Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2017/0622

 

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2017/0622

Улаанбаатар хот

 

 

Г.З-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч Г.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0522 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Г.З-ийн нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0522 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.З-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр хариуцагчийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/96 дугаар тушаалыг хүчингүй болгож, Г.З-г Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дотоод аудитын ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож,

2 дахь заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.З-ийн ажилгүй байсан хугацааны цалинг дотоод аудитын ахлах мэргэжилтний цалингийн шатлалаар тооцож, нэхэмжлэгчид улсаас олгосон тэтгэмжүүд, одоо ажиллаж байгаа албан тушаалын цалингийн зөрүүг тооцон олгох, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, холбогдох бичилт хийхийг хариуцагчид даалгажээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “Г.З миний бие нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчээр оролцсон юм.

Шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалан хийж, 128/ШШ2017/0522 дугаартай шүүхийн шийдвэрийг гаргасан. Шүүхийн шийдвэрийн зарим хэсэг нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Энэхүү шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг эс зөвшөөрч Г.З миний бие нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Үүнд:

1. Миний бие нь 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/96 дугаар хууль бус тушаалаас ажлаас халагдсан. Энэ талаарх миний нэхэмжлэлийг шүүх авч хэлэлцээд 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0522 дугаар шүүхийн шийдвэр гарч Г.З миний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Б/96 дугаар тушаалыг хүчингүй болгосон билээ. Шүүх шийдвэр гаргахдаа Тогтоох хэсгийн 2 дугаар заалтдаа “Нэхэмжлэгч Г.З-ийн ажилгүй байсан хугацааны цалинг тооцож олго” гэжээ.

Хэдэн төгрөгний цалин олгохыг шүүх дурдаагүй. Миний бие нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа цалингийнхаа тооцооллыг цалингийнхаа дүнтэй нь тодорхой дараах байдлаар гаргаж өгсөн.

2016 оны эхний 8 сард 9 154 450 /есөн сая нэг зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун тавь/ төгрөгний цалин авчээ.

9 154 450/8 сар=1 144 312 төгрөг /сарын дундаж цалин/

1 144 312*10 сар=11 443 120 төгрөг /10 сар гэдэг маань шүүхийн шийдвэр гарсан хугацаа хүртэлх цалин 2016.09.02-оос 2017.06.30 хүртэл/

Г.З миний ажилгүй байсан хугацааны цалинг мөнгөн дүнгээр буюу 11 443 120 /Арван нэгэн сая дөрвөн зуун дөчин гурван мянга нэг зуун хорь/ төгрөг байхаар тогтоож өгнө үү.

2. Нэхэмжлэгч Г.З-д улсаас олгосон тэтгэмжүүдийг буцааж суутгах шийдвэрийг шүүх гаргасан байна.

Миний бие 1 төрлийн тэтгэмж, 1 төрлийн тэтгэлэг авсан. Үүнд:

Нэг. Ажилгүйдлийн даатгалын сангаас ажилгүй байсан 76 хоногийн ажилгүйдлийн тэтгэмж авсан. Энэ нь нэгдүгээрт, хуульд заасан тэтгэмж авах хугацаа 14 хоногоос хэтэрвэл олгогдохгүй болдог учир цаг хугацаанд хавчигдаж ажилгүй байсан 76 хоногтоо авсан. Хэрэв энэ хугацаанд ажилд орвол буцааж төлдөг ном журамтай. Надад ажил олдохгүй 116 хоног байсан. Хоёрдугаарт би өөрийгөө ажилгүйдлийн даатгалд даатгуулсан мөнгөнөөсөө тэтгэмж авсан. Иймд буцааж төлөх нь буруу гэж үзэж байна.

Ийм учраас ажилгүйдлийн тэтгэмж, 1 удаагийн тэтгэлгийг буцааж төлүүлэх шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

3. Шүүхийн шийдвэрт “Одоо ажиллаж байгаа албан тушаалын цалингийн зөрүүг тооцон олгох” гэжээ.

Би одоо 55 настай, над шиг 55 настай хүнийг Монголд ажилд авах уу. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам намайг хууль бусаар ажлаас халчхаад надад урьд нь ч одоо ч ажил олгоогүй л байна.

