлсөн ба үүнийг /хх 48, 71, 151, 227 тал/, мөн оролцогч талуудын мэдүүлэг зэргээр нотлогддог. 21.982.035 төгрөгөөс 17.564.020 хасвал 4.418.015 төгрөг. Үүнээс П.Ууганбаярын авсан 1 сая төгрөгийг хасч 3.418.015 төгрөг үлдэх ба үүн дээр шинжээчийн дүгнэлт гаргасан буюу хүү 3.121.290 төгрөг нэмж бүгд 6.539.305 төгрөг Д.Ууганбаярт төлөх тооцоо гарч байна. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байхад анхан шатны шүүх энэ талаар хариуцагчаас тайлбар аваагүй, нотлох баримт бүрдүүлэх боломжийг хариуцагчид олгоогүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-г зөрчжээ. Хэргийн  оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн бол давж заалдах журмаар хэрэг хянан хэлэлцсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоно гэж мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг давж заалдах шатны шүүх хэрэгжүүлээгүй нь буруу байна.  

Нэхэмжлэгч нь Ц.Батсайханаас 11 сая төгрөг шаардахдаа /хх-1ийн -90/ “...банкнаас зээлсэн 15 сая төгрөгөөс 11 сая төгрөгийг тоолж аваад буцааж өгөөгүй...” гэсэн агуулгатай үндэслэл зааж байсан боловч шүүх хуралдаан дээр шаардлагаа өөрчилж /хх-2ийн -55/  Ц.Батсайханаас 17 сая төгрөг гаргуулахыг хүссэн боловч үндэслэл тодорхой заагаагүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3-г зөрчжээ. 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй хэдий ч  хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх мөн эрхтэй болохыг шүүх хэргийг шийдвэрлэхдээ анхаарч үзээгүй байна.

2. Ц.Батсайханд холбогдох П.Ууганбаярын нэхэмжлэл тодорхой бус байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй гэж үзнэ. П.Ууганбаяр нь Голомт банкнаас зээлсэн мөнгийг, өөрт учирсан хохирлыг эсхүл Голомт банкинд төлсөн үндсэн зээлийг хүүгийн хамт Ц.Батсайханаас шаардсан эсэх нь тодорхой бус байгаа тохиолдолд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийх, улмаар хэргийг эцэслэн хэргийг шийдвэрлэх боломжгүй юм.

3. Ц.Батсайхан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Л.Хоролсүрэнг гуравдагч этгээдээр оролцуулахыг хүссэн /хх1ийн -140/, уг хүсэлтийг шүүх хангаж 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 1822 дугаартай захирамж гаргасан /хх1ийн -145/ боловч захирамжийн заалт биелэгдээгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй байна.

Хариуцагч Ц.Батсайхан нь Л.Хоролсүрэнг гуравдагч этгээдээр оролцуулахыг хүссэн боловч шүүх Д.Оюунчимэгийн хүсэлтээр Л.Хоролсүрэнг оролцуулахаас хүсэлт гаргагч татгалзсан /хх1ийн-151/ гэж үзсэн нь буруу болжээ. Өөрийн өмгөөлөгч Д.Оюунчимэгт Ц.Батсайхан 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр итгэмжлэл олгосноос  /хх1ийн -163/ үзвэл 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд хүсэлт гаргаж, Л.Хоролсүрэнг гуравдагч этгээдээр оролцуулахаас татгалзахдаа Д.Оюунчимэг нь хариуцагчийн төлөөлөгч бус, харин өмгөөлөгч нь байсныг шүүх анхаарч үзээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчжээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн байх тул нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн агуулга, түүний үндэслэлийн талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 385 дугаар шийдвэр, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн  109 магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

2. Хариуцагч Ц.Батсайхан хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 206.000 /хоёр зуун зургаан мянга/ төгрөгийг буцааж олгох захирамж гаргасугай.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