Харин шударга шүүхийн шийдвэр гарч би одоо ажилдаа орохоор боллоо. Миний бие нь 22 настайгаасаа эхэлж 33 жил төрийн байгууллагад ажиллаж, цалингаас цалингийн хооронд амьдарч ирсэн учраас хуримтлал гэх юмгүй байжээ.

Би амьдрахын эрхэнд ар гэрээ тэжээхийн эрхэнд албан газрын, албан тушаалтны үүд хаалгыг олон хоног, олон сар царайчлан гуйж байж жирэмсний амралттай хүний оронд түр хугацаагаар ажилд орсон нь үнэн. Энэ ажлын байрыг би өөрөө хөөцөлдөж байж олж авсан болохоос Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ажлын байраар хангаагүй тул “цалингийн зөрүүг тооцож” олго гэсэн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй.

Хууль бус шийдвэрээр намайг ажлаас халаагүй бол би ийм байдалтай явахгүй байсан. Миний эрх зөрчигдөхгүй байсан. Иймд энэ шийдвэрийг би хүлээн зөвшөөрөхгүй.

Ажилгүй байсан хугацааны цалинг олгохдоо одоо ажиллаж байгаа албан тушаалын цалингийн зөрүүг тооцож олгох шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 103 дугаар зүйлийн 103.1-д заасныг баримтлан хууль бус шийдвэрээр ажлаас халсны үр дагаврыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтан хариуцаж арилгах учиртай гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0522 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтад дээр дурдсан өөрчлөлтүүдийг оруулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р би Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0522 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.6 дахь хэсэг, итгэмжлэлээр олгогдсон эрхийнхээ дагуу дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Нэг. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн.

Нэхэмжлэгч Г.З “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б/96 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, өмнө нь ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг тооцож гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр баталсан Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуулиар 100 хүний орон тооны хязгаартай ажиллаж байсан Хөдөлмөрийн яам /хуучин нэрээр/, 70 хүний орон тооны хязгаартай ажиллаж байсан  Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам /хуучин нэрээр/ нэгдэж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам байгуулагдсан бөгөөд Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолоор тус яамны орон тооны дээд хязгаарыг 117 байхаар батлагдсан тул бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийн улмаас зарим орон тоо цөөрсөн. Тэдгээрийн нэг нь Г.З-ийн ажиллаж байсан дотоод аудитын асуудал хариуцсан албан тушаал юм. Хөдөлмөрийн яам дотоод аудитын асуудал хариуцсан албан тушаал-2, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам дотоод аудитын асуудал хариуцсан албан тушаал-2 байхаар батлагдаж, үйл ажиллагаа эрхэлж байсан бол шинээр зохион байгуулагдсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам дотоод аудитын асуудал хариуцсан албан тушаал нийт 2 байхаар зохион байгуулагдсан. Ингэснээр 4 албан тушаал, 2 болж орон тоо хасагдаж, 2-оор цөөрсөн.

 Төрийн албаны тухай хуулийн  27 дугаар зүйлийн 27.2.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасан.

Дээрх хуулийн хүрээнд нэхэмжлэгч Г.З-г ажлаас чөлөөлж, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасны дагуу 6 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлэг олгож шийдвэрлэсэн. /хуульд өөрчлөлт орохоос өмнөх байдлаар/ Учир нь нэхэмжлэгчийн ажлын байр цөөрсөн бөгөөд мэдлэг чадвар, мэргэшлийн хувьд хамгийн илүү шаардлага хангасан иргэдийг үлдсэн 2 ажлын байранд авч ажиллуулсан нь хууль зөрчөөгүй болно.

Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасан байдаг.

Энэ дагуу Хөдөлмөрийн яамны дотоод аудитын мэргэжилтэн М.Э боловсролын магистрын зэрэгтэй, мэргэшсэн нягтлан бодогч тул Г.С, Г.З нараас давуу байсан. Харин Г.С нь Г.З-с ажилласан жил болон боловсролын түвшингээр илүү /магистр зэрэгтэй/ тул дотоод аудитын 2 орон тоонд ажлын байр нь хадгалагдаж үлдсэн М.Э, Г.С нарыг үргэлжлүүлэн томилсон нь хууль зүйн үндэслэлтэй захиргааны үйл ажиллагаа болно. Энэхүү шалгаруулах ажиллагаа нь төрийн албан хаагчдын хувийн хэрэг, төрийн албан хаагчдын нэгдсэн мэдээллийн системд тусгагдсан мэдээлэл, ярилцлагад үндэслэн хийгдсэн бөгөөд энэ талаар нэхэмжлэгч маргадаггүй болно.

Мөн нэхэмжлэгчийг ажлын байраар хангах асуудлаар яамнаас харьяа байгууллагуудад албан бичгээр чиглэл хүргүүлсэн. Харин нэхэмжлэгч нь уг шийдвэрийн дагуу холбогдох байгууллагуудад албан ёсоор хандаагүй байна. Тухайлбал тус яамны харьяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтээс ирсэн нотлох баримтаар тогтоогдож байна. Гэсэн хэдий ч нэхэмжлэгч нь төрийн албанаас бүр мөсөн чөлөөлөгдөөгүй, одоо төрийн байгууллагад ажлын байраар хангагдсан байгааг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Г.З-г ажлаас чөлөөлсөн бодит нөхцөл байдал нь ийм байхад шүүхээс нотлох баримтыг буруу үнэлж, үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй болно.

Хоёр. Шүүх “Хариуцагч нь “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан” гэх үндэслэлээр нэхэмжлэгч Г.З-г үүрэгт ажлаас нь чөлөөлөх хуульд заасан үндэслэл бүрдээгүй”  гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Шүүх энэ дүгнэлтийг хийхдээ “дотоод аудит хариуцсан мэргэжилтний ажлын байрны өмнөх болон дараах тодорхойлолт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/124 дугаар тушаал”-аар тогтоогдож байна” гэжээ. Гэтэл эдгээр нотлох баримтаар харин ч Хөдөлмөрийн яам дотоод аудитын асуудал хариуцсан албан тушаал-2, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам дотоод аудитын асуудал хариуцсан албан тушаал-2 байхаар батлагдаж, үйл ажиллагаа эрхэлж байсан бол шинээр зохион байгуулагдсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам дотоод аудитын асуудал хариуцсан албан тушаал нийт 2 байхаар зохион байгуулагдсан. Ингэснээр 4 албан тушаал, 2 болж орон тоо хасагдаж, 2-оор цөөрсөн болохыг нотолж үүнд талууд маргахгүй байхад нотлох баримтад үндэслээгүй, нотлох баримтыг буруу үнэлж дүгнэлт хийлээ.

Гэтэл шүүх энэ дүгнэлтээр бол хоёр яамыг нэгтгэсэн, ажлын байр хадгалагдаж байна, 4 дотоод аудитын мэргэжилтэнтэй ажиллах ёстой гэдэг үндэслэл гарч байна. Бодит байдал дээр 2 яам нэгдсэнээр бүхэлдээ орон тооны хязгаарын хувьд 53 орон тоо цөөрсөн байдаг.

Нэгэнт орон тоо цөөрсөн тул Хөдөлмөрийн яамны дотоод аудитын мэргэжилтэн М.Э боловсролын магистрын зэрэгтэй, мэргэшсэн нягтлан бодогч тул Г.С, Г.З нараас давуу. Харин Г.С нь Г.З-с ажилласан жил болон боловсролын түвшингээр илүү /магистр зэрэгтэй/ тул дотоод аудитын 2 орон тоонд ажлын байр нь хадгалагдаж үлдсэн М.Э, Г.С нарыг томилсон нь хууль зүйн үндэслэлтэй болно. Энэ шалгаруулах ажиллагаа нь төрийн албан хаагчдын хувийн хэрэг, төрийн албан хаагчдын нэгдсэн мэдээллийн системд тусгагдсан мэдээлэл, ярилцлагад үндэслэн хийгдсэн бөгөөд энэ талаар нэхэмжлэгч маргаагүй, хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга тайлбараа хэрэгт өгсөн, итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдүүд, нэхэмжлэгчийн тайлбараар хангалттай нотлогдож байгаа болно.

Гурав. Төрийн албаны төв байгууллагын гаргасан шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй гэж заасныг хариуцагч зөрчиж байна гэсэн нь үндэслэлгүй дүгнэлт болно.

Нэгд, нэхэмжлэгч тал Төрийн албаны зөвлөлийн албан бичгийг хариуцагч биелүүлээгүйтэй холбоотой эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, улмаар  даалгах нэхэмжлэл гаргаагүй, талууд эдгээртэй холбогдуулж маргаагүй байхад нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хамааралгүй, шүүхээс гарах шийдвэрт ач холбогдолгүй /уг дүгнэлтэд шүүхийн шийдвэр үндэслэгдээгүй/, талуудын тайлбар, татгалзал, нотлох баримтад үндэслээгүй дүгнэлт хийсэн нь хуульд нийцэхгүй юм.

Хоёрт. Төрийн албаны зөвлөлийн даргын албан бичиг нь анхнаасаа эрх зүйн үр дагаваргүй, илт хууль бус захиргааны акт болно.

Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан дараахь маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ” гэж, Улсын Их Хурлын 2003 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам”-ын 2 дахь хэсэгт “Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч, уг албан тушаалд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг энэ журмаар тогтоосон харьяаллын дагуу хянан шийдвэрлэнэ” гэж заасан.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5-д “Төрийн жинхэнэ албаны хүний нөөцийн удирдлагатай холбогдон гарсан эрх бүхий албан тушаалтны шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол төрийн албаны төв байгууллага өөрчлөх буюу хүчингүй болгох эрхтэй” гэж заасан.

Улсын Их Хурлын 2003 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам”-ын 9-д “Маргааны шинж байдлыг харгалзан Зөвлөлийн дарга уг комиссыг 3-5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, тухайн Зөвлөлийн аль нэг гишүүнээр даргалуулна. Гомдлыг хянан шалгах ажлыг комиссын дарга хариуцан зохион байгуулна”, 13-д “Комисс нь маргаанд холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтантай уулзаж, тэдний тайлбар, санал дүгнэлтийг сонсох, маргааныг шийдвэрлэхэд шаардагдах материал, баримт бичгийг холбогдох албан тушаалтан, төрийн жинхэнэ албан хаагч, түүнчлэн гомдол гаргагч иргэнээс гаргуулан авч танилцах эрхтэй” гэж, 16-д “Зөвлөл дүгнэлтийг хэлэлцээд, тогтоол гаргах, эсхүл дахин шалгуулахаар комисст буцаах шийдвэр гаргана” гэж заасан байна. Гэтэл Төрийн албаны зөвлөл нь Г.З-ийн гомдолд маргаан үүсгээгүй, талуудаас тайлбар аваагүй, комисс байгуулаагүй, тогтоол гаргаагүй, зэрэг нь маргааныг ер шийдвэрлээгүй болохыг илтгэж байна. Зүй нь уг асуудлаар маргаан үүсгэж, Төрийн албаны зөвлөлийн тогтоол гаргах ёстой болно.

Мөн хамтын удирдлагатай байгууллагын талаар Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Хамтын удирдлагатай захиргааны байгууллагын шийдвэрийг нэг гишүүн дангаар, цөөнхөөр, эсхүл эрх олгогдоогүй этгээд гаргахгүй” гэж хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл Төрийн албаны зөвлөлийн даргын албан бичиг нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан шийдвэр биш байсан бөгөөд эрх зүйн ямар ч үр дагаваргүй албан бичиг байсан болно.

Дөрөв. Төрийн албан тухай хууль болон уг хуульд нийцүүлэн баталсан эрх зүйн актуудад даргын үүргийг түр хариуцагч гэсэн хуулийн заалт байхгүй ...түр хариуцагчийн шийдвэрээр төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаалаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй гэх тайлбарыг хүлээн авах үндэстэй гэж үзлээ гэсэн шүүхийн дүгнэлт нь хуульд үндэслээгүй дүгнэлт юм.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “даргын үүргийг түр хариуцагч”-ийн шийдвэрээр төрийн жинхэнэ албан хаагчийг чөлөөлсөн нь илт хууль бус захиргааны акт гэж маргасан.

Гэтэл Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.11-д “Төрийн нарийн бичгийн даргыг түр эзгүйд албан үүргийг нь түр орлон гүйцэтгүүлэх шаардлагатай гэж үзвэл энэ тухай шийдвэрийг хууль тогтоомжид нийцүүлэн сайд гаргана” гэж заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг тус яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргад хариуцуулсан шийдвэрийг гаргасан болно. Энэ тушаалын дагуу тус яамны нь Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр газрын дарга Ц.А ажилласан. Өөрөөр хэлбэл яамны албан хаагчдыг томилох, чөлөөлөх эрх зэрэг Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д заасан бүхий л эрхийг хэрэгжүүлж байсан юм.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулгаас үзвэл нь Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2-т дахь заалт Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын дагуу Засгийн газраас яамны төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгүүлэх ёстой байсан гэжээ.

Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмыг Засгийн газар тогтооно” гэж заасан. Өөрөөр хэлбэл Төрийн албаны хууль буюу энэхүү түр орлон гүйцэтгэх харилцаанд ерөнхий зохицуулалт болсон хууль нь бусад нарийвчилсан зохицуулалттай хуулиудтай /энэ тохиолдолд Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хууль/ зөрчилдөхгүй байх нөхцөлийг хууль тогтоогч “хуульд өөрөөр заагаагүй бол” гэж хуульчилсан байна. Энэ нь яамны төрийн нарийн бичгийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх харилцаанд Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийг баримтална. Харин ийм хууль байхгүй бол Засгийн газраас баталсан журмыг баримтлахыг ямар нэгэн хууль хэрэглээ, хэм хэмжээний зөрчилдөөн гаргахгүйгээр шууд хуульчилсан байна.

Нэхэмжлэгчийн үндэслэл болгож буй Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын 4.1-д “Албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан гаргана” гэж заажээ. Энэхүү эрх бүхий албан тушаалтан нь хэн байх тухай Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.11-т сайд болохыг тодорхой зохицуулсан. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “даргын үүргийг түр хариуцагч”-ийн шийдвэрээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж маргаж байгаа боловч, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн даргыг үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилсон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/04 дүгээр тушаалыг хүчингүй болгох, илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй.

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үүссэн маргааны төрлийн хувьд төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргаан билээ. Өөрөөр хэлбэл ажил олгогч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, ажилтан нь нэхэмжлэгч Г.З нарын хооронд үүссэн хөдөлмөрлөх эрхтэй холбоотой маргаан юм. Иймд ажил олгогч тал болох яамыг төлөөлөн шийдвэр гаргаж байсан этгээдийг ажилтныг томилох, чөлөөлөх эрхгүй гэж үзэх боломжгүй юм. Түүнчлэн Төрийн албанд төрийн байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй, хэвийн явагдах зарчим үйлчлэх ёстой тул яамны төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгүүлсэн нь хууль тогтоомжид нийцсэн, шүүх эрх бүхий байгууллагаас хууль бус болохыг тогтоогоогүй үйлдэл болно.

Тав. Шүүх өөрийн санаачлагаар тус хэрэгт гуравдагч этгээдүүдийг татсан хэрнээ гаргасан шийдвэр нь гуравдагч этгээдүүдийн эрх ашиг сонирхлыг хөндөж байхад, шүүхийн шийдвэрийг хэрхэн биелүүлэх талаар дүгнэлт хийгээгүй.

Шүүхийн шийдвэрийн дагуу гуравдагч этгээдүүдийн эрх, ашиг сонирхол шууд хөндөгдөхөөр байхад шүүх уг асуудлаар дүгнэлт хийгээгүй нь үндэслэлгүй юм. Хэрэв шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тохиолдолд нэхэмжлэгч Г.З шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа буцаан тогтоогдож байгаа тул гуравдагч этгээдээр татагдсан төрийн жинхэнэ албан хаагчдын аль нэг нь ажлаас чөлөөлөгдөх нөхцөл байдал үүсч байна. Шүүх хэргийн оролцогчдын тайлбар, татгалзал бүрт үндэслэл бүхий дүгнэлт хийх ёстой байтал хариуцагчийн тайлбарууд, гуравдагч этгээдийн тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Г.З “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр хариуцагч Ц.А-ийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/96 дугаар тушаалыг бүхэлд нь илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, хууль зүйн үндэслэлгүй ажлаас чөлөөлөгдсөн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн ажилгүй байсан 6 сарын цалин 6.865.872 төгрөг гаргуулах, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг анх гаргажээ.

Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр хариуцагч Ц.А-ийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/96 дугаар тушаалыг гарсан үеэс нь бүхэлд нь хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, тодруулсан бөгөөд анхан шатны шүүх уг шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт орууллаа.

Маргаан бүхий захиргааны акт болох Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр хариуцагчийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/96 дугаар тушаалаар “Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам өөрчлөн зохион байгуулагдсан” гэсэн үндэслэлээр тус яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын Дотоод аудитын ахлах мэргэжилтэн Г.З-г ажлаас нь үндэслэлгүйгээр чөлөөлсөн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Г.З нь анх Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны ажилд томилогдон, тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын Дотоод аудитын албаны дотоод аудитын мэргэжилтнээр томилогджээ. Үүний дараа нэхэмжлэгчийг тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/76 дугаар тушаалаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэдэлд шилжүүлсэн бөгөөд Г.З нь “Төрийн жинхэнэ албан хаагч” байна.

Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг хариуцагчийн зүгээс буруу ойлгон, хэрэглэж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр хариуцагчийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/96 дугаар тушаалаар Г.З-г үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж, 6 сарын цалинтай тэмцэх тэтгэлэг олгосон нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх, төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхийг зөрчсөн шийдвэр болжээ.

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэсэн нөхцөл байдал нэхэмжлэгчийн тухайд үүсээгүй байна.

Харин Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэсэн нөхцөл байдал үүссэн байж болох ч хариуцагчийн зүгээс Г.З-г чөлөөлсөн тушаалдаа хуулийн дээрх зүйл заалтыг баримтлаагүй байна.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар тогтоолоор яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг баталж, Хөдөлмөрийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамыг нэгтгэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болгосон байна. Ийнхүү Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам өөрчлөн байгуулагдсан нь “төрийн жинхэнэ албан хаагч”-ийг үндэслэлгүйгээр чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрхэлж байсан дотоод аудит хариуцсан мэргэжилтний ажлын байрны орон тоо хасагдаагүй, өмнөх болон сүүлд батлагдсан ажлын байрны тодорхойлолтыг харьцуулан харахад чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн байна.

Дээрхээс үзэхэд, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн эдлэх нэмэгдэл баталгааг хангах үүргийг төрийн байгууллага, албан тушаалтан төрийн албан хаагчийн өмнө хариуцах үүрэгтэй байхад хариуцагч энэхүү үүргээ биелүүлэлгүй, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх төрийн албаны үндсэн зарчим болон 4.2.5-д заасан төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг зөрчсөн байна.

Нэхэмжлэгч Г.З анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг эс зөвшөөрч “хэдэн төгрөгийн цалин олгохыг дурдаагүй, ажилгүйдлийн тэтгэмж, 1 удаагийн тэтгэлгийг буцааж төлүүлэх шийдвэрийг хүчингүй болгох, ажилгүй байсан хугацааны цалинг олгохдоо одоо ажиллаж байгаа албан тушаалын цалингийн зөрүүг тооцон олгох шийдвэрийг хүчингүй болгох” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч “анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, үндэслэлгүй дүгнэлт хийсэн, шүүхийн шийдвэрийг хэрхэн биелүүлэх талаар дүгнэлт хийгээгүй” гэсэн үндэслэлүүдээр давж гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар Г.З нь  ажилгүйдлийн тэтгэмж болон 1 удаагийн тэтгэлэг авсан байна. Ажилгүйдлийн тэтгэмжийн тухайд хариуцагч байгууллагаас гараагүй, түүнд хамааралгүй, тус яам болон Төрийн нарийн бичгийн дарга буцаан нэхэмжлэх эрхгүй тул нэхэмжлэгч уг тэтгэмжийг хариуцагчид буцаан төлөх үүрэг хүлээхгүй.

Харин ажлаас чөлөөлөгдөхдөө авсан 1 удаагийн тэтгэлгийг буцаан төлөх ёстой гэж үзэв. Учир нь нэхэмжлэгч ажилдаа эгүүлэн тогтоогдсон бөгөөд түүний цалинг тухайн үеэс нь /ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс эхлэн тооцож/ бодож олгохоор шүүх шийдвэрлэсэн байна. Иймд цалин болон тэтгэлгийг давхардуулан авах үндэслэлгүй тул 6 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлэг 4.544.154 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй.

Түүнчлэн анхан шатны шүүх цалингийн зөрүү олгохоор шийдвэрлэхдээ хэдийнээс эхлэн цалингийн зөрүү олгох ёстойг тооцоолж гаргаагүй нь буруу байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлөгдөөд 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн Дотоод аудитын албанд мэргэжилтний орон тоонд томилогдон ажиллаж байгаа ажээ. Иймд энэ хүртэлх хугацааны буюу 3 сар бүтнээр, ажлын 17 хоногийн цалинг нь олгох үндэслэлтэй.

Цалингийн дунджийг тодорхойлохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасны дагуу тооцож үзэхэд 3.952.682 төгрөг байна. Энэ мөнгийг нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн Дотоод аудитын албанд мэргэжилтний орон тоонд ажиллаж байгаа ажээ. Уг албан тушаал нь ТЗ-4 ангилалд хамаарч байх бөгөөд 600.139 төгрөгийн үндсэн цалинтай, 282.066 төгрөгийн нэмэгдэлтэй байна.

Урьд эрхэлж байсан Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дотоод аудит хариуцсан мэргэжилтний албан тушаал нь ТЗ-7-3 ангилалд хамаарч байх бөгөөд 757.359 төгрөгийн үндсэн, 280.223 төгрөгийн нэмэгдэлтэй байна. Энэхүү авч байгаа цалинг нь авах ёстой цалин болох 1.037.582 төгрөгөөс хасаж тооцоход 155.377 төгрөгийн зөрүү гарч байна. Иймд 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр болох 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл тооцоход бүтэн 6 сар, ажлын 3 хоног болж байна. Энэ хүртэлх зөрүү болох /6 сар х 155.377 төгрөг=932.262 төгрөг, 2017 оны 06 сар ажлын 22 хоногтой байх тул түүний ажлын 3 хоногийн цалингийн зөрүү 21.188 төгрөг/ 953.450 төгрөгийг нэхэмжлэгчид олгох ёстой байна.

Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлийг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлж болно” гэж заажээ. Төрийн албаны тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-д “түр хариуцагч” гэсэн нэр, томьёо байхгүй.

Түүнчлэн сайд Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр хариуцагчийг томилох эрхгүй. Энэ асуудлаар Төрийн албаны зөвлөлийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1258 дугаартай албан бичиг гарч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлсэн байна. Гэтэл хариуцагч уг Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрч Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.7-д зааснаар гомдол гаргаагүй, уг шийдвэр  хүчин төгөлдөр болжээ.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд Төрийн албаны зөвлөлийн дээрх хариуг “Илт хууль бус” гэж тайлбарлаж байна. Гэвч ямарваа нэгэн захиргааны акт, хэм хэмжээний акт, захиргааны гэрээг хэн нэгэн этгээд илт хууль бус байна гээд бодонгуут “илт хууль бус” болж хувирахгүй. “Илт хууль бус” гээд бодонгуут тухайн акт үйлчлэлгүй, үр дагаваргүй болж хувирахгүй юм.

Түүнчлэн давж заалдах гомдолд иш татан маргаж байгаа Төрийн албаны тухай хуулийн  27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалт болон маргаан бүхий актад баримталсан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дахь заалт зөрчилдөж байгаа болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0522 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.З-ийн ажилгүй байсан хугацаа болох 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх цалинг дотоод аудитын ахлах мэргэжилтний цалингийн шатлалаар тооцож, 3.952.682 /гурван сая есөн зуун тавин хоёр мянга зургаан зуун наян хоёр/ төгрөгийн цалин хөлстэй тэнцэх олговор дээр урьд эрхэлж байсан албан тушаалын цалингийн дүнгээс одоо ажиллаж байгаа албан тушаалын цалингийн зөрүү болох 953.450 /есөн зуун тавин гурван мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг нэмж, 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг болон хуульд заасан татвар, шимтгэлийг суутган хасч тооцон нэхэмжлэгч Г.З-д олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгасугай” гэж өөрчилж, шийдвэрийг бусад хэсгийг хэвээр үлдээн нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгож, хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                          О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                          Э.ЗОРИГТБААТАР